Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00384/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Үйлдвэрийн 1 дүгээр район, Компанийн өөрийн байранд байрлах ХЦШ ” ХК /РД: ../-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, Мангирт, .. тоотод байрлах, АУХХХК /РД:4249682/-д холбогдох,

 

“34,382,799.59 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХЦШ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Гөлтгөнө худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хариуцагч талд 2000 тонн гөлтгөнө нийлүүлэх, хариуцагч нь хариуд нь гэрээний үнийн дүн болох 197,440,000 /нэг зуун ерэн долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай талаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Гөлтгөнө Хөтөл нөхцөлөөр тухай бүр ирсний дараа ажлын 5 хоногт багтаан төлбөрийг хийнэ” гэж заасны дагуу 103,596,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт “Худалдаг тал нь энэхүү гэрээний дагуу тохиролцсон хэмжээний гөлтгөнийг худалдан авагч талд бүрэн нийлүүлнэ” гэж заасан боловч, хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гөлтгөнийг нийлүүлээгүй, урьдчилж төлсөн гөлтгөний төлбөрийг буцаан төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гөлтгөнө нийлүүлэх, урьдчилж шилжүүлсэн нийлүүлэгдээгүй гөлтгөний төлбөрийг буцаан төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг удаа дараа илгээсэн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байна. Хариуцагч нь өөрийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлж барагдуулах тухайгаа ч албан тоотоор илэрхийлсэн байдаг. Талуудын төлөөлөл хамгийн сүүлийн байдлаар буюу 2015 оны 1 дүгээр сард үйлдсэн “тооцоо нийлсэн акт”-аар хариуцагчийн төлөх ёстой төлбөр нь 34,832,799.59 гэдгийг баталгаажуулсан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болох “ЦШ” ХК-д дараах үндэслэл бүхий шаардах эрхүүд үүсээд байна. Үүнд:

1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийн дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ бөгөөд “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу энэхүү гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг болон төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчээс хугацаа тогтоож гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцалж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 34,832,799.59 төгрөгийг нэхэмжлэх,

2. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан “Тооцоо нийлэх гэрээгээр талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж тооцоо нийлэх гэрээг тодорхойлсон. Талуудын баталгаажуулсан тооцоо нийлсэн акт нь тооцоо нийлэх гэрээ байх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт “тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар үлдэгдлийг төлөх шаардах эрх үүснэ” гэж заасны дагуу хариуцагчаас тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үнийн дүнг нэхэмжилж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Гөлтгөнө худалдах, худалдан авах” гэрээний төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч АУХХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...ХЦШ ” ХК-тай 2014 онд “Гөлтгөнө худалдан авах” гэрээ байгуулж ажилласан ба тухайн үед юанийн ханш, жин тонн, үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэн. Одоо тус компани санхүүгийн чадваргүй болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦШ ХК нь хариуцагч АУХХХК-нд холбогдуулан 34,832,799.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч АУХХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч ЦШ ХК, хариуцагч АУХХХК нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ХХГ14/15 тоот Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч АУХХХК нь 2000 тн гөлтгөнө худалдахаар, нэхэмжлэгч ЦШ ХХК нь хөтөл нөхцөлөөр 120 тонн гөлтгөнийг 110,000 төгрөгөөр авах ба цаашид нийлүүлэх гөлтгөнийг 98,000 төгрөгөөр авах буюу нийт 197,440,000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохиролцсон ба гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар талууд гэрээндээ тусгасан байна.

Талуудын дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зохигчдын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй, худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ЦШ ХК нь дээрх байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ХХГ/14/15 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт нийт 103,596,000 төгрөгийг шилжүүлснээс 591,95 тонн буюу 59,496,100 төгрөгийн гөлтгөнө авч, үлдэх 44,099,900 төгрөгөнд гөлтгөнө аваагүй болох нь хэрэгт авагдсан ЦШ ХК-ний “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг , ЦШ ХК, АУХХХК нарын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/233 тоот ...компаниас авах авлагын дансны үлдэгдлийг доорх байдлаар баталгаажуулах хүсэлт, ЦШ ХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/04 тоот албан бичиг, АУХХХК –ний 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...манай компани нь санхүүгийн хүндрэл бусад байгууллагаас авах авлага барагдахгүй байгаатай холбогдон гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнд хүлцэл өчье. Цаашдаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа болно. Иймд бидний байдлыг харгалзан үзэж дараах саналыг хүлээн авна уу.

         1. 98,000 төгрөгөөр гөлтгөнө нийлүүлэх 2015 оны 08 дугаар сарын 20-ноос, 2. Тоосны хамгаалалттай ажлын маск нэг бүрийн үнэ 1200 төгрөгөөр 20,000 ширхэг, 3.Ус зөөлрүүлэгч Q2 1 тн-ыг 45,000,000 төгрөгөөр тус тус тооцон өглөгийн үнийн дүнд тохируулан төлөх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...ЦШ ХК нь урьдчилгаа төлбөрт 103,596,000 төгрөгийг өгөөгүй, одоо төлөх төлбөр байхгүй...” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

         Хариуцагч АУХХХК нь 9,267,099.99 төгрөгийн үнэтэй бараа /КУ-2-26тн/-г нэхэмжлэгч ЦШ ХК-нд 2016 онд өгч, үлдэх 44,099,900 төгрөгөөс хасуулж тооцуулан, 34,832,799.59 төгрөгийн үлдэгдэл өртэй үлдсэн болох нь зохигчдын хоорондын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

         Талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актаар “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх компаниудын хооронд үүссэн тооцоог хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ЦШ ХК нь АУХХХК-аас 34,832,799.59 төгрөгийн авлагатай гарсныг харилцан батлав...” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хуульд заасан дээрх худалдах худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч талууд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөрийг баталгаажуулсан байна.

         Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-т “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно.

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч АУХХХК-иас 34,8432,799.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЦШ ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    

 1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч АУХХХК-иас 34,8432,799.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЦШ ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,114 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АУХХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 332,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЦШ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА