Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 14

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 53-15 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ90090502, Б овогт Б-гийн Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 1/12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ81122504, Т овогт Ж-гийн Б-т холбогдох иргэний хэргийг хариуцагч Ж.Б болон түүний өмгөөлөгч Т.У нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ж.Бын өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймагт Гоёо үсчний салонд үсчнээр ажиллаж байсан ба Ж.Б нь манай үсчний ойролцоо тоглоомын газар, зайрмагны цех ажиллуулдаг байсан. Би тухайн үед жижиг машинтай байсан тул Ж.Бын гуйлтаар би өөрийнхөө машинаар түүний зайрмагийг дэлгүүрээр тарааж өгдөг байсан. Энэ үеэс бид танил болж 2014 оны 9 дүгээр сард Ж.Б нь мөнгөний хэрэгцээ гараад байна, банкнаас өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би түүнд итгээд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Капитал банкнаас 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй, Ж.Бын 20.000 м.кв хадлангийн зориулалттай газрыг барьцаанд тавьж зээл авч өгсөн. Уг зээлийг Бадамгарав өөрөө хөөцөлдөж гаргуулсан ба би зээлийн гэрээ бэлэн болсны дараа банканд очиж гарын үсгээ зурсан. Ж.Б нь надаар зээл авахуулчихаад графикийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсэн. Ингээд Капитал банк надаас зээлийн төлбөрт 14.452.964.32 төгрөг нэхэмжилж 2016 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед миний бие өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гаргуулсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд албадан гүйцэтгэхээр шилжүүлсэн. Энэ асуудлыг Ж.Бт хэлж мөнгөө өгөхийг шаардахад үгүй гэж хэлдэггүй, эгч нь өгнөө гээд хүлээн зөвшөөрөөд хугацаа заагаад хойшлуулсаар, би өгөх байх гэж итгэсээр өдийг хүрлээ. Миний бие одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлаар Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа намайг дуудаж ирүүлснээр ажлаа тасалдуулж замын зардал болон өдөрт олох орлогоороо хохирсоор байна. Би хувиараа үсчин ажиллуулдаг бөгөөд хамгийн багаар бодоход өдөрт 100.000 төгрөгийн орлоготой ажилладаг, нэг удаа Увсад ирээд буцахад 14 хоногийн ажил орлогоо алдаж давхар хохирсоор байна. Хамгийн сүүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудсаны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увсад ирээд энэ талаар Ж.Бтай уулзаж ярилцахад янз бүрийн зовлон тоочоод, хугацаа заагаад байхаар нь өөрөөр нь баталгаа гаргуулж нотариатаар батлуулж авсан. Ж.Б 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн данс руу 3.300.000 төгрөг, би өөрөө 300.000 төгрөг, бүгд 3.600.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд Ж.Баас 11.152.964 төгрөг, мөн би өөрөө тухайн зээлд төлсөн 300.000 төгрөг, нийт 11.452.964 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Н-г гуйж Капитал банкнаас зээл гаргуулж авсан нь үнэн. Тухайн зээлээ төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тул Нарантуяагийн нэрээр шүүхийн шийдвэр гарсан, одоо уг  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээчихсэн ажиллагаа хийгээд явж байгаа болно. Хэдий шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нь Б.Нгийн нэрээр нээгдээд явж байгаа ч би тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн. Удаа дараа уулзаад баталгаа гаргаж өгөөд өрөө төлөөд явж байгаа. Энэ хугацаанд Б.Н нь ямар нэгэн байдлаар миний өр төлбөрийг банкинд төлж байсан зүйл огт байхгүй. Миний бие энэ өр төлбөрийг төлөхгүй, надад хамаагүй гэдэг байдлаар огт хандаж байгаагүй. Өөрөө өрөө төлж барагдуулахаа хэлээд баталгаа гаргаж өгсөн бөгөөд уг баталгаа маань шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр надад Б.Нгаас зээлж авсан мөнгө, өр төлбөр байхгүй учир Б.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө тухайн шийдвэр гүйцэтгэлийн өр төлөөд явж байгаа, цаашид өөрөө төлж барагдуулах бөгөөд тухайн өрийг Б.Нгаас нэхэмжилсэн зүйл байхгүй байхад миний өрийг өөрөө төлөөд байгаа мэтээр худлаа зүйл бичиж надаас давхар мөнгө нэхэмжилж байна. Иймд Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.452.964 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ж.Б болон түүний өмгөөлөгч Т.У нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээртэй шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Б.Н 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Капитал банктай гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг зээлсэн байгаа боловч бодит байдал дээр түүнд энэхүү мөнгийг зээлж авах хэрэгцээ шаардлага байгаагүй, харин иргэн Ж.Бт уг шаардлага үүссэн байсан болох нь талуудын гаргасан тайлбараар нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ж.Баас уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ” гэжээ.

Хэдий нэхэмжлэгч Б.Н нь өөрийн нэрээр хариуцагчид банкнаас зээл авч өгсөн боловч уг харилцааг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулсан байна гэж үзэх боломжгүй байгаа. Тухайн үеийн нэхэмжлэгчийн хүсэл зориг нь өөрийн нэрээр зээл авч өгөхийг зөвшөөрснөөс бус өөрөө хариуцагч Ж.Бт мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Мөн иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний онцлог нь хэсэг хугацааны дараа зээлдэгч зээлдүүлэгчид төрлийн шинжээр тодорхойлогдох тухайн зүйлийг буцаан төлөх үүрэгтэй байдаг. Анхан шатны шүүх талууд хооронд байгуулсан гэрээний харилцааг тодорхойлохдоо иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Н нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө төлөөгүй, зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Ж.Бын 2 га газрыг битүүмжилж, хураан авсан байгаа гэдэг нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар нотлогдож байгаа. Хэрэв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангавал хариуцагч Ж.Б өөрийн эзэмшлийн газраа алдаад давхар хууль бусаар 11.452.964 төгрөгийг Б.Нд төлөх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 11.452.964  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Б  эс зөвшөөрч, Б.Нгийн нэрээр гарсан шүүхийн шийдвэрт заасан өрийг би Капитал банкинд төлж байгаа, харин өөрөөр Нарантуяагаас зээлж авсан мөнгө, өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн тайлбар гаргаж маргасан байна.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нэхэмжлэгч Б.Н Капитал банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй зээлээр авсан, тэрээр уг мөнгийг хариуцагч Ж.Бын гуйлтаар банкнаас зээлээр авч түүнд шилжүүлсэн, зээлийн гэрээний барьцаанд Ж.Бын эзэмших эрхтэй 20000 м2 газрыг барьцаалсан, дээрх банкны зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, хүү төлөх зээлдэгчийн үүргээ Б.Н зөрчсөнөөс Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Н банкны нэхэмжлэлийн шаардлага 14.452.964 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг биелүүлэхээр Б.Нгийн нэр дээр хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.Н дээрх шүүхийн шийдвэрээр Капитал банкинд төлөх 14.452.964 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 11.452.964 төгрөгийг хариуцагч Ж.Баас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Б.Н-гийн банкнаас зээлийн гэрээгээр авч Ж.Бт шилжүүлсэн мөнгийг банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Б.Нд буцаан төлөх үүрэг хүлээсэн нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Энэ үүргийнхээ дагуу хариуцагч Ж.Б 3.300.000 төгрөгийг буцаан төлсөн байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “би  Б.Нгийн нэрээр гарсан шүүхийн шийдвэрт заасан өрийг Капитал банкинд төлж байгаа, би тухайн өрийг төлөхөөр баталгаа гаргаж өгсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа тул надаас зээл төлүүлэхээр дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч Ж.Б болон Капитал банкны хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул түүнд банкны зээл, хүүгийн төлбөрийг Капитал банкинд шууд төлөх гэрээний үүрэг үүсээгүй, мөн түүнчлэн Б.Нгийн нэрийн өмнөөс тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцох хуулийн үндэслэлгүй болно.

Мөн түүнчлэн хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо: “Б.Нгийн нэрээр гарсан зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Ж.Бын эзэмшлийн 2га газрыг битүүмжилж, хураан авсан нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар нотлогдож байгаа. Хэрэв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангавал хариуцагч Ж.Б өөрийн эзэмшлийн газраа алдаад давхар, хууль бусаар 11.452.964 төгрөгийг Б.Нд төлөх нөхцөл байдал үүсээд байна” гэж тайлбарлаж маргаж байгаа боловч Б.Н болон Капитал банкны хооронд үүссэн банкны зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар барьцааны зүйл болох хариуцагч Ж.Бын эзэмшлийн 20000 м/кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байх тул Ж.Бын эзэмшлийн газраар Б.Нгийн хариуцах үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иймд хариуцагч Ж.Б болон түүний өмгөөлөгч Т.У нарын “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлага 11.452.964 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 198.197 төгрөг атал илүү төлсөн 16.003 төгрөгийг буцаан олгоогүй алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Бын хүсэлтээр давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 198.197 төгрөг төлөх хугацааг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаагаар хойшлуулсан шүүгчийн захирамж биелэгдээгүй байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 198.197 төгрөг гаргуулан Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.197 /нэг зуун ерэн найман мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 16003 /арван зургаан мянга гурав/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 198.197 /нэг зуун ерэн найман мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б болон түүний өмгөөлөгч Т.У нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 198.197 /нэг зуун ерэн найман мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                            ШҮҮГЧИД                                   М.НЯМБАЯР

        Л.АЛТАН