Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сайнцагаан сумын иргэн Ч.Лгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга О.Б хариуцагдах ,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болгох тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385  тоот “газар эзэмших  эрхийн зарим  хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Ч.Л   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 сарын 11-ны өдрийн 32 тоот “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар анх 480 мкв газрыг иргэн С.Бгээс буюу Есөн Эрдэнэ ХК-иас, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/609 тоот “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар 185 мкв газрыг иргэн Ц.Уээс, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/610 тоот “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар 84 мкв газрыг А.Өгээс тус тус худалдан авсан. Дээрх газрыг нэг эзэмшигчтэй учир кадастрт оруулж нэг гэрчилгээтэй болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 08-ны өдрийн А/566 “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” тоот захирамж гарсан юм.

Гэтэл аймгийн Засаг дарга О.Б нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө. Миний эзэмшлийн газрыг эзэнд нь огт мэдэгдэлгүй шууд хүчээр булааж авч байгаад би туйлын гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Т ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргээс үзэж мэдсэн. Хэрэг үүсгэснээс хойш  хариуцагч нь энэхүү захирамжийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч байна.

Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай”  захирамж гаргаж өмнө гаргасан 2017 оны 7 сарын 24-ний өдөр А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болгох тухай”захирамж болон Ч.Лгийн газар эзэмших эрхийн Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 тоот “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай”  захирамжуудыг тус тус хүчингүй болгож  Ч.Лгийн эзэмшил газраас 38 мкв газрыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй хасч Ч.Лгийн газар эзэмших эрхийг  зөрчсөнд гомдож, эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан ба уг гомдолд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 11 сарын 22-ний өдрийн Х/705 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Иймд Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарын 1-ний өдрийн А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж байна гэжээ./1хх-1, 45-46/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа хариуцагчтай эвлэрсэн тохирсон зүйлгүй. Хэдийгээр хариуцагч талаас А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамжийг А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийн заалтаар хүчингүй болгосон ч гэсэн А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг шүүх хүчингүй болгуул А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамж хэвээр үлдэх магадлалтай учраас аймгийн Засаг даргын А/254, А/385 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага 2-уулаа хэвээр гэж ойлгох нь зүйтэй. Мөн нөгөө талаас хариуцагч   бусдын газар эзэмших эрхтэй давхцсан тул газрыг багасгаж олгосон гэж тайлбарладаг боловч энэхүү хассан газар нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын аль хэсгээр, хэрхэн хасч байгаа нь тодорхойгүйгээс гадна давхцалтай гэдгийг нотлох газрын гэрчилгээ бусад холбогдох нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...Иргэн Ч.Лд аймгийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 480 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.

            Иргэн Ц. Уийн худалдаа үйлчилгээний зориулалттай 185 мкв газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Ч.Лд, А.Өгийн үйлчилгээний зориулалттай 84мкв газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 5-ны өдрийн А/610 дүгээр захирамжаар Ч.Лд  тус тус шилжүүлэн  нийт 749 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.

Нийт эзэмшил газар болох 749 мкв газраас 2015 оны 1 сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар шинээр баригдсан барилгын материалын дэлгүүрийн доод газар 154 мкв газрыг /А/609, А/610/ гэрчилгээжүүлэн авсан. Үлдсэн талбай болох 595 мкв газрыг 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг тогтоон баталгаажуулахдаа үндэслэлгүй 38 мкв газрыг давхардуулан нэмж олгосныг аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарны 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар хүчингүй болгож, иргэн Ч.Лд холбогдох 595 мкв газрыг хэвээр үлдээж энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захиармжийг хүчингүй болгосон” Иймд А/385 тоот захирамж үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн газрын албаны даргаар 2015 оноос томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд сахилга хариуцлага алдсан олон зүйлийг засч залруулж явна гэрчээр асуугдсан О гэдэг хүнийг би өрөөндөө дуудаж уулзсан, та тухайн үед хөршүүдийг нь байлцуулж кадастр хийх үүрэгтэй яагаад ингээгүй юм бэ үүнээс болоод маргаан үүсээд байна  гэхэд   тухайн үед надад  юу ч хэлээгүй гарсан, гэтэл шүүхэд  өгсөн мэдүүлэгт огт өөр юм ярьсан байна. Иймд  гэрч энэ хүмүүстэй хуйвалдаж  худлаа мэдүүлэг өгч  гэж бодож байна.Мөн  нөгөө талаар нэхэмжлэгч тал өөрийнхөө л  зөрчигдсөн эрх ашгийг  яриад байгаагаас өөрөөр  өөр бусад  хүмүүсийн зөрчигдсөн эрхийг  ярихгүй  байгаа нь харамсалтай,  эдгээрээс гадна өөр хүмүүс  хохирчоод эрх ашиг сонирхол нь  зөрчигдөж байгааг  бас хэлэх  нь зүйтэй байх. Цаашид  газрын алба  хууль дүрмийн дагуу ажиллах болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын дээрх захирамжууд хууль зүйн үндэслэлтэй гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь  анх энэ газрыг хэмжүүлэхдээ  Т ХХК-ий хашаан доторх контейнерийн доорх газрыг манай газар мөн гэж хэлээд газартаа нэмүүлж хэмжүүлснээс маргаан эхлэх болсон байдаг. Үүнийг Т ХХК шүүхэд гомдол гаргаснаар засч залруулах, зөвтгөх ажлыг олон сар өдрөөр сунжруулж  байгаа нь үнэн. Үндсэндээ энэ хүмүүс шүүх дээр ирэхээсээ өмнө  газрын албанд  асуудлаа шийдүүлэх боломж байсаар атал энэ хүргэсэн  нь бидний ажилд бас их хүндрэлийг үүсгэж байгаа. Энэ маргаан хэрхэн шийдэгдэхийг хүлээгээд Т компаний газрын эзэмшлийн асуудлыг бүрэн гүйцэд шийдээгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс болон Маас захирамжаар хассан газрыг яг аль хэсгээр хасч байгаа нь ойлгомжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд яг аль хэсгээрээ яаж давхцаад байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө сайн мэдэж байгаагаас гадна бид зураг дээр маш сайн гаргаж тайлбарлаж өгсөн. Мөн шат шатны газрын албаны шинжээчдийн дүгнэлтээр давхцал болон илүү олгогдсон газрыг зааж өгсөн. Иймд энэ дүгнэлтүүд болон кадастрын зураг,  газар олгосон эрх бүхий захирамжууд түүнийг дагалдсан хувийн хэргийн баримтуудаар хангалттай нотлогдоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын А/385 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй. Би Отэй хамт хэмжилт хийгээгүй яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Би гараад орж ирэх хооронд өөр хүнээр зураг үйлдүүлээд  гарын үсгийг зуруулах уу. Би тухайн үед ээлжийн амралттай байх үеэс л энэ маргаан үүсээд  удаж байна. Түргэн шийдэж өгөхийг хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ  НЬ:

Нэхэмжлэгч Ч.Л нь тус шүүхэд аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болгох тухай”  захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж /1хх-1/  энэ шаардлагаар шүүх 2017 оны 10 дугаар сарын 17-нд  хэрэг үүсгэсэн /1хх-32/ба хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/385 тоот “газар эзэмших  эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг/1хх-39,45-46/ нэмэгдүүлэн гаргасан.

Эдгээр шаардлагад  хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хийлгэсэн /1хх-48-50/ ба шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн тайлбар нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн /итгэмжлэгдсэн төлөөлөгчийн/  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэлээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны 1/1256 тоотоор /1хх-116, 139/ Э.Чид, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны 1/48 тоотоор/1хх-147/ Б.Р, Ж.Э нарыг тус тус томилж ирүүлснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр  оролцов.

а/ Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот  “газар эзэмших эрх дуусгавар болгох тухай“  захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: /1хх- 58,183/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Маас  “нэхэмжлэлийн шаардлага болох А/254 тоот  захирамжийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч байна”,  хариуцагч нараас “захиргааны байгууллагын буруугаас газрын хэмжээг давхцуулан олгосон  дээрх асуудлыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон”  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ А/385 тоот  захирамж хүчингүй болчихвол  уг захирамжийн үйлчлэл  сэргэх учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй харин нэмэгдүүлсэн гэж ойлгох нь зүйтэй”  гэх  тайлбруудыг   шүүх хуралдаан дээр гаргадаг ба  Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/385 тоот “газар  эзэмших  эрхийн  зарим хэсгийг  хүчингүй болгох тухай”  захирамжийн 2-р заалтаар маргаан бүхий дээрх захирамжийг хүчингүй болгосон/1хх-41-43,157, 161, 2хх / тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт дүгнэлт өгөх үндэслэлгүй.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох газрын албаны холбогдох албан тушаалтнуудаас  ирүүлсэн  баримтууд /1хх-211-222/  тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23ны өдрийн 0018 тоот хүчин төгөлдөр шүүгчийн захирамж /2хх-50-51/ зэргийг үндэслэн  Тогтох-Мандал ХХК-ийг гуравдагч этгээдээр татаагүй болно.

б/ Дундговь аймгийн Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 1-ний А/385 тоот “газар  эзэмших  эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: /1хх-43, 182, 184 /

Маргаан бүхий захирамжийн нэг дүгээр заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3-т заасныг үндэслэн Ч.Лд Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт/ хүнсний захын баруун урд талд байршилтай газрыг Ц.У, А.Ө  нараас шилжүүлэн авсан ба Ч.Лгийн  аймгийн Засаг даргын 2004 оны 2

дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар эзэмших байсан 480 мкв газартай нэгтгэн аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/566  дугаар “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжаар  үйлчилгээний зориулалттай 633 мкв га болгон эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулахдаа буруу тогтоож 38 мкв /0,0038/ га газрыг  үндэслэлгүйгээр давхцуулан газрын хэмжээг нэмсэн байна. Иймд иргэн Ч.Лгийн  газрын хэмжээг 595 мкв/ 0,0595/ га-аар тогтоон эзэмшүүлж үлдсэн 38 мкв/0,0038/ га газрыг хүчингүй болгосугай гэж  шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар /1хх-192/ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-ын 2, 33 дугаар зүйлийн 1-ийн 2, 38 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Лд худалдаа үйлчилгээний зориулалтаар 480,0 мкв газрыг, мөн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” тоот захирамжаар /1хх-6/ 480,0 мкв газар дээр 153 мкв-аар нэмж 633 мкв болгон өөрчилж эзэмшүүлжээ. Ингэж нэмэхдээ ямар баримтаар, ямар үндэслэлээр нэмэгдүүлж олгосон нь тодорхойгүй,  бусдын эрх ашгийг зөрчсөн буюу Тогтох  Мандал ХХК-ий газартай давхцуулан  газар олгосон болох нь Т ХХК-ий эзэмшиж буй гэх нэгж талбарын 18598070908726 дугаар бүхий 3961 мкв талбайтай газрын байршлын кадастрын зураг болон Ч.Лгийн эзэмшиж буй нэгж талбарын 185980070897676 дугаар бүхий 633м.кв талбайтай газрын байршлын кадастрын зургийг давхцуулахад байршлын хувьд 33 м.кв талбайтайгаар, дээрх байршлын кадастрын зургуудыг Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хадгалагдаж буй байр зүйн зурагт зураглагдсан маргаан бүхий газарт байрлаж буй контейнертэй давхцуулахад иргэн Лхагвасүрэнгийн эзэмшиж буй нэгж талбарын 18598070897676 дугаар бүхий 633 м.кв талбайтай газрын байршлын кадастрын зурагтай 8 мкв талбайгаар, маргаан бүхий газарт байрлаж буй контейнер нь Т ХХК-ний эзэмшиж буй гэх 4642 мкв талбайтай газартай байршлын хувьд 15 мкв талбайтайгаар тус тус давхцаж байна” гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газрын шинжээчдийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/140 тоот  дүгнэлтээр /2хх-10-14, кадастрын зургууд 2хх-15-18/, мөн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  “аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 дугаар захирамжаар 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Т ХХК-ий үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4517,5 мкв эзэмшил газарт тус компаний хашаан доторх контейнер орж байгаа нь харагдаж байна” гэх шинжээчийн дүгнэлт хавсралт зургуудаар /1хх-130-138, 211-221/ тус тус тогтоогдож байх тул дээрх дүгнэлтүүдэд заасан хэсгээр буюу мөн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 тоот “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжаар үндэслэлгүйгээр нэмж давхцуулан олгосон Ч.Лгийн эзэмшил газраас  хасаж,  засч  зөвтгөсөн нь  үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн А/24 тоот “нэгж талбарыг нэгтгэж эзэмшүүлэх тухай”, А/32 тоот “газар эзэмшүүлэх тухай”, А/566 тоот “эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжуудад тус тус гомдол гаргаж маргаагүй бөгөөд А/24 тоот “нэгж талбарыг нэгтгэн эзэмшүүлэх тухай” захирамжаар Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүнсний захын баруун урд талд байршилтай Ч.Л, Л.М 185.0 мкв/0,0185 га/ газар 111600120 нэгж талбар, мөн тус газарт байршилтай 84м2/0,0084 га/ 111600341 нэгж талбаруудыг нэгтгэж газрын хэмжээг 154 мкв/0,0154га/-аар тооцож эзэмшүүлж А/609 тоот “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/610 тоот “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай”  захирамж, газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү захирамжаар олгогдсон газрын хэмжээ  аймгийн Засаг даргын А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжаар олгогдсон газрын хэмжээнд  хамаарахгүй тусдаа хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа болно./1хх-201-208, 64, 65-115/  

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаад байгаа гол шалтгаан нь “акт шийдвэрээ тухай бүрт мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна, манай ээж уг захирамжийг хүлээн авах учиргүй”,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс” захирамж гарсан даруйд нь  Мын ээжид дэлгүүрт нь хүргэж өгсөн, хүлээн авсан”  гэх зэргээр маргадаг ба  энэ үндэслэлээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Ч.Лгийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмж олгосныг засч зөвтгөсөн аймгийн Засаг даргын А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон  газар эзэмших эрхийг  зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Лгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах “Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот “газар эзэмших эрхийн зарим хэсгийг  хүчингүй  болгох тухай”, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Маас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С