Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1764

 

А.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Ц хариуцагч Т.М-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянгол хороолол 412 байрны 000 тоотхаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг Т.Мд 122 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн. Гэвч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгөний өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай өөрийн нэр дээр гаргах шаардлагатай гэж худалдан авагч талын санаачилгаар гэрээний зүйл болох байрны бодит үнэ болох 122 000 000 төгрөгийг багасган 20 000 000 төгрөг болгон бичиж, хууль зөрчсөн, хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн, энэ гэрээ нь байгуулагдсан үеэсээ л хууль зөрчсөн гэрээ байсан. Гэвч Т.М нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгийг төлөхгүй байсан тул жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан боловч Т.М нь одоог хүртэл байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Ц, Т.М бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон тухайн өдөр байгуулсан уг үл хөдлөх хөрөнгийг 122 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлээс А.Ц би татгалзаж байна. Иймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянгол хороолол 412 байрны 000 тоотхаягтай 2 өрөө 68,2 м.кв орон сууцыг буцаан А.Ц миний өмчлөлд шилжүүлж өгөхийг Т.Мд даалгаж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байраа Т.М-д хүлээлгэн өгсөн. Гэтэл Т.М мөнгөө өгөөгүйн улмаас би эхнэр хүүхэдтэйгээ орох газаргүй болсон тул 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Ж-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 00 тоот  2 өрөө байрыг сарын 800 000 төгрөгөөр одоог хүртэл нийт 14 сарын орон сууц хөлсөлсөн төлбөрт 11 200 000 төгрөг төлсөн. Одоог хүртэл би байр хөлслөн хохирч байгаа тул миний байрны хөлсөнд төлсөн 11 200 000 төгрөгийг Т.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 2 дугаар сард иргэн Довогтой Б-аар дамжуулан түүний ах гэх иргэн Ц-той уулзсан бөгөөд А.Ц нь өөрийн байраа зарах сонирхолтой байгаа талаар надад хэлсэн тул очиж уг байрыг үзсэн. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрших Баянмонгол хороолол, 412 дугаар байр 000 тоот68.2 м.кв орон сууцыг 122 000 000 төгрөгөөр бодож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан болно. Миний бие энэхүү гэрээг хийсэн өдөр уг байр нь “М”-д барьцаанд байсан бөгөөд 15 800 000 төгрөгийг бэлэн төлж уг зээлийг чөлөөлсөн. Улмаар 20 000 000 төгрөгийг бэлэн А.Ц болон Д.Баасанжав нарт өгч энэхүү гэрээг байгуулан гэрээний дагуу байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. А.Ц нь өөрийн дүү гэх Д.Б-аар дамжуулан мөнгөө өгөхийг санал болгосон бөгөөд тохиролцооны дагуу байрны мөнгийг Д.Б-аар дамжуулан бүрэн төлж барагдуулсан болно. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хавсралт болгож хэлцэл хийсэн ба уг тохиролцооны дагуу миний бие байрны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Гэрээ хийсэн өдөр А.Ц нь мөнгийг Д.Б-аар дамжуулан төлөхөөр хоорондоо тохиролцсоны дагуу миний бие Д.Б-т уг байрны мөнгийг өгч дуусгасан болно. Үүнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 800 000 төгрөгийг “М”-д төлж байрны барьцааг чөлөөлсөн, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой иргэн Д.Баасанжав нь иргэн А.Ц-т өгөхөөр 20 000 000 төгрөгийг авч явсан. 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 3 000 000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Мөн байрыг шилжүүлэхтэй холбоотой зардал мөнгийг тооцон нийт 40 000 000 төгрөгийг төлснөөр хоорондоо тохирсон болно. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын  хооронд нийт бэлнээр, 2017 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн эзэмшлийн LEXUS-470 маркын авто машиныг 37 000 000 төгрөг тооцон бодож өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг иргэн А.Ц нэхсэний дагуу Д.Б-т өөрийн эзэмшлийн LEXUS-470 маркын авто машиныг 25 000 000 төгрөгөөр бодож өгч явуулсан. Гэтэл иргэн Д.Б нь уг мөнгийг А.Ц-т өгөлгүй дундаас нь өөр хүнд зарж хувьдаа авсан болохыг олж тогтоосон. Улмаар энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болно. Үүнийг нэхэмжлэгч А.Ц нь өөрөө мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Маас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 000 тоотод байрлах, 68,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Ц-т шилжүүлэхийг хариуцагчид даалгаж,  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол 11 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 962 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 767 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ц-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор нь нэхэмжлэгчийн эрх олгосон зтгээд болох Б.Б-т нь байрны үнийн дүн болох 122 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба Б.Б нь уг мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, А.Ц-той тохиролцсоныхоо дагуу барилгын материал/бетон зуурмаг, арматур төмөр/ нийлүүлж төлөхөд татгалзах зүйлгүй гэх мэдүүлгийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэгт өгсөн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор 100% бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно.

Хариуцагчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б-ын нотариатаар орж, гэрчлүүлж өгсөн, Б.Б-ын гарын үсэг бүхий "Баталгааны бичиг", 180504653 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс Б.Б-ын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан ба эдгээр нь дээрх үйл баримтыг гэрчилдэг.

Хариуцагчийн зүгээс А.Ц-той тохиролцсоны дагуу, түүний танил дүү болох Б.Б-т А.Ц амаар зөвшөөрсний дагуу байриы мөнгийг 100% төлж барагдуулсан ба Б.Б нь ч А.Ц байрны мөнгийг би авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Б-ыг огт танихгүй, А.Ц нь Б-ыг таньдаг, би Б-аар дамжуулж, барилгын материалаар байрны үнийн дүнг тооцож авна гэж хэлээгүй, энэ асуудалтай Б.Б гэж хүн ямар ч холбоогүй гэж дурдсан байдаг. Иймд хариуцагчийн зүгээс Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, дээрх маргаан бүхий орон сууцыг худалдсан үнийн дүн болох их хэмжээний мөнгийг залилсан байж магадгүй гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг  бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна. Анхан шатны шүүх А.Ц, Т.М нарын орон сууц худалдсан, худалдан авсан асуудалд Б.Б нь ямар ч хамааралгүй байна гэж дүгнэн, А.Ц-ыг гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байрны өмчлөх эрхийг А.Ц-т буцаан шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бол нөгөө талаас Баянгол дүүргийн Прокурорын газар Б.Б нь тус орон сууц худалдах, худалдан авах харилцаанд оролцсон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна, А.Ц нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэг үйл баримтыг 2 өөрөөр дүгнэсэн ба дээрх 2 дүгнэлт нь хоёулаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа ба уг ажиллагаа дуусгавар болоогүй байхад, тухайн маргаантай асуудлыг хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэгтэй хамааралгүй гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэхийг даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийг биелүүлж, орон сууцны үнийг төлсөн гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч А.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /1331/ Их монгол улс гудамж 412 байр 000 тоотод байршилтай 68.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагч Т.М-ы өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэд 20 000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэх, үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна. /1хх18/

 

            Зохигчид мөн өдөр “Хэлцэл” байгуулан, орон сууцны нийт үнэ 122 000 000 төгрөг бөгөөд урьдчилгаа 31 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг бетон зуурмаг, 60 500 000 төгрөгт арматур төмөр нийлүүлэх, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэж үнийг төлөх хугацаа журмын талаар харилцан тохиролцсон байх тул гэрээний үнийн дүнг 122 000 000 төгрөгөөр тогтоосон гэж үзнэ. /1хх17/

 

            Хариуцагч нь орон сууцны үнэд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 800 000 төгрөгийг “М” ХХК-д нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн, мөн өдөр 20 000 000 төгрөгийг, 02 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг, байр шилжүүлэхтэй холбоотой зардал нийт 40 000 000 төгрөгийг төлсөн, мөн Лексус маркийн 2 авто машиныг нийт 62 000 000 төгрөгт тооцон Д.Б-аар дамжуулан өгсөн, байрны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч Т.М-аас орон сууцны үнэд 48 747 000 төгрөгт тооцон 31 тн арматур төмөр хүлээн авснаа нэхэмжлэгч А.Ц үгүйсгээгүй, харин Д.Б-аар дамжуулан төлбөрийг бүрэн аваагүй гэжээ. Хариуцагч Т.М нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй тул орон сууцны төлбөрийн үлдэх хэсэг 73 253 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэгтэй. Иймд 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А.Ц-т буцаан шилжүүлж, 48 747 000 төгрөгийг хариуцагч Т.М-д буцаан олгох талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаахаар дүгнэснээ тогтоох хэсэгт бүрэн шийдвэрлээгүй орхисон алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч А.Ц-оос 48 747 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.М-д олгосон нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь орон сууц түрээсэлсний төлбөр 11 200 000 төгрөгийг шаардсаныг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцох үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...даалгасугай” гэснийг “... даалгаж, нэхэмжлэгч А.Ц-оос 48 747 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.М-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ