Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Зүмбэрэл |
Хэргийн индекс | 102/2023/04160/И |
Дугаар | 102/ШШ2024/00581 |
Огноо | 2024-01-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/00581
Дугаар 102/ШШ2024/00581 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ГХОХХК-д холбогдох,
Барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н ГХОХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 1200R24 маркийн 150 ширхэг автомашины дугуйг 102,000,000 төгрөгөөр дараа тооцоогоор худалдан авсан. Ингэхдээ мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-........6507 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хүрхрээ гудамж 23/1 тоот хаягт байрлах 290.74 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэвч 2020 онд дэлхий нийтийг хамарсан Коронавирус халдварт өвчин тархсаны улмаас манай компанийн үйл ажиллагаа доголдож, манай компанийн бусад харилцагчид ч мөн зээлээ төлж чадахгүйд хүрч бид Н ГХОХХК-иас дугуй худалдан авсан төлбөрийг буцаан төлөх боломжгүй байсаар талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Харин хариуцагч Н ГХОХХК нь гэрээний 4.4 дахь хэсэгт Худалдагч хөдлөх эд хөрөнгийг худалдахаар харилан тохиролцсон төлбөрийг авагчаас шаардах гэж заасны дагуу төлбөр төлөхийг хуульд заасан журмын дагуу шаардаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар тус гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг мөн дуусгасан. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх бөгөөд хариуцагч нь гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх сүүлчийн өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахыг мэдэж байсан боловч хуульд заасан журмын дагуу шаардлага гаргаагүй. Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагчтай 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөр төлөхөөс татгалзаж байна. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг (анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг)-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дууссан. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дах хэсэгт ..барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон... гэж, мөн зүйлийн 160.1.3 дахь хуульд заасан бусад үндэслэл гэж зааснаар хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон тул хариуцагч нь мөн зүйлийн 160.3 дах хэсэгт ...Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй... гэж, Барьцааны гэрээний 4.7 дахь хэсэгт ...Энэ гэрээний 7.1.4, 7.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй... гэж тус тус зааснаар барьцааны зүйл болох эрхийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалуулагч буюу нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Найманталт уул ГХОХХК-д холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгуулж, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хүрхрээ гудамж 23/1 тоот хаягт байрлах 290.74 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай гаргасан хүсэлтийг гомдол гаргах эрхтэйгээр хуульчлаад өгсөн байхад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны шүүхээс хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэдэг энэ ноцтой байдал үүснэ. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч асуудлыг тайлбарлахдаа зөвхөн нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхтэй гэж тайлбарлаад байгаа боловч хуульд заавал нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхтэй гэж хуульчлаагүй. Хоёрдугаарт энэ асуудал маань түдгэлзүүлэх л асуудал байгаа болохоос хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн асуудлыг чинь яг ял шийтгэхийг нь хүртэл энэ хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүсэхгүй. Тэгэхгүй бол энд шийдчихдэг, тэнд нөгөөдөх нь жинхэнэ та нарын хэлдгээр нөгөө саяын үйлчлүүлэгч нарын чинь эрүүгийн хэрэгт татаад гэм бурууг нь шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлчихсэн нөхцөлд яах юм. Энэ хурал чинь өнөөдөр шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахиж хянагдах уу. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас л бид энэ хүсэлтийг гаргаж тавиад байгаа. Хоёрдугаарт шүүх хуралдааны тэмдэглэл өөрөө нотлох баримт. Өмнө нь энэ асуудлыг нэхэмжлэгч тал яг энэ 80.1.4-ийг шүүх хуралдаан дээр гаргаж тавьдаг. Тэр чинь нотлох баримтаар үнэлэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх үүднээс хэн хэнд нь ашигтай хувилбар нь бол энэ асуудлаа нэг мөр мухарлаж байгаад дараагийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хийсэн нь илүү үр дүнтэй бөгөөд хэн хэнд нь ашигтай хувилбар болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2015 онд шинэчлэн батлагдаад 2017 онд 7 дугаар сарын 1-ийн өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шалгаж байх явцдаа хувь хүн болон хуулийн этгээдийн нэр хаягийг тодорхой хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол дээр тусгахгүйгээр тухайн үйлдэл, процесс, үр дагаврыг бичдэг болчихсон. М ХХК нь Н ГХОХХК-д ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэсэнтэй холбоотойгоор бид нар хуулийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлт хэрэг нээсэн байгаа. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 7-8/ болон барьцааны гэрээ /хх 9-12/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 16/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг /хх 23/, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/79 дүгээр хариу мэдэгдэх хуудас /хх 42/, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 240800168 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх 46-47/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч М ХХК нь барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлтэй холбоотой гомдлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1200R24 маркийн автомашины 150 ширхэг дугуйг нэг бүрийн үнэ 680,000 төгрөгөөр, нийт 102,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б дүүргийн ... дүгээр хороо, Х 1 гудамж, 23/1 тоот, 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч Н ГХОХХК нь М ХХК-д холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа болох Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/79 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 240800168 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоогджээ.
7. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1200R24 маркийн автомашины 150 ширхэг дугуйг нэг бүрийн үнэ 680,000 төгрөгөөр, нийт 102,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б дүүргийн дүгээр хороо, Х 1 гудамж, 23/1 тоот, 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан ипотекийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулахад шаардлагаа өөрчилсөн тул гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй болжээ.
Хариуцагч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг шаардлага гаргаагүй, энэ талаар эрүүгийн журмаар шалгуулж байхаас гадна нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаагүй учир шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, дууссан эсэх талаар дүгнэлт хийж боломжгүй юм.
Мөн хариуцагч хуульд заасан хэлбэрээр сөрөг нэхэмжлэл гаргах, эрүүгийн журмаараа шалгуулах эрх нь нээлттэй байхад шаардлага гаргаагүй асуудлаар мэтгэлцүүлэх, нотолгооны үүргийг хуваарилж болохгүй.
8. Харин Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. 166.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ тус тус зааснаар хүчин төгөлдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч барьцааны гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан боловч үндэслэлээ барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэжээ.
Ингэхдээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д хууль заасан бусад үндэслэл заасан бусад үндэслэл гэдэгт Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг (анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг)-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна заасан зохицуулалт хамаарна гэж нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд мэтгэлцжээ.
Өмнө дурдсанчлан шүүх үндсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийх боломжгүйгээс гадна үндсэн гэрээний үүргийг шаардаагүй байхад үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй эсэхийг шийдвэрлэх боломжгүй. Иймээс үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлыг шийдвэрлэхгүйгээр барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг дуусгаж байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.
Иймд зохигчийн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Б дүүргийн ... дүгээр хороо, Х 1 гудамж, 23/1 тоот, 290.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар дуусгавар олгох үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага хангагдаагүй учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах үндэслэлгүй юм.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.6-д зааснаар Н ХХК-д холбогдох, М ХХК-ийн барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ