Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 83

 

Хөтөлийн Цемент шохой ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00384/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Хөтөлийн Цемент шохой ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Асгат улаан хайрхан ХХК-д холбогдох

"34.832.799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

            Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандин-Эрдэнэ, Б.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хөтөлийн Цемент шохой ХК-иас:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хариуцагч талд 2000 тонн гөлтгөнө нийлүүлэх, хариуцагч нь хариуд нь гэрээний үнийн дүн болох 197.440.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай талаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Гөлтгөнө тухай бүр ирсний дараа ажлын 5 хоногт багтаан төлбөрийг хийнэ гэж заасны дагуу 103.596.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт Худалдаг тал нь энэхүү гэрээний дагуу тохиролцсон хэмжээний гөлтгөнийг худалдан авагч талд бүрэн нийлүүлнэ гэж заасан боловч, хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гөлтгөнийг нийлүүлээгүй, урьдчилж төлсөн гөлтгөнийн төлбөрийг буцаан төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гөлтгөнө нийлүүлэх, урьдчилж шилжүүлсэн нийлүүлэгдээгүй гөлтгөнийн төлбөрийг буцаан төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг удаа дараа илгээсэн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байна.

Хариуцагч нь өөрийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлж барагдуулах тухайгаа ч албан тоотоор илэрхийлсэн байдаг. Талуудын төлөөлөл хамгийн сүүлийн байдлаар буюу 2015 оны 1 дүгээр сард үйлдсэн тооцоо нийлсэн акт-аар хариуцагчийн төлөх ёстой төлбөр нь 34.832.799,59 төгрөг болсон гэдгийг баталгаажуулсан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Асгат улаан хайрхан ХХК-иас:

Хөтөлийн Цемент шохой ХК-тай 2014 онд гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажилласан ба тухайн үед юанийн ханш, жин тонн, үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэн. Одоо тус компани санхүүгийн чадваргүй болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Асгат улаан хайрхан ХХК-иас 34.8432.799,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цемент шохой ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.114 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Асгат улаан хайрхан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 332.114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цемент шохой ХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганбат давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч талтай 2014 онд гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажилласан ба тухайн үед юанийн ханш, жин тонны зөрүү гарч үнийн алдагдал хүлээсэн. Тухайн үед Хөтөлийн Цемент шохой ХК-ийн хуулийн зөвлөх компанийн өр нэхэж нийт 4.500.000 төгрөг авч компанийн төлбөрөөс хасна гэж хэлсэн боловч нийт төлбөрөөс хасагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хөтөлийн Цемент шохой ХК шүүхэд нэхэмжлэл гаргаж 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Гөлтгөнө худалдах ,худалдан авах гэрээний дагуу Асгат улаан хайрхан ХХК-д төлсөн 34.832.799,59 төгрөгийг буцааж гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...юанийн ханш, жин, тонн, үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэн. Одоо тус компани санхүүгийн хувьд төлбөрийн чадваргүй болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй... гэж маргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Талууд гөлтгөнө худалдах, худалдан авахаар тохирч 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ХХГ 14\15 тоот гэрээ байгуулсан \хэргийн 5 дугаар тал\, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

            Зохигч нар байгуулсан гэрээний үүрэгт Асгат улаан хайрхан ХХК нийт 2000 тонн гөлтгөнө нийлүүлэх, Цемент шохой ХХК 120 тонн гөлтгөнийг 110.000 төгрөгт, цаашид нийлүүлэх гөлтгөнийг 98.000 төгрөгөөр тооцож авах үүрэг хүлээсэн байна.

            Хэрэгт авагдсан баримтаар худалдагч 591,95 тонн гөлтгөнө нийлүүлсэн, худалдан авагч 103.596.000 төгрөг нийлүүлсэн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 34.832.799,59 төгрөг болох нь тогтоогдсон, уг шаардлагын агуулга нь худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагч тал татгалзаж, гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан гаргуулах гэсэн шаардлага байна.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны харилцааг зохицуулсан хуулийн холбогдох заалтыг худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх тухай заалтыг хэрэглээд харин гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар, үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзахтай холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

            Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 34,8432,799.59 гэж техникийн алдаа гаргасныг мөн залруулах боломжтой гэж дүгнэв.

            Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт үндэслэж түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэлгүй байна.

            Түүнчлэн хариуцагч нь 4.500.000 төгрөгийг өгсөн талаар давж заалдах гомдолд дурдаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир төлбөрийн хэмжээнээс хасч тооцох боломжгүй.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэсэн заалт нэмэж, 34,8432,799.59 гэснийг 34.832.799,59 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ