| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0492/э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 096.1., 099.1., |
| Улсын яллагч | С.Б, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,
улсын яллагч С.Баттамир,
хохирогч Ш.З
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2017 2501 0940 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 гудамж, 648 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:НД81041372/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч Ш.З толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой 10-11 цагийн үед эгчийн хүүхэд гараад дэлгүүр ороод ирье гээд гарсан. Гэтэл гаднаас 2 хүнд хөөгдөөд аллаа, хядлаа гээд гүйгээд ирсэн. Би гадаа нүүрс хагалаад сууж байсан. Болдбаатарыг бол би цохиогүй. Би нэг хүн сандарсандаа цохисноос 2 хүн цохиогүй. Би байцаагчид мөн энэ талаараа хэлсэн. Нэг л хүн цохисон би тэрийгээ мэдэж байгаа. Манай хашаа харанхуй байсан, тиймээс толгойгоо цохиулчаад ороод ирсэн ч байж болно би мэдэхгүй. Би нэг л хүн цохисон нь үнэн. Манайх Баялаг Ундраагийн цахилгаан барааг харж энэ өвөл өвөлжсөн. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч Ш.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байсан. Манай эхнэр талийгч болоод удаагүй байсан. Солонгосоос хүн 100 гаран вон өгсөн байсан. Тэрийг Болдбаатарыг солиулаад ирээрэй гэсэн. Тэр үед хаалга цоожгүй эвдэрсэн байсан. Би гарах үедээ түрийвчээ ширээн дээр тавиад мартаад гарчихсан байсан. Гарчаад ирэхэд хүүхэд үүдэн дээр зогсож байсан. Тэгтэл Болдбаатар мөнгө байхгүй байна гэсэн. Тэр хүүхэд гүйгээд явчихсан, бид хоёр араас нь ирсэн. Тэгээд Болдбаатар настай хүний мөнгийг өг гэсэн чинь Болдбаатартай тэр хүүхэд ганц нэг гар зөрөлцсөн. Нэг мэдэхэд Болдбаатарыг цохисон. Би боль гээд салгах гэхэд намайг цохисон. Тэр үед эргүүлийн цагдаа ирсэн. Тэгээд гэмтэл орсон. Биеийн байдал харьцангүй сайн байгаа. Сар болоод ажилдаа орсон. Хохирлоо барагдуулсан. Гурван хүүхэдтэй залуу хүний амьдралыг бодож байна. Гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн эгч Наранцэцэгийн хүү Амарбаатар гэрт ирэхдээ 1 литрийн Нийслэл пиво 1 ширхэгийг барьж ирээд бид хувааж уусан. Эхнэрийг ирсний дараа 19 цагийн үед гэрт усгүй болчихоор нь ус авах гээд худаг руу Амарбаатартай хамт явж байсан чинь Амарбаатар та түрүүлээд орж бай гээд үлдсэн. Ингээд удалгүй араас Амарбаатар нэг шил 0.33 литрийн Улаанбаатар архи авч ирэхээр нь бид хувааж уусан. Архи уугаад дуусаж байхад Амарбаатар дэлгүүрээс ундаа аваад ирье гээд гарсан. Би гэрийн хаалганы хажууд байсан сүхийг авч гараад үүдний амбаарт байсан том нүүрсүүдийг сүхээр цохиод хагалж байсан чинь Амарбаатар гаднаас хоёр эрэгтэй хүнд хөөгдөөд орж ирэхээр нь би сүхээ барьчихсан “боль та нар, юу болоод байгаа юм” гэсэн чинь залуувтар хүн нь намайг цохисон. Амарбаатар тэр залууг зөрүүлээд гараараа цохисон. Ингээд голоор нь салгах гээд зогсож байсан чинь арай настайвтар хүн нь над дээр ирээд хажуунаас цохихоор нь айлгах санаатай далайсан чинь толгой руу нь сүхний иш хэсгээр хүчтэй цохичихсон. Ингээд маргалдаад зарим нэгнийх нь толгойноос цус гараад хашаанаас гарсан...” гэх мэдүүлэг. /хх 65-68 дугаар хуудас/,
Хохирогч Ш.З мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 237.000-238.000 төгрөгтэй түрүүвч тэр чигээрээ байхгүй байхаар нь хувцсандаа үзээд байж байсан чинь Болдбаатар гаднаас орж ирсэн. Би мөнгөө олохгүй байна гэж хэлээд хайж байгаад цүнхний хажуу талын хармаанд түрүүвч байж байхаар нь Болдбаатар дээр очиж мөнгөө олчихлоо гэж хэлчихээд буцаад мөнгөө доор ил орхисноо санаад манаачийн байран дээр ирсэн чинь үүдэнд нэг залуу зогсож байсан. Нөгөө залууг манаачийн байр руу дагуулж ороод түрүүвчээ үзсэн чинь мөнгө нь байхгүй түрүүвч нь хоосон байсан. Ингээд Болдбаатар араас орж ирээд нөгөө залууг барьж аваад чи мөнгө гаргаж өг гэсэн чинь би тийм мөнгө аваагүй гээд шууд гарах гээд байхаар нь цуг дагаад явсан. Тэр залуу нэг хашаа руу дагуулж ороод буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гарч ирсэн. Болдбаатар тэр хашаанд ороод жоохон согтуу байсан болохоор энэ хөгшин хүний мөнгийг өг гээд тэр залуутай маргалдаад нэгэнтэй нь барьцалдаад авсан. Тэгээд нэг нь сүх барьчихсан байхаар нь би гүйж очоод салгах гэсэн бөгөөд Болдбаатарын толгой руу цохисон байх шиг байсан. Голоор нь ороод салгах гэхэд тэр сүх нь цээж рүү цохих шиг болсон ба надтай нэг нь барьцалдаад зууралдаад байсан...” гэх мэдүүлэг. /хх 24-28 дугаар хуудас/,
Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Загдсүрэн нөгөө залууг бариад харанхуй хашаа руу ороод шууд байшингийн хаалгыг нь татсан чинь урдаас эмэгтэй, эрэгтэй хүн гарч ирсэн. Би шууд та нар настай хүний мөнгийг өгчихөөч яах гэж авсан юм гэж хэлсэн чинь цаанаас гарч ирсэн нэг залуу та нар өөрсдөө авсан юм байгаа биз гэж хэлээд шууд намайг гараараа нүүр рүү цохиод авсан. Ингээд тэр залуутай барьцалдаж байхад араас нэг нь ирээд толгой руу цохиод авсан...” гэх мэдүүлэг. /хх 30-34 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Наранцацралын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэртээ аав Баяртогтох, ах Амарбаатар нарын хамт байж байсан чинь ээж орой жаахан архи уучихсан ирсэн. Ингээд би унтаад сэрсэн чинь аав намайг миний охин даарч байна уу гээд хаалганы хажууд, буланд байсан сүхийг аваад гадаа гараад нүүрс хагалсан. Би хажууд нь зогсож байсан чинь аав миний охин ор ор даарчихна гэж хэлээд оруулсан. Гэр дотор байж байсан чинь хүмүүс гадаа хашгиралдаад байхаар нь айгаад хөнжил дотроо ороод хэвтсэн чинь унтчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 36 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹3298 дүгнэлтэд “З биед баруун зулай ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд шарх, цээжинд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх 42 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3428 дүгнэлтэд “П.Б биед дагзны хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 45 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №549 дүгнэлтэд “Б.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийгөө удирдан хянах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх 51-53 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 23 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх 78-91 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч Ш.З толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Ш.З мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…тэгээд нөгөө залуутай чи мөнгө авсан өөр хэн авдаг юм гээд хэрэлдээд дагаад яваад байсан чиньнэг хашаа руу дагуулж ороод нөгөө залуу байшин руугаа орсон. Буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гарч ирсэн. Тэгээд над дээр нэг залуу нь ирсэн. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед пижигнэлдээд байхаар нь айгаад, сандараад доошоо тонгойсон чинь араас нэг нь цохиод авсан. Тэгээд би босох гэсэн босож чадахгүй өндийх гээд байж байсан эргүүлийн машинтай цагдаа ирж таарсан. Тэгээд тэр 2 залууг машинд суулгаад аваад явсан. Болдбаатарын толгойноос нь цус гарч байсан. Хэнд цохиулсаныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 хуудас/,
Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Загдсүрэн нөгөө залууг бариад харанхуй хашаа руу ороод шууд байшингийн хаалгыг нь татсан чинь урдаас эмэгтэй, эрэгтэй хүн гарч ирсэн. Би шууд та нар настай хүний мөнгийг өгчихөөч яах гэж авсан юм гэж хэлсэн чинь цаанаас гарч ирсэн нэг залуу та нар өөрсдөө авсан юм байгаа биз гэж хэлээд шууд намайг гараараа нүүр рүү цохиод авсан. Ингээд тэр залуутай барьцалдаж байхад араас нэг нь ирээд толгой руу цохиод авсан. ...Би 10 хоноод толгойдоо тавиулсан оёдлоо авхуулсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг. /хх 30-34 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹3298 дүгнэлт, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3428 дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б холбогдох Ш.З биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, П.Б биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч Б.Б ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Ш.З нь хохиролд 800.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.