Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1791

 

И.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч И.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Д-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс Л.Д-гийн хууль бус эзэмшлийн чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, У.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д-гоос Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 10 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан, үйлдвэр үйлчилгээний байранд үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэтэл Д.Д-д худалдсан Л.Д гэгч бусдад түрээслүүлэн ажиллуулж байгааг мэдээд энэ талаар хэлтэл би одоо өмчлөгч биш, чи хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлж албадан гаргуулахгүй бол гарахгүй байгаа юм гэж хэлсэн. Одоог хүртэл Л.Д дээрх дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж И.Х-ийнөмчлөх эрхийг зөрчиж байна. Энэ асуудлаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сард Л.Д-г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч Л.Д нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Д-д 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасны улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шуугчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32016/28712 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01022 дугаартай шийдвэрээр Л.Д-ийн Д.Д-д холбогдуулан гаргасан 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. И.Х миний өмч болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Л.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, И.Х-ийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Д гэдэг хүнд өгсөн итгэмжлэлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. И.Х гэдэг хүнд шилжсэн талаар мэдээгүй, энэ тухайгаа хэлээгүй. Банкны барьцааны тухай яригдаж байсан болохоос биш И.Х гэдэг хүн 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан талаар надад нэхэмжлэл ирэхэд нь мэдсэн. Д.Д гэдэг хүн надаас байнга зугтаж уулздаггүй. Д.Д-д итгэмжлэл хийж өгөхөд хажууд нь байсан нарийн бичиг охин мэдэж байгаа. Анх энэ итгэмжлэлийг хийхэд энэ хүн нотариатынхаа давуу эрхийг ашигласан. Намайг гарын үсгээ зурж өгөөд явчих гэхээр нь би хоёр гурван цаасан дээр гарын үсгээ зурчхаад явсан. Тэгээд И.Х гэдэг хүн шилжүүлж авчихаад хууль ёсны эзэмшигч нь байна гээд байгааг шударга бус гэж үзэж байна. Энэ бол боломжгүй зүйл гэжээ.

 

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох миний эзэмшил өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай 400 мкв талбайтай ,Ү- 2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ,Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр миний өгсөн итгэмжлэлийн дагуу Д.Д-оос И.Х нь 10 000 000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү хэлцэл нь төлөөлүүлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон хэлцэл болсон тул миний зүгээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Л.Д 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Д-д Баянзүрх дүүрэг, 17- р хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м.кв газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгож 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон. Д.Д нь миний үл хөдлөх хөрөнгийг Капитрон банкинд 54 000 000 төгрөгийн байсныг суллаад өөрийн зээл авах төрийн банкны барьцаанд тавьсан. Би Д.Д-той холбогдох гэж оролдоход олдохгүй байсан. Удалгүй Төрийн банкнаас ярьж таны барьцаанд байгаа зүйлийг зарж борлуулна гэж хэлсэн. Ингээд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авья гэхэд Д.Д нь өөрийн хамаатан И.Х гэх хүнд 10б 000 000 төгрөгөөр зарсан байсан. Яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ гэхэд чи тэгвэл 54 000 000 төгрөгөө өгчих, тэгвэл би буцаагаад өөрийн чинь нэр дээр шилжүүлье гэж хэлж байсан. Д.Д бид хоёрын анхны тохиролцоогоор Төрийн банкнаас 1 тэрбум төгрөг авсан тохиолдолд 300 000 000 төгрөгийн надад өгөх, зарсан тохиолдолд зах зээлийн ханш буюу 500 000 000 төгрөгөөр зарна гэдгийг ойлголцсон байсан. Иймд зах зээлийн ханшнаас хэт доогуур, миний хүсэл зорилгыг буруу илэрхийлж хамаатан болох И.Х-д 10 000 000 төгрөгөөр зарсан нь надад илт хохиролтой хэлцэл хийсэн гэж үзэж байна. Энэ нь иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл миний үл хөдлөх эд хөрөнгийг зэх зээлийн ханшнаас хэт доогуур буюу миний хүсэл зорилгыг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр уг хэлцлийг хийсэн нь төлөөлүүлэгчийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм. Хэрэв шүүхээс өмчлөх эрхийг сэргээлгэсэн тохиолдолд миний бие капитрон банкны барьцаанаас чөлөөлөхөд зарцуулсан 54 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно. Иймд иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэгт заасан хэлцэл хийгч этгээд, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, төлөөлөгч буюу зуучлагч нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл зорилгыг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцэл гэх үндэслэлээр И.Х-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Л.Д миний биеийг нийслэлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018м2 газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч И.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

И.Х-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Д-д холбогдох иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр И.Х, Д.Д нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэг, мөн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар нэхэмжилсэн нь буруу байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар төлөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцэл , эсвэл мөн хуулийн 70 дахь хэсэгт зааснаар өөртэйгөө хийсэн хэлцэл гэж үзэж байгаа нь дараах нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа болно. И.Х, Д.Д нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БЗД, 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000368050 дугаартай 400 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. Гэтэл хариуцагч Л.Д Д.Д нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м.кв газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл хийгдсэн байх бөгөөд энэхүү итгэмжлэлээр үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байж таарахгүй юм. Л.Д Д.Д нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд мөн өдрөө газрыг худалдах итгэмжлэл хийж өгсөн байх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д-ийн газрыг шилжүүлэх процессын ажиллагаа нь НЗД-аас 3 сард 1 удаа явагддаг тул хурдавчлах үүднээс итгэмжлэл хийгдсэн гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Л.Д И.Х надад гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хариуцагчид огт хамааралгүй Д.Д бид хоёрын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.Д-ээс Д.Д-д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хуулийн дагуу ажиллагаанууд хийгдэж маргаан бүхий зүйлийн шударга эзэмшигчээр И.Х болсон байдаг. Итгэмжлэлийг хууль бусаар хийсэн гэдэг тайлбар хийж байна. Итгэмжлэл нь хууль бус байсан эсэх талаар өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад, итгэмжлэл хүчин төгөлдөр байжээ гээд Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тийм учраас итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн. Хууль ёсны дагуу хийгдсэн итгэмжлэлийн үндсэн дээр дараа дараагийн процессууд хийгдээд хуулийн дагуу өмчлөх эрх Д.Д-оос И.Х руу шилжсэн. Л.Д-ийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хэлбэр дүр үзүүлээд яваад байгаа. Түүнээс биш яг газар миний эзэмшил, үүнийг би буцааж авах зорилготой байсан гэдэг санаа зорилгыг маргаан гарснаас хойших хугацаанд ямар ч ийм хүсэл зоригийг илэрхийлдэггүй. Одоо шүүх хуралдаан дээр ийм зүйл ярьж байна. Энэ маргааныг шийдвэрлэснээр гуравдагч этгээд Д.Д-гийн эрх ашиг нь зөрчигдөхөөр зүйл байхгүй. Харин ч үүнийг шударгаар шийдвэрлэж өгөх нь гуравдагч этгээд Д.Д-д ашигтай байгаа. Л.Д-тэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр. Тухайн үед Л.Д нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд төлбөр мөнгө нь төлөгдөөд энэ гэрээ хийгдсэн. Тийм учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаад гуравдагч этгээдийн зүгээс гайхаж байна. Нэгэнт И.Х нь худалдах худалдан авах гэрээгээр уг хөрөнгийг худалдан авсан. Мөн газар эзэмших эрхийг нь тухайн үед сунгуулаад явж байсан. Төлбөрийг нь төлж байсан учраас шударга эзэмшигч байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө тухайн үед хэнд яаж зарах нь хуулиар олгогдсон эрх байгаа. Үүнийхээ дагуу И.Х-д зарсан байгаа. Иймд нэхэмжлэгч И.Х-ийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.2.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч И.Х-ийн хариуцагч Л.Д-г Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.Д-гийн нэхэмжлэгч И.Х-д холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 175 000 төгрөгөөс 70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 175 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 104 800 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч И.Х-д оргож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үндэслэх хэсгийн үндсэн нэхэмжлэлийн тухай гэдэг хэсэгт: “нэхэмжлэгч И.Х, гуравдагч этгээд Д.Д нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ... орон сууцны эзэмшлийн зүйлийг шилжүүлэн аваагүй…” гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэснийг зөрчиж хянан шийдвэрлэсэн. Мөн хэсэгт тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх хангалттай үндэслэл, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм гэж үндэслэлээ тайлбарласан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйл, 123 дугаар зүйл, 183 дугаар зүйлд заасныг бүхэлд нь зөрчиж, хэрэглэх ёстой хуулиудыг хэрэглээгүй байна.

“Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд, хариуцагчийн хоорондын маргаантай байдал нь хариуцагч Л.Д-г тус үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийг үгүйсгэх ба...” гэж дүгнэсэн. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Л.Д нь гуравдагч этгээдтэй хийсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш.Ш2019/02176 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо:

... Гуравдагч этгээд Д.Д-г эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Г.М миний бие холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаарт шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Л.Д нь дээр дурдсанчлан хэлэлцэн тохиролцсон үүргээ биелүүлэхгүйгээс Д.Д-гийн зээлийн эргэн төлөгдөх нөхцөл өөрчлөгдөж их хэмжээний зээлийн дарамт бий болсон тул И.Х-аас 60 000 000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлж зээлийн барьцаанд маргаан бүхий объектыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Ингээд гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учир маргаан бүхий объектыг И.Х-ийн нэр дээр шилжүүлсэн.  Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Д нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж 48 тоотод орших Ү-2204024101  улсын бүртгэлийн дугаартай, үйлдвэрлэлийн зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн И.Х-д 10 000 000 төгрөгөөр худалдсан ба нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуульд заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан тухайн газрын шударга эзэмшигч болсон байдаг. /хавтаст хэргийн 96-104-р тал/, /Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01022 дугаарт шийдвэр/ Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээ нь иргэний хуулийн 243 дугаар зүйл мөн хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь И.Х болсон байдаг.

Шүүхийн дурдаж буй шиг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний биет байдлын доголдолтой буюу бодитой эзэмших, ашиглах боломжтой байдлаар хүлээлгэн өгөөгүй гэж үзэж буй нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан хэмээн хуульчилсантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхээ алдсан болох нь дээрх хуулийн зохицуулалтаас тодорхой харагдана. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй…" хэмээн хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний биет байдлын доголдлын талаар гомдол гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн энэхүү үндэслэлүүдээр шаардах эрхээ алдсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч И.Х нь хариуцагч Л.Д-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Нэхэмжлэгч И.Х, гуравдагч этгээд Д.Д нарын хооронд  2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн маргаж буй 400 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг И.Х-д шилжүүлэн бүртгэж олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргасан бөгөөд  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй болсон нь тогтоогдсон байна.

 

            Гэрээний зүйл болсон 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаагаа хариуцагч Л.Д үгүйсгээгүй, эд хөрөнгийн хувьд Д.Д-той маргаантай гэх үндэслэлээр эзэмшлээ зөвтгөн, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэх боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банкны 54 000 000 төгрөгийн барьцаанд байсныг Д.Д суллаж өөртөө шилжүүлсэн гэсэн тайлбарыг гаргасан, мөн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Д.Д-ийн өмчлөх эрхэд уг эд хөрөнгө нь бүртгэгдсэнийг /хх1-136/ эсэргүүцэн маргаж байсан баримтгүй байна.

 

            Мөн татгалзалдаа 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан гэж дурдсан боловч уг итгэмжлэл нь маргаж буй 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөтэй холбоогүй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м.кв газрыг банкны барьцаанд тавих, худалдах эрхийг олгосон агуулгатайгаас гадна итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэх талаар маргасан маргааныг эцэслэн шийдвэрлэсэн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1022 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна. /хх1-8-10/

 

            Иймд хариуцагч Л.Д-г 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул И.Х нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчөө түүний хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            Гэрээний зүйл болох үл эд хөрөнгө хариуцагч Л.Д эзэмшилд байгаагаас шалтгаалж, худалдагч Д.Д нь худалдан авагчид гэрээний зүйлийг  бодитоор шилжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн “гуравдагч этгээд, хариуцагчийн хоорондын маргаантай байдал нь Л.Д-г хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийг үгүйсгэж байна” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Дээрх алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх бүхэлд нь үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Хариуцагч Л.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд эрх үүрэг хүлээж оролцоогүй, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгааг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардлага гаргах эрхгүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай 1018 м.кв газрын хууль ёсны эзэмшигч нь Д.Д болох нь хэргийн 102 дугаар талд авагдсан 2017 оны 6 дугаар сарын 14-ний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч уг газрын захиран зарцуулах эрхийг Д.Д-д олгосон итгэмжлэлийг үндэс болгон сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарласан ч уг итгэмжлэлийг хууль зөрчөөгүй гэж үзэж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар дээр дурдсан болно.

 

Иймд эрх бүхий этгээдийн шийдвэрээр, эрхийн гэрчилгээгээр бусдын эзэмшиж буй газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   ”Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч И.Х-ийннэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-220424101 дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Л.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.Д-ийн нэхэмжлэгч И.Х-д холбогдуулан гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгчийн илүү төлсөн 104 800 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч И.Х-д олгосугай” гэснийг ”хариуцагч Л.Д-ээс 70 200 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс илүү төлсөн 104 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Х-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгчээс 175 000 төгрөг, гуравдагч этгээдээс 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ