Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00598/и

                                

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг Хөтөл хороолол .... тоотод оршин суух .Д.Б/утас /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр багт байрлах “ДАЗЗА” ТӨХК-нд холбогдох

 

"ДАЗЗА ТӨХК-ний захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,963,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Би 2017 оны 3 сарын 9 өдрөөс жирэмсний амралтаа аваад 4 сарын 22 өдөр төрөөд 6 сарын 22 буюу жирэмсний болон төрсний дараах чөлөөтэй хугацаа дуусаад 1 сарын цалинтай чөлөө өгөөч гэхэд “... цалинтай чөлөө олгох боломжгүй 1 сарын цалингүй чөлөө олгоно” гэсэн. Жилийн дараа буюу 2018 оны 8 сарын 8 өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажилд аваагүй 2019 оны 1 сарын 7 өдөр захиралтай уулзахаар очиход бүх өргөдлөө нэгтгэж бичээд нарын бичигт үлдээ гэсэн. Би бүх өргөдлөө нэгтгэж бичээд аавынхаа өвчтэй байсан түүхийг хүртэл хувилж өгсөн. 2019 оны 3 сарын 6 өдөр өргөдөл өгөхөд ч хариу өгөөгүй. Би дахин очиж уулзахад 2019 оны 5 сарын 6 өдөр танд 2020 он хүртэл чөлөө олгосон байна гэж хэлсэн. Одоо 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох”, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “чөлөө олгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 2014 онд тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Одоо 2019 оны 4 сарын 22-ны өдрөөс хойш буюу хүүхэд маань 2 нас хүрснээс хойшхи цалин 1963636 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Анх гэрээ байгуулахад үндсэн цалин 600,000 төгрөг байсан. Намайг нярваар томилсон тушаалаа 2019 оны 5 сарын 6 өдөр надад өгсөн. Өмнө нь утсаар мэдэгдсэн гээд байдаг боловч надад мэдэгдэж байгаагүй. Нотлох баримт гаргуулах хүсэлтээс нийгмийн даатгалын дэвтэр болон Хөдөлмөрийн гэрээ авчирсан байсан. Дэвтэр гаргуулах хүсэлт гаргасан боловч авчраагүй энэ хүсэлтээс татгалзаж байна.” гэжээ.

 

Хариуцагч ДАЗЗА ТӨХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“2018 оны 4 сард Болортуяа захиралтай уулзаж 2018 оны 6сарын 22 өдөр ажилдаа орохоор болсон гэж байсан. Товлосон хугацаанд ажилдаа ирээгүй учир 10 хоног хүлээгээд утсаар холбогдож чадаагүй учир 2019 он хүртэл 3 жил чөлөө олгохоор тушаал гаргасан. 2018 оны 6 сарын тушаалд ажилд томилоод хүний нөөцөөр дамжуулж танилцуул гэж байсан боловч. Болортуяад дээрх тушаалуудыг 2019 оны 5 сарын 6 өдөр би өөрөө танилцуулсан. Болортуяа бол тус тушаалыг өмнө нь харж байгаагүй гэж байсан. Би өөрөө 2018 оны 1 сард ажилд орсон. Тухайн үед нь тус тушаалуудыг Болортуяад танилцуулсан баримт байхгүй. Гэхдээ 2018 оны 4 сард ажилдаа ор гэж тушаалаа гаргасан байж байгаад дахин чөлөө олгох тухай тушаалыг 2018 оны 7 сард гаргасан юм байна лээ. Болортуяатай холбогдох чадаагүй учир танилцуулаагүй. 2018 оны 6 сард ажилд томилсон боловч холбогдож чадаагүй тохиролцсон буюу зөвшилцсөн байсан учир тушаал гаргаад хүлээсэн. 2018 оны 8 сарын сүүлчээр холбогдсон. Д.Б нь жирэмсний амралт авахаас өмнө тооцооны нягтлангийн ажил хийж байсан. Гэхдээ санхүүч гэсэн тушаалаар ажиллаж байсан. Санхүүч нь нярав болон тооцооны нягтлан ч хийж болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ДАЗЗА ТӨХК-нд холбогдуулан тус байгууллагын захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу тус байгууллагын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,963,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал дээрх захирлын тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Д.Б нь ДАЗЗА ТӨХК-нд 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн аж ахуйн нярваар, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн санхүүч буюу тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Дархан авто зам засвар арчлалт ХК-ний захирлын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Дархан авто зам засвар арчлалт ТӨХК-ний захирлын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр “...Тооцооны нягтлан бодогч, сарын үндсэн цалингийн хэмжээ 600,000 төгрөг, хөдөлмөрийн хэвийн нөхцөл, хөдөлмөрийн гэрээ хугацаагүй...” гэж тохиролцсон зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүүхэд төрүүлж, хүүхдээ хоёр нас хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч Д.Б нь тус байгууллагын захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалыг эс зөвшөөрч, гомдол гаргажээ.

Дархан авто зам засвар арчлалт ТӨХК-ний захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, Төрийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Дондог овогтой Болортуяаг ажилд орох өргөдөл гаргасан тул 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн материал, шатахууны няраваар томилон ажиллуулахаар...”,

Тус байгууллагын захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1.1 дэх заалтуудыг үндэслэн Тус компаний материал шатахууны нярав Дондог овогтой Болортуяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоногоос дээш хугацаанд ажилдаа ирээгүй тул хүүхдийг нь 3 нас хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар ажлаас чөлөөлөхөөр” тус тус шийдвэрлэжээ.

Ажил олгогчоос дээрх 122, 132 дугаартай тушаалуудыг ажилтан Д.Бд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гаргасан Д.Бгийн ажилдаа орохыг хүссэн түүний хүсэлтүүд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үед тушаалуудыг Д.Бд танилцуулах гэсэн боловч түүний утас нь холбогдохгүй, түүнтэй холбоо барьж чадаагүй...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус заасан бөгөөд Д.Бгаас шүүхэд гомдлын шаардлага гаргах энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно...”, 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөө авсан ажилтан нь ажилдаа орох хүсэлт гаргасан бол ажил олгогч нь түүний эрхэлж байсан ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ба ажил олгогч нь өөрийн санаачлагаар ажилтны хүүхэд асрах чөлөөг сунгах, олгох эрхгүй, зөвхөн ажилтны өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгохоор хуульд заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...байгууллагын захиралтай Д.Б нь ирж уулзан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нярваар ажиллахаар тохиролцсон боловч тэрээр тохиролцсон өдрөө ажилдаа ирээгүй...” гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

ДАЗЗА ТӨХК –ний захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалууд нь хуульд заасан үндэслэлийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй эрхийн акт байх тул дээрх тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу тус байгууллагын санхүүч /тооцооны нягтлан бодогч/-ийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хүүхэд асрах чөлөөтэй байсан учир түүний ажилгүй байсан хугацааны цалин 1,963,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9-т зааснаар ДАЗЗА ТӨХК-ний захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай “Ажилд томилох тухай”, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу ДАЗЗА ТӨХК-ний санхүүч /тооцооны нягтлан бодогч/-ын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 1,963,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА