Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00259

 

 

 

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00259

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

16,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э ХХК нь Д ХХК-иас барилгын хөөсөнцөр хавтан 20,600,000 төгрөгөөр худалдан авсан боловч 16,640,000 төгрөгийн хөөсөнцөр хавтан нь шаардлага хангахгүй хавтан байсан тул худалдагч компанийн холбогдох хүмүүс болон захиралтай харилцан тохиролцож буцаасан бөгөөд энэхүү буцаасан хавтангийн үнэ болох 16,640,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөө маргааш шилжүүлье, одоо машин зарчихаад шилжүүллээ, нэг байраа хямдхан зарчихаад танай мөнгийг өнөө орой шилжүүлье гэх мэтээр арга саам хийж, хугацаа хожин манай компанийг хохироосоор даруй сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Манай компани барилгын ажил эхлүүлээд мөнгө, санхүү нэн шаардлагатай байгаа энэ үед мөнгөө өгөхгүй байгаа нь компанийг хохироосон хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Д ХХК-иас 16,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай Д ХХК-д холбогдуулан 16,640,000 төгрөгийг Э ХХК нь нэхэмжлэл гаргасан. Тус компанид манай компани нийт 20,600,000 төгрөгийн хөөсөнцөр хавтан харилцан тохиролцсоны дагуу нийлүүлсэн боловч 16,640,000 төгрөгийн хавтан буцааж манай компанийг хохироосон. Зарим хөөсөнцөр хавтан шаардлага хангаагүй боловч 80 хувь нь ашиглах боломжтой байсан боловч буцааж манай компани буцаасан хавтанг ашиглах боломжгүй болж, 16,640,000 төгрөгөөр хохирсон. Иймд дээрх 16,640,000 төгрөгийг төлөх боломжгүй бөгөөд 6,000,000 төгрөгийг нь төлөх боломжтой. Үлдэгдэл 10,640,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

  5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх 4/, нэхэмжлэх /хх 5-7/, Э ХХК-ийн дүрэм /хх 8-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 16,640,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, манай компани буцаасан хавтанг ашиглах боломжгүй болж 16,640,000 төгрөгөөр хохирсон, 6,000,000 төгрөг төлөх боломжтой гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д ХХК нь 20,600,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, нэхэмжлэгч Э ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр биелүүлж 20,600,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч хөөсөн хавтан нийлүүлсэн боловч 16,640,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг чанарын шаардлага хангаагүй шалтгаанаар буцаан авсан болох нь зохигчийн тайлбараар мөн тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,640,000 төгрөгийг төлөхгүй гэсэн татгалзлаа баримтаар баримтаар нотлоогүй байна.

7. Талууд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хөөсөнцөр хавтан худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 20,600,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-д шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн шилжүүлсэн 16,640,000 төгрөгийн өртөгтэй хөөсөнцөр хавтан Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ заасантай нийцээгүй болжээ. Энэ талаар хариуцагч 6,000,000 төгрөгийн доголдлыг хүлээн зөвшөөрч, 10,640,000 төгрөгөөр хохирсон гэсэн боловч буцаасан хөөсөнцөр хавтанг ашиглах боломжгүй талаар хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. заасан боловч талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч Д ХХК нь шилжүүлсэн хөөсөнцөр хавтангаа буцаан авсан тул нэмэлт хугацаа тогтоох, доголдлыг арилгах, ижил төрлийн зүйлээр солиулахаар шаардах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, татгалзал хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул илүү шилжүүлсэн 16,640,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-аас 16,640,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 241,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ