Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 179

 

“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг дарга,

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар,

Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд  холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Л.Атарцэцэг  

Шүүгчид:                 Б.Мөнхтуяа  

                                Д.Мөнхтуяа

                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээний хорооны хурлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн Багц-1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ш х” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэсэг, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн “Ш х” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөмжилсөн хэсэг, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 тоот “Гэрээ байгуулах тухай” тушаал, Дундговь аймгийн Засаг дарга, “Ш х” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1-ийн Гэрэлтүүлэг, аудио хөгжим нийлүүлэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0094 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2.2, 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 53 дугаар зүйлийн 53.2, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороо, Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэлийн “багц-1-д “Ш х” ХХК-ий тендер хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэх шийдвэр, мөн хорооны Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот “зөвлөмж хүргүүлэх тухай” орон нутгийн өмчийн газрын зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 146 тоот тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, захиргааны байгууллагаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 52-р зүйлийн 52.1, 52.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2, 42.1.3-т заасныг баримтлан аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын баталсан ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 “гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 221/МА2018/0094 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Үнэлгээний хорооны хурлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн Багц-1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ш х” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэсэг, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 тоот “Гэрээ байгуулах тухай” тушаал, Дундговь аймгийн Засаг дарга, “Ш х” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1-ийн Гэрэлтүүлэг, аудио хөгжим нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр 109.2-т заасныг баримтлан “Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн “Ш х” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөмжилсөн хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтыг 2, 3 болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №20 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/MA2018/0094 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Дундговь аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 багц болгон цахим хэлбэрээр зарлаж, энэхүү тендерийг зохион байгуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах заасны дагуу Үнэлгээний хороог хуулийн дагуу байгуулсан.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;” гэж зааснаар тухайн тендер зохион байгуулалтыг Үнэлгээний хороо хэрэгжүүлэх үүрэгтэй ба захиалагч нь Үнэлгээний хорооны хуулийн шаардлагын дагуу хянаж үнэлсэн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрхтэй байдаг.

6. Түүнчлэн Үнэлгээний хороо нь хуульд заасны дагуу Тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийн хүрээнд үнэлэлт өгч, дүгнэлт гаргах үүрэгтэй ба нэхэмжлэгч “Э т” ХХК-иас тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бэлтгэн ирүүлсэн нь Үнэлгээний хорооны дүгнэлтэнд нөлөөлөх хамгийн чухал үндэслэл болсон гэдгийг шүүх анхаарч үзээгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг харуулж байна.

7. Нэхэмжлэгч “Э т” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол учирсан тул нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.

8. Ийнхүү анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хамт нэхэмжилсэн хохирлын тухайд шүүхийн шийдвэрт “учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн 20 дахь талд “нэхэмжлэгч хохирол гаргуулах тухай шаардлага тодруулж холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх эрх нь нээлттэй юм” гэж нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын хамт хохирлоо нэхэмжилсэн байтал иргэний шүүхээр нэхэмжлэх тухай дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг зөрчин нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж хоорондоо илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн.

9. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдааны өмнө дээрх хохирол барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ шаардлагаа багасгасан байхад шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагад буюу захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн шаардлагад дүгнэлт өгч, шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсээгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсан үйлдлийг байгааг багасгасан хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

10. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч хохирлоо нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байгаа тохиолдолд шүүгч эдгээр хүсэл зоригийг баталгаажуулж дурьдан хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах бөгөөд энэ захирамжийг хэргийн оролцогч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг үр дагавартай.

11. Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол” гэж заасныг зөрчсөн байх тул Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №20 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/MA2018/0094 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна. 

13. Нэхэмжлэгч “Э т” ХХК-иас “тус компани нь ...тендерийн багц-1 “Гэрэлтүүлэг, аудио хөгжим”-д шалгарахаар тендерт оролцож 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болсон тендерийн нээлтэд “хамгийн бага” үнийн санал буюу 47,165,500 төгрөгөөр тэргүүлсэн...манай тендерийг санал болгосон Мульт кабель 28 channel-оролттой байгаа нь захиалагчийн Мульт кабель 50 channel-оролттой байх техникийн тодорхойлолтод нийцээгүй байна хэмээн манай тендерээс татгалзсан” гэж, хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга О.Б “...Үнэлгээний хорооны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжид үндэслэн зохих хугацаанд нь “Гэрээ байгуулах тухай” аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 тоот тушаал гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж маргажээ.       

14. Үнэлгээний хорооны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг гаргахдаа мэргэшсэн нарийн мэдлэггүйн улмаас техникийн тодорхойлолтыг буруу ойлгож тендерийг үнэлснээ тус хорооны дарга, гишүүд зөвшөөрсөн, багц-1-ийн үнэлгээг хийхдээ тендерт шалгарсан гэх “Ш х” ХХК-ийн сонгон шалгаруулалтанд ирүүлсэн баримт бичигт нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт байхгүй байхад шалгаруулсан зэрэг нь хуульд нийцээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна.

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд тухайн тохиолдолд техникийн тодорхойлолтыг буруу ойлгож тендерийг үнэлснээ тус хорооны дарга, гишүүд зөвшөөрсөн, нэхэмжлэгчээс “хамгийн бага” үнийн санал өгсөн атал тендерт нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт байхгүй оролцогчийг шалгаруулсан нь хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул “Э т” ХХК-иас тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бэлтгэн ирүүлсэн нь Үнэлгээний хорооны дүгнэлтэд нөлөөлөх хамгийн чухал үндэслэл болсон гэдгийг шүүх анхаарч үзээгүй” гэх хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

16. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0094 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН