Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 11

 

“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын, 5 дугаар баг, 5-11 тоотод байрлах, 1511001070 улсын бүртгэлийн дугаартай, 4000358 регистрийн дугаартай, “Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 1512001003 улсын бүртгэлийн дугаартай, 4012534 регистрийн дугаартай, “Увс аймаг, У-ын Д-ны хоёрдугаар станц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн захирал С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн захирал С.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Ч т” ХХК нь гэрээний дагуу 13.000 тонн нүүрсийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт орших Хотгор шанагын уурхайгаас нэг тонн км-ийн үнэ 135 төгрөг буюу 180 км-т /180км*135 төгрөг/ нэг тонныг 24.300 төгрөгөөр тооцож нийт 13.000 тонн нь 315.900.000 /НӨАТ-тэй дүн/ төгрөгийн нүүрс тээвэрлэх гэрээг байгуулсан. Манай компани гэрээний үүргийн дагуу 13.000 тонн нүүс зөөх байсан. Байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас 13.700 тонн нүүрсийг ихэнхийг нь тойруу замаар 1 талдаа 250 км, 2 талдаа 500 км зам туулж тээвэрлэсэн. Тухайн үед хариуцагч байгууллагын захирал Ю.С-д амаар хүсэлт тавьж хэлэхэд би танай компанийг хохиролгүй болгоно гэж хэлдэг байсан. Мөн Дулааны 2-р станцын захирал Ю.С нийт тээвэрлэсэн хугацаанаас 1 дүгээр сараас хойш явсан зардлыг 3000 төгрөгөөр нэмж тооцож олгоно гэж амаар хэлсэн ч ямар нэгэн албан бичиг өгөөгүй. Бид тойруу замаар байнга явсан бол 18 сая биш 56 сая төгрөгийг нэхэмжлэх байсан. Иймд тээврийн хөлс 17.239.920 төгрөгийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйн улмаас 1 жилийн 3 хувиар алданги тооцож, 2 жилийн алданги 1.034.952 төгрөг, гэрээнд заасны дагуу “Увс аймаг, Улаангомын Дулааны хоёрдугаар станц” ТӨХК нь “Ч т” ХХК-д төлбөрөө төлөх хуваарийн дагуу компаний дансанд шилжүүлээгүй дүн болох 15.000.000 төгрөгийг 3 хувиар тооцож алданги 495.000 төгрөг, нийт 18.769.872 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Увс аймаг, Улаангомын Дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн захирал Ю.С анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2016 онд “Ч т” ХХК тендерт шалгарч нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Хотгор шанага ХХК-ийн уурхайгаас нүүрс тээвэрлэж байх хугацаанд цас их орсны улмаас хальтиргаа гулгаа үүсний улмаас “Ч т” ХХК нь тойруу замыг сонгон аюулгүй байдлыг хангаж ажилласан байдаг. Гэвч “Ч т” ХХК тойруу зам буюу хоёр талын 500 км зам туулсан бензиний төлбөр, байгалийн давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас үүдэн гарсан гэрээний гүйцэтгэлийн зөрүү тээврийн хөлс болох 17.239.920 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус байгууллага нь тухайн үед тулгамдсан асуудлын талаар харилцан тохиролцож гэрээнд нэмэлт заалт оруулсан бол манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан боловч энэхүү боломжийг ашиглаагүй байна. Манай компани нь “Ч т” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлж дууссан ба одоо уг компанид гэрээний дагуу ямар нэгэн өр төлбөргүй болно. А-003/2016 тоот нүүрс тээвэрлэх гэрээгээр 1 тонн.км-ийг 135 төгрөгөөр тооцсон. Гэтэл байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас 1 тонн.км-ийг 150 төгрөгөөр буюу 1 тонныг 27.000 төгрөгөөр тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Гэрээнд тээврийн хөлсний талаар өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Цаг агаар болон бусад эрсдлийг ажил гүйцэтгэгч тал хариуцах ёстой. Захирал Ю.Стай тээврийн хөлсний талаар ярилцаад амаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байдаггүй, тухайн үед тохиролцсон бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсан. Иймд гэрээнд бусад гарч болзошгүй зардал, төлбөрийн талаар тусгагдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Увс аймаг, Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-д холбогдох нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгэлийн тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг, нийт 18.769.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн захирал С.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

“Ч т” ХХК нь гэрээнд зааснаар 180 км газраас нүүрс тээвэрлэх нөхцөлтэй байсан боловч цас орж байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас 250 км алсаас буюу тойруу замаар тээвэрлэлт хийсэн. Үүнийг хариуцагч тал хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байхад харгалзан үзээгүй мөн тээвэрлэлт хэвийн явагдаж байхад Дулааны станцын буруугаас болж 17 хоног тээвэрлэлт зогссон. Хэрвээ тээвэрлэлт зогсоогүй бол цас орохоос өмнө нүүрсээ татах боломж байсан.

Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн талаар гэрээнд заасны дагуу гэрээний менежерт мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай хэдийгээр тухайн үед бичгээр мэдэгдээгүй боловч амаар мэдэгдэж энэ талаар харилцан ярилцаж халаалт, дулааныг зогсоож Улаангомыг хөлдөөхгүйн тулд тойруу замаар ч болов нүүрс тээвэрлэж өвлийг давах талаар  тохиролцсон. Тэр үеийн нөхцөл байдлыг нотлох зурганд огноо байхгүй байна гэдэг. Тухайн байдлыг нотлох зурагны зүүн доод талд огноо бичээстэй байсан. Энэ тохиолдолд маргалдагч 2 тал хоёул байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн, тойруу замаар нүүрс тээвэрлэхээр харилцан тохиролцсон байхад гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд Иргэний хуулийн 344.2, 352.5.1, 352.5.3, 356 зүйлийг баримтлан шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна

Нэхэмжлэгч “Ч т “ ХХК нь хариуцагч “Увс аймаг, Улаангомын Дулааны хоёрдугаар станц” ТӨХК–иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг нийт 18.769.872 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А-003/2016 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “Ч т” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 15-ны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байршилтай “Хотгор шанага” –ын уурхайгаас 13000 тонн дулааны зориулалтай нүүрсийг тээвэрлэж Улаангом сумын 5-р баг Дулааны 2 дугаар станцын хашаанд буулгах, хариуцагч Дулааны 2 дугаар станц ТӨХК нь ажлын хөлс 315.900.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Дээрхи гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл болно.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл аль алин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, “Ч т” ХХК нь  13637.14 тонн нүүрс тээврлэн гэрээнд заасан  ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлсөнд 331.382.502 төгрөг төлж үүргээ биелүүлсэн байх ба энэ талаар  талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Ч т “ ХХК нь “Манай компани нь гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 22-ноос эхлэн нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 22 хүртэл 5700 тонн нүүрс тээвэрлэж байтал Дулааны 2 дугаар станц ТӨХК нь Хотгор Шанагын уурхайтай хийсэн гэрээ дууссан сунгах шаардлагатай гэх үндэслэлээр 9 дүгээр 22-ноос 10 дугаар сарын 08 хүртэл тээврийг түр зогсоосон. Тогтвортой явагдаж байсан тээвэрлэлтийг 17 хоног зогсоосоноос тээвэр хийж байсан жолооч нар өөр газарт тээвэр хийхээр явцгааж манай компаны ажлыг доголдуулсан ба 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тээвэрлэлтээ үргэлжүүлэн гүйцэтгэж байтал цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл үүссэж, замын нөхцөл муудсаны улмаас 180 км явж нүүрс тээвэрлэх байтал 250 км явж нүүрсээ тээвэрлэж байсан. Энэ шалтгааны улмаас “Ч т” ХХКомпани алдагдалд орж эхэлсэн. Энэ тухай Дулааны 2-р станцын дарга Ю.Сд амаар хүсэлт тавьж хэлэхэд тээврийн хөлсийг нэмэлтээр тооцож олгож өгнө та бүхэн өвлийн хүйтэнээр нүүрсээр тасалж болохгүй тээвэрлэлтээ хийж байгаарай гэж хэлсэн тул манай компани нүүрс тээвэрлэлтийн ажлыг зогсоолгүй ажлаа хэвийн явуулж 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 13637.14 тонн нүүрс тээвэрлэж гэрээний үүргээ биелүүлсэн. Уг нүүрсний үнэ 331.382.502 төгрөгийг манай компаний дансанд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлж дуусгавар болсон. Байгаль цаг агаарын хүндэрсэн нөхцлөөс үүдсэн “Ч т “ ХХК 2016 оны 12 сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл тээвэрлэсэн 5744.6 тонн нүүрсний тээврийн хөлсийг нэг тонныг 27.000 төгрөгөөр тооцож 17.239.920 төгрөг,мөн  2016 оны 10 дугаар сарын 20-ноос 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл төлөх төлбөрөө дутуу шилжүүлсэн тул хугацаа хожимдуулж шилжүүлсэн 15.000.000 төгрөгийн алдангийг 3 хувиар тооцож алдангийн дүн 495.000 төгрөг, тээврийн хөлс 17.239.920 төгрөгийг өгөөгүй тул нэг жилийн 3 хувиар алданги тооцож нийт 2 жилийн алданги 1.034.952 төгрөг нийт 18.769.872 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийн явцад гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэхээр хариуцагчтай тохирсон байхад хариуцагч үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Увс аймаг, Улаангомын Дулааны хоёрдугаар станц, Төрийн өмчит хувьцаат компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ”Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах “Хотгор шанага” ХХК-ний уурхайгаас нүүрс тээвэрлэх явцад цас их орж хальтиргаа гулгаа их болсны улмаас тойруу замыг сонгож явж байсан. Тухайн үед харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ба манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж дууссан ямар нэгэн өр төлбөргүй болно. Мөн гэрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн бусад гарч болзошгүй зардал төлбөрийн талаар дурдаж өгөөгүй байтал гэрээнд тусгагдаагүй зүйлийг нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй “ гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагчийн дээрхи тайлбарыг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Зохигчдын тайлбараас үзвэл: Талууд  тухайн үед  цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас их хэмжээгээр орж, хальтиргаа гулгаа  үүссэний улмаас тойруу замыг сонгон нүүрс тээвэрлэсэн үйл баримтын талаар  маргаагүй   байна.

Харин энэ үйл баримттай холбогдуулан ажлын хөлсний хэмжээ буюу гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж олгохоор тохиролцсон эсэхэд маргажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Ч т” ХХКомпани нь “Гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж олгох талаар хариуцагчтай тохиролцсон болохоо нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй,нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул гэрээнд заасан үнийн дүнг нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Захиалагч “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлсэн нь “Ч т” ХХК-ийн Хас банкин дахь 5000948390 дугаар дансны хуулгаар нотлогдож байх тул энэ гэрээ буюу захиалагчийн үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн алданги тооцох үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251.800 /хоёр зун тавин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

        ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

 

                                                   Д.ЖАМБАЛСҮРЭН