Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч О, Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Б-д холбогдох эрүүгийн 2121001850260 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Чойбалсан сумын ................ ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ........ дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Б /РД: ................../.

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч О-ийн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч 5.040.000 төгрөг,

 -мөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б-н нийгмийн даатгалын шийтгэлийн нөхөн төлөлтийг хийж өгнө хэмээн хуурч, хохирогч Б-ээс 2.064.000 төгрөг,

-мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц, Ж нарын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Цйн 5422066670 дугаарын данснаас 5.418.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5422066670 тоот дансанд шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглан тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б-тай утсаар ярьж, мөнгө бүрдүүлэхээр болсон. Тэгээд  2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б-тай өөрийн биеэр уулзсан. Тухайн үед Б “Ковидын улмаас банк ажиллахгүй байгаа, та миний хувийн данс руу мөнгөө хийчих, би төрийн банкны данс руу шилжүүлээд баримтыг нь дэвтэрт чинь хавсаргаад өгнө, 7 хоногийн дараа дэвтрээ аваарай” гэсэн. Би Б-д итгээд 5,040,000 төгрөгийг бүрдүүлж Б-гийн дансанд хийсэн. Б өнөөдөр миний дансанд 2,400,000 төгрөг хийсэн байна. Би үлдэгдэл 2,640,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие өнөөдөр Б-гаас 5,418,000 төгрөг авсан. Надад гомдол, санал байхгүй” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын эхээр Чойбалсан сумын төв буюу Засаг даргын Тамгын газрын 1 давхарт байрлах нийгмийн даатгалын хэлтэс дээр ирэхэд Б байцаагч ажил дээрээ байгаагүй. Улмаар тухайн хэлтсийн харилцах самбар дээр Бгийн тухайн үед барьж байсан ... дугаарын утас руу өөрийн ... дугаарын утаснаас залгаад “нийгмийн даатгалыг хөнгөлөлттэй үнээр нөхөн төлж байгаа гэдэг нь үнэн үү, эгч нь нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн хөнгөлөлттэй үнээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглүүлэх гэсэн юм” гэхэд тэрээр сарын 42.000 төгрөгөөр нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглөж байгаа гэдэг нь үнэн, та шаардлагатай материалуудыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрдүүлж, надад авчир” гэж хэлсэн. Би тухайн үед түүнтэй ярилцаж байгаад нийгмийн даатгалын шимтгэлээ сарын 42.000 төгрөгөөр бодож 10 жилийн хугацаатай бөглүүлэхээр болсон бөгөөд түүний хэлсэн материалуудыг бүрдүүлж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түүний ажил дээр очоод уулзсан. Тухайн үед түүний хажууд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд би түүнээс ямар дансанд мөнгөө хийх вэ гэж асуухад тэрээр “миний данс руу хийчихээ, би төрийн сангийн данс руу тухайн мөнгийг бүгдийг нь шилжүүлээд мөнгө төлсөн баримтыг танд эргүүлэн өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр даруй өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас түүний өгсөн Хаан банкны 5422066670 дугаарын данс руу сарын 42.000 төгрөгөөр 10 жил хүртэлх мөнгөн дүнг тооцсон байсан 5.040.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тухайн айл руу ороход ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд түүний орон дээр нэлээн хэдэн хүний нийгмийн даатгалын ногоон өнгийн дэвтэр, тамгатай цааснууд харагдаж байсан. Ингээд би дэвтрээ түүнээс аваад харахад миний нийгмийн даатгалын дэвтэр дээр ямар нэгэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Мөн түүнээс гэр рүү нь явах замдаа надаас авсан мөнгөө юунд зарцуулсан бэ гэж асуухад тэрээр би банкнаас зээл авчихсан байсан бөгөөд таны мөнгийг хүүнд нь төлсөн гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 16-19/

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сард Чойбалсан сумын төв буюу 1-р багийн нутаг Засаг даргын тамгын газрын 1 давхарт байрлах нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд Б байцаагчтай уулзаж “нийгмийн даатгал хөнгөлттэй үнээр нөхөн төлж байгаа гэдэг нь үнэн үү, эгч нь нөхрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн хөнгөлөлттэй үнээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглүүлэх гэсэн юм” гэхэд тэрээр “сарын 42.000 төгрөгөөр нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглөж байгаа гэдэг нь үнэн, та шаардлагатай материалуудыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрдүүлж надад авчир” гэж хэлсэн. Би тухайн үед түүнтэй ярилцаж байгаад нийгмийн даатгалын шимтгэлээ сарын 42.000 төгрөгөөр бодож 5 жил 2 сарын хугацаатай бөглүүлэхээр болсон бөгөөд түүний хэлсэн материалуудыг бүрдүүлж 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түүний ажил дээр очоод уулзсан. Тухайн үед түүний хажууд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд би түүнд хандаж “ямар дансанд мөнгөө хийх вэ, эгч нь интернет банкаа ажиллуулж мэддэггүй юм” гэхэд тэрээр миний гар утсыг аваад миний интернет банкны кодыг ашиглан нэвтэрч миний Хаан банкны ... дугаарын данснаас 2.604.000 төгрөгийн гүйлгээг албаны данс руугаа хийлээ гэж хэлж байсан. Тэгээд үүнээс хойш би утсаар хэд хэдэн удаа Б-тай холбогдоход тэр дээрээс шийд ирээгүй байна гэсэн хариултыг хэд хэдэн удаа өгсөн. Харин 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чойбалсан сумын төв дээр ирээд Бтай уулзах гэсэн боловч Болорчимэг гэдэг хүн нийгмийн даатгалын байцаагчаар ажилд орчихсон байсан. Б яасан талаар асуухад одоогоос 20 орчим хоногийн өмнө ажлаасаа халагдсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би тухайн өдрөө өөрийн Хаан банкны ... дугаарын дансны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн гүйлгээг шалгахад Б нь миний данснаас Хаан банкны 5422066670 дугаарын данс руу 2.604.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь банкны ажилтнаас тухайн гүйгээг хүлээн авсан дансыг хэний эзэмшлийнх болохыг асуухад “Б-гийн данс байна” гэж байсан...” гэжээ. /1хх-ийн 187-190/

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд малчин хувиараа хөдөлмөр эрхлэлтийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу зөвлөгөө авах гээд эхнэр Ж-н хамт Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг Засаг даргын тамгын газарт байрлах нийгмийн даатгалын байцаагчийн өрөө рүү орж тухайн үед ажиллаж байсан Б-тай очиж уулзсан. Дээрх хуулийн дагуу Б-гаас тодруулахад “энэ хууль хэрэгжиж байгаа, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд сарын 42.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн шимтгэл төлөх хугацааг тооцоолж эргэн надтай уулзаарай” гэж хэлж байсан. Улмаар эхнэр Ж бид хоёр...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө гэрээсээ Чойбалсан сумын төв буюу 1 дүгээр багийн нутагт ирээд Б-тай утсаар холбогдоход тэрээр гэртээ байна гэсэн. Түүнийг гэрээс нь очиж аваад хамтдаа Хаан банк руу очсон. Тэгээд эхнэр бид хоёр холбогдох материал болон өөрсдийн нийгмийн даатгалын дэвтрээ Бд өгсөн. Мөнгөө шилжүүлэх гэсэн боловч миний мобайл банкинд л мөнгө байсан. Тэгээд Б-д хандаж “бид хоёр мөнгө шилжүүлж чадахгүй, чи өөрөө шилжүүлчих” гэхэд тэрээр “за, би байгууллагынхаа дансанд хийчихье” гэж хэлээд эхлээд миний Хаан банкны 5418002667 дугаарын данснаас Хаан банкны ... дугаарын данс руу 1.890.000 төгрөг, үүний дараа дахин уг данс руу 3.528.000 төгрөг буюу нийтдээ 5.418.000 төгрөг шилжүүлсэн байна. Уг нь бид хоёр эхлээд бодохдоо байгууллагынхаа юм уу, аль эсхүл Төрийн сангийн дансанд уг мөнгийг хийлээ гэж бодсон боловч тэрээр өөрийнхөө данс руу дээрх мөнгийг шилжүүлж залилсан байна...” гэжээ. /1хх-ийн 224-226/

Гэрч Б.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа өрөөнд байж байхад миний танил Чойбалсан сумын иргэн Б нь өөрийн дүү О гэх эмэгтэйн хамт ирээд надтай уулзсан. Б нь надад хэлэхдээ “би нөхрийнхөө тэтгэврийг тогтоолгох гээд Чойбалсан сумын байцаагчаар ажиллаж байсан Б байцаагчид 2.604.000 төгрөг өгсөн боловч тэр ажлаасаа гарсан, мөн танай байгууллагаас тухайн дэвтэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр төлөгдсөн эсэхийг асуухад ямар нэгэн нөхөн төлбөр манай нөхрийн нэр дээр бөглөгдөөгүй байна, иймээс танай байгууллага дээр ирж байна” гэж хэлсэн. Мөн түүний дүү О нь уг шалтгаанаар мөн Б-д 5.040.000 төгрөг өгсөн гэсэн бөгөөд О болон Б нарын нөхрийн регистрийн дугаарыг авч, нийгмийн даатгалын нөхөн төлбөр төлөгдсөн эсэхийг шалгахад төлөгдөөгүй байсан. Иймээс Б-г би утсаар ажил дээрээ дуудсан. Тэгтэл үүнээс хойш 14 цаг 30 минутын орчимд Б нь О болон Б нарын бүрдүүлж өгсөн материалуудыг авчирч өгсөн бөгөөд ямар шалтгаанаар эдгээр хүмүүсээс өөрийн дансаар дамжуулан мөнгө авсан талаар асуухад тэрээр ямар нэгэн зүйл дуугарч чадахгүй зогсоод байсан...” гэжээ. /1хх-ийн 21-23, 192-194/

Гэрч Б.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б-гийн хувьд 2018 оны 10 дугаар сард анх тус хэлтэст сургалт сурталчилгааны ажилтан, сүлжээний мэргэжилтнээр ажилд орж байсан бөгөөд 5 сар орчим тухайн албан тушаал дээр ажилласан юм. Тухайн үед түүний хувьд цэргийн алба хаагаагүй гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Үүний дараа 2020 оны 06 дугаар сараас эхлэн Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Б.Болорчимэгийн оронд түр хугацаагаар томилогдон ажиллахаар болсон. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Болорчимэг нь эргэн ажилдаа орох хүсэлтээ гаргасан тул Б-г ажлаас нь чөлөөлсөн. …миний санаж байгаагаар 2021 оны 06 дугаар сарын 10 юмуу 11-ний өдөр манай хэлтсийн санхүү бүртгэлийн тасгийн дарга Болортуяа надтай утсаар холбогдоод 2 хүн ирж уулзсан, Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Б-гийн хувийн данс руу мөнгөө шилжүүлж залилуулсан байна. Б нь хувь дансаар мөнгө авах эрхгүй учраас тухайн 2 иргэнийг цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдлоо гаргаж шалгуулах зүйтэй гэж хэллээ гэж Болортуяа надад мэдэгдсэн...” гэжээ. /1хх-ийн 25-28/

Гэрч Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг Үет гэх газарт нөхөр Цйн хамтаар оршин сууж байна. Миний хувьд 2017 онд батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн “Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухайн хууль”-ийн дагуу зөвлөгөө авах гээд нөхөр Ц-ийн хамтаар Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг Засаг даргын тамгын газарт байрлах нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Б-тай очиж уулзсан. Дээрх хуулийн дагуу Б-гаас тодруулахад “энэ хууль хэрэгжиж байгаа, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд сарын 42.000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн шимтгэл төлөх хугацааг тооцоолж эргэн надтай уулзаарай” гэж хэлж байсан. ...тэгээд нөхөр бид 2 холбогдох материал болон өөрсдийн нийгмийн даатгалын дэвтрээ Б-д өгсөн. Улмаар мөнгөө шилжүүлэх гэсэн боловч манай нөхөр Цйн мобайл банкинд мөнгө байсан. Бд хандаж “бид 2 мөнгө шилжүүлж чадахгүй, чи өөрөө шилжүүлчих” гэхэд тэрээр “за, би байгууллагынхаа дансанд хийчихье” гэж хэлээд эхлээд манай нөхөр Цйн эзэмшлийн хаан банкны 5418002667 дугаарын данснаас ХААН банкны ... дугаарын данс руу 1.890.000 төгрөг, үүний дараа дахин уг данс руу 3.528.000 төгрөг буюу нийтдээ 5.418.000 төгрөг шилжүүлсэн байна...” гэжээ. /1хх-ийн 228-230/

Гэрч Ц.Шүрэн-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай ээж Ж надтай утсаар холбогдоод...Чойбалсан сумын байцаагч Бд аав бид 2 чинь нийгмийн даатгалын нөхөн төлөлтөө бөглүүлэх гээд өөрсдийн нийгмийн даатгалын дэвтэр холбогдох бичиг баримт болон нийтдээ 5.418.000 төгрөгийг өгчихөөд явж байна” гэж ярьж байсан. Тэгтэл үүнээс хойш Б нь утсаа авахгүй, холбоо барихгүй байсан бөгөөд миний хувьд энэ асуудлын талаар тодруулах гээд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж уулзаад аав Ц, ээж Ж нарын нийгмийн даатгалын нөхөн төлөлт төлөгдсөн эсэхийг шалгуулахад ямар ч төлөлт хийгдээгүй байсан, мөн эдгээр хүмүүсийн материал Чойбалсан сумаас одоог хүртэл ирээгүй гэсэн хариултыг өгч байсан...” гэжээ. /1хх-ийн 232-233/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг нь бөглөж өгнө гээд уг мөнгийг анх авсан юмаа. Уг мөнгийг хувийн шалтгааны улмаас төрийн сангийн дансанд хийгээгүй...” гэжээ. /1хх-ийн 34, 39, 42, 196, 204, 235, 243/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 9, 178, 220/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-12, 181-183 /

О-ийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-ийн 50-58/

Дорнод аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /1хх-ийн 59-60/

О-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 61/

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 тоот Б-г ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /1хх-ийн 75/

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 тоот Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 68-72/

Б-гийн Хас банкны дансны хуулга /1хх-ийн 77-79/

Б-гийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-ийн 89-165/

Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-ийн 180/

Гэрч Б.Ренчиндоржийн мэдүүлэг /1хх-ийн 30/

Гэрч Ө.Алтмаагийн мэдүүлэг /1хх-ийн 32/

Б-гийн “Манлайлагч оюутан”, “Тэргүүний залуу” медалиар шагнуулсан үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 47/

Б-гийн Дорнод  их сургууль төгссөн талаарх бакалаврын дипломын хуулбар /1хх-ийн 48-49/

Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 43/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 44/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, түүний ХААН банкны дансны 2021.07.01-нээс 2021.10.18-ныг хүртэлх хугацааны хуулга, хохирогч Ц-д 5,418,000 төгрөг, Б-т 2,604,000 төгрөг, О-т 5,040,000 төгрөг тус тус төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /нийт 65 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ...... овогт Б нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “...нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийж өгнө...” гэж хуурч, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Цйн 5,418,000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Бийн 2,604,000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч О-ийн 5,040,000 төгрөгийг, нийт 13,062,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5422066670 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг нь бөглөж өгнө гээд уг мөнгийг анх авсан юм. Уг мөнгийг хувийн шалтгааны улмаас төрийн сангийн дансанд хийгээгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О-ийн “...тэр даруй өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас түүний өгсөн Хаан банкны 5422066670 дугаарын данс руу сарын 42.000 төгрөгөөр 10 жил хүртэлх мөнгөн дүнгээр 5.040.000 төгрөгийг шилжүүлсэн. ...би дэвтрээ түүнээс аваад харахад миний нийгмийн даатгалын дэвтэр дээр ямар нэгэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Мөн замдаа надаас авсан мөнгөө юунд зарцуулсан бэ гэж асуухад тэрээр би банкнаас зээл авчихсан байсан бөгөөд таны мөнгийг хүүнд нь төлсөн гэж хэлсэн...” гэх, хохирогч Б-ийн “...Би тухайн үед түүнтэй ярилцаж байгаад нийгмийн даатгалын шимтгэлээ сарын 42.000 төгрөгөөр бодож 5 жил 2 сарын хугацаатай бөглүүлэхээр болсон ... би түүнд хандаж “ямар дансанд мөнгөө хийх вэ, эгч нь интернет банкаа ажиллуулж мэддэггүй юм” гэхэд тэрээр миний гар утсыг аваад миний интернет банкны кодыг ашиглан нэвтэрч миний Хаан банкны ... дугаарын данснаас 2.604.000 төгрөгийн гүйлгээг албаны данс руугаа хийлээ гэж хэлж байсан. Тэгээд үүнээс хойш би утсаар хэд хэдэн удаа Б-тай холбогдоход тэр дээрээс шийд ирээгүй байна гэсэн хариултыг хэд хэдэн удаа өгсөн. ...би тухайн өдрөө өөрийн Хаан банкны ... дугаарын дансны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн гүйлгээг шалгахад Б нь миний данснаас ХААН банкны 5422066670 дугаарын данс руу 2.604.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх, хохирогч Ц-ийн “...эхнэр Ж бид хоёр ... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө гэрээсээ Чойбалсан сумын төв буюу 1 дүгээр багийн нутагт ирээд Б-тай утсаар холбогдоход тэрээр гэртээ байна гэсэн. Түүнийг гэрээс нь очиж аваад хамтдаа Хаан банк руу очсон. Тэгээд эхнэр бид хоёр холбогдох материал болон өөрсдийн нийгмийн даатгалын дэвтрээ Б-д өгсөн. ...Тэгээд Б-д хандаж “бид хоёр мөнгө шилжүүлж чадахгүй, чи өөрөө шилжүүлчих” гэхэд тэрээр “за, би байгууллагынхаа дансанд хийчихье” гэж хэлээд эхлээд миний Хаан банкны ...дугаарын данснаас Хаан банкны 5422066670 дугаарын данс руу 1.890.000 төгрөг, үүний дараа дахин уг данс руу 3.528.000 төгрөг буюу нийтдээ 5.418.000 төгрөг шилжүүлсэн байна. Уг нь бид хоёр эхлээд бодохдоо байгууллагынхаа юм уу, аль эсхүл Төрийн сангийн дансанд уг мөнгийг хийлээ гэж бодсон боловч тэрээр өөрийнхөө данс руу дээрх мөнгийг шилжүүлж залилсан байна...” гэх мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Б.Болортуяа, Б.Ганхуяг, Ж, Ц.Шүр-Эрдэнэ нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, О-ийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б-г ажилд түр томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Б-гийн албан тушаалын тодорхойлолт, О, Б, Б нарын ХААН банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 13,062,000 төгрөгийг нөхөн төлсөн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О-т 5,040,000 төгрөгийн, Б-т 2,604,000 төгрөгийн, Ц-д 5,418,000 төгрөгийн буюу нийт 13,062,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Б нь хохирогч Б-т 2,604,000 төгрөгийг, хохирогч Ц-д 5,418,000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулжээ. Харин хохирогч О-т учруулсан 5,040,000 төгрөгийн хохирлоос 2,400,000 төгрөгийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө төлж барагдуулсан ба шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлбөл зохих 2,640,000 төгрөгийг гаргуулж хохирогч О-т олгохоор тогтоосон шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Б хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанаас завсарлага авч, хохирогч О-т үлдэгдэл 2,640,000 төгрөгийг төлж барагдуулсан  болохыг дурдаж байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч О-т 5,040,000 төгрөг, Б-т 2,604,000 төгрөг, Ц-д 5,418,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА