Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/01322

 

 

 

2024 оны 03 сарын 14 өдөр   Дугаар 102/ШШ2024/01322 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н. газар

  Н газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, 24.359.035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс компанийн нэр дээр машин байсныг хэлж өр төлбөрт өгсөн. Гэтэл машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хайгаад олоогүй. Ингээд машин олдохгүй байсан учраас мөнгийг гаргаж өгөх боломжгүй С ХХК руу шилжүүлнэ гэж хэлсэн. Шүүхэд гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээн дээр компанийн өр төлбөрийг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцна гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийхдээ Б.Н өр төлбөрийг гаргуулах гээд хөрөнгийг битүүмжилж, эрэн сурвалжлах ажиллагаа хийж байсан баримт хавтаст хэрэгт бий. Гэвч 2018 онд С ХХК, Ц ХХК-тай маргаад явж байсан байна. Хэрвээ энэ компани өр төлбөртэй байсан бол бид авахгүй байсан. Б.Н өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж надад компанийг шилжүүлсэн тул 24,359,035 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж ярьж байна. Би гомдлоо гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан цааш шивээгүйгээс болж материал олдохгүй алга болсон. Миний хувьд удаа дараа тус байгууллагад гомдол гаргасан. Дахин хүсэлт гаргаж өгье гэхэд ахлах гүйцэтгэгч н.Э болно гэж хэлсэн учраас хүсэлтээ гаргасан ч гомдол гаргах хугацаа дууссан байна гэсэн хариу өгсөн. Өр төлбөргүй компани худалдаж авсан гэдгээ Сонгинохайрхан дүүргийн Татварын газарт очиход байцаагч өр төлбөргүй юм байна гэж хэлсэн. Сарын өмнө Татварын ерөнхий газраас 70,000,000 төгрөгийн өр байна гэсэн захидал ирсэн. Надад эрх үүрэг тайлбарласан гэж хэлж байна. Ямар ч мэдэгдэл, шаардах хуудас ирээгүй ба гэнэт миний данс хаагдсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, 24,359,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайхаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай Шийдвэрээр Ц ХХК-аас 48.039.870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 398,200 төгрөгийн хамт гаргуулж С ХХК-д олгох шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж хуулийн этгээдийн лавлагаанаас үүсгэн байгуулагчийг тодруулахад Б.Н гэх хүн гарч ирсэн. Үүсгэн байгуулагчид ажиллагаа явуулж хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн газраас тодруулахад хувьцаа эзэмшигч С.М, Ж.С гэх хүмүүс байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлж мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул С.М данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийн таталт хийж манай данс руу шилжиж орсон. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учраас шийдвэрт заасан өр төлбөрийн 50 хувь буюу хувьцааны эзэмшлийн дагуу 24,359,035 төгрөгийг татсан. С.М гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан учраас гомдол гаргах хугацаа  өнгөрсөн тухай хариуг өгсөн. Мөн компани хөрөнгөтэй бол мөнгийг гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн учраас нэр дээрээ машинтай болсон гэж тайлбарлаж байна. Гэвч машиныг өөрөө авч ирж өгөх ёстой боловч машиныг хайгаад олдохгүй байна. Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн ч олдоогүй. Хоёрдугаарт компанийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй, өр төлбөртэй бол Б.Н асуудал гэж ярьж байна. Нэхэмжлэгч Б.Н холбоотой өр төлбөрийн асуудал байгаа бол асуудлаа Б.Н шийдэх хэрэгтэй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч компанийн талаарх бүх мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж зааж өгсөн. Компани худалдаж авсан тохиолдолд өр төлбөргүй гэх Б.Н үгэнд итгэх биш өөрт нь шалгах эрх байсан. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл явуулж 2021 оны 11 дүгээр сарын 19, 25-ны өдрүүдэд мөнгө татагдсан. С.М манайд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Ахлах энэ хүнийг хөрөнгөтэй гэж хэлсэн учраас хөрөнгөө аваад ирээ гэж хэлсэн гэдэг зүйл ярьдаг. Хоёрдугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Б.Н холбоотой асуудлуудыг салгаж ойлгох хэрэгтэй байна. Ц ХХК дээр гарсан шүүхийн шийдвэрт хамааралгүй хүнийг олж дансыг хаагаад байгаа юм шиг зүйл яриад байна. Улсын бүртгэлийн 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 5/6372 дугаартай лавлагаагаар Ц ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М байна гэсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж мөнгийг татсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-аас Б.Н өр төлбөрийг төлүүлэх хүсэлт өгсөн гэж ярьж байна. Энэ нь манайхтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зардлын гэрээ байгуулахдаа хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд С ХХК-аас анх Б.Н гэх хүн зээл авсан учраас энэ компанийг зарагдсаныг мэдэхгүй мөнгөө авахын тулд хүсэлтээ гаргаж, гэрээ хийсэн асуудал байгаа. Б.Н авсан зээлийг үндэслээд хүсэлтээ өгсөн. Бусдаар С.М гэх хүн солигдсон байна. С.М биш Б.Н гаргуулна гэсэн утгатай биш. Хоёрдугаарт мөнгө барьцаалаад өгөхгүй, залилангийн байна гэж хэлж байна. Мөнгөө данснаасаа татаад С ХХК руу гаргах байсан С.М гэх хүн ирж компани дээрээ машин аваад ирье, миний мөнгийг буцаагаад өгчих гэдэг асуудлыг ярьж байсан учраас мөнгийг түр байлгасан. Машины гэрчилгээгээ авч ирсэн боловч бодитоор машинаа авч ирээгүй, бичиг баримт авч ирсэн. Мөнгөө авахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна гэж харж байгаа. Машинаа өөрөө олж ирэх ёстой, болохгүй бол цагдаад шалгуул гэдэг гомдол гаргасан. Тиймээс манайхаас та машинаа өөрөө олж ир, үгүй гэвэл мөнгийг гаргана гэдэг талаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл өгсөн. Тиймээс өнөөдөр шүүхэд хандаад явж байна. Өөрөө бол машиныг хайж байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02205 дугаартай Шүүхийн шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3-1/1715 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий албаны Албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/12171 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4/144/10728 дугаартай Ш газар, Н газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 759 дугаартай Н газрын Хариу мэдэгдэх хуудас, 2019 ооны 02 дугаар сарын 02-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023  оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ГХ2020/00342 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаартай Шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2020/04114 дугаартай Шүүгчийн захирамж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20370209 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 144/20370209 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харицлах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Төлбөр төлөгчийг лавласан тухай мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/20370209 дугаартай Албан тоотын хариу, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144/20370209 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Г ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14/ХХ/02-202004891 дугаартай Албан бичиг, Ч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Тогтоолын хариу, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн У ХХК-ийн Албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/1492 дугаартай Албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10718 дугаартай Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1544 дугаартай Албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4/10724 дугаартай Ш газар Н газрын Албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1897 дугаартай Албан бичиг, Ш газар Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4-144/17578 дугаартай Албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/1936 дугаартай Албан бичиг, Ш газар Н газрын 2020  оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10723 дугаартай Ашигт малтмал,  газрын тосны газарт хүргүүлсэн Албан бичиг, Ш газар Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16616 дугаартай Эрх түдгэлзүүлэх тухай, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20370209-144/01 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/6372 дугаартай Албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртггэлийн лавлагаа Ш. газар Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144-16619 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай, 2021  оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/03-144 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь  данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-144-22678 дугаартай Ш газар Н газрын Албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/8586 дугаартай Албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр хүсэлт гаргах нь, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-144-23005 дугаартай Замын хөдөлгөөний удирдлагын төвд, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-144/24968 дугаартай Хамтран ажиллах тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2-144/11035 дугаартай Хамтран ажиллах тухай, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14б/1521 дугаартай Албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 ооны 08 дугаар сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 254/23 дугаартай Стандарт форм ХХК-ийн хүсэлт, 2023 оны 05 дугаар сарын 26-ны Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гомдол гаргах тухай, 2023 оны 06 дугаар сарын 12-ны 759 дугаартай Н газар хариу мэдэгдэх хуудас тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9/8971 дугаартай Албан бичиг, 2023 ооны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/9459 дугаартай Албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Лавлагаа, Төрийн байгууллагын лавлагааны систем, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа, Засгийн газын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 478/007177 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020  оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10721 Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 628 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10720 дугаартай Албан бичиг, Улсын бүртгэлийн Ү-221005358 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ тус тус бүрдүүлжээ.

            ҮНДЭСЛЭХ нь: 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь хууль зөрчиж гарсан Н газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, 24,359,035 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Н газар эс зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, компани худалдан авахдаа өр төлбөртэй эсэхийг шалгах ёстой байсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц ХХК-иас 48,039,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

7. Дээрх шийдвэрийг хариуцагч Ц ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2020/04114 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 102/ГХ2020/00342 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийсэн байна.

8. Улмаар Н газраас Ц ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн дүн хүрэлцэхгүй, өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16619 дугаар албан бичгээр төлбөр төлөх хугацаа тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг мэдэгджээ.

Энэхүү албан бичгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбар ирүүлэхийг мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхтэй холбоотой баримт гаргаж өгөх хугацаа олголгүйгээр төлбөр төлөх хугацаа тогтоожээ. Төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг хувьцаа эзэмшигчийн хөрөнгө компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэхтэй холбоотой баримт ирүүлэх мэдэгдэл гэж ойлгохгүй юм.

Тухайлбал хариуцагч байгууллага нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбарыг ирүүлэхийг хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй атлаа Н газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолоор С.М данснаас 24.359.035 төгрөг шилжүүлсэн авсан байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс хариуцагч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна зааснаар нэхэмжлэгч С.М компанийн 50 хувийн хувьцааг эзэмшихдээ хөрөнгө оруулсан эсэх, хувийн хөрөнгө нь компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулалгүйгээр түүний эд хөрөнгөд халдсан тул энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй.

Н газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан хариуцагчаас шилжүүлсэн авсан 24,359,035 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэл бүрджээ.

9. Мөн хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон гэдгийг тогтоогоогүй байна.

Н газраас дээрх ажиллагааг урьдчилан хийгээгүйгээр гадна компанийн өр, авлагатай холбоотой баримтыг дутуу бүрдүүлсний улмаас Ц ХХК-ийн авлагад бүртгэлтэй байсан 43-94 УБК улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн Suzuki Grand Vitara маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл шинээр компанийн хөрөнгөд бүртгэгдсэн байна.

Энэхүү автомашиныг төлбөр авагчид олгосноор Ц ХХК-ийн төлөх төлбөрөөс хасагдах байтал шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу 48,718,070 төгрөгийн тал хэмжээгээр С.М нэр дээрх эзэмшиж байгаа банкны данснаас 24,359,035 төгрөг татан авсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч байгууллага нь эхлээд Ц ХХК-ийн бүх хөрөнгөөр төлбөрийг барагдуулах болон үлдсэн төлбөрийг ялган тогтоох ажиллагаа хийгээгүй, компанийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулсны үндсэн дээр хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,746 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэмж 70,200 төгрөг төлүүлэн улсын орлого болгож, хариуцагчаас 349,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Н газраас 24,359,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н газраас 349,946 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ