Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2019/01147

 

 

 

 

          2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2019/01147

    Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П ХХК-д холбогдуулан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 32.458.615 төгрөг, алданги 2.142.140 төгрөг, нийт 34.600.755 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гэрч Ж.С, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

 

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Манай компани П ХХК-тай 2018 оны 06 сарын 04 өдөр №ТА-18/04 тоот “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 2.1-д 20.000 мян.куб уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэхээр, ажлын хөлс нь хавсралтад зааснаар нийт 55.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл ажлын хэмжээ нэмэгдэж 32.300 мян.куб болсон тул талууд харилцан тохиролцож 2018 оны 06 сарын 09 өдөр №05/18 дугаартай “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ’’-г шинээр байгуулсан. Гэрээний 2.2-т ажлын нийт хөлс нь 75 сая төгрөг байхаар тохиролцсон, гэрээний 7.5-д зааснаар гэрээ 2018 оны 07 сарын 31-ний өдөр дуусах байсан боловч бид хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 07 сарын 02 өдөр ажлаа бүрэн гүйцэтгэж дуусан “Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай акт №ТА-18/04-01”-г үйлдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Манай компани ажлын хөлсөнд авах ёстой 75.000.000 төгрөгөөс 42.541.385 төгрөгийг л авсан. Үлдэгдэл 32.458.615 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэрээний 4.5-д төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.03 хувийн алданги тооцохоор заасан байдаг. Бид 2018 оны 07 сарын 02 өдөр ажлаа хүлээлгэж өгснөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 220 хоногийн хугацаа өнгөрсөн. 32.458.615 төгрөгийн хоногийн 0.03 хувийн алданги нь 9.737 төгрөг үүнийг 220 хоногоор үржүүлбэл 2.142.140 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл 32.458.615 төгрөг, алданги 2.142.140 төгрөг, нийт 34.600.755 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани 2 гэрээ байгуулсан гээд хэрэгт хавсаргасан байна. Гэтэл О ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээ байгуулсны дараа, тэсэлгээ хийхээс өмнө 25.149 м.куб болоод өөрчлөгдсөн байхад 32.300 м.куб уулын чулуулаг буталсан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн уулын чулуулаг бутлах ажил бол 0518 гэх хоёр дахь удаагаа байгуулсан гэрээний 3.10-д зааснаар 10 хоногийн дотор тэсэлгээ хийх байсан. Тэсэлгээний үр дүн нь тэсэлгээний дараа экскаватораар суурийг тэгшлэхэд барилга баригдаж болохуйц тэгшхэн суурь гараагүй уулын чулуу том томоороо байсан тул гэрээний үр дүн гүйцэт гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бул чулуулгийг бутлах ажил, барилга угсралтын ажил гүйцэтгүүлж байсан Г ХХК-д сул зогсолтын хөлс, молотокын ажлын зардал зэрэг учирсан хохирол их байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

П ХХК нь Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй Б-ын барилга угсралтын ажлыг Ажил гүйцэтгэх гэрээгээр Г ХХК-иар гүйцэтгүүлж байгаа билээ. Уг барилгын ажлыг эхлэх үед буюу 2018 оны 4 сарын 20-ноос барилгын A, В, С блокын суурийн ажлыг хийх гэтэл уулын бул чулуу таарч газар шорооны ажлыг эксковатороор шууд ухах боломжгүй болж М ХХК-тай гэрээ байгуулан тэсэлгээ хийлгэх болсон. ТА-18/04 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний З.10-т заасны дагуу 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 7 дугаар сарын 2-ны өдөр хүргэсэн. Гэвч тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулаг нь суларч зөөлрөх ёстой байсан боловч тал хэсэг нь уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй. Иймд бид Т ХХК-ийн экскаватораар уг бул чулуу, чулуулгийг бутлуулан хугацаа алдаж А блокын суурийн нүхийг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр В блокын суурийн нүхийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, С блокын суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус ухаж дууссан. Гэтэл Г ХХК-иар Барилгын ажил гүйцэтгүүлэх ёстой байсан хугацаа нь 2018 оны 4 сараас 9 дүгээр сарыг дуустал гүйцэтгүүлж дуусах ёстой байтал суурийн нүхийг ухах ажил хойшилсоор Г ХХК-ийн Увс аймгаас авч ирж ажиллуулсан 100 орчим ажилтнууд сул зогссон. Энэхүү сул зогсолтын хөлсийг Г ХХК нь манай компаниас 2018 оны зунаас хойш удаа дараа нэхэмжилсэн бөгөөд гэрээний 4.2.9-д зааснаар манай компани сул зогсолтын төлбөр 42.150.000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу М ХХК нь тэсэлгээний ажлаа хугацаанд нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн байдлаас шалтгаалан Г ХХК-д манай компаниас төлсөн 42.150.000 төгрөгийг бид өөрт учирсан хохиролд тооцон М ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. П ХХК болон М ХХК-ийн байгуулсан ТА-18/04 тоот үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний 3.10-т заасны дагуу Гүйцэтгэгч компани нь тэсэлгээг 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 7 дугаар сарын 2-ны өдөр хүргэсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тэсэлгээ дуусах ёстой байсан боловч 13 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Гэвч Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй Б-ын барилгын A, В, С блокуудын суурийн бул чулуу, уулын чулуулаг уг тэсэлгээний үр дүнд суларч зөөлрөөгүй бөгөөд манай компани Т ХХК-тай Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ухуулсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д зааснаар Ажил гүйцэтгэгч буюу М ХХК нь тэсэлгээний ажлаа хугацаанд нь, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байтал М ХХК-ийн тэсэлгээний ажлын үр дүн бүрэн, доголдолгүй байгаагүй нь Т ХХК нь суларч зөөлрөөгүй бул чулуу, уулын чулуулгийг өөрийн экскаватораар бутлуулах, ажлыг хийж гүйцэтгэснээс харагддаг. Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан Г ХХК-д манай компаниас төлсөн. 42.150.000 төгрөг дээр нэмж Т ХХК-д төлсөн 26.228.790 төгрөгийг буюу нийт 68.378.790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. П ХХК болон М ХХК-ийн байгуулсан ТА-18/04 тоот үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээнд заасны дагуу тэсэлгээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол бутарсан чулуулгийг 45 хоногт бүрэн зайлуулж барилгын суурийг тэгшхэн гаргах боломжтой байсан талаар мэргэшсэн төсөвчин Ж.С-ийн тайлбарт дурджээ. Мөн уг тэсэлгээний ажлын үр дүнд бутраагүй чулуулгийг эксковатор ашиглан молотокдуулахад Т ХХК-иас 100 сая төгрөгийн зардал гаргасан талаарх нэхэмжлэлийг 5 дугаар сарын 23-ны өдөр манай компанид ирүүлсэн тул энэхүү суурийн цул чулуулгийн үлдэгдлийг молотокдуулсан зардал болох 100 сая төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан Г ХХК-д манай компаниас төлсөн 42.150.000 төгрөг дээр нэмж Т ХХК-д төлсөн 26.228.790 төгрөг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100 сая төгрөгийг буюу нийт 168.378.790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон М ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд “...уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй...” гэжээ. Тэсэлгээний ажил өөрөө нарийн дүрэм журамтай. Бид баталгаажсан зураг төсвийн дагуу тэсэлгээгээ хийсэн. Мөн манай компани Г ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй учир энэ компанийн сул зогсолтын мөнгийг бид хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

                                                                             

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан үйлдвэрийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний үлдэгдэл төлбөр 32.458.615 төгрөг, алданги 2.142.140 төгрөг нийт 34.600.755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд үндэслэлээ, М ХХК нь үйлдвэрийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний 3.10-т заасны дагуу 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлсэн. Тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулаг нь суларч зөөлрөх ёстой байсан боловч тал хэсэг нь уулын бул, чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй тул уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээс шалтгаан Г ХХК-д төлсөн 42.150.000 төгрөг, Т ХХК-д төлсөн 26.228.790 төгрөг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100.000.000 төгрөг, нийт 168.378.790 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч П ХХК нарын хооронд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ”-г 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж /хх-ийн 6-7/, нэхэмжлэгч нь Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи Тэрэлжийн аман дахь П ХХК-ийн П амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт 1495-р түвшин хүртэл 20.000.000 мянган м.3 уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүл өгөх, м.3 үнэ НӨАТ 2.750.00 төгрөг, нийт 55.000.000 төгрөгөөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, гэрээний 4.6-д тэсэлгээний ажил хийгдэж гүйцэтгэгч болон захиалагч тал тэсэлгээг амжилттай гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш нэхэмжилсэн төлбөрийг ажлын 3 хоногийн дотор төлнө. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хүртэл хувь байхаар тус тус гэрээнд заасан.

 

Мөн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд өөрчлөлт орсон тул талууд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээг хийх гэрээ”-г байгуулж /хх-ийн 8-9/ уг гэрээний 2.1-д Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи Тэрэлжийн аман дахь П ХХК-ийн П амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт буй уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх, гэрээний 2.2-д ажил үйлчилгээний үнэ нь НӨАТ-ын хамт 75.000.000 төгрөг, гэрээний 2.3-д гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 6.000.000 төгрөг, тээврийн хөлс, тэсэлгээний материалын үнийг төлөх бөгөөд үлдэгдлийг гүйцэтгэлтэй уялдуулан төлөх, гэрээний 3.10-д гүйцэтгэгч нь уулсын цулыг өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гэрээ байгуулснаас хойш 10 хоногт гүйцэтгэх бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө. Алдангийг ажил гүйцэтгэх ёстой байсан хугацаа өнгөрмөгц тоолж эхэлнэ. Гэрээний 4.5-д тэсэлгээний ажил хийгдэж гүйцэтгэгч болон захиалагч тал тэсэлгээг амжилттай  гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш нэхэмжилсэн төлбөрийг ажлын 3 хоногийн дотор төлнө. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хүртэл хувь байхаар, гэрээний 7.5-д гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар  заасан ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч П ХХК нь ажлын нийт хөлсөнд 75.000.000 төгрөгийг төлөх, гэрээний 2.3-т гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 6.000.000 төгрөг, тээврийн хөлс, тэсэлгээний материалын үнийг төлөх бөгөөд үлдэгдлийг гүйцэтгэлтэй уялдуулан төлөх, гэрээний 4.5-д тэсэлгээний ажил хийгдэж гүйцэтгэгч болон захиалагч тал тэсэлгээг амжилттай гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш нэхэмжилсэн төлбөрийг ажлын 3 хоногийн дотор төлнө. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу П ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 42.541.385 төлж барагдуулсан. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.  

 

Дээрх Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү гэрээний дагуу М ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи Тэрэлжийн аман дахь П ХХК-ийн П амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт буй уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай акт ТА-18/04-01” /хавтас хэргийн 10 тал/, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өрөмдлөг тэсэлгээний ажлын паспорт, /хавтаст хэргийн 117-140 тал/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэж дууссан нь Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай акт ТА-18/04-01 актаар тогтоогдсон. Гэрээнд заасан хугацаанаас 13 хоногоор хугацаа хэтэрсэнг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үүнд маргаагүй болно.

  

Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч М ХХК-д 42.541.385 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Иймд үлдэгдэл 32.458.615 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2.142.140 төгрөг, нийт 34.600.755 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж үйлдвэрийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний хугацааг хэтрүүлсэн, тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулаг нь суларч зөөлрөх ёстой байсан боловч тал хэсэг нь уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй тул Т ХХК-ийн эксковатороор уг бул чулуу, чулуулгийг ахин бутлуулан хугацаа алдаж А блокын суурийн нүхийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, В блокын суурийн нүхийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, С блокын суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус ухаж дууссан. Г ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх ёстой байсан хугацаа нь 2018 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал гүйцэтгүүлж дуусах ёстой байтал суурийн нүхийг ухах ажил хойшилсоор Г ХХК-ийн Увс аймгаас авч ирж ажиллуулсан 100 орчим ажилтнуудын сул зогссон. Энэхүү сул зогсолтын хөлсийг Г ХХК-д манай компани 42.150.000 төгрөгийг төлсөн. Иймээс нэхэмжлэгчийн талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн байдлаас шалтгаан Г ХХК-д төлсөн 42.150.000 төгрөгийг, Т ХХК-д төлсөн 26.228.790 төгрөгийг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100.000.000 төгрөг, нийт 168.378.790 төгрөгийг М ХХК-иас гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь Г ХХК нь Увс аймгаас авч ирж ажиллуулсан 100 орчим ажилтнууд сул зогссон Г ХХК-д 42.150.000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлан нотлох баримтаар П ХХК, Г ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 18-04 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, П ХХК, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/02 дугаартай “шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, П ХХК, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/01 дугаартай “шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлэг,

Т ХХК суларч зөөлрөөгүй бул чулуу, уулын чулуулгийг өөрийн экскаватораар бутлуулах, ажлыг гүйцэтгүүлсний төлбөр 26.228.790 төгрөгийг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100.000.000 төгрөг, нийт 168.378.790 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримтаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн кассын орлогын ордер, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх, Болор төслийн газар шорооны ажлын зардлын тооцоо, 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн кассын орлогын ордер, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэх, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэх, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн төсөвчин Ж.С-ийн тайлбар, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр П амралтын газрын барилгын суурийн ажлын тэгшилгээнд гарсан машин механизмын зардал, Т ХХК, П ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Г ХХК нь Увс аймгаас яг хэдэн ажилчин авчирсан, хэдэн хоног ажилгүй сул зогссон эсэх, нэг ажилчинд хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Т ХХК, П ХХК нар нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ТЧ-18-55 дугаартай “Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж гэрээний дагуу Т ХХК нь ...Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах П амралтын цогцолборын барилгын суурийн А, В,С блокын суларсан шороог зөөж тэгшилнэ... гэжээ.

 

Иймд гэрээнд заасан үүргээ М ХХК нь биелүүлээгүй, хэдий хэмжээний уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй, тэсэлгээний үр дүн бүрэн хүрээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хангах боломжгүй юм. 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч П ХХК-иас 34.600.755 /гучин дөрвөн сая зургаан мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, П ХХК-ийн М ХХК-д холбогдуулан 168.378.790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч М ХХК-ийн 331.000 төгрөг, хариуцагч П ХХК-ийн 999.845 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 331.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН