Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00555/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. аймгийн .. сум, .. баг, ..тоотод оршин суух, Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймгийн .. сум, .. тоотод оршин суух, Л.А-д холбогдох,

 

“Гэм хор учруулсны хохиролд 1,423,360 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Л.А, иргэдийн төлөөлөгч П.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.А миний бие Л.Атай гэр бүлийн харилцаатай амьдарч байгаад 2013 онд Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. Гэвч Л.А нь байнга дарамт шахалт үзүүлж, үр, хүүхэд миний эрүүл мэндэд байнгын аюул заналхийлэл учруулж, хүчирхийлэл үйлддэг байсан. 2015 оны 08 сарын 03-ны өдөр .. дээр байрлах миний ажлын байран дээр ирж, заазуур барин намайг ална гэж дайрч, ар нуруунаас заазуурдаж, толгой, мөр, нуруунд 5-6 удаа заазуурдаж гэмтэл учруулсан. Тус үйлдэлд нь ЭХТА-ийн 91 дүгээр зүйлд заасан хүний амийг санаатай алахыг завдсан гэх зүйлчлэлээр зүйлчлэн, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээс тус тус 4 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан.

Миний бие тухайн үед гэмтэл авсан гэмтлээсээ болж тархиндаа өндөөрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд А нь ялаа эдэлж гарч ирсэн боловч миний хохирол төлбөрийг барагдуулахгүй дахин дарамталж сэтгэл санааны болон бищ махбодийн хохирол учруулаад байна. Иймд миний бие өөрийн эрүүл мэндэд зориулсан эмчилгээ болон эм тарианы зардлыг Л.Ааас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 774,410 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэм хорын хохиролд 648,950 төгрөгийг нэмж, нийт 1,423,360 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үнийн дүн нэмэгдэж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл нэг юм.

Хариуцагч Л.А нь 2015 оны 08 сарын 03-ны өдөр Ц.Аг заазуурдаж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Ц.Агийн толгой байнга өвддөг болсон бөгөөд эмчилгээ хийлгэдэг байгаа. Шүүхэд нотлох баримтаар эмчилгээний зардлын баримтуудаа өгсөн байгаа бөгөөд нийт 1,423,360 төгрөгийн зардал гарсан байна. Иймд Гэм хор учруулсны төлбөр болох нийт 1,423,360 төгрөгийг хариуцагч Л.Ааас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 08 сарын 03-ны өдрийн модны зах дээр болсон үйл явдлаас шалтгаалан Ц.А нь одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа гэж байгаа боловч тухайн үед гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт, эрүүл мэндэд нөлөөлөхгүй хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн. Мөн намайг хоригдож байх хугацаанд хамтран амьдрагч Төмөрбаатарт зодуулаад толгойдоо гэмтэл авч байсныг хүмүүс хэлдэг. Одоо эд хөрөнгийн маргаан шүүхэд шийдвэрлүүлж байгаа бөгөөд үүнээс үүдэлтэй Төмөрбаатараас намайг зодуулчихаад үүнийгээ нуух зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэж үзэж байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаатай танилцлаа. Хэдэн төгрөг нэхэмжилсэн ч би бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний зөвшөөрөхгүй байгаа үндэслэл өөрчлөгдөхгүй тул шууд амаар тайлбар гаргаад шүүх хуралдаанд оролцох боломжтой. Иймд нийт нэхэмжилсэн 1,423,360 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                

                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Л.Аад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1,423,360 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд анх 774,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн үнийн дүнг 648,950 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,423,360 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын “нэхэмжлэлийн үнийн дүн нэмэгдэж байгаа хэдий ч үндэслэл өөрчлөгдөөгүй тул хариуцагчид танилцуулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үндэслэлтэй” гэсэн тайлбар, хариуцагч Л.Аын “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан, би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэл өөрчлөгдөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл мөн өөрчлөгдөөгүй байгаа тул энэ асуудлаар хугацаа авч, тайлбар гаргах шаардлагагүй, шүүх хуралдаан дээр тайлбараа гаргаад явах боломжтой” гэсэн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдөөгүй, зөвхөн үнийн дүн өөрчлөгдсөн байгаа зэргийг үндэслэн хариуцагч Л.Аад энэхүү шаардлагыг гардуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Мөн хариуцагч Л.А шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаад шүүх хуралдааны товыг 2019 оны 07 сарын 08-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.  

 

Хариуцагч Л.Аыг 2015 оны 03 сарын 04, 2015 оны 08 сарын 03-ны өдрүүдэд Ц.Агийн биед халдаж, тус тус  хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлүүдэд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 4 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 03 сар баривчлах ялаар тус тус шийтгэжээ.

Мөн тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Л.Ааас хохирол 4,018,450 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал нийт 2,218,450 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх шийтгэх тогтоолд заасан хариуцагч Л.Аын гэм буруутай үйлдлээс шалтгаалсан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилж байна гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, “Энх-Уламжлал” ХХК-д 433,000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлсөн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, 2019 оны 05 сарын 17-ны өдрийн нийт 116,850 төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний хэрэгсэл авсан эмийн сангийн НӨАТ-ын баримт /3 ширхэг/, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн нийт 341,410 төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний хэрэгсэл авсан тухай эмийн сангийн НӨАТ-ын баримт, 2019 оны 06 сарын 04-ны өдрийн “Энх-Уламжлал” ХХК-д эмчилгээний төлбөрт 433,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 99,100 төгрөгийн эм, эмчилгээний хэрэгсэл авсан тухай 2019 оны 06 сарын 08-ны өдрийн “Монос” эмийн сангийн НӨАТ-ын баримт зэрэг нийт 1,423,360 төгрөгийн үнийн дүнтэй баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.Агийн шүүхэд нотлох баримтаар өгсөн дээрх эм авсан, эмчилгээ хийлгэсэн төлбөр төлсөн баримтууд нь 2019 оны баримтууд байх бөгөөд Ц.Агийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картан дахь эмчийн тэмдэглэл нь 2013 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 03 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.А нь нэхэмжлэгч Ц.Агийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримт болсон 2015 оны 08 сарын 03-ны өдрөөс хойш эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, нэхэмжлэгч Ц.Агийн “...тухайн үед авсан гэмтлээсээ болж, тархиндаа өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2019 онд авсан эм, хийлгэсэн эмчилгээг 2015 оны 08 сарын 03-ны өдөр авсан гэмтлийн улмаас авсан эм, хийлгэсэн эмчилгээ гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.  

Энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Ц.Алтанбатын гэм хор учруулсан үйлдэлтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Агийн хариуцагч Л.Аад холбогдуулан гаргасан, гэм хор учруулсан хохирол нийт 1,423,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Хүрэлбаатар “...Ц.Агийн гэмтэл нь хөнгөн гэмтэл, дараа нь өөр хүнд зодуулсан гэж байгаа тул Л.Ааас эмчилгээний зардал гаргах шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргасныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн хариуцагч Л.Аад холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд 1,423,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.А нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.НЯМБАЗАР

                                                                                    З.ТУНГАЛАГМАА