| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05625/И |
| Дугаар | 183/ШШ2024/00755 |
| Огноо | 2024-02-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/00755
2024 оны 02 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/00755 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын гудамж байр, тоот хаягт оршин суух Нн ТА /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.ТА, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бэл, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Дашдаваа, түүний өмгөөлөгч Б.Батсэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.ТА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2023/18656 дугаар захирамжаар Н.ТА надаас 267,250,410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, миний өмчлөлийн барьцааны гэрээ байгуулах явцдаа төлбөр авагч Ант инвест ХЗХ-ны нэр дээр түр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081881 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам наадамчдын зам гудамжны 1430 дугаар байр, 601 тоот хаягт байрлах, 149 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон, 480,470,000 төгрөгөөр үнэлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шууд утгаараа миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Үүнд: Манай орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь м2 нь 5,000,000 буюу 140 м.кв-ын үнэ нь 745,000.000 төгрөг болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчээр томилсон "Файн Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр, үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Энэ тухай миний бие 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааны мэдэгдэл авахдаа мэдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн дагуу өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна Анх үнэлгээ хийнэ, хөрөнгөд үзлэг хийнэ, хөрөнгийн үнэлгээний газраас явж байна гэж нэг залуу ирсэн нь томилогдсон үнэлгээчин биш байсан"-ыг миний бие 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн бөгөөд энэ утгаараа үзлэг хийх явцдаа миний аюулгүй байдал алдагдаж, ямар нэг хуулиар олгогдсон зөвшөөрөлгүй, эрхгүй хүн манай гэрт нэвтэрсэн байна. Миний бие ажлын шаардлагаар 2023 оны 10 сарын 01-ээс 10 сарын 17-ыг хүртэлх хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж байгаад иртэл 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулсан. Хөдөө орон нутагт ажилласан тухай тодорхойлолтыг хавсаргав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр, миний болон гэр булийн маань аюулгүй байдлыг алдагдуулж, ямар нэг хуулиаар олгогдсон эрхгүй хүнээр үнэлгээний үзлэг хийлгэсэн, ингэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчээр томилогдон, үнэлгээ хийсэн "Файн Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээний тайланг нэхэмжлэгчид танилцуулаагүй байсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу холбогдох төлбөр төлөгчийн зохих эрхүүдийг зайлшгүй эдлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэдийгээр шинжээч томилж үнэлгээ хийлгэх хууль ёсны үйлдэл байх боловч үнэлгээ хийх явц нь өөрөө хуулийн дагуу хийгдэж байна уу. Үнэлгээний шинжээч өөрөө үзлэг хийсэн эсэх нь тодорхой биш байсан учраас эдгээр нөхцөл байдлуудыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож тайлбарлаж байгаа. Гол шаардлага нь шинжээч үзлэг хийгээгүй байж яагаад үнэлгээ хийгээд, дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Үнэлгээний үндэслэл нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа учраас Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар холбогдох үнэлгээний тайлантай танилцах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Үнэлгээний тайланг танилцуулах явцад болбол Н.ТА хөдөө ажлаар явчихсан байсан. Сүүлд нь танилцсан. Үнэлгээний тайлбартай танилцсаны үндсэн дээр үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үзлэгийг хийгээгүй байж юунд тулгуурлаад үнэлгээ гаргасан нь тодорхой биш. Үнэлгээний үндэслэл тодорхой биш байна гээд надад хүсэлт гаргаж би өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад Шүүхийн шинжилгээний хуульд заасан үйл ажиллагаа явагдсан эсэх дээр өмгөөлөгч дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Шинжээч томилсон тогтоолтой танилцахад н.Цолмонгэрэл гэж хүнийг шинжээчээр томилсон байсан. Гэтэл хэргийн материалд Файн-Эстимэйт ХХК гэж хуулийн этгээдийн үнэлгээний тайлан авагдсан байгаа. Нэгэнт хэргийн материалд үнэлгээний тайлан авагдсан байсан учраас тухайн тайлан үндэслэлтэй дүгнэлт өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас н.Цолмонгэрэл гэж хүнийг шинжээчээр томилчихсон байхад хуулийн этгээд дүгнэлт гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шинжээч томилсон тогтоол өөрөө эрх зүйн акт юм. Эрх зүйн актыг ямар нэгэн байдлаар өөрчлөх, агуулгын хувьд өөр болгох ямар ч боломж байхгүй. н.Цолмонгэрэл гэж хүнийг шинжээчээр томилсон л бол н.Цолмонгэрэл гэж хүн л шинжээчийн дүгнэлт үйлдэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг шинжээч дүгнэлт хийхдээ үнэлгээний тайлан үйлдэж болно. Үнэлгээний тайлантай холбогдуулаад үндэслэлээ тодорхойлж, зайлшгүй тайлбарласан байх ёстой. Нэг ёсондоо дүгнэлт байхгүй байна гэсэн үг. Хэдийгээр шинжээч үнэлгээ хийж, үнэлгээ нь хэргийн материалд авагдсан байгаа ч хуулийн этгээдийн үнэлгээний тайлан байгаа учраас үүнд шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд л шүүх дүгнэлт өгөх ёстой. Үнэлгээний тайлан нь шинжээч томилсон тогтоолыг үндэслэл болгоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ямар нэгэн харилцаа холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байх боловч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гэж байгаа. Файн-Эстимэйт ХХК үнэлгээний тайланг үйлдэхдээ шинжээч томилсон тогтоолыг үндэслэл болгоогүй, харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгосон байгаа. Файн-Эстимэйт ХХК-д ашиг сонирхол байна. Нэг ёсондоо ажил гүйцэтгэж, ажлын хөлс авч, ашигтай нөхцөл байдал бий болж байна. Мөн энэ дүгнэлтийг ингэж гаргаснаараа өөртөө давуу байдал бий болгож байна. н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилогдсон гэж үзвэл түүний хараат бус байдал алдагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн хараат бус байдал алдагдаад, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний тайланг бий болгоод, үндэслэлгүйгээр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж өгсөн нь хууль зөрчиж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Дараагийн анхаарал татаж байгаа асуудал бол шинжилгээний зүйлийн шинж байдлыг бүрэн тодорхойлсны үндсэн дээр тухайн эд зүйлд шинжилгээ хийх ёстой. Шинжээч биечлэн тухайн шинжилгээний зүйлд үзлэг хийгээгүй байж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан нь үндэслэлгүй байна. Шинжээч томилсон тогтоолд сайн харагдаж байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээний үндсэн дээр үнэлгээ хийх аргачлалд тулгуурлаад хийгдсэн үнэлгээний тайлан байгаа. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд тухайн шинжилгээний зүйлийн онцлог байдал, нөхцөлийг тал бүрээс нь бүрэн тогтоосны үндсэн дээр шинжээч дүгнэлт гаргах ёстой. Шинжээч өөрөө ирээгүй тул ингэж үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлт гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гарган өгч байгаа нь бүхэлдээ хууль зөрчиж байна. Үзлэг хийгээгүй талаар би шүүхэд өмнө нь хүсэлт гаргасан. Хариуцагчаас Файн-Эстимэйт ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа. Энэ тодорхойлолтоор туслах үнэлгээчин н.Энхжаргал нэхэмжлэгчийнд очиж зураг дарсан нөхцөл байдал харагдаж байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шинжилгээ хийх үйл явцыг тэмдэглэлээр баталгаажуулж, үзлэг хийхэд байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан байхыг шаардаж байгаа. Шүүхийн шинжилгээ хийх гол нөхцөлийг хангаж байгаа зохицуулалт. Гэтэл ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй, зөвшөөрөлгүй хүн бусдын гэрт нэвтрээд зургийг нь аваад явж байна гэдэг чинь юу гэсэн үг юм. Хүний эрхэд халдаж байна. Тэр хүн үнэлгээчин байсан бол шинжээчээр томилогдсон тогтоолыг үзүүлсний үндсэн дээр айлд нэвтрэх боломжтой. Тэр хүн ямар эрхтэй юм бэ. Айлын гэрт нэвтрээд, зураг аваад явснаа үнэлгээний тайланд үзлэг хийсэн гэж тайлбарлаад байгаа. н.Цолмонгэрэл гэж хүн үзлэг хийсэн мэтээр тайлбарлаж, үнэлгээний тайланд тусгагдсан байгаа тул тайлан дотор байгаа мэдээлэл хуурамч байна гэсэн үг. Ийм үнэлгээний тайланд тулгуурлаад, бусдын эрхэд халдаж, тухайн байрыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа. Шинжээч үүн дээр хариуцлагатай хандах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль дээр хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин, мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр оролцуулж болно гэж заасан. Тухайн үнэлгээнд оролцсон залуу мэргэжилтэн байх боломжгүй. Мэргэжилтэн байхын тулд тусгай зөвшөөрөл олгогдсон байх ёстой. Гэтэл н.Цолмонгэрэл гэж хүн өөрийнхөө хууль бус үйлдлүүдийг шүүхэд зөвтгөж ойлгуулахын тулд албан тоот бичээд хэргийн материал хавсаргасан байгаа. Хэргийн материалд хавсаргасан албан тоотыг өмнөх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэгч гаргаж өгсөн. Ийм байж болохгүй шүү дээ. Хөрөнгийн үнэлгээний тайланг эхнэрт нь өгсөн гэж ярьсан. Бид таарамжгүй харьцаатай байсан тул авч чадаагүй, шуудангаар ирсэн гэж над руу утасдсан, очоод авах гэсэн бас цаг хугацаа болоогүй. Тэгээд шуудан буцаачихсан байсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр 10 дугаар сарын 20-ны хавьцаа очиж авсан гэж хэлж байгаа. Үүнийг шийдвэр гүйцэтгэгч үгүйсгэхгүй байгаа. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээж авснаараа дүгнэлттэй холбоотой гомдол гаргах эрх зүйн боломж бий болж байгаа.. Тийм ч учраас 10 дугаар сарын 24-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Цаг хугацааны хувьд ямар нэгэн зөрчилтэй асуудал байхгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар мэдэгдэлтэй танилцсан байж 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах эрх, эрх зүйн боломж үүснэ. Надад авагдсан үнэлгээний тайлан дээр хамгийн дээд талд нь Файн-Эстимэйт ХХК гээд нэр нь байна. Шүүхэд авагдсан баримт дээр компанийн нэр байхгүй байна. Үүн дээр мөн дүгнэлт өгөх ёстой. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт өөрөө эрх зүйн бичиг баримт учраас ямарваа нэгэн засваргүй, хоёрдмол агуулгагүй байх ёстой. Гэтэл хэргийн материал авагдсан баримт нь бүрэн бус байгааг хараад гайхаад сууж байна. Мөн үнэлгээний гэрээ гээд яригдаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой. Тухайн үнэлгээний тайлангийн 2.1.2 дээр миний үйлчлүүлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байна гээд тодорхойлоод байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч байсан ажил гүйцэтгэх гэрээтэй байна. Энэ утгаараа шинжээч ч юм уу, эсвэл тэр компани болбол ашиг сонирхолтой ажиллаж байна. Төлбөр аваад, ашигтай ажиллах гээд байна. Шинжээчийн дүгнэлтийн шинжээч томилсон тогтоолыг уншиж танилцсан. Энэ нь эрх зүйн акт тул ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй. Бид энэ баримтыг хүчинтэй, хүчингүй гэж маргаагүй. Хамгийн гол нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ажиллагаа явагдсан байна уу, үгүй юү гэдэг дээр дүгнэлт өгөх гээд байгаа юм. Шинжээч томилсон тогтоол дээр н.Алтанцэцэг, Н.ТА нарын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд үнэлгээ хийх ёстой. Гэтэл энэ тайланд болбол Анд Инвест ХХК-ийн өмчид үзлэг хийгээд, үнэлгээ гаргаад байгаа. Ном нь болбол шинжээчийн дүгнэлтээр н.Алтанцэцэг, Н.ТА нарт хамаарал бүхий, шууд утгаараа бол энэ 2 хүний өмч хөрөнгөд шинжээч үнэлгээ хийх ёстой. Гэтэл хаа хамаагүй компанийн хөрөнгөд үнэлгээ хийгээд байгаа нь өөрөө зөрчил юм. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.8.2-т биет үзлэгийг 2023 оны 09 дүгээр сарын 24-нд хийсэн гээд үнэлгээний агуулга дотор яваад байгаа байхгүй юу. Гэтэл шинжээч өөрөө үзлэг хийгээгүй болохоо баримтаар нотлоод албан тоот ирүүлчихсэн байгаа. Би байгаагүй юм, миний туслах н.Энхжаргал гэж хүн үзлэг хийсэн юм аа. Энэ хүн нь сургалтад хамрагдчихсан мэргэжилтэн юм гэж байгаа. Гэтэл шинжээч н.Цолмонгэрэлийг өөрөө үзлэг, хэмжилтээ хийгээд, дүгнэлтээ гаргаад, аваад ир л гэсэн болохоос биш өөр хүнд даалгаад хийлгүүл гэсэн зүйл байхгүй байгаа. Хөрөнгийн үнэлгээний хуульд өөр бусад шинжээчид, мэргэжилтэн оролцуулж болно. Гэхдээ үнэлгээний явцад тэмдэглэл хөтлөх ёстой. Үнэлгээний явцад оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Бид сая өөрсдөө уншицгаачихсан. Үнэлгээний тайлангийн баталгаажуулах хэсэг дээр н.Энхжаргал гэж хүний гарын үсэг, материал нэг нь ч байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нь үзлэг хийсэн шинжилгээнд оролцсон хүн баталгаажуулалт хийж гарын үсгээ зураагүй байгааг харуулж байна. Ийм үнэлгээг үндэслэл болгоод бусдын хөрөнгөд халдаж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилсон. Шинжээч томилсны дараа шинжээчийн дүгнэлт хуульд нийцэж байгаа эсэх, хуулийн шаардлага хангасан эсэх, тэр шинжээчийн тогтоолыг дахиж гүйцэт биелүүлсэн эсэх дээр ерөөсөө дүгнэлт өгөхгүйгээр үнэлгээний тайлангийн дуудлага худалдааны материал болгон ашиглаж байгаа нь хууль зөрчиж байна. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт нь үнэлгээний тайлангийн хэлбэрээр байж болох хэдий ч миний үзэж байгаагаар бол үүн дээр шинжээч заавал тайлан бичсэн байх ёстой. Энэ мэтчилэн зөрчил байхад Н.Тулгын эрхэд халдаж, албадан дуудлага худалдаанд оруулж, хөрөнгөд нь халдаж болохгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан хууль зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдаж байна. Хууль бусаар хүний эрхэд халдаж байгаа учраас энэ зөрчлийг засах ганц боломж нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох юм. Хэрэв Н.ТА шүүхэд гомдол гаргаагүй бол сайн дураараа худалдах боломжийг олгож болохоор байсан. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргачихсан учраас энэ эрхээ алдчихаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа зарлаж болохгүй байсан. Процессын алдаатай нөхцөл байдал засаж залруулах хэлбэрээр хандахгүй байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв ... гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ндрийн 183/Ш32022/18656 дугаар захирамжаар М.Алтанцэцэг, Н.ТА нараас 267,250,410 төгрөгийг гаргуулж "Ант инвест" ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23260395 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.ТА, М.Алтанцэцэг нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Н.ТА, М.Алтанцэцэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан "Ант инвест" ХЗХ-ны өмчлөлийн дээрх орон сууцыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23260395/03 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 18-ны Өдрийн 23260395/06 тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 9/348 дугаар тогтоолоор шинжээч томилж 530,510,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-186/18751, 4-186/18752, 4-186/18829 тоот албан бичгээр мэдэгдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 371,357,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгчид 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-186/21119, 4-186/21120 тоот албан бичгээр, төлбөр авагчид 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-186/21121 тоот албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ны Өдөр зохион байгуулах талаар 4-186/23192, 4-186/23193, 4-186/23194 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууц нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 268,255,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-186/24250, 4-186/24521, 4-186/24522 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд "Ант инвест ХЗХ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ант инвест ХЗХ болон иргэн М.Алтанцэцэг, Н.ТА нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 267,250,410.48 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 490 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/11320022/18656 дугаар бүхий шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн. Тус эвлэрлийн гэрээний хүрээнд "төлбөр төлөгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл төлбөр төлөгч нь дээрх үүргээ биелүүлээгүй тул дээрх захирамжийн 4 дэх хэсэгт "захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй хэмээн заасны дагуу Н.ТАас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206081881 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам наадамчдын зам гудамжны 1430 дугаар байрны 601 тоот хаягт байршилтай 140 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар 23260395/06 дугаар бүхий саналыг манай зүгээс гаргасан. Ийнхүү дуудлага худалдаанд оруулахтай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тогтоож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагыг томилсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний "Файн эстимэйт" ХХК нь тухайн хөрөнгийг Зах зээлийн үнэ цэнийн аргаар 530,510,000 төгрөг хэмээн үнэлж, талуудад мэдэгдсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн Ү-186/18751 тоот албан бичгээр Н.ТА-ын оршин суугаа газарт нь хүргүүлж, мэдэгдсэн байдаг. Н.ТА нь оршин суугаа газраа солиогүй, Н.Тулгын гэрийн хаяган дээр түүний эхнэр мэдэгдлийг хүлээж авсан байдаг. Гэтэл Н. ТА нь эд хөрөнгийн талаарх үнэлгээний гомдлоо хуульд заасан хугацаа болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж, 21 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Гэтэл Н.ТА нь нэхэмжлэлдээ ажлын шаардлагаар 2023.10.01-нээс 2023.10.17-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж байсан гэх тайлбар гаргаж улмаар нэхэмжлэлийн хавсралтад ажилласан нь үнэн тухай тодорхойлолт бүхий нотлох баримтыг хүргүүлсэн байна. Тус нотлох баримт нь тодорхойлсон этгээдгүй, хугацаагүй буюу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан албан хэрэг бүрдүүлэхэд тавих шаардлагыг хангаагүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэлд дурдсан мэдээлэл болон нотлох баримт нь худал байж болзошгүй хэмээн үзэж байгаагаас гадна үнэлгээг оршин суугаа газарт нь хүргүүлсэн байхад хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гомдол гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх саад учруулах зорилготой хэмээн үзэж байна. Дээрх хэрэгт авагдсан Өөш тур" ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн тус компанийн Гүйцэтгэх захирал М.Алтанцэцэг нь нэхэмжлэгч Н.Тулгын эх бөгөөд мөн адил манай байгууллагаас Н.ТАтай хамтран зээл авсан зээлдэгч/төлбөр төлөгч болно. Мөн "Өөш тур" ХХК-ийн эцсийн эмчлөгчөөр Н.Тулгын төрсөн ах Н.Соёмбо бүртгэлтэй байдаг бөгөөд тус компанид Н.ТА нь ажилладаг эсэх нь тодорхойгүй буюу тус компанийн ажлаар хөдөө орон нутагт байсан эсэх нь эргэлзээтэй байгаа төдийгүй тус компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Үүнээс үзвэл Өөш тур" ХХК-ийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан хуурамч нотлох баримт байх бөгөөд Н.Тулгын 2023 оны 10-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 10-р сарын 17-ны едрийг хүртэл хөдөө орон нутагт ажиллаж байгаад 2023 оны 10-р сарын 19-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолтой танилцсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Түүнчлэн "Файн эстимэйт ХХК-ийн ирүүлсэн үнэлгээнд үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/29 тоот дугаар бүхий Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай" тогтоолоор дуудлага худалдааг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар товлон, анхны дуудлага худалдааг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдаа эхэлсэн болно. Иймд, нэхэмжлэгч өөрийн буруугаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, цаашлаад тогтоосон үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаа болж өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Гурван зүйлийг тодруулахгүй бол болохгүй байна. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлт буюу тайлан. Шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байх шиг байна. Хариуцагч нь яагаад Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болчихов. Хариуцагчаа зөв тодорхойлсон юм уу. Ойлгохгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох юм уу. Ямар логикоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагчаар ороод ирчихсэн юм бэ. Хоёрдугаарт, Хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн дагуу танилцуулаагүй гэсэн агуулгыг өмгөөлөгч танилцуулаад байх шиг байна. Энэ харилцаа бол Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцаа. Хуулийн хүрээнд захиалагчдаа танилцуулах үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу захиалагчдаа танилцуулсан байдал бол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүний дагуу 3 хоногийн дотор төлбөр төлөгч болон төлбөр авагч тал тохиролцсон эсэхийг асууна. Төлбөр төлөгч тал зайлсхийх зорилгоор танилцаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалыг зөрчөөгүй. Үзлэг хийгээгүй гэж өмгөөлөгч тайлбарлаад байна. Зах зээлийн үнэлгээ бол жишиг үнийн аргаар үнэлдэг процесс. Бодлогын үнийн арга эсвэл өртгийн үнийн арга эсвэл зах зээлийн үнийн арга гэсэн аргачлалтай. Өмгөөлөгчийн тайлбарлаад байгаагаар үзлэг хийнэ гэдэг нь очоод ханыг нь хэмжих ёстой юу. Юу яриад байгааг нь ойлгодоггүй. Улсын бүртгэлийн газар тухайн байрны метр квадратыг нь тодорхойлоод улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байгаа. Үзлэг хийнэ гэдгийг яаж тайлбарлаад байгаа юм. Үзлэг хийх этгээд нь үнэлгээчин этгээд байна. Үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд хийнэ гэж ямар хуулиар тодорхойлж байгаа юм бэ. Тийм заалт байхгүй. Тухайн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн томилсон этгээд өөрөө үзлэг хийх боломжтой. Тухайн хүн очиж зураг авч болохгүй гэж ямар хуульд заасан байгаа вэ. Аюулгүй байдал алдагдуулсан тухай яриад байх шиг байна. Хэний, ямар аюулгүй байдлыг алдагдуулчхав аа. Ямар нэгэн нотлох баримт байхгүй, нэг л их ерөнхий аюулгүй байдал алдсан тухай яриад байна. Нотлох баримтгүй, ач холбогдолгүй зүйлээр гомдол гаргаад цаг хугацаа үрээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагч тал болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн ярьж байгаа 30 хоногийн хугацааны тухайд шүүх яагаад хэрэг үүсгэчхэв ээ. Хуульд заасан хугацаагаа хэтрүүлчихсэн байна. Шүүхийн эрх хэмжээний асуудал учраас халдаад яах вэ. Эрх зүйн ач холбогдол бүхий биш, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслээд хуульд заасан хугацааг нь хэтрүүлсэн асуудлыг хэрэг үүсгээд хэлэлцэж байгаад гомдолтой байна. Үнэлгээчний хараат бус байдалд нөлөөлсөн тухай өмгөөлөгч яриад байна. Үнэлгээчний хараат бус байдалд яаж нөлөөлсөн юм бэ. Зах зээлийн үнэлгээг ихээр үнэлж байхад нь бага болгочихсон юм уу. Эсвэл 10,000,000 төгрөгөөр үнэлэх ёстой байхад 5,000,000 төгрөгөөр үнэлчихсэн юм уу. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас залгаад наадхаа ингэж үнэл гээд заачихсан юм уу. Тийм зааварчилгаа, мэдэгдэл өгсөн, ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хараат бус байдлыг хангаж байгаа. Мөн тайлан ямар хэлбэр загвартай байна гэж заасан тэр шаардлага, шалгууруудыг хангаад, үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй этгээд гарын үсгээ зураад ирүүлчихсэн байх шиг харагдаад байх юм. Ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслээд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ. Яагаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагч болчхоод байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа процессын дагуу явагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Үнэлгээ хийсэн компани нь энэ шүүх хурал дээр байхгүй байхад тухайн компанийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулъя гэж байгаад гайхаж байна. Хугацаа хэтрүүлсэн асуудал дээр нэлээн ач холбогдол өгөөд байх шиг байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгэсэн байх тул үүн дээр тайлбар хийхгүй өнгөрөөе. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хариуцагч, гуравдагч этгээд ямар хуулийн зүйл заалтыг зөрчиж, Н.Тулгын эрх, ашиг сонирхолд халдсан болохыг тайлбарлаж чадахгүй байна. Мөн аюулгүй байдал алдагдуулсан гэж яриад байна. Орон байранд нь зөвшөөрөлгүй нэвтрээд орсон гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ талаар баримт хэргийн материалд байхгүй. Зах зээлийн үнэлгээн дээр маргах гээд байгаа боловч ямар нэгэн байдлаар зах зээлийн үнэлгээн дээр маргасангүй. Анх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлахдаа зах зээлийн үнэлгээг доогуур байна гэсэн. Өмгөөлөгч нь процесс ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг яриад байна. Зах зээлийн үнэлгээ дээр маргаж байгаа бол тодорхой байдлаар шинжээч томилуулаад, хүсэлтээ гаргаад явах боломжтой байсан. Процесс ажиллагаа болон материаллаг ажиллагаа аль аль нь эрх зүйн шаардлагыг хангах байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
1. Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар нотариатоор гэрчлүүлсэн хуулбар, 2023.10.18-ны өдрийн 4-186/21120 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Н.ТАд хаягласан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.10.10-ны өдрийн 11/29 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.10.03-ны өдрийн 4-186/18751 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Н.ТАд хаягласан үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг фото зураг, Өөштур ХХК-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
2. Хариуцагч талаас, 2023.11.09-ний өдрийн 1-186/523 дугаар Итгэмжлэл, 2022.12.27-ны өдрийн 183/ГХ2023/00028 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.12.27-ны өдрийн 183/ШЗ2023/00246 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022.11.07-ны өдрийн 183/ШЗ2022/18656 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж, 2022.10.19-ны өдрийн 00470 дугаар эвлэрлийн гэрээ, 2023.02.17-ны өдрийн 23260395 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021.09.17-ны өдрийн 0440921 дугаар зээлийн гэрээ, 2021.09.17-ны өдрийн И-0460921 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.09.17-ны өдрийн 0460921 дугаар зээлийн гэрээ, 2021.09.17-ны өдрийн 0470921 дугаар зээлийн гэрээ, 2021.09.17-ны өдрийн 0480921 дугаар зээлийн гэрээ, 2023.03.03-ний өдрийн 23260395/01 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.03.03-ний өдрийн 23260395/02 зарлан дуудах мэдэгдэл, 2023.03.03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2023.05.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 2023.05.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны баримт, 2023.05.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Н.ТА, М.Алтанцэцэг нарын хүсэлт, 2023.05.05-ны өдрийн 23260395/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.05.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.15-ны өдрийн 23260395/04 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.05.25-ны өдрийн 4-186/10601 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.20-ны өдрийн 183/АБ2023/03353 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.09.18-ний өдрийн 23260395/07 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.09.18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Н.Тулгын хүсэлт, 2023.09.19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх газарт М.Алтанцэцэгийн үнийн санал гаргах хүсэлт, 2023.09.18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.19-ний өдрийн Ант инвест хадагаламж зээлийн хоршооноос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2023.09.21-ний өдрийн 9/348 дугаар Шинжээч томилох тухай тогтоол,мөн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2023.10.02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.10.03-ны өдрийн 4-186/18751 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Н.ТАд хаягласан албан бичиг, 2023.10.03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.10.03-ны өдрийн 4-186/18752 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч М.Алтанцэцэгт хаягласан албан бичиг, 2023.10.03-ны өдрийн 4-186/18752 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ант инвест хадгаламж зээлийн хоршоонд хаягласан албан бичиг, 2023.10.04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.10.10-ны өдрийн 11/29 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.10.18-ны өдрийн 4-186/21119 дугаартай мэдэгдэл, 2023.10.18-ны өдрийн 4-186/21121 дугаартай мэдэгдэл, 2023.10.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.10.18-ны өдрийн 4-186/21120 дугаартай мэдэгдэл, 2023.11.07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023.11.07-ны өдрийн 12/14 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.11.10-ны өдрийн 4-186/23192 дугаартай мэдэгдэл, 2023.11.10-ны өдрийн 4-186/23193 дугаартай мэдэгдэл, 2023.11.10-ны өдрийн 4-186/23194 дугаартай мэдэгдэл, 2023.11.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.11.24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023.11.27-ны өдрийн 4-186/24520 дугаартай мэдэгдэл, 2023.11.27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.11.27-ны өдрийн 4-186/24521 дугаартай мэдэгдэл, 2023.11.27-ны өдрийн 4-186/24522 дугаартай мэдэгдэл, 2023.11.27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Файн Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цоломонгэрэлийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 23/11-10 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.ТА нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас томилогдсон шинжээчийн үнэлгээ тогтоосон 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилон 530,510,000 төгрөгөөр үнэлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийнхүү үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн, орон сууцны үнэлгээ м2 нь 5,000,000 төгрөг нийт 745,000,000 төгрөг болно, орон сууцанд үзлэг хийж, фото зургийг авсан хүн нь үнэлгээчин биш, зөвшөөрөлгүй хүн байсан, үнэлгээ хийсэн шинжээч хариуцагчийн захиалгаар гэрээний дагуу үнэлгээ хийсэн учир ашиг сонирхлын зөрчилтэй, хараат бусаар хийгээгүй, үнэлгээний тайланг хуулийн дагуу надад мэдэгдээгүй, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2023 оны 10 сарын 20-ний өдөр танилцуулсан, иймд эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй учир үнэлгээг тусгасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсний дагуу 530,510,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээнийн тайланг гаргасан, үнэлгээний талаар талуудад мэдэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тодорхойлов.
5. Гуравдагч этгээдээс эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргаагүй, хуулийн дагуу шинжээчээр томилогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийн хандлагаар тогтоож, 530,510,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайланг мэдэгдэж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой танилцсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.
6. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/18656 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан өргөдөл гаргагч Ант Инвест ХЗХ-ийн өргөдлийн шаардлага 267 250 410 төгрөгийг уригдагч тал Н.ТА, М.Алтанцэцэг нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 100 000 000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 167 250 410 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар, уригдагч тал Н.ТА, М.Алтанцэцэг нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол уригдагч тал Н.Тулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2206081881 дугаартай, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын гудамж, 1430 дугаар байр, 6001 тоот хаягт байрлалтай 140 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (цаашид шийдвэрт үл хөдлөх хөрөнгө гэж товчилно) зэргээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэжээ (1-р хавтасны 20-21 дэхь тал). Улмаар Хан-Ууд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/00246 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/18656 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 183/ГХ2023/00028 дугаартай Хан-УУл дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсыг үйлджээ (1-р хавтасны 18-19 дэхь тал). Уг үйл баримт дээр талууд маргадаггүй.
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 23260395 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг 186-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Бямбагэрэлд зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ (1-р хавтасны 24 дэхь тал). Цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23260395/06 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгч Н.Тулгын үл хөдлөх хөрөнгийг хураажээ (1-р хавтасны 61 дэхь тал). Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 сарын 21-ний өдөр 9/348 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр Н.Цолмонгэрэлийг томилон, шинжээчид хууль тайлбарлан шинжээчээр гарын үсэг зуруулсан байна (1-р хавтасны 68-69 дэхь тал). Уг шинжээч томилсон тогтоолтой талууд маргадаггүй, шинжээч томилсноос хойшхи шинжээч дүгнэлт гаргасантай холбоотой асуудлаар маргадаг.
8. Талууд шинжээчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 530,510,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ дээр маргасан. Шинжээч нь 2023 оны 10 сарын 02-ны өдөр Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайланг гаргаж, тайлангийн 1.7-д үнэлгээний ажилд зах зээлийн үнэ цэнийн суурийг баримталсан, 2.2-д үнэлгээний хандлага ба аргаа сонгосон үндэслэлээ тайлбарласан (1-р хавтасны 71-ийн ар тал, 75 дахь тал) байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.4 "хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно, хуулийн 8.1-т хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна мөн хуулийн 8.2.1, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, ...хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх шаардлагад нийцсэн байна. Иймд тус үнэлгээний тайланг баримталсан нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 530,510,000 төгрөгийн үнэлгээг анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлсэн гэж дурдсан хэдий ч үүнийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.
9. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ тогтоох зорилгоор нэхэмжлэгч Н.Тулгын гэрт нь орж, хэргийн 78-79 дүгээр хуудаст авагдсан үл хөдлөх хөрөнгийн фото зургийг авсан хүн нь шинжээч биш байсан, үл хөдлөх хөрөнгийн шинж байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй, энэ нь тухайн орон сууцны бодит зах зээлийн үнээс хэт хямд үнэлэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч үзлэгийг өөр этгээд хийж фото зургийг дарсан нь тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд хэрхэн нөлөөлснийг нэхэмжлэгч үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэж шүүхээс дүгнэлээ.
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт болох шинжээч Файн Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цолмонгэрэлийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 23/11-10 дугаартай албан бичигт ... газар дээрх үзлэгийг үнэлгээчний туслах, Файн Эстимэйт ХХК-ийн ажилтан Ж.Энхсайхан хийж, хөрөнгийн бодит байдлын зургийг авч, чанар байдлын талаарх мэдээллийг цуглуулан үнэлгээчинд өгсөн болно, мөн үнэлгээчдийн нэгдсэн байгууллага болох болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ын хөрөнгийн үнэлгээчний анхан шатны сургалтад хамрагдсан мэргэжилтэн юм,... үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тайланг шинжээч Н.Цолмонгэрэл би өөрийн мэдлэг, ур чадварт тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд гаднаас тусламж, дэмжлэг авалгүй хараат бусаар хийж гүйцэтгэсэн болно ... гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11.1.4-т хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах эрхтэй гэж заасан. Үүний дагуу шинжээч Н.Цолмонгэрэл нь хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаанд туслах ажилтан, мэргэжилтэн Ж.Энхсайханаар үл хөдлөх хөрөнгийг үзүүлэн, фото зургийг авахуулсан нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
10. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь урьдчилан гаргасан жагсаалт бүхий гэрээтэй байгууллагуудаас сонгож шинжээчийг томилдог, гэрээгээр гүйцэтгүүлсэн, энэ нь хуульд нийцэж байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч үнэлгээний гэрээгээр гүйцэтгүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдоно гэж мэтгэлцсэн.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6.1-д "үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж заасан. Иймд шинжээчийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлснийг хуулийн зөрчилд тооцогдохгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан шаардлагыг хангасан этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилж, шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д "үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, мөн хуулийн 15.1-д ... үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан. Эдгээр зохицуулалтын дагуу үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд хийх ба шинжээч, үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь 2022 оны 12 сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 сарын 18-ны өдрийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх 091100172 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх эрхтэй этгээд байна (1-р хавтасны 81-ийн ар тал). Иймд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээдээр үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
11. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй, би эзгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэгч манай эхнэр Б.Эрхэмхүслэнд анх мэдэгдсэн гэж тайлбарладаг. Уг үйл баримт дээр талууд маргадаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Хэрэгт авагдсан 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 4-186/18751 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлээр ...үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 530,510,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг, тус мэдэгдэлд ... мэдэгдэл хүлээн авлаа, Н.Тулгын эхнэр Б.Эрхэмхүслэн ТАд дамжуулж өгөх болно ... гэх тэмдэглэгээгээр, 2023 оны 10 сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Н.Тулгын утас холбогдохгүй байсан тул эхнэр Б.Эрхэмхүслэнд үнэлгээний мэдэгдэл, тайланг үлдээв ... гэх баримтуудаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг танилцуулах, мэдэгдэх ажиллагааг хийсэн болох нь тогтоогдож байна (1-р хавтасны 83-84 дэхь тал).
12. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Н.ТА нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж маргадаг. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгч оршин суугаа хаягаар очиход өөрөө байгаагүй, түүний эхнэр Б.Эрхэмхүслэн үнэлгээний тайланг хүлээж авсан, нэхэмжлэгч өөрөө 2023 оны 10 сарын 20-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрөө очиж уулзахдаа мэдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарлаж байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 10,12 дахь талд). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д "талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь анх эхнэрт нь үнэлгээний тайлан, мэдэгдлийг хүлээлгэж өгсөн, өөрөө 2023 оны 10 сарын 20-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийгШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
13. Нэхэмжлэгч нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2023 оны 10 сарын 19-ний өдөр танилцуулсан гэж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлийг тодорхойлсон.
Иргэний хуулийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, мөн хуулийн 177.2-т анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.4-т хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан.
Хэрэгт 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 11/29 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол (1-р хавтасны 88 дахь тал), 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 4-186/21120 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 530,510,000 төгрөгийн 70 хувиар дуудах доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл (1-р хавтасны 93 дахь тал) 2023 оны 10 сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (1-р хавтасны 94-р тал)-ээр шийдвэр гүйцэтгэгч нь анхны дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулан өгсөн үйл баримт, 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 12/14 дугаартай шинжээчийн тогтоосон үнэ болох 530,510,000 төгрөгийн 50 хувиар тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол (1-р хавтасны 97 дахь тал), 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 4-186/24521 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгчид хоёрдахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө 268,255,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн нь тогтоогдож байгаа (1-р хавтасны 111 дэхь тал) хэдий ч уг үйл баримт нь үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбож байгаагаа нэхэмжлэгч тодорхойлж өгөөгүй, нэхэмжлэгчээс уг үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дэмжсэн тайлбар гаргаагүй тул шүүхээс нэхэмжлэгчийн уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
14. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Тулгын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.ТАас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ