Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/65

 

Х.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Түвшинбаяр

Хохирогч Д.Баасанжав, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал/ цахимаар/

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч А.Ариунаа /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа болон хохирогч Д.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.*******ад холбогдох эрүүгийн 1814004930243 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 6 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, /регистрийн дугаар *******/

Х.******* нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.*******гийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ялтан Х.*******ад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ын 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1060 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD хоёр ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хөр өнгийн өмд нэг ширхэг, LD нэртэй гурван ширхэг тамхитай тамхины хайрцаг, таван хэсэг болж тасарсан утасны чихэвч, хэргийн газраас авсан цусны дээж, цэнхэр өнгийн хөхний даруулга нэг ширхэг, шаргал өнгийн хөхний даруулга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг, 7х4х3.7 см хэмжээтэй шар, саарал өнгийн хатуу шавар зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.*******ын эзэмшлийн... 4 ханатай монгол гэр..ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Х.*******ад буцаан олгож, Хохирогч Д.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлага болох амь хохирогчийн 3 жилийн хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Х.*******ад хэрэглэсэн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/203 тоот шийтгэх тогтоол нь ЭХХШТХуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” 1.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Х.*******ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч Х.******* нь онц харгис хэрцгийгээр буюу эхнэр Ц.*******гийн хоолойг нь боох гарын шууны судсыг заазуураар зүсэх зэргээр алсан болох нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот тогтоолд дурдсан “Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөж шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн”

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 тоот тогтоолд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон Баянхонгор аймгийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” 5 дахь хэсэгт “Хохирогч Ц.*******гийн биед бусадтай өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна”

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 1977 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Талийгаач хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэсэн нотлох баримтуудаар олон тооны шарх гэмтэл учруулсан, зовж зүдрэхээр байдал бий болсон нь нотлогдохгүй байна.

Хэдийгээр шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй боловч 3 дугаар хавтасны 158-163 дугаар талд байх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1071 тоот шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд “Ц.*******гийн биенд учирсан баруун шууны гүн зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3 болон 3.3.7 д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Талийгаач нь хүзүү хоолой дарагдсаны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвөнхийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай” гэжээ.

Энэ нотлох баримтаас ч гэсэн дүгнэвэл баруун шууны зүсэгдсэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд зовж зүдрэх байдал бий болоогүй, үхлийн шалтгаан нь хоолойг нь боосноос болсон бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан байх бөгөөд онц харгис хэрцгий гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн дээрх гурван дүгнэлтээр олон тооны буюу гурваас дээш тооны шарх гэмтэл үүсээгүй байх ба гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон эсэхийг хуульчид биш харин шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоох бөгөөд дээрх дүгнэлтүүдэд зовж зүдрэхээр байдал бий болсон талаар дүгнэлт гараагүй байна.

Мөн 1071 тоот дүгнэлтэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй гээгүй харин аврах боломж багатай гэснийг анхаарч өгнө үү.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь хэрэгт байх нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг алснаар л хүндрүүлэх боломжгүй бөгөөд Улсын дээд Шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолд “Хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ” гэсэн байх ба шүүгдэгч Х.******* нь амь хохирогч Ц.*******г байнга зодож зовоон тарчлаасан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасан хуулинд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд хэрэгт нэг ч байхгүй байна.

Харин ч гэрчүүд Х.*******, Ц.******* нарыг эв найртай сайхан гэр бүл байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд урьд нь эхнэр Ц.*******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж байсан, хохирогч Цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.*******ын хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдыг алсан нь хэрэгт байх ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байх бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 197 тоот тогтоолд заасан ажиллагаанууд хийгдээгүй уг тогтоолд дурдсан “Мөн шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүх шинжээчийн аль дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна." гэсэн зөрчил мөн хэвээр давтагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар Шүүхийн тухай хуулийн 29.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн төлөөлөгч Д.Баасанжав тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор Х.******* нь онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгэлээ. Энэ нь миний хувьд зүйлчлэл нь зөв боловч оногдуулсан ял нь бага байна гэж үзэж байна. Учир нь: 1-рт Х.******* болон түүний ар гэрийнхэн энэ үйлдэлд гэмшээгүй гэж үзэж байна. Шүүх хурал дээр *******ын өмгөөлөгч Ариунаа ойр дотны хүмүүсийнх нь мэдүүлэг тайлбарыг уншиж судлуулсан билээ. Үүнд хохирогч намайг гүтгэн доромжилсон байна. Тухайлбал мотоциклыг намайг аваад зарсан, мөнгөн аяга авсан үүнээс болж гэмт хэрэг гарсан мэтээр ярьж байна. Энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хохирогчийг дэндүү дээрэлхэн доромжилж байгаагийн нэг хэлбэр юм аа.

2-рт *******ын ээж Балд, Нурмаа гэх лам, хүү Гандэлгэрийг *******ын хүү биш гэж хэлсэн байдаг. Үүнээс болж биеэ хамгаалах чадваргүй 3хан настай хүүхдийг удаа дараалан зоддог байсан юм. Ийм учир манай гэр бүлийнхэнд Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон амьд явах эрх болон бусад эрхүүдийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Хэрэгтэн болон хэрэгтний ар гэрийнхэн ухамсарлан ойлгоогүй нөхцөлд дараа дараагийн хэргүүд гарахгүй гэх баталгаа байхгүй. Энэ тухай 2018 оны 12 сарын 7-нд болсон анхан шатны хурал дээр хэлж байсан билээ. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 197 тоот тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгдсэн бөгөөд ял бууруул гэсэн шийдвэр өгөөгүй билээ. Хоёр хүүгийн ээж хайртай охины минь алчихаад хоёр хүүгээ хайраар дутаахгүй гэж байгаа нь доромжлол биш үү. Бид амар тайван амьдрах эрхтэй амар тайван амьдармаар байна. Тэр эрхийг минь олгож өгөөч. Бидний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х.*******ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаах саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа, хохирогчийн төлөөлөгч Д.Баасанжав нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Х.******* нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 05-06 цагийн үед Ц.*******гийн амьдардаг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоот дахь хувийн орон сууцны цонхыг хагалан орж, эхнэр Ц.*******гийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 101-103 дугаар талд авагдсан хохирогчийн төлөөлөгч Д.Баасанжавын “...талийгаач охин Ц.******* нь орон дээр дээш харсан байдалтай, нил цус болсон амь тэмцэж байгаа байдалтай дуугарч байсан....түргэн тусламж ирээд... аваад явсан... зээ хүү Гандэлгэрээс асуусан чинь...аав ирээд ээжийг зодоод явсан гэх ярьсан... гэх хохирогчийн төлөөлөгч Д.Баасанжавын мэдүүлэг,

-1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дугаар талд авагдсан “...Ц.******* гэх эмэгтэй...ухаангүй амнаас нь хөөс гарсан баруун гарын бугуй хэсэг гүнзгий зүсэгдсэн шархтай, ор болон орны доод хэсэгт цус их хэмжээгээр гарч бүлэгнэсэн байдалтай, хоолой хэсгээр цэнхэр өнгийн эмэгтэй хүний хөхний даруулгаар хоолойг нь ороосон байдалтай байсан. Мөн толгой орчимд гар утасны чихэвчний тасархай утас байсан.

-өглөө 10 цаг 26 минутын үед өгсөн дуудлагын дагуу ...очиход амин үзүүлэлт даралт буусан, сатуураац хэвийн, зүрхний цохилт олширсон, царай цонхийсон, шархны цус гараад тогтсон байдалтай, нилээн гүнзгий зүсэгдсэн шархтай амьд байсныг...10 цаг 47 минутад нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж..., ...нилээн гүнзгийн зүсэгдсэн шархтай байсан гэх Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч Б.Алтанзул мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

-1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дүгээр талд авагдсан “... хүзүүг ногоон өнгийн, эмэгтэй хүний хөхний даруулгаар боосон байдалтай байсан. ... гэх гэрч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

-1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дүгээр талд авагдсан “...Ц.*******гийн баруун шууны гүн зүсэгдсэн шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт, бөөрний цочмог дутагдал, цус алдалтын болон амьсгал боогдолтын шалтгаант тархины хүчилтөрөгчийн дутмагшилтын дараах тархины эмгэгшил, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язрал гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.3.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Ц.*******гийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр амь хохирогчийн биед үзлэг хийж шинжилгээний дүгнэлт гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаар дүгнэлт

-2 дугаар хавтаст хэргийн 115-119 дүгээр талд авагдсан “...Ц.*******гийн цогцост хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором, баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд үүссэн ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтэл нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүсэн ба шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...талийгаач нь хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэх талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1977 дугаар дүгнэлт

- “Х.******* гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж А/II/ бүлгийн, Ц.******* гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж O/I/ бүлгийн харьяалалтай байна.

Шаргал өнгийн хөхөвч, Х.******* гэх цагаан өнгийн канттай хар өнгийн өмд, ...заазуур... зэрэгт илэрсэн цус нь А/II/ бүлгийн, ...салфетка.... цэнхэр өнгийн хөхөвч зэрэгт илэрсэн цус нь O/I/ бүлгийн тус тус харьяалалтай гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9276 дугаар дүгнэлт

Шүүгдэгч Х.*******ын “...Баянжаргал бид 2 архиа хувааж уугаад... чулуу шиг хатуу шавраар... цонхыг цохих үед цонх хагарсан би хагарсан цонхоор байшинд орж .... хутгыг аваад... дээр нь гарч хоолойг нь гараараа боосон... гар утасны чихэвч, эмэгтэй хүнйи ногоон өнгийн левчик байхаар нь ...хоолойг нь 1 минут орчим боотол.... ухаан алдаж үхсэн юм шиг байсан. ... сэрэхгүй үхсэн юм шиг байхаар нь... гал тогооны өрөөнөөс авсан том хутгаар гарын дотор шуу хэсгийг зүсчихээд хутгыг бариад хагалсан цонхоор буцаж гараад.... худгийн хажууд том хутгаа газар булж нуучихаад... 3-11-01 тоотод байх гэртээ очиж.... унтаад өгсөн” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан гэмт хэргийг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-т заасны дагуу оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн “онц харгис хэрцгийгээр эхнэр Ц.*******гийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэргээр алсан болох нь Улсын дээд шүүхийн 23, 564 дүгээр тогтоолуудад дурдсан тайлбараар үгүйсгэгдсэн, шинжээчийн 535 дугаар дүгнэлтийн 4 дэх хэсэг, 1977 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар олон тооны шарх гэмтэл учруулсан, зовж зүдрэхээр байдал бий болсон, хохирогч нь бусадтай өрсөлдөн тэмцэлдсэн болох нь нотлогдохгүй байна. ... шинжээч нарын 1071 дугаар дүгнэлтээр баруун шууны зүсэгдсэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд зовж зүдрэх байдал бий болоогүй, үхлийн шалтгаан нь хоолойг нь боосноос болсон бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан байх бөгөөд онц харгис хэрцгий гэж дүгнэх боломжгүй ...Шүүх эмнэлгийн дээрх гурван дүгнэлтээр олон тооны буюу гурваас дээш тооны шарх гэмтэл үүсээгүй байх ба гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон талаар дүгнэлт гараагүй... амь насыг аврах боломж багатай гэснийг анхаарна уу .... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь хэрэгт байх нотлох баримтуудаар нотлогдоогүй ... шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүх шинжээчийн аль дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ... тул ...Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь:

Нэг. 1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дүгээр талд авагдсан “...Ц.*******гийн баруун шууны гүн зүсэгдсэн шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт, бөөрний цочмог дутагдал, цус алдалтын болон амьсгал боогдолтын шалтгаант тархины хүчилтөрөгчийн дутмагшилтын дараах тархины эмгэгшил, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язрал гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ,амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хохирогчийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх талийгаачийг амьд байхад нь түүний биед 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр үзлэг хийж гаргасан шинжээчийн 535 дугаар дүгнэлт,

Хоёр. 2 дугаар хавтаст хэргийн 115-119 дүгээр талд авагдсан “...Ц.*******гийн цогцост хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором, баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд үүссэн ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтэл нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн ба шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...талийгаач нь хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэх талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1977 дугаар дүгнэлт,

Гурав. 3 дугаар хавтаст хэргийн 158-163 дугаар талд авагдсан “... шинжээчийн 1977, 535 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ц.*******гийн биед учирсан баруун шууны гүн зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүн дэх дарагдалын ором гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу амьддаа үүсгэгдсэн байна.

Ц.*******гийн биед учирсан цээжинд зулгаралт, дээд доод уруулын дотор салстын язрал гэмтлүүд нь алгадах, цохих, өшиглөх, гадны биетээр цохих, мөргөх үед, баруун шууны гүн зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн буюу зүсэх хүзүүн дэх дарагдлын ором нь уяа мэт зүйлээр хүзүү хоолойг дарах үед үүсэх боломжтой. Талийгаач нь хүзүү хоолой дарагдсаны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвөнхийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай” гэх хавтаст хэргийн материалд үндэслэн шинжилгээний дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1071 дугаар дахин дүгнэлтүүдийг өөр хооронд нь харьцуулан үзэхэд:

 - шинжээчийн 535 дугаар дүгнэлтийг амь хохирогчийг амьд үед, 1977 дугаар дүгнэлтийг амь хохирогчийн цогцост, 1071 дугаар дүгнэлтийг хавтаст хэргийн хүрээнд гаргасан гэсэн байх ба талийгаач нь хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг нь шинжээчийн 1977, 1071 дугаар дүгнэлтүүдэд авагдаж бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дахин шинжилгээний 1071 дугаар дүгнэлт нь1977, 535 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь дээрх 3 дүгнэлт өөр хоорондоо зөрүүгүй болохыг илэрхийлжээ.

Харин шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр эхнэр Ц.*******г алсан хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд амь хохирогч нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5 цагаас эхлэн ухаангүй комын байдалтай, ярагласан байдалтай байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 15 цагт нас барсан байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 193-228 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1638 тоот түүхэд “ухаангүй...яраглана... сэрэхээрээ үе үе татна, ёолно, гиншинэ “ гэх, 1 дүгээр хавтаст хэргийн 232-248 дугаар талд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний 11571 тоот түүхэд “...ухаангүй, асуултанд хариулахгүй, команд биелүүлэхгүй, нүд хэсэг газрын хөдөлгөөн хийнэ гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар 4 дүгээр хавтаст хэргийн 181-184 дүгээр талд авагдсан “...амь хохирогч Ц.*******гийн амьд үеийн онош шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №1071 дугаар дүгнэлттэй тохирч оношилгоо, эмчилгээг стандартын дагуу үзүүлсэн байна.

....Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйчилгээ, эмчилгээ нь хууль, журам стандартыг зөрчөөгүй байна... гэх Эрүүл мэндийн яамны дэргэдэх яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/9 дугаар дүгнэлт нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр амь хохирогчийн биед үзлэг хийж шинжилгээний дүгнэлт гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаар дүгнэлт дэх “ ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...”, “амь насыг аврах боломж багатай” гэх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн буюу эмчилгээг зохих ёсоор хийсэн боловч хохирогчийн амь насыг аврах боломжгүй байжээ.

Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр амь хохирогчийн биед үзлэг хийж шинжилгээний дүгнэлт гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаар дүгнэлтийн 5 дахь хэсэгт “Хохирогчийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна...” гэж гэж хохирогчийн биеийг харагдах байдлаар нь дүгнэсэн харин биеийн дотоод хэсгийн шаналал, зовиураа амь хохирогч илэрхийлэн хэлэх боломжгүй, дотуур ухаантай байсан байна гэж үзнэ.

Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь бичигт “өрсөлдөн тэмцэлдэх” гэх үгийг өрсөлдөгч гэдэг үгийн утгаар нь “урьдач өрсөн тэмцэгч” гэж, тэмцэх гэдэг үгийн утгаар нь “үйл хэргийн төлөө хоёр тал болж харилцан марган, булаалдах, эсэргүүцэх, мэтгэлцэх зэргээр тэмцэл хийх, үг утга булаалдан тэмцэх, амьсгал цухалдах” гэж тайлбарласнаас үзэхэд хохирогч бусадтай амь өрсөлдөн тэмцэлдэх чадваргүй байдалд байжээ.

Мөн шүүгдэгч Х.*******, амь хохирогч Ц.******* нар нь гэрлэлтийн гэрчилгээгээр холбогдсон эхнэр, нөхөр байсан бөгөөд шүүгдэгч Б.******* нь эхнэр Ц.*******г байнга сэтгэл санааны болоод эдийн засгийн хүчирхийлэл дарамтад байлгадаг басан талаар хохирогчийн эх Д.Баасанжавын мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан, өөрийн төрсөн хүү, 4 настай Э.Гандэлгэрийг 2 нас, 4 настай байхад нь зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгүүлсэн, уг ялаа эдэлж байхдаа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.*******г онц харгис хэрцгийгээр алсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Х.*******ын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.*******ын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР