Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 254

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Т овогт Ж-ийн Б-т холбогдох,

               Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.452.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймагт Гоёо үсчний салонд үсчнээр ажиллаж байсан ба Ж.Б нь манай үсчний ойролцоо тоглоомын газар, зайрмагны цех ажиллуулдаг байсан. Би тухайн үед жижиг машинтай байсан тул Ж.Б-ын гуйлтаар би өөрийнхөө машинаар түүний зайрмагийг дэлгүүрээр тарааж өгдөг байсан. Энэ үеэс бид танил болж 2014 оны 9 дүгээрсард Ж.Б нь мөнгөний хэрэгцээ гараад байна банкнаас өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би итгээд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Капитал банкнаас 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй, Ж.Б-ын 20.000 м.кв хадлангийн зориулалттай газрыг барьцаанд тавьж зээл авч өгсөн. Уг зээлийг Б өөрөө хөөцөлдөж бүтээсэн ба би бэлэн болсны дараа очиж гарын үсгээ зурсан. Ж.Б нь надаар зээл авахуулчихаад графикийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нэмэгдээд 14.452.964.32 төгрөгийг Капитал банк надаас нэхэмжилж 2016 оны 5 дугаар сард шүүхэд хандсан. Тухайн үед миний бие өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргуулсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд албадан гүйцэтгэхээр шилжүүлсэн. Энэ асуудлыг Ж.Б-т хэлж мөнгөө өгөхийг шаардахад үгүй гэж хэлдэггүй, эгч нь өгнөө гээд хүлээн зөвшөөрөөд хугацаа заагаад хойшлуулсаар, би өгөх байх гэж итгэсээр өдийг хүрлээ. Миний бие одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлаар Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа намайг дуудаж ирүүлснээр ажлаа тасалдуулж замын зардал болон өдөрт олох орлогоороо хохирсоор байна. Би хувиараа үсчин ажиллуулдаг бөгөөд өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 100.000 төгрөгийн орлоготой ажилладаг, нэг удаа Увсад ирээд буцахад 14 хоногийн ажил орлогоо алдаж давхар хохирсоор байна. Хамгийн сүүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудсаны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увсад ирээд энэ талаар Ж.Б-тай уулзаж ярилцахад янз бүрийн зовлон тоочоод, хугацаа заагаад байхаар нь өөрөөр нь баталгаа гаргуулж нотариатаар батлуулж авсан. Ж.Б 2016 оны 4дүгээр сарын 27-ны өдөр зээлийн данс руу 3.300.000 төгрөг, би өөрөө 300.000 төгрөг, бүгд 3.600.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөүй байна. Иймд Ж.Б-аас 11.152,964 төгрөг, мөн би өөрөө зээлд төлсөн 300.000 төгрөг нийт 11.452.964 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н-гийн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Н-г гуйж зээл гаргуулж авсан нь үнэн. Тухайн зээлээ төлж чадалгүй хугацаа хэтрүүлэн шүүхийн шийдвэр гаргуулаад одоо уг хэрэг дээр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээчихсэн ажиллагаа хийгээд явж байгаа болно. Хэдий шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нь Б.Н-гийн нэрээр нээгдээд явж байгаа ч би тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид хэлээд уулзаад баталгаа гаргаж өгөөд өрөө төлөөд явж байгаа болно. Энэ хугацаанд Б.Н нь ямар нэгэн байдлаар миний өр төлбөрийг төлж байсан зүйл огт байхгүй. Зөвхөн зээл Б.Н-гийн нэрээр гарсан учир угшийдвэр гүйцэтгэлийн хэргийг нэхэмжлэгчийн нэрээр нээсэн байгаа болно. Миний бие энэ өр төлбөрийг төлөхгүй надад хамаагүй гэдэг байдлаар огт хандаж байгаагүй. Өөрөө өрөө төлж барагдуулахаа хэлээд баталгаа гаргаж өгсөн бөгөөд уг баталгаа маань шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байгаа болно. Өөрөөр надад Б.Н-гаас зээлж авсан өгөх ёстой өр төлбөр байхгүй учир Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө тухай шийдвэр гүйцэтгэлийн өр төлөөд явж байгаа, цаашид өөрөө төлж барагдуулах бөгөөд тухайн өрийг Б.Н-аас нэхэмжилсэн зүйл байхгүй байхад миний өрийг өөрөө төлөөд байгаа мэтээр худлаа зүйл бичиж надаас давхар мөнгө нэхэмжилж байна. Иймд Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.452.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

               Хариуцагч Ж.Б нь Миний бие Б.Н-г гуйж зээл гаргуулж авсан нь үнэн. Тухайн зээлээ төлж чадалгүй хугацаа хэтрүүлэн шүүхийн шийдвэр гаргуулаад одоо уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн хэрэг Б.Н-ийн нэрээр нээгдээд явж байгаа ч би тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид хэлээд баталгаа гаргаж өгөөд өрөө төлөөд явж байгаа болно. Өөрөөр надад Б.Н-аас зээлж авсан өгөх ёстой өр төлбөр байхгүй, давхардуулж мөнгө нэхэмжилж байгаа учир Б.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

           Б.Н нь Капитал банктай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2030000713 тоот гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Ж.Б-ын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Нямсамбуугийн талбайн доод талд байрлалтай 20.000 м.кв тайлба бүхий хадлангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалжээ.

          Дээрх 10.000.000 төгрөгийн зээлийг хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Б.Н-ийн нэрээр банкнаас гаргуулан, зээлтэй холбооотой бүхий л зардал, хүүг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна.

            Улмаар зээлдэгч Б.Н нь зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Капитал банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Б.Н нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 14.452.964,32 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй тул тогтоогдсон гэж үзнэ.

           Шүүгчийн захирамжаас үзэхэд уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн эзэмшигч Ж.Б-ыг оролцуулаагүй, энэ тухай талууд хүсэлт гаргаагүй байх бөгөөд гагцхүү хариуцагч Б.Н-ийн нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний үүргийг хариуцахаар зөвшөөрснийг баталгаажуулсан байна.

            Улмаар Б.Н нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул Капитал банкнаас хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гарсан, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, уг ажиллагаа явагдаж байгаа нь гэрч Д.Алтай, Д.Баттулга нарын мэдүүлэг, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дугаартай тогтоол, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

              Б.Н 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Капитал банктай гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг зээлсэн байгаа боловч бодит байдал дээр түүнд энэхүү мөнгийг зээлж авах хэрэгцээ шаардлага байгаагүй, харин иргэн Ж.Б-т уг шаардлага үүссэн байсан болох нь талуудын гаргасан тайлбараар нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ж.Б-аас уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

          Шүүгчийн захирамжаар 14.452.964,32 төгрөгийн зээлийг Б.Н төлүүлэхээр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол болон хувийн хэргийг Б.Н-ийн нэрээр нээсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь уг зээл төлөхийг Ж.Б-аас шаардах эрхгүй болох нь шийдвэр гүйцэтгэгч Д.Баттулгын Анх Б.Н-ийн 14.568.081 төгрөгийн өр төлбөртэй холбоотой шийдвэр, гүйцэтгэх хуудаст 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн. Уг үүсгэх тогтоолд Ж.Б-ын нэр байхгүй, зөвхөн Б.Н-ийн нэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн хэргийг Б.Н-ийн нэрээр нээсэн тул манай байгууллагаас Ж.Б-ыг өр төлбөрөө төлөхийг шаардах эрхгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагч Ж.Б-ын Шийдвэр гүйцэтгэлийн хэрэг Б.Н-ийн нэрээр нээгдээд явж байгаа ч би тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид хэлээд баталгаа гаргаж өгөөд өрөө төлөөд явж байгаа болно. Өөрөөр надад Б.Н-аас зээлж авсан өгөх ёстой өр төлбөр байхгүй, давхардуулж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ж.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.452.964 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Б.Н-д олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 214.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгох нь зүйтэй байна.

          Хариуцагч Ж.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

          Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн Капитал банкны кассын орлогын баримт, Б.Н-ийн депозит дансны харилцагчийн хуулга, хариуцагчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн Ж.Б-ын гар ноорог гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.452.964 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Б.Н-д олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 214.200 /хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас 214.200 /хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ