Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 81

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00598/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 711 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-д холбогдох,

          “Дархан авто замын засвар арчлалт ТӨХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин 1.963.636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний  хэргийг

          Хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгаланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гаас:

 “Би 2017 оны 03 сарын 09-ны өдрөөс жирэмсний амралтаа аваад 04 сарын 22-ны өдөр төрөөд, 06 сарын 22-нд жирэмсний болон төрсний дараах чөлөөтэй хугацаа дуусаад 1 сарын цалинтай чөлөө өгөөч гэхэд “... цалинтай чөлөө олгох боломжгүй 1 сарын цалингүй чөлөө олгоно” гэсэн. Жилийн дараа буюу 2018 оны 08 сарын 08-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажилд аваагүй, 2019 оны 01 сарын 07-ны өдөр захиралтай уулзахаар очиход бүх өргөдлөө нэгтгэж бичээд нарийн бичигт үлдээ гэсэн. Би бүх өргөдлөө нэгтгэж бичээд аавынхаа өвчтэй байсан түүхийг хүртэл хувилж өгсөн. 2019  оны 03 сарын 06-ны өдөр өргөдөл өгөхөд ч хариу өгөөгүй. Би дахин очиж уулзахад 2019 оны 5 сарын 6-ны өдөр танд 2020 он хүртэл чөлөө олгосон байна гэж хэлсэн. Одоо 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 2014 онд тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Одоо 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс хойш буюу хүүхэд маань 2 нас хүрснээс хойшхи цалин 1.963.636 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Анх гэрээ байгуулахад үндсэн цалин 600,000 төгрөг байсан. Намайг нярваар томилсон тушаалаа 2019 оны 05 сарын 06 өдөр надад өгсөн. Өмнө нь утсаар мэдэгдсэн гээд байдаг боловч надад мэдэгдэж байгаагүй. Нотлох баримт гаргуулах хүсэлтээс нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн гэрээ авчирсан байсан. Дэвтэр гаргуулах хүсэлт гаргасан боловч авчраагүй энэ хүсэлтээс татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-иас:

“2018 оны 04 сард Б- захиралтай уулзаж 2018 оны 06 сарын 22-ны өдөр ажилдаа орохоор болсон гэж байсан. Товлосон хугацаанд ажилдаа ирээгүй учир 10 хоног хүлээгээд утсаар холбогдож чадаагүй тул 2019 он хүртэл 3 жил чөлөө олгохоор тушаал гаргасан. 2018 оны 06 сарын тушаалд ажилд томилоод хүний нөөцөөр дамжуулж танилцуул гэж байсан боловч Б-д дээрх тушаалуудыг 2019 оны 05 сарын 06-ны өдөр би өөрөө танилцуулсан. Б- бол тус тушаалыг өмнө нь харж байгаагүй гэж байсан. Би өөрөө 2018 оны 01 сард ажилд орсон. Тухайн үед нь тус тушаалуудыг Б-д танилцуулсан баримт байхгүй. Гэхдээ 2018 оны 04 сард ажилдаа ор гэж тушаалаа гаргасан байж байгаад дахин чөлөө олгох тухай тушаалыг 2018 оны 07 сард гаргасан юм байна лээ. Б-тай холбогдож чадаагүй учир танилцуулаагүй. 2018 оны 06 сард ажилд томилсон боловч холбогдож чадаагүй тохиролцсон буюу зөвшилцсөн байсан учир тушаал гаргаад хүлээсэн. 2018 оны 08 сарын сүүлчээр холбогдсон. Б- нь жирэмсний амралт авахаас өмнө тооцооны нягтлангийн ажил хийж байсан. Гэхдээ санхүүч гэсэн тушаалаар ажиллаж байсан. Санхүүч нярав болон тооцооны нягтлан ч хийж болно” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9-т зааснаар Дархан авто замын засвар арчлалт ТӨХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-г урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Дархан авто замын засвар арчлал ТӨХК-ийн санхүүч /тооцооны нягтлан бодогч/-ын ажилд эгүүлэн тогтоож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 1.963.636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК нь давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  Нэхэмжлэгч Д.Б- 2018 оны 04 сарын 22-нд ажилд орох хүсэлт гарган, өөрийн биеэр ирж уулзаж 2018 оны 06 сарын 22-нд ажилдаа орохоор болсон. Д.Б-гийн ажилд томилох тушаал нь гарсан ба ажилд орох өдөртөө ирээгүй, гар утас нь холбогдохгүй байсан бөгөөд холбоо барьж чадаагүй. Ажилд томилсон тушаал гараад ажлын 12 хоног хүлээгээд ирээгүй бөгөөд байгууллагыг хүндэтгэн ямар нэгэн байдлаар холбоо бариагүй тул чөлөөг сунган хүүхдийг 3 нас хүртэл буюу 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөн гэрээт ажилтан авч гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Дархан Авто зам засвар арчлалт /АЗЗА/ ТӨХК-нд холбогдуулж, компани захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.963.636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК компани захирлын тэдгээр тушаалууд хуульд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-ний давж заалдсан гомдлоор зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэн, дараах үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Б- “Дархан АЗЗА” ТӨХК-нд 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн аж ахуйн нярваар, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь тус компани захирлын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажилд авах тухай”  42 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  24 дүгээр тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн 2017 оны 03 дугаар  сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авч, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан байна.

Маргаж буй 2 тушаалыг ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Б-д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зааснаар шүүхэд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хүүхэд асрах чөлөө авсан ажилтан нь ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч нь түүний урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ба ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтны хүүхэд асрах чөлөөг сунгах, чөлөө олгох эрхгүй, зөвхөн ажилтны өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгохоор хуульчилсан.

Гэтэл ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”,  2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, 106 дугаар зүйлийн 106.1-т” Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно...”, 106.2-т “Хүүхэд асоах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж тус тус заасныг  зөрчсөн, хуульд нийцээгүй эрхийн акт байна.

Дээрх тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-г “Дархан АЗЗА” ТӨХК-ний тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байсныг үндэслэж дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-ний нэхэмжлэгч Д.Б-г ажилд нь томилсоор байхад өөрөө байгууллагыг хүндэтгэж ажилдаа ирээгүй, 2020 оны 04 дүгээр сарын 22 хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон, оронд нь гэрээт ажилтан авч ажиллуулж байгаа гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. “Дархан АЗЗА” ТӨХК-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                           ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА