Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1741

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 183/ШШ2019/01457 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч И газарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 360 000 000 төгрөг болон Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ 40 000 000 төгрөг, нийт 400 000 000 гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч И газрын Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх 00 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөг гаргуулахын хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь 2006 онд байгуулагдан дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулах, электроникийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани нь 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр A компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн хувьд И газартай 00 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан. Энэхүү гэрээний хүрээнд гүйцэтгэх ажил нь нисэх буудлаар үйлчлүүлж буй бүх зорчигчдын ачааг бар кодоор уншиж, зорчигчийн ачааг хэний ачаа болохыг нь таньж холбох чиг үүрэгтэй ажил бөгөөд гэрээ нь 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацааны төлбөр бүрэн төлөгдөж дууссан ба энэ тухай талуудад маргаантай асуудал байхгүй. Харин гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд суурилуулсан тоног төхөөрөмжтэй холбоотой болон гэрээ дуусгавар болсон хэдий ч Э ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэсээр байсантай холбоотойгоор талуудын хооронд төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой хоёр асуудал үүссэн болно. Үүнд, компанийн зүгээс үйл ажиллагаа явуулахдаа Чингис хаан олон улсын нисэх буудалд тодорхой тооны тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан болно. Уг тоног төхөөрөмжүүдээ бидний зүгээс буцаан аваагүй бөгөөд үйл ажиллагаа явуулах дараагийн компанид хүлээлгэн өгсөн. Гэтэл уг тоног төхөөрөмжийн үнийг одоог хүртэл өгөөгүй байх бөгөөд бидний зүгээс шүүхээр уг төхөөрөмжийн үнийг нэхэмжлэхээс өөр аргагүй болоод байна. Манай компанийн үзүүлж байсан үйлчилгээний онцлогоос хамааран 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болсон хэдий ч гэрээгээр гүйцэтгэж байсан үйл ажиллагаагаа зогсоовол Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа доголдох магадлалтай учраас 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бидний зүгээс гэрээнд заасан үүргээ тасралтгүй биелүүлж байсан. Энэ хугацаанд манай компани үйл ажиллагаа явуулах бүх зардлаа өөрсдөө нөөц бололцоогоор шийдвэрлэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэсэн хугацаанд 90 000 орчим зорчигч манай системээр үйлчлүүлэн зорчсон. Гэрээгээр анх тохиролцсон үнэ болох нэг зорчигчийн 4 000 төгрөгөөр тооцвол нийт 360 000 000 төгрөгийн үйлчилгээг манай компанийн зүгээс дээрх хугацаанд үзүүлсэн байдаг. Гэвч хэрэгт цугларсан баримтаар нийт 87 027 төгрөг зорчсон болох нь тогтоогдож байх тул нэг зорчигчийг 4 000 төгрөгөөр тооцон нийт 348 108 000 төгрөгийг нэхэмжилж, гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хэдийгээр гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон хэдий ч манай компани дээрх үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр үзүүлсэн учраас уг төлбөрийг И газраас хуульд заасны дагуу шаардах эрх үүссэн. Бид дээрх асуудлыг И газартай ярилцаж шийдвэрлэх хүсэлтэй байсан ба уг асуудлаар И газарт хэд хэдэн удаа хандаж албан бичиг хүргүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хандан албан бичгийг хүргүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан нь харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй ба мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж хариу өгөх ёстой байдаг хэдий ч И газраас бидэнд тодорхой хариу ирээгүй тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд манай байгууллагын гүйцэтгэсэн ажлын хөлс 348 108 000 төгрөг, Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40 000 000 төгрөг, нийт 388 180 000 төгрөгийг И газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Энэ ажлын гүйцэтгэлийн талаар тайлагнасан зүйл байхгүй, дөрвөн хүн ажилласныг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага өөрсдийн нөөц бололцоогоор ажиллуулж байгаад 2015 оны 6 дугаар сард “М”-д хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш манай байгууллагын санхүүгийн бүртгэлд тус компанийн нэхэмжлээд буй бүртгэлийн хураамж нь өглөгөөр бүртгэгдэхгүй болсон. Гэтэл бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байсныг тус компани мэдэж хирнээ гомдлын шаардлага гаргаагүй, төлбөр нэхэмжлээгүй гурван жил өнгөрсөн байгаа нь тухайн компани нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ мэдэж байсан гэдийг нотолно. Чингис хаан олон улсын нисэх буудалд байршуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тус компанитай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь захиалагчийн өөрийн тоног төхөөрөмжийг ашиглаж, зорчигчийн бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах үүрэг хүлээн оролцож байсан. Иймд тус газраас тоног төхөөрөмжийн үнэ нэхэмжлэх эрхгүй юм. Уг тоног төхөөрөмж нь анхнаасаа И газрын хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И газрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлаар тухайн үед И газрын даргаар ажиллаж байсан С.Б, И газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Э, И газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудлын сүлжээний инженерээр ажиллаж байсан М.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсч шалгаж, улмаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1025 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 958 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 57 дугаар тогтоол тус тус гарч Э ХХК-ийг операторын үйл ажиллагаа эрхлүүлэхээр сонгож гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын баталсан жишиг баримт бичгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, улмаар дээрх гэрээг байгуулсан С.Б, Д.Э нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Б-ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Б, Д.Э нараас тус бүр 278 777 066 төгрөг, М.Б-оос 505 405 066 төгрөг гаргуулж хохирогч И газарт олгож шийдвэрлэсэн. Иймд Э ХХК болон И газрын хооронд байгуулсан Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх 00 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Сангийн яамнаас И газрын 2012-2016, 2017 оны эхний 9 сарын байдлаарх санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Э ХХК-иар Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигчийн бүртгэлийн системийн операторын үйл ажиллагааг гүйцэтгүүлэх гэрээг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300 000 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 236 331 200 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 300 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 226 628 000 төгрөг, нийт 1 062 959 200 төгрөг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр Э ХХК-ийн нэр дээр 1200-1716-04 тоот урьдчилж төлсөн тооцоо данс нээж бүртгэсэн ба Чингис хаан олон улсын нисэх буудлаас тооцогдож ирсэн зорчигч бүртгэлийн хураамж болох 329 382 225 төгрөгөөр дээрх урьдчилж төлсөн тооцооны дансанд нэмэгдүүлэн бүртгэж, тус компанид нийт 1 392 341 425 төгрөгийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас авах авлагаар шилжүүлэн хаасан. Э ХХК нь суурилагдсан тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулж чадаагүй, программ хангамжийг ашиглах чадвартай мэргэжлийн боловсон хүчин байхгүй, сургаж бэлтгэн өгч дадлагажуулаагүй. Зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, уг системээр нэвтэрсэн зорчигчийн бүртгэлд үндэслэн бичсэн төлбөрийн нэхэмжлэл ирүүлдэггүй байсан тул операторын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөгийг Э ХХК-иас буцаан нэхэмжлэхийг тус газарт даалгасан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Энэхүү зөрчилд Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/01-12 дугаартай акт тавигдаж, уг актын дагуу хуулийн байгууллагад хандахыг И газарт үүрэг болгосон. Мөн тус компани нь И газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байхдаа 2013 онд 3 016 933 төгрөг, 2012 онд 1 698 125 төгрөг, нийт 4 715 058 төгрөгийн түрээсийн төлбөрийг удаа дараа шаардаж байхад төлж барагдуулаагүй тул энэхүү мөнгийг нэхэмжилж байгаа болно. Иймд Э ХХК-иас операторын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөг, түрээсийн төлбөрийн тооцоо 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэхдээ техникийн алдаа гаргаж 1 067 615 058 төгрөгийг гаргуулна гэж бичсэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И газраас 348 108 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 000 000 төгрөг болон хариуцагч И газрын Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх 00 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1 062 900 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И газраас улсын тэмдэгтийн хураамжид 1 898 490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь И газраас талуудын хооронд 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 360 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Нэхэмжлэгч урьд нь мөн гэрээний төлбөрийг шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа төлбөрийг энэ хугацаанд шаардах бүрэн боломжтой байсан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилдэг боловч энэ хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлж чадалгүй зөвхөн урьд шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэрт дурдагдсан зүйлийг үндэслэн нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж тайлбар хэлдэг.

Маргааны тухайд гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа талаар цаашлаад гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл явц нь холбогдох хууль дүрэм журам зөрчсөн тухайд, гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлын хөлсөө гаргуулах тухай маргалдсан байдаг. Ийнхүү маргалдаж байх хугацаанд зорчигч бүртгэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох, нислэгийг аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөлөл үүсч магадгүй байсан тул И газраас гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэхийг шаардах, зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг өөрийн нөхцөл боломжоор гүйцэтгэх алхмуудыг авч эхэлсэн.

Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлыг өөрөөр мушгин тайлбарлах бөгөөд, зорчигч бүртгэлийн операторын ажлыг хийж гүйцэтгэсэн, тодруулбал нэхэмжилж буй 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн талаарх нотлох баримт байхгүй, яагаад 6 дугаар сарын 01-нээр тасалбар болгон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үл хэрэгсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э ХХК нь И газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 348 108 000 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 40 000 000 төгрөг, нийт 388 108 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх 00 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг шаардлага гарган маргажээ.

 

            2012 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан дээрх 00 тоот гэрээ нь 3 жилийн хугацаатай, гэрээний хугацаа дууссанаар 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөр гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсон хэдий ч бүртгэлийн системийг ажиллуулах операторын үүргээ 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсээр байсан тул ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч И газар нь системийг өөрсдийн нөөц бололцоогоор ажиллуулж, “М” ХК-д 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн татгалзлыг гаргасан байна.

 

Захиалагч тал ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг болон ажлын үр дүнг хүлээн авч баталгаажуулан хөлс төлөхийг зөвшөөрсөн талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй, хэргийн 25-31 дүгээр талд авагдсан гар бүртгэл нь ямар ажлыг хэн хэзээ гүйцэтгэснийг болон хөлс төлөх үүрэг үүссэнийг нотлохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 00 тоот гэрээний 3.2.3-т зөрчилтэй үйл ажиллагаанд оролцохыг талуудад хориглосон байх бөгөөд уг заалтын “с”-д “энэхүү гэрээ дууссанаас хойш гэрээний тусгай нөхцөлд заасан бусад үйл ажиллагаа явуулж болохгүй” гэж, 2.3-т “үйлчилгээ үзүүлэгч нь үйл ажиллагаагаа гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон, дуусгахаар төлөвлөсөн өдөрт дуусгана” гэж, 2.4-т гэрээний нэмэлт өөрчлөлт нь зөвхөн талуудын бичгээр үйлдсэн тохиролцоонд үндэслэх ба гэрээний санхүүжилтийг хариуцаж буй Засгийн газрын холбогдох байгууллагын зөвшөөрөл авснаар уг тохиролцоо нь хүчин төгөлдөр байна гэж заажээ. /хх 11, 14/

 

Гэрээний дээрх заалтуудаас үзвэл гэрээ дуусгавар болсны дараа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

            Түүнээс гадна нэхэмжлэгч нь зорчигч бүртгэлийн системийн операторын ажлыг үргэлжлүүлэн хийсэн гэж гэрээнд заасан нэг зорчигчийн бүртгэлийн хураамж 4 000  төгрөгөөр тооцон ажлын хөлс 388 108 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө шаардаж байсан баримтгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

            Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, мөн хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан алдаатай байгааг зөвтгөх шаардлагатай, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх болон шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаарх давж заалдах гомдлыг хангаж, гэрээний үүрэгт 348 108 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Харин гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ 40 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг захиалагч байгууллагад суурилуулсан тул үнийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлийнх болохыг нотлоогүй талаар болон үйлчилгээ үзүүлэгчийг тоног төхөөрөмжөөр болон үйлчилгээгээр хангах үүргийг  захиалагч тал хүлээсэн гэрээний заалтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлжээ.

 

            Зохигчдын хооронд 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг мэдэгдэж байсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Операторын ажлын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04029 дүгээр шийдвэрээр шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар маргах эрхгүй. Түрээсийн гэрээний үлдэгдэл 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг шаардлага нь 3 жилийн хугацаатайгаар байгуулагдаж, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тул гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 348 108 000 төгрөг, Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг болон Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх 00 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1 062 900 000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4 715 058 төгрөг, нийт 1 067 615 058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч И газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ