Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/62

 

А.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч А.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр А.*******т холбогдох эрүүгийн 2115000630226 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй,

А.******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн П.Нэргүйн эрүүл мэндэд баруун зүүн чамархай, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, элэгний няцрал, баруун талд 2, 3, 4-р хавирга, зүүн талд 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, баруун зуун чамархайн хуйх, баруун зүүн хацар, шууны баруун зүүн гарын сарвуу, цээж, хэвлий, зүүн өвдөг, шилбэ, зүүн хөлийн сарвуу, баруун бугалга, тохой, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, цээж, хэвлий, баруун зүүн гуя, өвдөг, баруун хөлийн сарвуунд олон тооны зулгаралт, зүүн шанаа, чихний дэлбэн, хацар, гуя, өвдөг, цээж, хэвлий, баруун гуя, хөлийн сарвуунд олон тооны цус хуралт бүхий хүнд хохирол учруулан, улмаар П.Нэргүй нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан буюу зам тээврийн ослын улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас хоёр / 02 / жилийг хасаж түүнийг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 732812 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ийн лицензийн төв хүргүүлж эрхийг хасуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02665609 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.*******т хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч А.*******ын эзэмшлийн Honda Insight маркийн 68-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 32 инчийн sharp нэртэй LCD зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу шүүгдэгч А.*******т буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичиж байна.

Үүнд:

1. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан нэмэгдэл болон үндсэн ялын аль алиныг нь оногдуулж байгаа нь тодорхойгүй хууль буруу хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр /02/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Хэрэв шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж эрх хасаж байгаа бол үндсэн ял болох хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасныг мөн давхар журамлах ёстой байсан эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэгдэл болон үндсэн ялыг нэгэнт оногдуулахаар хуульчилсан байхад ял оногдуулахдаа “эрх хасах ялын тодорхойлолт” болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийг журамлах шаардлага байхгүй учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл гэснийг хасуулах.

2. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.

Учир нь шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 02 жилийг хасаж, түүнийг ялаас чөлөөлсүгэй” гэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл болон үндсэн ял оногдуулсан шүүгдэгчийг ялаас чөлөөлж байгаа бол ялаас бүхэлд нь чөлөөлж байгаа юу эсхүл аль нэг төрлийн ялаас чөлөөлж байгаа юу гэдгийг тогтоолд тодотгож бичээгүйгээс ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсч байна. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт ялаас чөлөөлсүгэй гэсний өмнө хорих ялаас гэж оруулах.

3. Мөн тухайн шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийн дугаар нь 2115000630226 байхад 2015000630226 гэж өөр хэргийн дугаар бичсэнийг үндсэн эсэргүүцлийн хамт дурдах нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч А.*******т холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно.Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт өөрийн эзэмшлийн 68-40 УБИ улсын дугаартай, “Honda insight” маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн П.Нэргүйн бие махбодид хүнд хохирол учруулан, улмаар П.Нэргүй нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 36-37,93 дугаар талд тус тус авагдсан хохирогчийн төлөөлөгч Г.Хатанбаатарын мэдүүлэг, 49-50 дугаар талд авагдсан гэрч Г.Мягмарбаярын мэдүүлэг, 49-50,137-142 дугаар талд тус тус авагдсан Булган аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 20 дугаар, техникийн шинжээчийн 4 дугаар дүгнэлтүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч А.******* гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн, гэм буруугийн асуудлаар маргаангүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч А.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...5.6 дугаар зүйлд заасныг давхар журамлах 5.7 дугаар зүйл гэж бичсэнийг хасах..., “түүнийг ялаас чөлөөлсүгэй” гэснийг хорих ялаас бүрэн чөлөөлүүлэх... эрүүгийн хэргийн дугаарыг 2115000630226 болгон зөвтгөх...” агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хэргийн дугаарыг “2015000630226” гэж буруу бичсэн техникийн алдааг “2115000630226” гэж зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн” гэсний дараа “5.6 дугаар зүйлийн 1” гэж,

3 дахь заалтад “түүнийг” гэсний дараа “хорих” гэж, “ялаас” гэсний дараа “бүрэн” гэж тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН