Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Я.Алтаннавч, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг

Прокурор                                                              Ч.Мөнхзул

Хохирогч нарын өмгөөлөгч                                 М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Ө.Батболд

Шүүгдэгч                                                                ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* овогт ******* Батзаяа

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Отгончимэгийн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч 5.040.000 төгрөг,

-мөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******гийн нийгмийн даатгалын шийтгэлийн нөхөн төлөлтийг хийж өгнө хэмээн хуурч, хохирогч *******ээс 2.064.000 төгрөг,

-мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн *******, ******* нарын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч *******йн дугаарын данснаас 5.418.000 төгрөгийг өөрийн ХААН банкны тоот дансанд шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглан тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******г залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт ******* Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* Батзаяад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Д.Отгончимэгт 5,040,000 төгрөг, *******т 2,604,000 төгрөг, *******д 5,418,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ94040617 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би өөрийн буруугаа бүрэн ухамсарласан, хохирол төлбөрөө бүгдийг төлж барагдуулсан. Мөн би гэм хорын хохирол төлбөр гарвал хохирлыг төлж барагдуулахаа бүрэн илэрхийлсэн. Би өөрийн гэнэн болчимгүй зангаасаа ийм хэрэгт холбогдчихлоо. Би хохирогч нараас уучлалт гуйсан. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Аав ээжийгээ сэтгэл санаагаар унагааж, хямрааж, албаныхаа нэр хүндийг унагаасандаа маш их гэмшиж байна. Надад ганцхан удаа боломж олгож энэ хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Би дахиж хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ энэ гомдлоор баталж байна. Та бүхэн ганцхан удаа итгэл хүлээлгэж ялыг минь торгох ялаар сольж өгч надад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ Өмгөөлөгч Ө.Батболд би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

*******гийн хувьд уг хэрэгт гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хэргийн зүйлчлэлтэй огт маргаагүй. Өмгөөлөгчийн хувьд ч мөн адил маргаагүй болно. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-т зааснаар “ ... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бүрэн тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд” орших талаар хуульчилсан байна.

*******гийн үйлдсэн хэргийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн ухамсарласан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохиролгүй болгох талаар бүх хүсэлтээ илэрхийлсэн, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг харгалзан тус шүүхийн бүрэн эрхийн хүрээнд шийтгэх тогтоолын 2 дахь заалтад 2 жилийн хугацаагаар хорих гэснийг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар гэж, 3 дахь заалтад 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зааж, мөн тогтоолын 5 дахь заалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ гэснийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ гэж өөрчилж, *******г шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “*******гийн энэ үйлдлээс болж хохирогч *******ийн нөхөр Баярмагнай нийгмийн даатгалын санд төлөх төлөлтийг Батзаяаг төлөхийг хүлээсээр хугацаа тулж өөрсдөө мөнгө олж төлөөд тэтгэврээ тогтоогдвол зохих 2021 оны 5 сардаа тогтоолгож чадаагүй 1 сар гарангийн дараа тэтгэвэр нь тогтоогдож, авбал зохих тэтгэврээ 1 сар 18 хоногийн хугацаанд авч чадаагүй хохирсон. Энэ талаар Батзаяа авч чадаагүй тэтгэврийн зөрүүг төлнө гэж амласан.

Ингэж ганц удаа алдаа гаргаж байгаа биш иргэн Тэгшжаргал, Энхжаргал нарыг яллагдагч болгож хохироосон ба одоо төлбөл зохих хохирлоо төлөөгүй байна. Энэ хэрэгт хамааралгүй ч дээрх 2 хүнийг бас л залиласан байдаг. Энэ асуудлыг шалгаж Батзаяагийн хувийн байдлыг бүрэн зөв нотлож чадаагүй гэж үзэж байна. Төрийн албанд ийм хүмүүс ямар нэг байдлаар шалгуургүй орж иргэдийг хохироож байна.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хийсэн хэрэгт  нь тохирсон шийтгэл болсон гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу.

Энэ бол тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй нийт 6 хүний мөнгийг ашигласан. Тухайн гэмт хэргийн шинж, нийгмийн өмнө гарч буй сөрөг үзэгдэл, иргэдийн санал хүсэлт бол шударга ёс төрийн албаны хүнд суртал чирэгдэл, эрх мэдлээ ашиглахыг тэвчихгүй байгааг анхаарах ёстой гэж үзэж байна.” гэжээ. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гаргасан давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. Намайг ажлаас шууд чөлөөлчихнө гэж мэдээгүй тул мөнгийг нь буцаан хийж чадаагүй байсан. Хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч байна. Би 13 сая төгрөгийн хохирлыг өөрийн хөдөлмөрөөр төлж барагдуулсан. Би торгох ялаар шийтгэгдсэн тохиолдолд төлөх бүрэн боломжтой. Би дахин ийм алдаа гаргахгүй. Надад ганцхан удаа боломж олгооч. Би улс орныхоо хөгжилд, аймгийнхаа хөгжилд өөрийнхөө хувь нэмрээ оруулна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний хувьд шүүгдэгчийн зөв үйлдэл гэж хэлэх гээгүй. Бид залуу хойч үедээ боломж олгох хэрэгтэй. Хохирлын төлбөрийг өөрийн хүч хөдөлмөрөөр төлж барагдуулсан. Өөрийн шударга хөдөлмөрөөр хохирлыг төлсөн. Батзаяагийн ялыг торгох ялаар өөрчилбөл торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой. Хохирогч нарын хувьд шүүх хуралдаан дээр “гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн. Иймд хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Хохирогч *******ийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албанд ажилладаг хүмүүс ийм үйлдэл гаргаж болохгүй. Хорих ялыг торгох ялаар солих боломжтой гэж ярьж байна. Гэхдээ хохирогч Баярмагнайгийн материалыг цаг хугацаанд нь өгөөгүйгээс үүдсэн хохирлыг одоо хүртэл төлөөгүй байгаа гэв.

Прокурор Ч.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч *******гийн  гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Отгончимэгийн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч 5,040,000 төгрөг; мөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийж өгнө хэмээн хуурч, хохирогч *******ээс 2,064,000 төгрөг; мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн *******, ******* нарын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч *******йн ... дугаарын данснаас 5,418,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... тоот дансанд шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглан тус тус залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Отгончимэг, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Болортуяа, Б.Ганхуяг, *******, Ц.Шүр-Эрдэнэ нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Д.Отгончимэгийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын *******г ажилд түр томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, *******гийн албан тушаалын тодорхойлолт, Д.Отгончимэг, *******, ******* нарын ХААН банкны депозит дансны хуулга болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч *******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдсан гомдолдоо “...гэм буруугаа ойлгон гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул ... оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж ...” өгөхийг хүсчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч  *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ЭНХЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                               Я.АЛТАННАВЧ

                                                                                       Ж.ДОЛГОРМАА