Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/236

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч: *******, Хохирогч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005990114 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./ Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг Есөнгийн хойд уул гэх газарт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж болон толгойн тус газар нь хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас олон хавирганы шууд болон шууд бус хугарал, элэгний няцрал, хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дагзны дэлбэнгийн доорх цус харвалт зэрэг гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:.... 2019 оны 08 дугаар сард манай гэр Баацагаан сумын Буйлсан гэх газарт байхад манай гэрт эхлээд Өлзийбаяр бид хоёр архи уусан,тэгээд архиа уугаад байж байгаад Өлзийбаяр аав ирлээ гээд яваад өгсөн тэгээд байж байсан чинь Өлзийбаярыг явсны дараа Жамбалдорж манай гэрт мотоциклоор хүрээд ирсэн, тэгээд бид хоёр Өлзийбаяр бид хоёрын ууж байгаад үлдээсэн монгол архийг хувааж уучхаад бид хоёр Оргио гэдэг айлд очъё гээд явсан, явахдаа би талийгаачийн унаж ирсэн ногоон өнгийн мотоциклийг жолоодоод ар талаар Жамбалдорж сундалж суугаад бид хоёр явсан тэгээд бид хоёр явж байх замдаа талийгаач ар талаас хоолой боогоод байхаар нь би мотоциклийг зогсоогоод бид хоёр буугаад эхлээд талийгаач миний мөр лүү цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа мөр лүү цохиод тэгсэн чинь талийгаач намайг заамдаад авахаар нь би тэр заамдсаныг нь салгаад энгэрээс нь барьж аваад дугтарчихсан чинь миний өмнө газар дээр өнхрөөд ойчихоор нь би гэдэс хавь руу нь 2- 3 удаа өшиглөсөн, тэгээд мотоцикл дээрээ очиж тамхи татчихаад эргээд талийгаачийг харсан чинь сулбагар болчихсон байхаар нь би очоод талийгаачийг мотоцикл дээрээ тохож аваад цаашаа яваад төв замтай газарт очоод тэндээ газарт бөхийлгөж суулгаж үлдээгээд явах гэсэн чинь талийгаачийн 2 гутал нь алга байсан тэгэхээр нь би буцаж яваад зодолдсон газраасаа хоёр гутлыг нь нэг жийрэгтэй нь байхаар нь аваад талийгаачийг үлдээсэн газраа эргэж ирэх гэсэн чинь талийгаачийг үлдээсэн газрыг олоогүй тэгээд 2 гутлыг нь хээр цувуулаад хаясан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107-108/ ....Би эргэж яваад зодоон хийсэн газартаа очсон чинь 2 гутал нь хоёулаа тэр газарт байж байсан тэгэхээр нь би тэр хоёр гутлыг нь аваад эргээд талийгаачийг орхисон газартаа аваачиж тавих гээд явсан чинь тэр газраа олоогүй тэгээд нэг газарт 2 гутлыг нь цувуулж хаячхаад мотоциклийг нь тэр газарт хойш нь харуулаад данхраадаж орхичхоод яваад өгсөн юм...Талийгаачийг хээр орхих, мотоцикл дээр авч явах үед амьд байсан эсэхийг би мэдээгүй тэр үед сандарсан байсан учраас би мэдээгүй. Би талийгаачийг мотоцикл дээр авч явах үедээ унагаагүй ээ. Би тэр үед дээл өмсөөд одоо энэ өмсөж байгаа бакал гутлаа өмссөн байсан юм. Тэр үедээ мотоцикл дээр байсан хар өнгийн мяндсаар талийгаачийг мотоцикл дээр нь уяж авч явсан, тэр уяаг би гэртээ аваачаад моринд ногт хийж байгаад тасраад хаягдсан...тэр зодоон хийгээд хээр үлдээсэн өдрийн маргааш нь талийгаачийг оллоо гэж Бүрэнтөгс хэлж байхыг нь би...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117-118/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Бид хоёр архи уучхаад мотоцикл дээр нь сундлаад явсан. Тэгсэн чинь араас боогоод зодоод явахгүй байсан. Тэгээд хоёулаа бууж зодолдъё гээд байхаар нь буусан. Би 1-2 удаа л өшиглөсөн. Тэгээд мотоцикл дээр мордоод явсан. Тэгсэн чинь хоёр гутал нь байхгүй байсан. Тэгээд би буулгаж орхиод хоёр гутлыг авах гээд явсан. Тэгээд нөгөө зодоо хийсэн газраа очоод хоёр гутлыг аваад очсон. Тэгээд эргээд очсон чинь талийгаач тавьсан газар байхгүй байсан. Тэгээд байхгүй болохоор нь мотоциклийг данхраадаж орхиод гэр рүүгээ явсан 2 ундааны сав монгол архи уусан 2 удаа цохисон Өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдээгүй айгаад байсан Гэмт хэргийн зүйлчлэлийг Зөвшөөрч байна Тухайн үед нас барсан гэдгийг мэдээгүй, Гутлыг аваад ирэхэд байхгүй байсан, Зодоо хийх үед 20:00 цаг болж байсан байх Тухайн талийгаачийг үлдээсэн болон зодоо хийсэн газрын хооронд 1 километр байгаа байх Гутлыг Хайж олсон Бөөр хавь руу өшиглөсөн Нэгээс хоёр удаа өшиглөсөн, Унжийгаад сууж байсан. Юм яриагүй гэв. 3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би зургийг харлаа, энэ 3 чулуу тавьсан зураг нь талийгаачийн цогцос байсан газар мөн байна. Энэ 3 чулууг тэр үед манай нөхөр Жанчив тэр газарт тэмдэг болгож чулуу, хадаг зэргийг тавьсан юм.Тавихдаа чулууг нь хадгаар нь ороогоод тавьсан юм. Талийгаачийн эхнэр нь зүрх, тархины өвчтэй, хүүхэд нь тархины хагалгаанд орсон юм. Талийгаачийг нас барснаас хойш хоёр хэцүү хүн л үлдэж байгаа юм. Үүнд оршуулгын зардал, Цагдаагийн газарт дуудагдан ирсэн зардал, сэтгэл санааны хохирол зэргийг тооцож байна. Мөн талийгаачийн аав Жанчив нь талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санаагаар унаж дуугүй байсаар байгаад л нас барсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/, 4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би амь хохирогчийн ээж нь байгаа юм. Аав бид 2 нь гэртээ байж байсан. Манай Мөнхбат гэнэт утсаар яриад нөгөө Жамбаа чинь хойно ухаан алдаж унасан, яраглаад байж байна. Тэгээд би түүнийг арай ингэж хүнд алуулсан хэвтэж байна гэж бодоогүй. Тэгээд ахад нь хэлсэн чинь очоод 20 минутын дараа эргэж утасдан энэ хүн чинь нас барсан байна гэсэн. Тэгээд дүүгийнхээ эхнэрийнд ороод түүнийг нас барсан байна гэж хэлээд, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд түүний нас барсан газар дээр очсон байсан. Тэгээд манайхнаас нэг нь хөнжлөөр бүтээсэн байсан. Аав нь сэргэхгүй байж байгаад зүрх нь хаагдсан. Хүүхэд нь шокийн байдалтай тариа хийлгээд байж байгаа гэв. Миний данс руу 4.000.000 төгрөг хийсэн байна лээ Одоо үлдсэн 13.000.000 төгрөгийг олгуулж өгөх болов уу гэв. 5. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Талийгаач Ж.Жамбалдорж нь манай нөхөр байсан бөгөөд бид хоёр гэр бүл болоод 15 жил амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй ам бүл гурвуулаа амьдарч байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сард Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг Дов гэдэг газарт нутаглаж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр би сургуулийнхаа хүүхдэд хувцас, хичээлийн хэрэглэл авах гээд хүүхэд Чинтайхалын хамт мотоциклоор Бөмбөгөр сумын төв дээр ирээд тэгээд тэр өдөртөө Бөмбөгөр сум дээрээс өөрийн хүргэн дүү Буянбадрахын хамт машинаар нь аймгийн төвд орж ирсэн. Тэгээд тэр өдөртөө аймагт ирээд сургуулийн хүүхдийн хичээл хувцас, хичээлийн хэрэглэлээ аваад тэр өдрийнхөө орой эргээд Бөмбөгөр сум руу явсан, тэгээд хөдөө гэр лүүгээ явах гэснээ оройтчихоор нь Бөмбөгөр сумын төв дээр хоноод маргааш өглөө нь 06:00 цагийн үед Бөмбөгөр сумын төвөөс гарч яваад 07:00 цагийн үед Баацагаан сумын 6 дугаар багийн төв дээр байдаг гэртээ очсон. Тэгээд бид хоёрыг гэртээ очиход манай нөхөр Жамбалдорж гэртээ байхгүй байсан, тэгэхээр нь би айл байсан Мөнхдалай ахаас нөхрийгөө асуусан чинь өчигдөр ухна хуцаа эргүүлж ирчхээд би холдохгүй гээд өчигдөр 17:00 цагийн үед гэрээсээ гарсан тэгээд ирээгүй байна гэж хэлсэн...Тэгээд би ямаагаа сааж байсан чинь Мөнхдалай ах утсаар яриад би юу болсон юм бол гээд гэрт нь ороод хамгийн сүүлд утсаар ярьсан дугаар луу нь залгаж ярьсан чинь хадам ээж рүү залгасан байсан тэгээд би ээж рүү залгаад юу болсон юм бол гэсэн чинь чамд юм хэлээгүй юу Жамбаа мотоциклоос ойчсон юм шиг байна гэсэн тэгээд би малаа туугаад ирж байсан хүүхэд дээрээ очоод хүүхдээ дагуулаад яваад хүмүүс бөөгнөрсөн байхаар нь би очсон чинь талийгаач нас барсан байсан. Би хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 19:00 цагийн үед би талийгаач Жамбалдоржтой утсаар ярьсан, тэр үед талийгаач айлд байна, одоо гэр лүүгээ явлаа гэж хэлсэн, надад яг хэн гэдэг айлд байгаагаа хэлээгүй ээ, тэгээд бид хоёрыг аймгаас гарах болж байгаа юу гэсэн чинь одоо гарах гэж байна гэсэн чинь та хоёр харанхуй шөнө ирж чадахгүй байх би очиж тосож авах уу гэхээр нь за Бөмбөгөр ороод яръя гэж хэлсэн тэгээд бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 21:00 цагийн үед Бөмбөгөр сум дээр ирээд Жамбалдоржийн 90636336 дугаарын утас руу 91616336 дугаараас залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Би энэ цагаан өнгийн даавууг харлаа энэ талийгаачийн авч явсан эд зүйл, хөлийн жийрэг нь бишээ. Энэ хэнийх гэдгийг нь би мэдэхгүй байна. Талийгаач хөлдөө цоохор өнгийн жийрэг жийрэглэдэг байсан тэр нь нас барсан байхад нь харахад хөлийнх нь хоёр жийрэг нь хөлд нь байж байна лээ. Би зургийг харлаа, энэ гурван чулуу тавьсан газар нь талийгаачийн цогцос байсан газар мөн байна, энэ гурван чулууг талийгаачийн аав нь тавьж байсан юм, тэр үед би машин дотроо хараад байж байсан юм. Манай хүүхэд тархины хагалгаанд орж байсан, гэхдээ группэд байдаггүй ээ, би өөрөө зүрх өвддөг, тархи толгой өвддөг гэхдээ би группэд ороогүй ээ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-211 /, 6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би ханьтайгаа 15 жил хамт амьдарсан. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би хүүхдийнхээ сургуулийнх нь хувцсыг авч өгөх гээд Баянхонгор аймаг руу явсан. Тэгээд миний хань ухна, хуцаа хараад байж байя гээд үлдсэн. Тэгээд 17 цагийн үед нэг утсаар ярьсан. Тэгээд маргааш нь буцаад Бөмбөгөр сум ороод утас руу нь залгаад авахгүй байсан. Маргааш нь бид хоёр мотоцикл унаад гэр рүүгээ явсан. Мөнхөө ах тань руу залгасан байна юу гэж хэлчхээд явчхав гэсэн чинь мотоциклоос унасан юм шиг байх юм гэсэн. Тэгээд би хүүгээ аваад ухна хуцыг орхиод очсон тэгсэн чинь бид хоёрыг ойртуулахгүй байсан. Энэ хүнийг алчихна гэж бодсонгүй. Эцэг нь байсан бол бид хоёрыг насаар нь тэжээх байсан. Би ганц бие эмэгтэй хүн адуу, тэмээгүй болсон гэв. Мотоциклийг буцааж авна, надад 8 сая төгрөг өгсөн гэв.

7. Гэрч Г.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Хар дов гэх газраас гэр лүүгээ явж байхад зам дагуу мотоцикл байж байсан. Босоо байсан данхраадтай ойр хавьд нь гутал, жийрэг байсан санаа л байна. Мотоциклийг хараад талийгаачийг болохыг мэдсэн юм. Тэгээд хүн нь хаачсан гээд хайгаад үзсэн чинь ажиглагдаагүй тэгэхээр нь гэр лүүгээ харих гээд явж байсан чинь улаан шаргалдуу өнгийн зүйл салхинд хийсэж байгаа харагдсан тэгэхээр нь дөхөж очсон чинь талийгаач байсан. Тэгэхээр нь биед нь хүрэхгүйгээр нэрээр нь дуудсан чинь дугараагүй тэгэхээр нь гэр лүүгээ явж очиж морио тавьчхаад өөрийнхөө гэрийн гадаа байсан мотоциклоо унаад Батаа гэх айлд очиж болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгээд тэдний бандитай хамт нөгөө газар луу цуг явуулсан тийшээ тэднийх бандитай мотоциклтой явсан юм. Тэгээд нөгөө бандитай очиж ахиад дуудсан боловч дугараагүй тэгэхээр нь харьж хүмүүст мэдэгдсэн юм. Батаа гэх хүний бандитай хэргийн газарт оччихоод ирж байхад гэр лүүгээ ирж байсан эрүүл байсан, тэр өөрийгөө айлд байж байгаад ирлээ гэсэн. Морь луу явахад хойгуур явсан юм Манай гэрээс км гаран юм байгаа. Янз бүрийн зүйл ажиглаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43- 44 /,

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түүний эхнэр хүүхэд нь аймаг яваад өөрөө ганцаараа үлдсэн байсан юм...Тэгээд эхнэр бид хоёр хонио дарчхаад шаваг түүчхээд ирэхэд 14 цаг болж байсан ба бид нарыг ирэхэд талийгаач гэртээ байсан бид нарыг ирээд байж байхад мотоциклоо унаад зөрж мордсон. Тэгэхээр нь би эхнэрээсээ асуусан юм. Энэ уусан байгаа юм уу гэсэн чинь мэдэхгүй гэж хэлсэн. Талийгаач уухаараа надаас зугтаагаад байдаг болохоор түүнийг уусан байж магадгүй гэж бодсон юм. Би ер нь талийгаачийг дурандаад байсан юм. Тэгсэн ухна, ямааг туугаад явж байх шиг байсан. Тэгээд манайх 19 цагийн үед ямаагаа саачхаад байж байхад ухна ирсэн байсан. Талийгаач дарсан байсан юм. Ухна дарчхаад өөрөө алга байсан. Тэгээд тус өдөр буюу 08 сарын 23-нд талийгаач гэртээ ирээгүй. Тэгээд маргааш нь 8 сарын 24-нд талийгаачийн эхнэр, хүүхэд нь аймгаас ирсэн...Тэгээд тус өдрийн өдрийн цагаар ойр зуурын юмнуудаа хийгээд, оройн 20 цагийн үед ямаагаа сааж байхад Батаа утсаар залгаад дүү чинь хойно мотоциклоос ойчсон юм шиг байна. Дээгийтэй ирсэн нь зөв байх шүү гэж хэлсэн.Тэгэхээр нь гэрээсээ гараад Батаа ахынд очсон юм.Тэгээд Батаа ах намайг дагуулаад хэргийн газарт дагуулж очсон, очсон чинь талийгаач нас барсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 /,

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өчигдөр буюу 2019 оны 08-р сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд гэртээ байж байсан чинь Өлзий гэх хүний банди Бүрэнтөгс манайд ирсэн юм. Тэр ирчхээд Жамбаа ах мотоциклоос ойчоод хээр хэвтэж байна. Ер нь нас барсан юм шиг байна ойртой очоод дуудсан чинь босохгүй байна гэж хэлсэн. Бүрэнтөгс манайд ирэхдээ мотоциклтой ирсэн юм. Гэхдээ буцаж тийшээ явахдаа миний мотоциклтой явсан юм. Учир нь миний мотоцикл шинэ юм байгаа. Тэгээд Тэгээд Бүрэнтөгсөөр нөгөө газрыг заалгуулж очсон юм. Тийшээ оччиход наана мотоцикл нь байсан ба данхраадсан байсан, мотоциклийн хажуугаар гутал, жийрэг байгаа харагдаж байсан. Тус газарт зогсохгүйгээр шууд цогцост очсон юм. Очиж буухгүйгээр мотоцикл дээрээсээ шууд Жамбаа ах гэж орилсон чинь дугараагүй. Тэгэхээр нь цогцсын толгой харжбайсан хэсэг рүү тонгойж харахад ялаа шавсан байсан тэгэхээр нь буцаж явсан юм.Тэгээд ар гэрийнхэнд мэдэгдсэн байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47/ ,...Унтаж байгаад 16 цагийн үед сэрээд хонио хариулахаар төв зам зүгт явсан. Тэгээд гэртээ буцаж ирэхэд Богоо буюу ******* ******* манай гэрт сууж байсан. Богоогийнх манай гэр хоёр хоорондоо 1 км гаруй зайтай буюу саахалт айлууд. Тэгээд би гэртээ Богоотой ойр зуурын юм ярьж байгаад 30 гаруй минутын дараа Богоо намайг манай гэр лүү явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Богоо ахыг та гэртээ очиж бай би араас чинь хонио эргүүлчхээд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би хонио эргүүлчхээд эхнэр Бямбагарав гэрээсээ гараад сувгийн хажууд түлш түүгээд явж байхаар нь уулзчихаад шууд Богоогийнд очсон. Тэгээд би гэрт ороод сууж байсан чинь Богоо ах 1 литрийн ундааны савтай монгол архи гаргаж өгсөн. Тэгээд тэрийг надад хийгээд өгөхөөр нь би уугаагүй урьд өдөр нь уучихсан байсан болохоор ууж чадаагүй. Тэрийг Богоо ганцаараа уугаад бараг дуусаж байх үеэр 17 цаг 40 минут орчимд гэж санаж байна гаднаас талийгаач Жамбалдорж гэрт орж ирсэн.Тэгсэн Богоо ах талийгаачид цайны шилэн аягаар 1 хийгээд өгсөн чинь талийгаач тэр архийг уусан тэгээд нөгөө архи дуусчихсан.Тэгээд Богоо авдраас дахиад нэг савтай монгол архи гаргаж ирсэн. Тэрийг нь би Богоо талийгаач хоёрт нэг, нэг хийж өгөөд мөн өөрөө нэг татсан чинь бөөлжчих гээд байхаар нь би гэрээс гараад гадаа гарч бөөлжчихөөд мотоциклоо асаагаад өөрийнхөө гэр лүүгээ яваад өгсөн...Богоогийнд талийгаач тэр 2 хамт архиа уугаад үлдсэн. Талийгаач бага зэргийн согтолтой байсан бөгөөд Баацагаан сумаас ирсэн одоо ухна, хуц руугаа явна гэж ярьж байсан...Харин 08 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн нэг байцаагч надаас эхний мэдүүлэг авсны дараа 12 цагийн үед ******* манайд ирээд надаас цагдаагийн хүмүүс юу гэж байна. Би мэдүүлэг өгөөгүй байгаа чамаас мэдүүлэг авбал талийгаач бид 3 урьд өдөр нь уулзаж хамт архи уугаагүй гэж хэлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь өчигдөр талийгаач танай гэрээс хэдэн цагийн үед явсан талаар асуухад талийгаач намайг зурагт үзэж байх үеэр яваад өгсөн байна лээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-150 /, 10. Гэрч Ж.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Байдрагийн гүүрээр машин тэрэг явдаг болсон болохоор Хөх эргийн гармаар машин тэрэг явахаа больсон. 2019 оны 08дугаар сарын 23-24-ний үед машин тэрэг явж мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/ 11. Гэрч Ө.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 08 дугаар сард 10-ны өдрийн үеэр манай хүүхэд Жавзанпагма бид хоёр Улаанбаатар хот руу явсан юм. Хот руу явахдаа Жавзанпагма бид хоёр сумаас аймгийн төвд очоод аймгийн төвөөс Улаанбаатар хот руу нийтийн тээврийн автобусаар явсан юм. Хотод очоод 10 орчим хоноод 2019 оны 08 дугаар сарын 26,27- ны үеэр ирсэн юм. Хотоос аймагт ирэхдээ нийтийн тээврийн автобусаар ирсэн...Би гэртээ өөрийн хүүхэд Жавзанпагма Бүрэнтөгс дүү ******* нарын хамт амьдардаг бөгөөд тэр үед би хот руу Жавзанпагмын хамт явсан юм, тэр хойгуур Бүрэнтөгс, ******* хоёр үлдсэн бөгөөд тэр үеэр Бүрэнтөгс бас сумын төв рүү явсан гэсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220/

12. Гэрч Т.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр манай ээж Өлзийбаяр бид хоёр хамт Улаанбаатар хот руу явсан. Явахдаа аймгийн төвөөс нийтийн тээврийн автобусаар явсан. Би Улаанбаатар хот руу явахдаа ээжийн хамт явсан, бид хоёрыг явсан хойгуур манай гэрт манай ах *******, Бүрэнтөгс хоёр үлдсэн...Манай ээж намайг Улаанбаатар хот руу хүргэж өгчхөөд 2019 оны 08 дугаар сарын 27,28-ны үеэр л гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227/ ...Би тэр үеэр хөдөө байж байгаад хот руу явах билетээ аавын ах болох 89985389 утасны дугаартай Түвшинтөр гэх ах руугаа залгаад түүний эхнэр болон өөрийнх нь нэр дээр билетээ бичүүлээд ээж бид хоёр Улаанбаатар хот явсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3 / 13. Гэрч М.Түвшинтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2019 оны 08 дугаар сард Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу яваагүй ээ. 2019 оны 08 дугаар сард Өлзийбаяр, Жавзанпагма нар нь надаар автобусны билет бичүүлж байсан санагдаж байна, гэхдээ билет бичүүлэхдээ Өлзийбаяр, Жавзанпагма нарын нэр дээр билет бичүүлсэн эсвэл би өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бичүүлснийг санахгүй байна. Ямар ч байсан одоо санахад Жавзанпагма, Өлзийбаяр нар нь сургуульд хүүхдээ хүргэж өгөх гээд Улаанбаатар хот руу явлаа гээд надад хэлж автобусны билет бичүүлж байсан юм...Манай эхнэрийг Жигжидийн Балжмаа гэдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-244 /

14. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4819 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн гэх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна. 2. Цэнхэр өнгийн дээлэн дээр хүний цус илэрсэн. Энэ АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна. 3. Цагаан өнгийн ажлын хос бээлийн дээр цус илрээгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63/, 15. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 824 дугаартай: 1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 75 үндэслэлтэй, хийгдэхшинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргажээ. 2. Талийгаач Ж. Жамбалдоржид хоёр талын олон хавирганы шууд болон шуудбус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт/850гр/ элэгний няцрал, задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж, хэвлий, гуя, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл үүссэн байна. 3. Хоёр талын олон хавирганы хугарал, элэгний язралт, задралууд нь дарах шахах үйлдлээр ихэвчлэн авто ослын үед дайрагдах үед үүсдэг. Мотоциклоос унахад үүсдэг өвөрмөц гэмтлүүд үгүй байна. 4. Талийгаачийн нас барсан хугацааг цаг, минутаар тогтоох боломжгүй, шинжилгээ хийх үед ойролцоогоор 24-36 орчим цаг болсон байна. 5. Цогцост тогтоогдсон гэмтлүүд нь амьдад, нас барах үед нь үүсчээ. 6. Цээжний гэмтэлтэй хүн удаан хугацаагаар, хол явах боломжгүй, харин хэдэн метр явах, эргэх, хөрвөх , мөлхөж болно...гэх дүгнэлт /1-р хх-ийн 127-130/, 16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн: 1. Талийгаач цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт /850гр/,элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж хэвлий, гуй, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Дээрх цээж, хэвлий, гуя, шилбэ, баруун бугалгын зулгаралт гэмтлүүд нь нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой. Харин биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь бүгд нэр дор буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь тархи, цээж, хэвлийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт /850 гр/, элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийг цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруулын зулгаралт гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн болно 5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.4% промилли, ходоодны шингэнд 5.3% промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаачийн цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79/ 17. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаар: 1. Яллагдагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө сэтгэц мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй байна.

2. ******* нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй байна. 3. Яллагдагч ******* нь одоо сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй. 4. Яллагдагч ******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.

5. Яллагдагч ******* нь сэтгэц, мэдрэлийн өвчингүй тул хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19/ 18. Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Шинжилгээгээр цээжний хэнхэрцгийн зүүн талд 2-8-р хавирга суганы урд шугамаар шууд хугаралтай, баруун талд 2-9-р хавирга эгмийн дунд шугамаар шууд ба шууд бус хугаралтай гэсэн байна. Дээрх хугарлууд яаж үүсдэг вэ гэвэл шууд хугарал нь яг хүч үйлчилсэн тэр газар үүснэ. Харин шууд бус хугарал нь хүч үйлчилсэн цэгээс өөр газарт дарагдах, шахагдах механизмаар үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл яс тахийсан, мурийснаас үүсдэг. Тийм учраас цохих, өшиглөх, дэвсэх үйлдлээс энэ хугарлууд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл, цээж хэвлийн гэмтэл нь цохих өшиглөх үед болон авто ослын үед ч үүсэх боломжтой гэмтэл юм. Тархины гэмтлүүд нь хүчтэй савалт доргилтоос үүсдэг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-59 / 19. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эдгээр гэмтлүүд нь цохих өшиглөх үед үүсэх гэмтлүүд юм. Жишээ нь хавирганы шууд болон шууд бус хугарал нь цохих өшиглөх үед үүснэ. Мөн биеийн олон хэсгүүдэд гэмтэл үүссэн нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх олон гэмтлүүдээс хоёр талын хавирганы хугарал, элэгний язралт, задралтууд нь ихэвчлэн авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэсэн.Энэ нь зөвхөн авто ослын үед үүсгэгдэх гэмтэл гэж ойлгогдохгүй юм.Хавирганы олон шууд хугарлууд нь өшиглөх цохих үед үүсдэг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-67 /

Цогцсын гадна биед болон задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 6-16 /, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 20-31 /, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 186/, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 192/, Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 196-199/ зэрэг нотлох баримтыг шинжлэв судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч талийгаач ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг “Есөнгийн хойд уул” гэх газарт тээврийн хэрэгсэл болох мотоциклийг Ж.Жамбалдоржийг араар суулган жолоодож явах үедээ түүнийг “өөрийг нь хоолойг араас боолоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар цээж болон толгойн тус газар нь хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас олон хавирганы шууд болон шууд бус хугарал, элэгний няцрал, хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дагзны дэлбэнгийн доорх цус харвалт зэрэг гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон үйл баримт болсон нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 08 дугаар сард манай гэр Баацагаан сумын Буйлсан гэх газарт байхад манай гэрт эхлээд Өлзийбаяр бид хоёр архи уусан,тэгээд архиа уугаад байж байгаад Өлзийбаяр аав ирлээ гээд яваад өгсөн тэгээд байж байсан чинь Өлзийбаярыг явсны дараа Жамбалдорж манай гэрт мотоциклоор хүрээд ирсэн, тэгээд бид хоёр Өлзийбаяр бид хоёрын ууж байгаад үлдээсэн монгол архийг хувааж уучхаад бид хоёр Оргио гэдэг айлд очъё гээд явсан, явахдаа би талийгаачийн унаж ирсэн ногоон өнгийн мотоциклийг жолоодоод ар талаар Жамбалдорж сундалж суугаад бид хоёр явсан тэгээд бид хоёр явж байх замдаа талийгаач ар талаас хоолой боогоод байхаар нь би мотоциклийг зогсоогоод бид хоёр буугаад эхлээд талийгаач миний мөр лүү цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа мөр лүү цохиод тэгсэн чинь талийгаач намайг заамдаад авахаар нь би тэр заамдсаныг нь салгаад энгэрээс нь барьж аваад дугтарчихсан чинь миний өмнө газар дээр өнхрөөд ойчихоор нь би гэдэс хавь руу нь 2-3 удаа өшиглөсөн, тэгээд мотоцикл дээрээ очиж тамхи татчихаад эргээд талийгаачийг харсан чинь сулбагар болчихсон байхаар нь би очоод талийгаачийг мотоцикл дээрээ тохож аваад цаашаа яваад төв замтай газарт очоод тэндээ газарт бөхийлгөж суулгаж үлдээгээд явах гэсэн чинь талийгаачийн 2 гутал нь алга байсан тэгэхээр нь би буцаж яваад зодолдсон газраасаа хоёр гутлыг нь нэг жийрэгтэй нь байхаар нь аваад талийгаачийг үлдээсэн газраа эргэж ирэх гэсэн чинь талийгаачийг үлдээсэн газрыг олоогүй тэгээд 2 гутлыг нь хээр цувуулаад хаясан....” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр архи уучхаад мотоцикл дээр нь сундлаад явсан. Тэгсэн чинь араас боогоод зодоод явахгүй байсан. Тэгээд хоёулаа бууж зодолдъё гээд байхаар нь буусан. Би 1-2 удаа л өшиглөсөн. Тэгээд мотоцикл дээр мордоод явсан. Тэгсэн чинь хоёр гутал нь байхгүй байсан. Тэгээд би буулгаж орхиод хоёр гутлыг авах гээд явсан. Тэгээд нөгөө зодоо хийсэн газраа очоод хоёр гутлыг аваад очсон. Тэгээд эргээд очсон чинь талийгаач тавьсан газар байхгүй байсан. Тэгээд байхгүй болохоор нь мотоциклийг данхраадаж орхиод гэр рүүгээ явсан, өшиглөсний дараа унжийгаад юм дуугарахгүй суугаад байсан талийгаачийн үхэд өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна, гэмт хэрэг үйлдсэнээ айгаад мэдэгдээгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байн ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Хар дов гэх газраас гэр лүүгээ явж байхад зам дагуу мотоцикл байж байсан. Босоо байсан данхраадтай ойр хавьд нь гутал, жийрэг байсан санаа л байна. Мотоциклийг хараад талийгаачийг болохыг мэдсэн юм. Тэгээд хүн нь хаачсан гээд хайгаад үзсэн чинь ажиглагдаагүй тэгэхээр нь гэр лүүгээ харих гээд явж байсан чинь улаан шаргалдуу өнгийн зүйл салхинд хийсэж байгаа харагдсан тэгэхээр нь дөхөж очсон чинь талийгаач байсан. Тэгэхээр нь биед нь хүрэхгүйгээр нэрээр нь дуудсан чинь дугараагүй тэгэхээр нь гэр лүүгээ явж очиж морио тавьчхаад өөрийнхөө гэрийн гадаа байсан мотоциклоо унаад Батаа гэх айлд очиж болсон явдлын талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч “... Тэгээд гэртээ буцаж ирэхэд Богоо буюу ******* ******* манай гэрт сууж байсан. Богоогийнх манай гэр хоёр хоорондоо 1 км гаруй зайтай буюу саахалт айлууд. Тэгээд би гэртээ Богоотой ойр зуурын юм ярьж байгаад 30 гаруй минутын дараа Богоо намайг манай гэр лүү явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Богоо ахыг та гэртээ очиж бай би араас чинь хонио эргүүлчхээд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би хонио эргүүлчхээд эхнэр Бямбагарав гэрээсээ гараад сувгийн хажууд түлш түүгээд явж байхаар нь уулзчихаад шууд Богоогийнд очсон. Тэгээд би гэрт ороод сууж байсан чинь Богоо ах 1 литрийн ундааны савтай монгол архи гаргаж өгсөн. Тэгээд тэрийг надад хийгээд өгөхөөр нь би уугаагүй урьд өдөр нь уучихсан байсан болохоор ууж чадаагүй. Тэрийг Богоо ганцаараа уугаад бараг дуусаж байх үеэр 17 цаг 40 минут орчимд гэж санаж байна гаднаас талийгаач Жамбалдорж гэрт орж ирсэн.Тэгсэн Богоо ах талийгаачид цайны шилэн аягаар 1 хийгээд өгсөн чинь талийгаач тэр архийг ууса тэгээд нөгөө архи дуусчихсан.Тэгээд Богоо авдраас дахиад нэг савтай монгол архи гаргаж ирсэн. Тэрийг нь би Богоо талийгаач хоёрт нэг, нэг хийж өгөөд мөн өөрөө нэг татсан чинь бөөлчих гээд байхаар нь би гэрээс гараад гадаа гарч бөөлжчихөөд мотоциклоо асаагаад өөрийнхөө гэр лүүгээ яваад өгсөн...Богоогийнд талийгаач тэр 2 хамт архиа уугаад үлдсэн. Талийгаач бага зэргийн согтолтой байсан бөгөөд Баацагаан сумаас ирсэн одоо ухна, хуц руугаа явна гэж ярьж байсан...Харин 08 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн нэг байцаагч надаас эхний мэдүүлэг авсны дараа 12 цагийн үед ******* манайд ирээд надаас цагдаагийн хүмүүс юу гэж байна. Би мэдүүлэг өгөөгүй байгаа чамаас мэдүүлэг авбал талийгаач бид 3 урьд өдөр нь уулзаж хамт архи уугаагүй гэж хэлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь өчигдөр талийгаач танай гэрээс хэдэн цагийн үед явсан талаар асуухад талийгаач намайг зурагт үзэж байх үеэр яваад өгсөн байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 824 дугаартай: “Талийгаач Ж.Жамбалдоржид хоёр талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт / 850 гр / элэгний няцрал, задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж, хэвлий, гуя, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл үүссэн байна. Хоёр талын олон хавирганы хугарал, элэгний язралт, задралууд нь дарах шахах үйлдлээр ихэвчлэн авто ослын үед дайрагдах үед үүсдэг. Мотоциклоос унахад үүсдэг өвөрмөц гэмтлүүд үгүй байна. Талийгаачийн нас барсан хугацааг цаг, минутаар тогтоох боломжгүй, шинжилгээ хийх үед ойролцоогоор 24-36 орчим цаг болсон байна. Цогцост тогтоогдсон гэмтлүүд нь амьдад, нас барах үед нь үүсчээ...” гэх дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн: “Талийгаач цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт / 850 гр /,элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух, чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруул, цээж хэвлий, гуй, шилбэ, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Дээрх цээж, хэвлий, гуя, шилбэ, баруун бугалгын зулгаралт гэмтлүүд нь нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой. Харин биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь бүгд нэр дор буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь тархи, цээж, хэвлийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт / 850 гр /, элэгний эдийн няцрал задрал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийг цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, дух чамархай, зовхи, хацар, доод эрүү, хамар, дээд уруулын зулгаралт гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн болно.Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.4% промилли, ходоодны шингэнд 5.3% промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт, Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Эдгээр гэмтлүүд нь цохих өшиглөх үед үүсэх гэмтлүүд юм. Жишээ нь хавирганы шууд болон шууд бус хугарал нь цохих өшиглөх үед үүснэ. Мөн биеийн олон хэсгүүдэд гэмтэл үүссэн нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх олон гэмтлүүдээс хоёр талын хавирганы хугарал, элэгний язралт, задралтууд нь ихэвчлэн авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэсэн.Энэ нь зөвхөн авто ослын үед үүсгэгдэх гэмтэл гэж ойлгогдохгүй юм.Хавирганы олон шууд хугарлууд нь өшиглөх цохих үед үүсдэг...” гэх мэдүүлэг, шинжээч эмч М.Энхбаярын “...Шинжилгээгээр цээжний хэнхэрцгийн зүүн талд 2-8-р хавирга суганы урд шугамаар шууд хугаралтай, баруун талд 2-9-р хавирга эгмийн дунд шугамаар шууд ба шууд бус хугаралтай гэсэн байна. Дээрх хугарлууд яаж үүсдэг вэ гэвэл шууд хугарал нь яг хүч үйлчилсэн тэр газар үүснэ. Харин шууд бус хугарал нь хүч үйлчилсэн цэгээс өөр газарт дарагдах, шахагдах механизмаар үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл яс тахийсан, мурийснаас үүсдэг. Тийм учраас цохих, өшиглөх, дэвсэх үйлдлээс энэ хугарлууд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл, цээж хэвлийн гэмтэл нь цохих өшиглөх үед болон авто ослын үед ч үүсэх боломжтой гэмтэл юм. Тархины гэмтлүүд нь хүчтэй савалт доргилтоос үүсдэг...”гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Жамбалдоржийг цээж тус газар нь хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас олон хавирганы шууд болон шууд бус хугарал, үүнээс үүссэн цус алдалт буюу цус хуралт элэгний няцрал, зэрэг гэмтэл учруулж. өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн олон хавирганы хугарал, үүнээс шалтгаалсан цус алдалт, элэгний няцрал нь хоорондоо шалтгаант холбоотой шүүгдэгчийн үйлдлээс болж хохирогч Ж.Жамбалдорж нь амь насаа алдсан байна гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон М.Отгонжаргал нь шүүгдэгч *******ыг “ архи ууснаас болсон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна” гэж дүгнэлтээ бичиж өгсөн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцохдоо иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, ******* нарын зүгээс хорин таван сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч Н.Баднаанямбууд дөрвөн сая төгрөг, хохирогч *******д найман сая төгрөг нийт 12 сая төгрөг төлсөн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр бичгийн нотлох баримт гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар 12 сая төгрөг хүлээн авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол 13 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч нар энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нар нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт дээл 1 ширхэг, арлын 16FMJ430600049 дугаартай мотоцикл 1 ширхэг, гутал 2 хос, дуран 1 ширхэг, архины шил дотроо дундуур шингэнтэй 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын баг даавуун 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын маскан баг 1 ширхэг, ажлын бээлий 1 хос, цагаан өнгийн даавуун хөлийн жийрэг 1 ширхэг зэргийг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдийн тогтоолуудыг хүчингүй болгож, талийгаачийн эзэмшлийн гэх мотоциклийг хохирогч *******д, мөн талийгаачийн биедээ авч явсан дуранг хохирогч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож, архины шил дотроо дундуур шингэнтэй 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын баг даавуун 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын маскан баг 1 ширхэг, ажлын бээлий 1 хос, цагаан өнгийн даавуун хөлийн жийрэг 1 ширхэг зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн “8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 143 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг арван / 10 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т арван / 10 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир 143 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч нараас нэхэмжилсэн 13 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй ДУРДсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар дээл 1 ширхэг, гутал 2 хос, архины шил дотроо дундуур шингэнтэй 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын баг даавуун 1 ширхэг, мотоцикл дээр өмсдөг тоос шорооны хамгаалалтын маскан баг 1 ширхэг, ажлын бээлий 1 хос, цагаан өнгийн даавуун хөлийн жийрэг 1 ширхэг зэрэг зүйлсийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч эзэмшлийн гэх мотоциклийг хохирогч *******д, дуранг хохирогч *******д хэрэгцээний дагуу тус тус буцаан олгосугай

. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг 8 тооны эм ямаа, 7 тооны эр ямаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА Б.ОТГОНЦЭЦЭГ