Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 82

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00555/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.А-ад холбогдох,

          “Гэм хор учруулсны хохиролд 1.423.360 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.А-гаас:

 “Миний бие нь Л.А-тай гэр бүлийн харилцаатай амьдарч байгаад 2013 онд Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. Гэвч Л.А- нь байнга дарамт шахалт үзүүлж, үр хүүхэд, миний эрүүл мэндэд байнгын аюул заналхийлэл учруулж, хүчирхийлэл үйлддэг байсан. 2015 оны 08 сарын 03-ны өдөр Дарханы Модны зах дээр байрлах ажлын байран дээр ирж, заазуур барин намайг ална гэж дайрч, ар нуруунаас заазуурдаж, толгой, мөр нуруунд 5-6 удаа заазуурдаж гэмтэл учруулсан. Тус үйлдэл нь ЭХТА-ийн 91 дүгээр зүйлд заасан хүний амийг санаатай алахыг завдсан гэх зүйлчлэлээр зүйлчлэн, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээс тус тус 4 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан.

Миний бие тухайн үед гэмтэл авснаасаа болж тархиндаа өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд А- нь ялаа эдэлж гарч ирсэн боловч миний хохирол төлбөрийг барагдуулахгүй дахин дарамталж сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулаад байна. Иймд миний бие өөрийн эрүүл мэндэд зориулсан эмчилгээ болон эм тарианы зардлыг Л.А-аас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

“Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 774.410 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэм хорын хохиролд 648.950 төгрөгийг нэмж, нийт 1.423.360 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үнийн дүн нэмэгдэж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл нэг юм.

Хариуцагч Л.А- нь 2015 оны 08 сарын 03-ны өдөр Ц.Ариунзаяаг заазуурдаж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Ц.А-гийн толгой байнга өвддөг болсон бөгөөд эмчилгээ хийлгэдэг байгаа. Шүүхэд нотлох баримтаар эмчилгээний зардлын баримтуудаа өгсөн байгаа бөгөөд нийт 1.423.360 төгрөгийн зардал гарсан байна. Иймд Гэм хор учруулсны төлбөр болох нийт 1.423.360 төгрөгийг хариуцагч Л.А-аас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Л.А-аас:

“Ц.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 08 сарын 03-ны өдрийн модны зах дээр болсон үйл явдлаас шалтгаалан Ц.А- нь одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа гэж байгаа боловч тухайн үед гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт, эрүүл мэндэд нөлөөлөхгүй хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн. Мөн намайг хоригдож байх хугацаанд хамтран амьдрагч Төмөрбаатарт зодуулаад толгойндоо гэмтэл авч байсныг хүмүүс хэлдэг. Одоо эд хөрөнгийн маргаан шүүхэд шийдвэрлүүлж байгаа бөгөөд үүнээс үүдэлтэй Төмөрбаатараас намайг зодуулчихаад үүнийгээ нуух зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэж үзэж байна.

... Хэдэн төгрөг нэхэмжилсэн ч би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь өөрчлөгдөхгүй тул шууд амаар тайлбар гаргаад шүүх хуралдаанд оролцох боломжтой. Иймд нийт нэхэмжилсэн 1.423.360 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн хариуцагч Л.А-ад холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд 1.423.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.А- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг болон холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Л.А- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 669 дүгээр шийдвэр нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн зөв шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Ц.А-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.А- хариуцагч Л.А-ад холбогдуулж, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.423.360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Л.А- тухайн үеийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ц.А-д учирсан гэмтлийг хөдөлмөрийн чадвар алдуулахгүй, хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн бөгөөд одоогийн хамтран амьдрагчдаа зодуулсныгаа нуух зорилгоор нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Алтантуяаг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Л.А-ыг нэхэмжлэгч Ц.А-гийн биед халдаж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хүнийг санаатай алахыг завдсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан ял ногдуулсан бөгөөд уг тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Л.А-аас хохирол 4.018.450 төгрөг гаргуулж хохирогч Ц.А-д олгохоор, үүнээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд 2.218.450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолын дагуу анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 112 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Дархан-Уул аймаг дахь ШШГА-аас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 19070135 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол үйлдэгдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Хэргийн 32 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 955 дугаартай дүгнэлтээр Ц.А-гийн биед хуйх язарсан, хүзүү, мөрөнд зүсэгдэж, зулгарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А- нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчилгээний төлбөр төлсөн баримт, эм, эмчилгээний хэрэгсэл авсан эмийн сангийн НӨАТ-ын баримт зэрэг нийт 1.423.450 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд баримт тус бүрээр үзвэл Амбулаториор эмчлүүлэгсдийн карт дахь эмчийн тэмдэглэл 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд, “Энх-Уламжлал” ХХК-д 2 удаа 433.000 төгрөг, нийт 866.000 төгрөг төлсөн баримт нь 2017 оны 12 дугаар сарын 12, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, эм, эмчилгээний хэрэгсэл авсан 5 баримт нь 2019 оны 05 дугаар 17, 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус хамаарч байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Л.А- Ц.А-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь цаг хугацааны хамаарлын хувьд хариуцагч Л.А-ын гэм хор учруулсан үйлдэлтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 2019 онд авсан эм, хийлгэсэн эмчилгээ нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр авсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч Ц.А-гийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.А- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

             

                               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                                                   ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ           

                                                                                                                      Л.АМАРСАНАА