Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Уянга /томилолтоор/,

Ялтан Б.Б өмгөөлөгч З.Шүрэнчулуун

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Б, ялтны өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б холбогдох эрүүгийн 201725010940 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18 -ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б.Б, 1981 оны 4 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

Б.Б нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б толгойн тус газарт сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч Ш.З толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Б хохирогч Ш.З эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, хохирогч П.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б.Б бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оноосон 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжаар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял” гэж бичсэнийг “Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял” гэж залруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, энэ тогтоолд ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан захирамж гаргажээ.

                Ялтан Б.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие ажил хийж эхнэр болон 3 хүүхдийнхээ хичээл сургуулийн болон сургалтын төлбөрийг төлдөг, мөн хохирогч Ш.З эвлэрэн эмчилгээний төлбөрийг нь барагдуулан, эвлэрч, хохирол гомдолгүй болгосон. Иймд энхэр, хүүхдүүд маань хоол, унааны мөнгөгүй хэцүү байдалтай байгаа байдлыг харгалзан үзэж сонсгосон ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...  ” гэжээ.

            Ялтны өмгөөлөгч З.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн боловч хэрэг хууль хэрэгжих хугацаанаас хойш шийдвэрлэгдэж байгаа тул Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэргийг шийдвэрлэхээр заасан байна.  Б.Б нь П.Б биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу энэ гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарагдах бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдлыг харгалзан 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байхад шүүх хуулийг буцаан хэрэглэлгүй түүнд ял оногдуулсан. Б.Б нь Ш.З гэдэг хүнд хохирол учруулсан үйлдлийн тухайд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт уг гэмт хэрэгт 5-аас дээш 7 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр заасан, харин Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэрэгт 2-оос 8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон тохиолдолд “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” тул 2 жилээс бага ял оногдуулах бүрэн боломжтой юм. Гэтэл шүүх эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зөрчин 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 998 дугаартай захирамжаар залруулга хийсэн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдааг залруулах”-аар заасан байдаг бөгөөд энэ үгийг андуурч бичсэн, үсэг, тоо, үнийн дүн зэргийн заримыг орхигдуулах буюу андуурсан зэрэг тохиолдлын шинжтэй алдааг залруулж болохоор заасан байтал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй сонгон хэрэглэх хууль хэрэглээний заалтыг хэрэглэсэн мэтээр нэмж залруулсан нь хууль зөрчсөн шийтгэх тогтоол болсон байна. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу техникийн шинжтэй алдаанаас бусад тохиолдолд дээд шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах ёстой байтал дээд шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү  ...” гэжээ

Прокурор Д.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтны өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой,  хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй  байна.

Анхан шатны шүүх  шийтгэх тогтоолдоо  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б хэргийг зүйлчилж ял оногдуулж буй   үндэслэлээ тодорхой заагаагүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулсан боловч хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Шүүгч энэ талаар 2017 оны 8 сарын 30-ны 998 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах” тухай захирамж гаргаж  “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1” гэсэн заалтыг  оруулж залруулга хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдааг залруулах”-аар заасан байдаг бөгөөд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эсвэл хэрэглээгүй тохиолдолд нөхөн хэрэглэх  хуулийн заалт байхгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжийг тус тус  хүчингүй болгож, Б.Б холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэх болсон тул ялтан Б.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэлгүй орхисныг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож Б.Б холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ