Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1752

 

“Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02075 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б”ХХК-ийн хариуцагч “Н”ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101 019 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж Авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Н”ХХК-тай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Таравлин хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, явган хүний замын хавтан суулгах ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээт ажлын нийт хөлс 160 000 000 төгрөг байхаар тохиролцсон ба ажлын хөлсний 50 хувийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдлийг ажил гүйцэтгэж дуусахад 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөхөөр тохиролцсон. “Н” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан хийж дуусгасан. Гүйцэтгэлээр ажлын төсөв 141 019 500 төгрөг болсон тул одоо 101 019500 төгрөг “Н” ХХК-иас авах үлдэгдэлтэй байна. Бид үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж “Н” ХХК-д удаа дараа нэхэмжлэх явуулж байсан боловч бичгээр хариу өгөөгүй. Хариуцагчийн барьж байгуулсан Таравлин хотхоныг улсын комисс хүлээн авсан бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн гадна зогсоол, явган хүний зам талбай, хашлага зэргийг чанарын шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад хүлээн авсан болно. Иймд “Н” ХХК-иас 101 019 500 төгрөг гаргуулж манай компанид олгуулна уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхоны орон сууцны хорооллын гадна талбайд дайрга дэвсэж нягтаршуулах, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах явган хүний замын хашлага, хавтан суулгах ажлыг “Б” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан билээ. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн төлбөр тооцоог гэрээний 4.5-д заасан хуваарийн дагуу төлж, төлөвлөгөөт ажлыг нь санхүүжүүлж байхад гүйцэтгэгч тал ажлаа хийлгэх явцдаа гэрээгээр хүлээлгэсэн итгэлийг эвдэж гэрээний хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчиж байсан. Үүний зэрэгцээ, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангахгүй, гүйцэтгэгч мөн 3 дугаар бүлгийн 3.5-д заасан ажил эхлэх, дуусах хугацааны тухай заалтуудыг удаа дараа зөрчсөн тул захиалагч тал уг гэрээний 4.3 дахь заалтын хүрээнд захиалгат ажлын төлбөрийн үлдэгдлийн төлөлтийг зогсоож мэргэжлийн хяналтын газар хандан, гүйцэтгэгчийн хийсэн ажил гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг гэрээний 2 талыг байлцуулан эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэсэн ажил буюу гэрээний дагуу барьж дуусгасан замыг захиалагч талд хүлээлгэн өгөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д зааснаар гэрээний 1.3-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын чанар гүйцэтгэлийн талаар гарсан санал зөрөлдөөнийг гэрээний 7.5-д заасны дагуу шийдвэрлүүлээгүй, захиалагч талыг байлцуулан хяналт хийлгэн, гүйцэтгэх ажлаа дуусгавар болгож хүлээлгэж өгөөгүй, өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий нөхцөл гэсэн нэг дэх хэсгийн 1.3-д дээрх ажлуудыг Монгол Улсын стандарт норм дүрмийг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэн акт үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй. Ийнхүү гэрээний 1.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь захиалагч гэрээний 4.3-т ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл уг гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 101 019 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ноёдконстракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 663 047.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч давж заалдах гомдолдоо:

... “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,"Н" ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/02075 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Энэ хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-нд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарч хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажлын гүйцэтгэлтэй холбоогүй улсын комиссын акт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулан авч нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Гэтэл хэргийг хүлээн авсан анхан шатны шүүх магадлалд дурдсан энэ зөрчлийг арилгалгүйгээр хэргийг шийдсэн. Өөрөөр хэлбэл мөн хариуцагчийн хүсэлтийг ханган шүүгчийн захирамжаар гаргуулан авсан барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актанд /XX 61/ “Б” ХХК-ийн ажлын чанар байдлыг талаар огт дурдаагүй, энэ талаар үнэлэлт дүгнэлт хийн боломжгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх хурлын үеэр Л.Ч намайг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, "Билэгт захирал чамд өмгөөлөгч авах эрх олгоогүй байна" гэсэн үндэслэлээр намайг өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулсан. "Н" ХХК-ийг төлөөлөн хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг /XX 96/ олгосоор атал өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангалгүй шүүх хурлыг хийсэн, хариуцагч тал шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байхад нэхэмжлэлийг буцаалгүй шийдсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг буцаан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Н”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101 019 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч “Б” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Таравлин хотхоны орон сууцны гадна зам, талбайн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Н” ХХК нь хэлэлцэн тохирсон 160 000 000 төгрөгийн ажлын хөлсний 50 хувийг ажил эхлэхэд бэлнээр төлж, үлдэх 50 хувийг бартераар буюу 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөх үүргийг харилцан хүлээсэн, талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Хариуцагч буюу захиалагч “Н” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөг төлсөн тухайд талууд маргаагүй, харин ажил гүйцэтгэгчээс гэрээнд заасан ажлын үр дүнг актаар хүлээн авсан боловч захиалагч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

 

            Ажил гүйцэтгэгч “Б” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн, тоо хэмжээ, гүйцэтгэлийн хувийг тодорхойлон, холбогдох баримт бичгийн хамт захиалагчийн ерөнхий инженер Д.М-д 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч, энэ тухай баримт үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан тул/хх-15/ ажил гүйцэтгэгч гэрээний 6.4-д заасан гэрээнд заагдсан ажлыг үе шат бүрт талбайн инженер болон холбогдох албан тушаалтанд шалгуулан, ажлын үнэлгээг тогтоолгон хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 352.1.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг төлөх үүрэгтэй.

 

            Ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын чанар нь шаардлага хангахгүй байсан, энэ талаар удаа дараа шаардлага тавьсан гэж хариуцагч тайлбарласан ч энэ тухай нотлох баримтыг гаргаагүй, тухайн үед захиалагчийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.М гэрчийн мэдүүлэгтээ “нүдэн баримжаа, дадлага туршлагаар шаардлага хангаагүй гэж үзсэн, акт дүгнэлт гаргаагүй” гэж мэдүүлсэн байх боловч ажлын үр дүн нь доголдолтой болохыг тогтоож, доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид хуульд заасан журмын дагуу шаардсан баримтгүй, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй байна. /хх1-118-121/

 

Иймд ажлын үр дүнг хууль, гэрээнд заасны дагуу захиалагчид шилжүүлсэн ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн төсөв гаргаснаа үндэслэн 141 019 500 төгрөгийн ажил гүйцэтгэснээс урьдчилгаанд авсан 40 000 000 төгрөгийг хасч 101 019 500 төгрөгийн ажлын хөлс шаардсаныг хангах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтыг баримталсан нь оновчгүй байгааг зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Таравлин хотхоны орон сууцны барилгуудыг байнгын ашиглалтад авсан улсын комиссын актууд нь зохигчдын ажил гүйцэтгэх гэрээнд шууд хамааралтай биш, гэрээний талуудын үүргийн гүйцэтгэлийг дүгнэсэн шинжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул “Б”ХХК-ийн ажлын чанар байдлыг огт дурдаагүй, энэ талаар үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад өөрийн өмгөөлөгчөөс татгалзаж, шинэ өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчөө солих боломжтой байсан, хуралдааны шатанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “351.1.1” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ