Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1747

 

“М”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “П” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 32 458 615 төгрөг, алданги 2 142 140 төгрөг, нийт 34 600 755 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, 168 378 790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Манай компани “П” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр №ТА-18/04 тоот “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 2.1-д 20 000 мян.куб уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэхээр, ажлын хөлс нь хавсралтад зааснаар нийт 55 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл ажлын хэмжээ нэмэгдэж 32 300 мян.куб болсон тул талууд харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №05/18 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээг шинээр байгуулсан. Гэрээний 2.2-т ажлын нийт хөлс нь 75 000 000 төгрөг байхаар тохиролцсон, гэрээний 7.5-д зааснаар гэрээ 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан боловч бид хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажлаа бүрэн гүйцэтгэж дуусан Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай акт №ТА-18/04-01-г үйлдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Манай компани ажлын хөлсөнд авах ёстой 75 000 000 төгрөгөөс 42 541 385 төгрөгийг л авсан. Үлдэгдэл 32 458 615 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэрээний 4.5-д төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.03 хувийн алданги тооцохоор заасан. Бид 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгснөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 220 хоногийн хугацаа өнгөрсөн. 32 458 615 төгрөгийн хоногийн 0.03 хувийн алданги нь 9 737 төгрөг үүнийг 220 хоногоор үржүүлбэл 2 142 140 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл 32 458 615 төгрөг, алданги 2 142 140 төгрөг, нийт 34 600 755 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани 2 гэрээ байгуулсан гээд хэрэгт хавсаргасан байна. Гэтэл “О” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээ байгуулсны дараа, тэсэлгээ хийхээс өмнө 25.149 м.куб болоод өөрчлөгдсөн байхад 32.300 м.куб уулын чулуулаг буталсан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн уулын чулуулаг бутлах ажил бол 0518 гэх хоёр дахь удаагаа байгуулсан гэрээний 3.10-д зааснаар 10 хоногийн дотор тэсэлгээ хийх байсан. Тэсэлгээний үр дүн нь тэсэлгээний дараа экскаватораар суурийг тэгшлэхэд барилга баригдаж болохуйц тэгшхэн суурь гараагүй уулын чулуу том томоороо байсан тул гэрээний үр дүн гүйцэт гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бул чулуулгийг бутлах ажил, барилга угсралтын ажил гүйцэтгүүлж байсан “Г”ХХК-д сул зогсолтын хөлс, молотокын ажлын зардал зэрэг учирсан хохирол их байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“П”ХХК нь Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй “Болор амралтын цогцолбор”-ын барилга угсралтын ажлыг Ажил гүйцэтгэх гэрээгээр “Г” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа. Уг барилгын ажлыг эхлэх үед буюу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс барилгын A, В, С блокын суурийн ажлыг хийх гэтэл уулын бул чулуу таарч газар шорооны ажлыг эксковатороор шууд ухах боломжгүй болж “М”ХХК-тай гэрээ байгуулан тэсэлгээ хийлгэх болсон. ТА-18/04 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний З.10-т заасны дагуу 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 7 дугаар сарын 2-ны өдөр хүргэсэн. Гэвч тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулаг нь суларч зөөлрөх ёстой байсан боловч тал хэсэг нь уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй. Иймд бид “Т” ХХК-ийн экскаватораар уг бул чулуу, чулуулгийг бутлуулан хугацаа алдаж А блокын суурийн нүхийг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр В блокын суурийн нүхийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, С блокын суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус ухаж дууссан. Гэтэл “Г” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх ёстой байсан хугацаа нь 2018 оны 4 сараас 9 дүгээр сарыг дуустал гүйцэтгүүлж дуусах ёстой байтал суурийн нүхийг ухах ажил хойшилсоор “Г” ХХК-ийн Увс аймгаас авч ирж ажиллуулсан 100 орчим ажилтнууд сул зогссон. Энэхүү сул зогсолтын хөлсийг “Г” ХХК нь манай компаниас 2018 оны зунаас хойш удаа дараа нэхэмжилсэн бөгөөд гэрээний 4.2.9-д зааснаар манай компани сул зогсолтын төлбөр 42 150 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч буюу “М”ХХК нь тэсэлгээний ажлаа хугацаанд нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн байдлаас шалтгаалан “Г” ХХК-д манай компаниас төлсөн 42 150 000 төгрөгийг бид өөрт учирсан хохиролд тооцон “М”ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. “П” ХХК болон “М”ХХК-ийн байгуулсан ТА-18/04 тоот үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний 3.10-т заасны дагуу Гүйцэтгэгч компани нь тэсэлгээг 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 7 дугаар сарын 2-ны өдөр хүргэсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тэсэлгээ дуусах ёстой байсан боловч 13 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Гэвч Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй “Болор амралтын цогцолбор"-ын барилгын A, В, С блокуудын суурийн бул чулуу, уулын чулуулаг уг тэсэлгээний үр дүнд суларч зөөлрөөгүй бөгөөд манай компани “Т” ХХК-тай Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ухуулсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д зааснаар Ажил гүйцэтгэгч буюу “М”ХХК нь тэсэлгээний ажлаа хугацаанд нь, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байтал “М”ХХК-ийн тэсэлгээний ажлын үр дүн бүрэн, доголдолгүй байгаагүй нь “Т” ХХК нь суларч зөөлрөөгүй бул чулуу, уулын чулуулгийг өөрийн экскаватораар бутлуулах, ажлыг хийж гүйцэтгэснээс харагддаг. Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан “Г" ХХК-д манай компаниас төлсөн. 42 150 000 төгрөг дээр нэмж “Т” ХХК-д төлсөн 26 228 790 төгрөгийг буюу нийт 68 378 790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. “П” ХХК болон “М”ХХК-ийн байгуулсан ТА-18/04 тоот үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээнд заасны дагуу тэсэлгээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол бутарсан чулуулгийг 45 хоногт бүрэн зайлуулж барилгын суурийг тэгшхэн гаргах боломжтой байсан талаар мэргэшсэн төсөвчин Ж.С-ийн тайлбарт дурджээ. Мөн уг тэсэлгээний ажлын үр дүнд бутраагүй чулуулгийг эксковатор ашиглан молотокдуулахад “Т” ХХК-аас 100 000 000 төгрөгийн зардал гаргасан талаарх нэхэмжлэлийг 5 дугаар сарын 23-ны өдөр манай компанид ирүүлсэн тул энэхүү суурийн цул чулуулгийн үлдэгдлийг молотокдуулсан зардал болох 100 000 000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан “Г” ХХК-д манай компаниас төлсөн 42 150 000 төгрөг дээр нэмж “Т” ХХК-д төлсөн 26 228 790 төгрөг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100 000 000 төгрөгийг буюу нийт 168 378 790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон “М”ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “М”ХХК-ийн төлөөлөгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд ...уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй... гэжээ. Тэсэлгээний ажил өөрөө нарийн дүрэм журамтай. Бид баталгаажсан зураг төсвийн дагуу тэсэлгээгээ хийсэн. Мөн манай компани “Г” ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй учир энэ компанийн сул зогсолтын мөнгийг бид хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “П” ХХК-аас 34 600 755 /гучин дөрвөн сая зургаан мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М”ХХК-д олгож, “П” ХХК-ийн “М”ХХК-д холбогдуулан 168 378 790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “М”ХХК-ийн 331 000 төгрөг, хариуцагч “П” ХХК-ийн 999 845 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 331 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М”ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Тогтохбаяр давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

"П " ХХК нь өөрийн эзэмшлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн аман дахь газарт тэсэлгээний ажил хийлгэхээр "М" ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр №ТА-18/04 тоот гэрээ, уг гэрээг шинэчлэн 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №05/18 тоот гэрээг байгуулсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт буй уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх, захиалагч хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч нь мэргэжлийн бус, холбогдох стандарт, дүрэм, журмыг баримтлалгүйгээр тэсэлгээ хийснээс уулын цул, чулуулаг нь суларч, зөөлрөөгүй буюу гэрээнд зааснаар уулын цулыг сийрэгжүүлэн тэгшилж чадаагүй байсан. Захиалагчаас гэрээнд заасан чанарын ажлын үр дүнг шаардсан боловч нэхэмжлэгч нь доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул захиалагч гуравдагч этгээдээр буюу "Т " ХХК-иар бул чулуу, чулуулгийг ахин бутлуулан, газрыг тэгшлүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн.

Хариуцагчийн зүгээс "М" ХХК нь гэрээт тэсэлгээний ажлыг холбогдох стандарт, дүрэм, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тэсэлгээ хийсэн гэх газар нь ямар хэмжээ, эзлэхүүнд хийгдсэн эсэх буюу гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанарт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй атлаа шийдвэрийн үндэслэлдээ: "М" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хэдий хэмжээний уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй, тэсэлгээний үр дүн бүрэн хүрээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй" гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийдвэр болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “М”ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 32 458 615 төгрөг, алданги 2 142 140 төгрөг, нийт 34 600 755 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан “Г” ХХК-д төлсөн 42 150 000 төгрөг, “Т” ХХК-д төлсөн 26 228 790 төгрөг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100 000 000 төгрөг, нийт 168 378 790 төгрөгийг учирсанд хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.

 

            Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ТА-18/04 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 05/18 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ байгуулагдсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

     /хх 6-7, 8-9 дүгээр тал/

 

            2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ТА-18/04 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь “Премиум ресорт” амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт 1495-р түвшин хүртэл 20 000 000 мянган м.куб уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлж өгөх, захиалагч тал м.куб тутмын үнийг 2 750 000 төгрөгөөр тооцож, нийт 55 000 000 төгрөгийг тэсэлгээг амжилттай гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор төлөхөөр үүргийг хүлээсэн байна.

 

            Ажлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 05/18 тоот гэрээг байгуулж ажил үйлчилгээний үнийг НӨАТ-ын хамт 75 000 000 төгрөгөөр тогтоон гэрээний 2.3-д гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 6 000 000 төгрөг, тээврийн хөлс, тэсэлгээний материалын үнийг төлөхөөр, үлдэгдлийг гүйцэтгэлтэй уялдуулан төлөхөөр тохиролцсон байна.

 

            Зохигчид гэрээнд заасан ажлыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэж дууссан талаарх Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай ТА-18/04-01 актыг үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд уг актад ажлын хэмжээг буюу тэсэлгээгээр сийрэгжүүлсэн уулын цул 32 300 м.куб гэж тодорхойлсон байна.  

 

            Иймд гэрээний 7.6-д гэрээний биелэлтийн ажлын хэмжээг хоёр тал акт үйлдсэнээр гүйцэтгэсэнд тооцно гэж талууд харилцан тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч хүлээн авсан гэж үзнэ.

 

            Захиалагч буюу хариуцагч тал ажлын үр дүнг актаар хүлээн авснаас хойш ажилд ямар нэгэн доголдол байсныг тогтоож, түүнийг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй тул тэсэлгээний үр дүнд уулын бул чулуу бүрэн сийрэгжээгүй, доголдолтой байсан гэх агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй, хариуцагч хэлэлцэн тохирсны дагуу үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй.

 

            Гэрээний 4.5-д заасан алдангийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул ажлын хөлсний үлдэгдэл 32 458 615 төгрөгийг алданги 2 142 140 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагад хандсан буюу ажил гүйцэтгэгчид гомдол гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар захиалагч шаардлага гаргах эрхээ алдсан байх тул шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Анхан шатны шүүх хариуцагч “П” ХХК-аас 34 600 755 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

            Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Болор амралтын цогцолбор”-ын барилгын А, В,С блокуудын суурийн зураг, тухайн тэсэлгээний үед нэхэмжлэгч талын тооцоолсон талбай, сул чулуулаг нь ямар эзлэхүүн бүхий хэмжээтэй байх ёстой байсан, түүнийг Хово маркийн автомашинаар ямар хугацаанд тухайн газраас зайлуулан зөөх боломжтой талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 3370 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь үндэслэлтэй болсон байх тул хариуцагчийн уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино. /хх54-55 дугаар тал/

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 330 845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                                      ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

      А.ОТГОНЦЭЦЭГ