Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 220

 

    Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ89102212, Таргууд овогт Шагдарын Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ89080201, Зөөд овогт Гомбосүрэнгийн Алтанцэцэгт холбогдох,

     Гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авах тухай үндсэн нэхэмжлэлтэй, охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамжид авч, эцэг Ш.Цэнд-Аюушаас тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Г.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь эхнэр Г.Алтанцэцэгтэй 2012 онд гэр бүл болж, 2014 онд охин Ц.Бямбажаргал, 2016 онд Ц.Пүрэвхишигийг төрүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд эхнэр Г.Алтанцэцэг гаргасан үр хүүхдээ эхийн хайраар өсгөж, торниулж чаддаггүй ба гэр орноо цэвэрлэх гэх мэт ахуйн ажилд ч тун таруухан байснаар үл барам айл саахалт байдаг ах дүү, аав ээжид маань байнга худал хэлж, залхуурч, хүний хэлсэн үгийг зөвөөр хүлээж авахын оронд байнга хов маягаар цааш нь өөрийн аав ээжид хэлдгээс үл ойлголцолд хүрдэг байсан. Миний охин төрсөн цагаасаа миний болон миний аав ээжийн асрамжид байж хүн болсон бөгөөд ээжийгээ огт тоодоггүй, аваад явах гэхэд нь дагаж явдаггүй, эрхэлдэггүй, өгсөн чихрийг нь авдаггүй. Миний хүү эхийн асаргаа муугаас болж тураалаар нас барсан. Энэ байдлуудаас болж би цаашид Г.Алтанцэцэгтэй хамтран амьдрах болмжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Бямбажаргалыг миний асрамжид хэвээр үлдээж өгнө үү. Охин маань ээжтэйгээ хамт байдаггүй, ээжийгээ дагаж явдагггүй, уйлаад байдаг юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

     Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2013 оны 9 дугээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Ш.Цэнд-Аюуштай сайн дурын үндсэн дээр бүл болж, бидний дундаас 2014 оны 9 дугээр сарын 27-ны өдөр охин Ц.Бямбажаргалыг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Пүрэвхишиг нарыг төрүүлсэн. Охин маань одоо 4 настай. Хүү маань өвчний улмаас эндсэн. Нөхөр Ш.Цэнд-Аюуш нь надаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах нэхзмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд миний бие тусад нь бичгээр тайлбар гаргасан болно. Бид гэр бүл болоод хадам аавын гадаа хоёр талын аав ээжийн өгсөн хувийн мал ахуйгаа эрхлэн амьдарч байсан. Би мөн эхнэр хүний үүргээ биелүүлж, нөхөр хүүхдээ халамжлан ар гэрийн ажлаа амжуулан, хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. Гэтэл бидний амьдралд хөндлөнгийн буюу хадам талын оролцоо ихсэж, гэр бүлд янз бүрийн асуудал гарах болсон. Гэхдээ тэр болгоныг бид хүлээн авч, ач холбогдол өгч хоорондоо хэрэлдэж маргалддаггүй байсан бөгөөд салахдаа ч хэрүүл маргаан үүсгээгүй. Хадам талын шахалтаар намайг 2018 оны 4 сарын 17-нд манай аав, ээж авсан бөгөөд тухайн үед охиныг маань өгөөгүй. Түүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би нэг удаа очиж уулзсан, охин маань намайг хараад нүдэндээ нулимстай гүйж ирээд тэвэрч үнсүүлсэн, ээжийгээ маш их санаж байгаа нь илт харагдаж байсан, надаас салахгүй наалдаад уйлаад байсан. Би охиноо маш их өрөвдөж, сэтгэл зүрх минь урагдсан бөгөөд аргагүйн эрхэнд орхиод гарсан. Цаашид би охиныхоо эзгүйд нэг ч өдөр амьдарч чадахгүй, маш их санаж байна. Миний бие бага хүүгээ алдаад сэтгэл санааны хямралтай байхад охиныг маань надад өгөхгүй, намайг эх байх ёсгүй гэсэн байдлаар хандаж эх үр хоёрт амьдын хагацал үзүүлэн салгаж байгаад гомдолтой байна. Төрүүлсэн үр хүүхдээ хайрладаггүй эх хүн гэж байхгүй бөгөөд миний эх байх эрхийг хэн ч хасаагүй. Охин маань бага насных буюу одоо 4 настай, би одоо аав ээжтэйгээ хамт хувийн 120 толгой бог мал, 10 толгой бод хариулан амьдарч байгаа, саалийн үхэртэй, боломжийн хэмжээнд амьдарч байгаа, оёдолчин мэргэжилтэй, цаашид малын ажлаас гадна гэрээр дээл хувцас оёж амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд надад ямар нэгэн хүнд өвчин хууч байхгүй, хөдөлмөрийн чадвар алдаагүй тул охиноо өөр дээрээ авч асарч, хүмүүжуүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Би өөрөө эцэг эхээс 3-уулаа бөгөөд 2 ах маань аав, ээжээс өмчөө тасалж аваад тусдаа гарсан. Төрүүлсэн эх нь амьд байсаар байхад миний охин яахаараа бусдын асрамжид (нөхрийн аав, ээж, ах бэргэний) байх ёстой юм бэ. Иймд охин Ц.Бямбажаргалыг миний асрамжид үлдээж, эцэг Ш.Цэнд-Аюушаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г.Алтанцэцэг миний бие нөхөр Ш.Цэнд-Аюушийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ талаар тусад нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие нь 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Ш.Цэнд-Аюуштай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Ц.Бямбажаргалыг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Пүрэвхишиг нарыг төрүүлсэн. Охин маань одоо 5 настай. Бид гэр бүл болоод хадам аавын гадаа хоёр талын аав ээжийн өгсөн хувийн мал ахуйгаа эрхлэн амьдарч байсан бөгөөд манай нөхөр Ш.Цэнд-Аюуш нь архи уудаггүй, намайг болон үр хүүхдээ зодож цохиж, янз бүрийн ааш авир гаргадагтүй, гэр бүлээ боломжийн хэмжээнд авч явдаг байсан. Би мөн эхнэр хүний үүргээ биелүүлж, нөхөр хүүхдээ халамжлан ар гэрийн ажлаа амжуулан, хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. Гэтэл бидний амьдралд хөндлөнгийн буюу хадам талын оролцоо ихсэж, гэр бүлд янз бүрийн асуудал гарах болсон. Гэхдээ тэр болгоныг бид хүлээн авч, ач холбогдол өгч хоорондоо хэрэлдэж маргалддаггүй байсан бөгөөд салахдаа ч хэрүүл маргаан үүсгээгүй. Гэтэл нөхөр Ш.Цэнд-Аюуш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг үр хүүхдээ эхийн хайраар халамжилж чаддаггүй, гэр орны ажилд муу, хов жив хөөцөлддөг, бага хүүхдийг маань надаас болж тураалаар нас барсан гэж бичсэнд би маш их гомдолтой байна. Би хэзээ ч нэхэмжлэлд бичсэн шиг гэр орны ажил хийхээс залхуурч, үр хүүхдээ халамжлахаас татгалзаж байгаагүй, гэрээс гарч ордоггүй, айлын эхнэр хүний хийх ёстой бүх зүйлийг бүгдийг нь хийж амжуулан гэр орны ажил, малын ажлын хажуугаар үр хүүхдээ асарч, нөхрөө халамжилж, хамт амьдрах хугацаандаа дутуу нойртой хонож өнжин амьдралынхаа төлөө зүтгэж байсан. Би Улаангом сумын Политехник коллежийн оёдлын анги төгссөн бөгөөд хүүхдэдээ болон нөхөртөө дээл, гутлыг нь оёод өгчихдөг байсан. Надад хов зөөх зав чөлөө ч гардаггүй, бидний маргаан бага хүү маань төрөлхийн өвчтэй гарснаас үүссэн гэж би үздэг. Бага хүү маань 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсныг сумын эмч, нутгийн иргэд, аав, ээж, ах, дүү бүгдээрээ мэдэж байгаа. Хүүгээ алдаад би эх хүний хувьд сэтгэл санааны асар их хямралтай зовж байхад нөхрийн ах дүү нар лам, бөөд үзүүлээд энэ хоёр хүүхдийг цаашид хамт амьдруулж болохгүй, сал гэж хэллээ, хэрэв хамт амьдрах юм бол хуний амь гарздана гэх мэтээр манай аав, ээжид хэлж, хүүг маань надаас болж нас барсан гэж гутгэж, том охиныг маань авч үлдэн, надтай уулзуулахгүйгээр 1 жилийн туршид үрээс минь (дунд нь 5 удаа удаа уулзсан) хагацуулж, эх үрийг амьдын хагацал үзүүлэн зовоож байгаа нөхөртөө гомдолтой байна. Миний бага хүү асаргааны муугаас тураалаар нас бараагүй, харин цус багадалттай, ивэрхийтэй, зүрхний гажигтай байснаас нас барсан. Эцсийн эцэст энэ амьдрал зөвхөн бид хоёрын амьдрал гэдгийг манай нөхөр Ш.Цэнд-Аюуш ойлгохгүй, бусдын үгээр үг хийж, гэр бүлийн амьдралаа сүйтгэж байгаад гомдолтой байна. Мөн нөхөр Ш.Цэнд-Аюуш нь намайг гэрлэхээс өмнө ноцтой хүнд өвчтэй байсныг нь мэдэлгүй авч суусан гэж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа бичсэн байсан. Гэтэл надад ямарч өвчин байхгүй гэдгийг би эмчийн магадлагаагаар нотлох болно. Иймд миний бие нөхөр Ш.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамжид авч, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авах тухай үндсэн, Г.Алтанцэцэг нь охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамжид авч, эцэг Ш.Цэнд-Аюушаас тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

      Ш.Цэнд-Аюуш, Г.Алтанцэцэг нар 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин Ц.Бямбажаргал, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүү Ц.Пүрэвхишиг нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Харин хүү Ц.Пүрэвхишиг нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь №108/002621 тоот нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

     Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

       Г.Алтанцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

    Г.Алтанцэцэг нь охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамжид авч, эцэг Ш.Цэнд-Аюушаас тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

     Гэрч Ш.Өлзийбаяр, Д.Оюунчимэг, Ц.Сэржмаа, Н.Лхагвасүрэн нар нь нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш, хариуцагч Г.Алтанцэцэг нарын хоорондын харилцаа хандлага, хүүхэддээ хэр анхаарал халамж тавьдаг талаар мэдүүлгүүд өгчээ.  

      Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 261 тооны толгой малтай ахуйн нөхцөл, бололцоотой тул охиныг өөрийн асрамжид авна хэмээн маргаж байгаа боловч охин Ц.Бямбажаргалын насыг харгалзан эх Г.Алтанцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Бямбажаргалыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ш.Цэнд-Аюушаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушд олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч Г.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 1.829 төгрөг /2018 онд сөрөг нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба 2019 онд хүн амын амжиргааны доод түвшин өөрчлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамж өөрчлөгдсөн/ гаргуулж төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушаас 102.211 төгрөг гаргуулан хариуцагч Г.Алтанцэцэгт олгох нь зүйтэй байна.

      2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхдийн асран хамгаалагч тогтоох тухай” шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй.

     Учир нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3089 тоот шүүгчийн захирамжаар “Хариуцагч Г.Алтанцэцэгийн хувьд “охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамждаа байлгасан тохиолдолд түүний хүмүүжил болон эрүүл мэнд, боловсролд анхаарал халамж тавьж чадах эсэх, хүүхдийн өсөж бойжих орчин, ахуй нөхцөлийн хувьд амьдрах боломж бүрдсэн эсэх, түүнчлэн Ш.Цэнд-Аюушийн хувьд “охин Ц.Бямбажаргалыг өөрийн асрамждаа байлгасан тохиолдолд түүний хүмүүжил болон эрүүл мэнд, боловсролд анхаарал халамж тавьж чадах эсэх, хүүхдийн өсөж бойжих орчин, ахуй нөхцлийн хувьд амьдрах боломж бүрдсэн эсэхийг тус тус тогтоох”-оор заажээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “эрх бүхийн этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах”-аар заажээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн асрамжийг тогтоосон буюу захирамжид заагаагүй ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй болжээ.

      Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмгэг судлалын шинжилгээний протокол гэх баримтыг үнэлээгүй, энэ протокол нь хэн гэж өвчтөний талаар бичигдсэн нь тодорхойгүй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Таргууд овогт Шагдарын Цэнд-Аюуш, Зөөд овогт Гомбосүрэнгийн Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.Бямбажаргалыг эх Г.Алтанцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Бямбажаргалыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ш.Цэнд-Аюушаар тэжээн тэтгүүлсүгэй.

    4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушд олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч Г.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 1.829 төгрөг гаргуулж төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушаас 102.211 төгрөг гаргуулан хариуцагч Г.Алтанцэцэгт олгосугай.

      7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР