Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00295

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дүгээр магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Т.Мэндсайханд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянгол хороолол 412 байрны 132 тоот хаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг*******д 122 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар худалдах-худалдан авах гэрээ амаар хийсэн. Гэвч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгөний өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай өөрийн нэр дээр гаргах шаардлагатай гэж худалдан авагч талын санаачилгаар гэрээний зүйл болох байрны бодит үнэ болох 122 000 000 төгрөгийг багасган 20 000 000 төгрөг болгон бичиж, хууль зөрчсөн, хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ хийсэн, энэ гэрээ нь байгуулагдсан үеэсээ л хууль зөрчсөн гэрээ байсан. Гэвч******* нь үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгийг төлөхгүй байсан тул жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан боловч******* нь одоог хүртэл байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******,******* бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ болон тухайн өдөр байгуулсан уг үл хөдлөх хөрөнгийг 122 000 000 төгрөгөөр худалдах- худалдан авах хэлцлээс ******* би татгалзаж байна. Иймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянгол хороолол 412 байрны 132 тоот хаягтай 2 өрөө 68,2 м.кв орон сууцыг буцаан ******* миний өмчлөлд шилжүүлж өгөхийг*******д даалгаж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байраа*******д хүлээлгэн өгсөн. Гэтэл******* мөнгөө өгөөгүйн улмаас би эхнэр хүүхэдтэйгээ орох газаргүй болсон тул 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Жавзандуламын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 10 тоот 2 өрөө байрыг сарын 800 000 төгрөгөөр одоог хүртэл нийт 14 сарын орон сууц хөлсөлсөн төлбөрт 11 200 000 төгрөг төлсөн. Одоог хүртэл би байр хөлслөн хохирч байгаа тул миний байрны хөлсөнд төлсөн 11 200 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 2 дугаар сард иргэн Давааням овогтой Баасанжаваар дамжуулан түүний ах гэх иргэн Цэр-Очиртой уулзсан бөгөөд ******* нь өөрийн байраа зарах сонирхолтой байгаа талаар надад хэлсэн тул очиж уг байрыг үзсэн. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрших Баянмонгол хороолол, 412 дугаар байр 132 тоот 68.2 м.кв орон сууцыг 122 000 000 төгрөгөөр бодож үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээг байгуулан байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан болно. Миний бие энэхүү гэрээг хийсэн өдөр уг байр нь Май капитал ББСБ-д барьцаанд байсан бөгөөд 15 800 000 төгрөгийг бэлэн төлж уг зээлийг чөлөөлсөн. Улмаар 20 000 000 төгрөгийг бэлэн ******* болон Д.Баасанжав нарт өгч энэхүү гэрээг байгуулан гэрээний дагуу байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ******* нь өөрийн дүү гэх Д.Баасанжаваар дамжуулан мөнгөө өгөхийг санал болгосон бөгөөд тохиролцооны дагуу байрны мөнгийг Д.Баасанжаваар дамжуулан бүрэн төлж барагдуулсан болно. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хавсралт болгож хэлцэл хийсэн ба уг тохиролцооны дагуу миний бие байрны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Гэрээ хийсэн өдөр ******* нь мөнгийг Д.Баасанжаваар дамжуулан төлөхөөр хоорондоо тохиролцсоны дагуу миний бие Д.Баасанжавт уг байрны мөнгийг өгч дуусгасан болно. Үүнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 800 000 төгрөгийг Май капитал ББСБ-д төлж байрны барьцааг чөлөөлсөн, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой иргэн Д.Баасанжав нь иргэн *******т өгөхөөр 20 000 000 төгрөгийг авч явсан. 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 3 000 000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Мөн байрыг шилжүүлэхтэй холбоотой зардал мөнгийг тооцон нийт 40 000 000 төгрөгийг төлснөөр хоорондоо тохирсон болно. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын хооронд нийт бэлнээр, 2017 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн эзэмшлийн LEXUS-470 маркын авто машиныг 37 000 000 төгрөг тооцон бодож өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг иргэн ******* нэхсэний дагуу Д.Баасанжавт өөрийн эзэмшлийн LEXUS-470 маркын авто машиныг 25 000 000 төгрөгөөр бодож өгч явуулсан. Гэтэл иргэн Д.Баасанжав нь уг мөнгийг *******т өгөлгүй дундаас нь өөр хүнд зарж хувьдаа авсан болохыг олж тогтоосон. Улмаар энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болно. Үүнийг нэхэмжлэгч ******* нь өөрөө мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 132 тоотод байрлах, 68,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол 11 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 962 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 767 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...даалгасугай гэснийг ... даалгаж, нэхэмжлэгч *******оос 48 747 000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэг, 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчиж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан: өөрийн өмчлөлийн БЗД-ийн 26 хороо Баянмонгол хороолол 412 байрны 132 тоот 2 өрөө 68,2м.кв орон сууцыг*******д 122.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ... худалдан авагч талын санаачлагаар гэрээний зүйл болох байрны бодит үнэ болох 122.000.000 төгрөгийг багасган 20.000.000 төгрөг болгон бичиж, хууль зөрчсөн, хуурамч үлд хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ хийсэн, энэ гэрээ байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байсан. ... мөн тухайн өдрөө буюу 2017.12.10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах хэлцэл байгуулсан. ...******* нь одоог хүртэл байрны үлдэгдэл 73.175.000 төгрөгийг төлөхгүй байгаа тул тус гэрээ болон хэлцлээс татгалзаж байна, орон сууцыг буцаан миний өмчлөлд шилжүүлж өгөхийг*******д даалгаж өгнө үү. Мэндсайхан гэрээ болон хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас би эхнэр хүүхэдтэйгээ орох газаргүй болсон тул одоог хүртэл байр хөлсөлсөн төлбөрт 11.200.000 *грөг өгснийг*******аас гаргуулж өгнө үү гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор нь нэхэмжпэгчийн эрх олгосон этгээд болох Б.Баасанжавт нь байрны үнийн дүн болох 122.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба Б.Баасанжав нь уг мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, *******той тохиролцсоныхоо дагуу барилгык материал /бетон зуурмаг, арматур төмөр/ нийлүүлж төлөхөд татгалзах зүйлгүй гэх мэдүүлгийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэгт өгсөн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор 100% бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно. Хариуцагчийн зүгээс 2017.04.23-ны өдөр Б.Баасанжавын нотариатаар орж, гэрчлүүлж өгсөн, Б.Баасанжавын гарын үсэг бүхий Баталгааны бичиг, 180504653 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс Б.Баасанжавын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан ба эдгээр нь дээрх үйл баримтыг гэрчилдэг. Хариуцагчийн зүгээс *******той тохиролцсоны дагуу, түүний танил дүү болох Б.Баасанжавт *******ын амаар зөвшөөрсний дагуу байрны мөнгийг 100% төлж барагдуулсан ба Б.Баасанжав нь ч *******ын байрны мөнгийг би авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Баасанжавыг огт танихгүй, ******* нь Баасанжавыг таньдаг, би Баасанжаваар дамжуулж, барилгын материалаар байрны үнийн дүнг тооцож авна гэж хэлээгүй, энэ асуудалтай Б.Баасанжав гэж хүн ямар ч холбоогүй гэж дурдсан байдаг. Иймд хариуцагчийн зүгээс Б.Баасанжав нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, дээрх маргаан бүхий орон сууцыг худалдсан үнийн дүн болох их хэмжээний мөнгийг залилсан байж магадгүй гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, дээрх үйл баримтыг тогтоосон. Иргэний болон эрүүгийн хэрэгт тус тус шалгагдаж байгаа маргаантай асуудал нь нэг л үйл баримт буюу ******* нь*******д орон сууц худалдсан,******* нь гэрээний төлбөр буюу байрны мөнгийг Б.Баасанжавт өгсөн, Б.Баасанжав нь *******т өгөх ёстой барилгын материалыг дутуу нийлүүлсэн гэх асуудал юм. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч дээрх эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь тус иргэний хэрэгтэй ямар ч хамааралгүй гэж дүгнэж, шүүх хүсэлтийг хүлээн авааг/й. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдагийн 2019.05.27-ны өдөр өдрийн №1185 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор: "... нотлох баримтуудаар*******, ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд******* нь худалдан авсан орон сууцны төлбөрийг Д.Баасанжаваар дамжуулж, барилгын бараа материал болон *******т олгуулахаар тохиролцон гэрээ байгуулж, хэлцлийн дагуу харилцан төлбөрийг шилжүүлсэн ба төлбөрийн нөхцөлд заагдсан бетон зуурмагийг шилжүүлэн өгсөн байна, ******* нь тухай барилгын бараа материалыг шилжүүлэн авах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан ба одоо тус хэрэг бүртгэлтийн хэрэг нь хохирогчийн гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газарт хянагдаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэг талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх *******,******* нарын орон сууц худалдсан, худалдан авсан асуудалд Б.Баасанжав нь ямар ч хамааралгүй байна гэж дүгнэн, *******ыг гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байрны өмчлөх эрхийг *******т буцаан шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бол нөгөө талаас Баянгол дүүргийн Прокурорын газар Б.Баасанжав нь тус орон сууц худалдах- худалдан авах харилцаанд оролцсон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна, ******* нь шаардах эрхээ хэрэгжүүлээп/й болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэг үйл баримтыг 2 өөрөөр дүгнэсэн ба дээрх 2 дүгнэлт нь хоёулаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа ба уг ажиллагаа дуусгавар болоогүй байхад, "гухайн маргаантай асуудлыг хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэрэгтэй хамааралгүй гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас *******ын нэхэмжпэлтэй иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн прокурорын тогтоолууд, нэхэмжлэгч *******ын хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргийг тус хэрэгт нотлох баримтаар авалгүй, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Б.Баасанжав нь нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хоорондын орон сууц худалдах- худалдан авах харилцаанд оролцсон эсэх асуудлыг шалган шийдвэрлэсэн, хэрэг бүртгэлтийн 180504653 дугаартай хэргээс нотлох баримт гаргуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2019.07.26-ны өдрийн №183/ШШ2019/01658 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.10.02- ны өдрийн №1764 дугаартай магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч*******аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 132 тоотод байрлах, 68.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг даалгаж, хохирол 11,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг батлуулахаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Шүүхэд ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээний 3.3-т 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ын ХААН банкны 5018059845 тоот дансруу 71,500,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу хариуцагч******* 71,500,00 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *******ын ХААН банк ХХК-ийн 5018059845 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь цахим гүйлгээний баримтаар тогтоогджээ.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг батлах үндэстэй байна.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар *******ын нэхэмжлэлтэй Т.Мэндсайханд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01658 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч******* 71,500,00 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *******ын ХААН банк ХХК-ийн 5018059845 дугаарын дансанд шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, *******ын нэхэмжлэлтэй*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 767,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЦОЛМОН

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                               Г.ЦАГААНЦООЖ