Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/63

 

Ө.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогчийн төлөөлөгч Б.Баднаанямбуу, Л.Ням, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар

Шүүгдэгч Ө.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Мэндээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ө.*******т холбогдох эрүүгийн 1914005990114 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эгч, 2 дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******,

Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг Есөнгийн хойд уул гэх газарт Ж.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ж.*******ийн цээж болон толгойн тус газар нь хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас олон хавирганы шууд болон шууд бус хугарал, элэгний няцрал, хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дагзны дэлбэнгийн доорх цус харвалт зэрэг гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг арван / 10 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ө.*******т арван / 10 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.*******ын энэ хэргийн учир 143 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Энэ хэргийн учир шүүгдэгч Ө.******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч нараас нэхэмжилсэн 13 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэлээ дахин гаргах эрхтэй дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар дээл 1 ширхэг, гутал 2 хос, архины шил дотроо дундуур шингэнтэй 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг   тоос    шорооны хамгаалалтын баг даавуун 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын маскан баг 1 ширхэг, ажлын бээлий 1 хос, цагаан өнгийн даавуун хөлийн жийрэг 1 ширхэг зэрэг зүйлсийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч Ж.*******ийн эзэмшлийн гэх мотоциклийг хохирогч Л.Нямд, дуранг хохирогч Б.Баднаанямбууд хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ө.*******ын эзэмшлийн 8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг 8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ө.*******т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.*******т авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Тус шийтгэх тогтoолоор миний үйлчлүүлэгч Ө.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ө.*******ын хувьд үйлдсэн хэргийнхээ талаар анх удаа мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Тус хэрэгт хохирогчийн ар гэрээс 25 сая төгрөг баримтгүй нэхэмжилсэн бөгөөд Ө.*******ын ар гэрээс 12 сая төгрөгийг оршуулгын зардалд сайн дураараа төлсөн. Өмгөөлөгчийн хувьд Ө.*******ыг анх удаа гэмт хэрэгт тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас холбогдсон гэж үздэг бөгөөд үйл явдал болоход амь хохирогчтой мотоциклоор явж байхад хохирогч Ж.******* нь Ө.*******ыг араас нь татаж чангаах, хоолойг нь боох толгой руу нь цохих зэрэг агсамнах үйлдлэл гаргахад түүний хариуд түүнийг нэг тугтран, 2-3 өшиглөснөөс үүдэн хохирогч нас барсан байдаг.

Өөрөөр хэлбэл хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор байна.

Миний үйлчлүүлэгч нь “....амь хохирогчийг хэргийн газар санаатай орхиогүй, тухайн үедээ нас барчихна гэж бодоогүй, гутал нь байхгүй байхаар нь олохоор яваад эргэж ирэхэд нь байхгүй байсан..” тул гутлыг нь орхиод явсан байдаг. Харин өөрөө Цагдаагийн байгууллагаас маш их айсан тул тухайн үед хэлж чадаагүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлдэг юм.

Тэрээр хувийн байдлын хувьд хар багаасаа ээжээсээ өнчирч хоцорсон, бөгөөд өөрийн төрсөн эгч Ө.Өлзийбаярынд өсөж, тэднийдээ мал маллаж амьдардаг. Үг дуу цөөтэй, багад нь гагнуурын аппаратнаас төмөр үсэрч нэг нүдийг нь сохолсон бөгөөд одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өмгөөлөгч нарын зүгээс Ө.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэснийг шүүхээс хүлээн авах боломжгүй талаараа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд ямар учраас хүлээн авах боломжгүй талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй орхижээ.

Ө.*******ын үйлдсэн хэргийн талаар шүүхээс дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй талаар дурьдсан байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байх бөгөөд хэргийн нөхцөл байдал хувийн байдал хуульд заасан нөхцөл шаардлагыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8 ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Мэндээ нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ө.*******т оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Ө.******* нь согтуугаар, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг Есөнгийн хойд уул гэх газарт Ж.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ж.*******ийн цээж болон толгойн тус газар нь хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас олон хавирганы шууд болон шууд бус хугарал, элэгний няцрал, хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дагзны дэлбэнгийн доорх цус харвалт зэрэг гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 107-108, 117-118 дугаар талд тус тус авагдсан “... *******... бид хоёр... монгол архийг хувааж уучихаад ...би талийгаачийн унаж ирсэн ногоон өнгийн мотоциклыг жолоодоод ар талаар ******* сундалж суугаад бид хоёр явсан. ... замдаа талийгаач ар талаас хоолой боогоод байхаар ....буугаад эхлээд талийгаач миний мөр лүү цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа мөр лүү цохиод тэгсэн чинь талийгаач намайг заамдаад авахаар нь би тэр заамдсаныг нь салгаад энгэрээс нь барьж аваад дугтарчихсан чинь миний өмнө газар дээр өнхрөөд ойчихоор нь би гэдэс хавь руу нь 2-3 удаа өшиглөсөн, тэгээд мотоцикль дээрээ очиж тамхи татчихаад эргээд талийгаачийг харсан чинь сулбагар болчихсон байхаар нь би очоод талийгаачийг мотоцикл дээрээ тохож аваад цаашаа яваад төв замтай газарт очоод тэндээ газарт бөхийлгөж суулгаж үлдээгээд явах гэсэн чинь талийгаачийн 2 гутал нь алга байсан.

тэгэхээр нь би буцаж яваад зодолдсон газраасаа хоёр гутлыг нь нэг жийрэгтэй нь байхаар нь аваад талийгаачийг үлдээсэн газраа эргэж ирэх гэсэн чинь талийгаачийг үлдээсэн газрыг олоогүй тэгээд 2 гутлыг нь хээр цувуулаад хаясан... гэх шүүгдэгч Ө.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар талд авагдсан “... Талийгаачийн эхнэр нь зүрх, тархины өвчтэй, хүүхэд нь тархины хагалгаанд орсон, юм. ...талийгаачийн аав Жанчив нь талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санаагаар унаж дуугүй байсаар байгаад л нас барсан....”.гэх хохирогчийн төлөөлөгч Б.Баднаанямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 201-211 дүгээр талд авагдсан”...Би энэ цагаан өнгийн даавууг харлаа энэ талийгаачийн авч явсан эд зүйл, хөлийн жийрэг нь бишээ. ...нас барсан байхад нь харахад хөлийнх нь хоёр жийрэг нь хөлд нь байж байна лээ. гэх ”... хохирогчийн төлөөлөгч Л.Нямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “... Хар дов гэх газраас гэр лүүгээ явж байхад зам дагуу мотоцикл байж байсан. Босоо байсан данхраадтай ойр хавьд нь гутал, жийрэг байсан санаад л байна. Мотоциклыг хараад талийгаачийг болохыг мэдсэн юм. ...явж байсан чинь улаан шаргалдуу өнгийн зүйл салхинд хийсэж байгаа харагдсан тэгэхээр нь дөхөж очсон чинь талийгаач байсан...” гэх. гэрч Г.Бүрэнтөгсийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 53-54,148-150 дугаар талд авагдсан “...очиход наана мотоцикл нь ...данхраадсан байсан, мотоциклийн хажуугаар гутал, жийрэг байгаа харагдаж байсан...” “...Богоо ах 1 литрийн ундааны савтай монгол архи ...ганцаараа уугаад бараг дуусаж байх үеэр 17 цаг 40 минут орчимд гэж санаж байна гаднаас талийгаач ******* гэрт орж ирсэн. ... цайны шилэн аягаар 1 хийгээд өгсөн чинь талийгаач тэр архийг уусан. ... Богоо авдраас дахиад нэг савтай монгол архи гаргаж ирсэн. Тэрийг нь би Богоо талийгаач хоёрт нэг, нэг хийж өгөөд ...талийгаач тэр 2 хамт архиа уугаад үлдсэн. Талийгаач бага зэргийн согтолттой байсан” гэх гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан “... Шинжилгээнд ирүүлсэн Ж.*******ийн гэх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна. Цэнхэр өнгийн дээлэнд хүний цус илэрсэн. Энэ АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4819 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 127-130 дугаар талд авагдсан “... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 75 үндэслэлтэй, хийгдэх шинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргажээ. Талийгаач Ж.*******ид хоёр талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт/850гр/ элэгний няцрал, задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж, хэвлий, гуя, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл үүссэн байна.

Хоёр талын олон хавирганы хугарал, элэгний язралт, задралууд нь дарах шахах үйлдлээр ихэвчлэн авто ослын үед дайрагдах үед үүсдэг. Мотоциклоос унахад үүсдэг өвөрмөц гэмтлүүд үгүй байна. Талийгаачийн нас барсан хугацааг цаг, минутаар тогтоох боломжгүй, шинжилгээ хийх үед ойролцоогоор 24-36 орчим цаг болсон байна. Цогцост тогтоогдсон гэмтлүүд нь амьдад, нас барах үед нь үүсчээ. Цээжний гэмтэлтэй хүн удаан хугацаагаар, хол явах боломжгүй, харин хэдэн метр явах, эргэх, хөрвөх, мөлхөж болно...гэх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 824 дугаар дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр талд авагдсан “Талийгаач Ж.*******ийн цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт /850гр/, элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж хэвлий, гуя, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Дээрх цээж, хэвлий, гуя, шилбэ, баруун бугалгын зулгаралт гэмтлүүд нь нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой. Харин биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь бүгд нэг дор буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь тархи, цээж, хэвлийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Ж.*******ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт /850 гр/, элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийг цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруулын зулгаралт гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн болно.       Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.4% промилли, ходоодны шингэнд 5.3% промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна... гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар дүгнэлт

-2 дугаар хавтаст хэргийн 56-59 дүгээр талд авагдсан “... шууд хугарал нь яг хүч үйлчилсэн тэр газар үүснэ. Харин шууд бус хугарал нь хүч үйлчилсэн цэгээс өөр газарт дарагдах, шахагдах механизмаар үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл яс тахийсан, мурийснаас үүсдэг. Тийм учраас цохих, өшиглөх, дэвсэх үйлдлээс энэ хугарлууд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл, цээж хэвлийн гэмтэл нь цохих өшиглөх үед болон авто ослын үед ч үүсэх боломжтой гэмтэл юм. Тархины гэмтлүүд нь хүчтэй савалт доргилтоос үүсдэг...” гэх Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 65-67 дугаар талд авагдсан “... Эдгээр гэмтлүүд нь цохих өшиглөх үед үүсэх гэмтлүүд юм. Жишээ нь хавирганы шууд болон шууд бус хугарал нь цохих өшиглөх үед үүснэ. Мөн биеийн олон хэсгүүдэд гэмтэл үүссэн нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх олон гэмтлүүдээс хоёр талын хавирганы хугарал, элэгний язралт, задралтууд нь ихэвчлэн авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэсэн. Энэ нь зөвхөн авто ослын үед үүсгэгдэх гэмтэл гэж ойлгогдохгүй юм. Хавирганы олон шууд хугарлууд нь өшиглөх цохих үед үүсдэг...” гэх Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ө.*******ыг хүнийг алах гэмт хэргийг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “...хохирогч Ж.******* нь Ө.*******ыг араас нь татаж чангаах, хоолойг нь боох толгой руу нь цохих зэрэг ... хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь ...хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдлыг хүлээн авах боломжгүй буюу амь хохирогч буюу талийгаач нь согтолтын хүнд зэрэгтэй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч өөрийгээ жолоодон авч явах болон шүүгдэгч Ж.*******ын араас буруутай үйлдэл хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн амь насыг хохироосон болохоо мэдсээр байж хэргийн газарт түүнийг орхин явсан гэмт хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг тус, тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН