Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Түвшинбаяр

нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Иргэдийн төлөөлөгч: Д.Энхжаргал

Хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Эад холбогдох эрүүгийн 1814004930243 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, Х.Э

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хгийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Талийгаач бид хоёр 2013 онд анх танилцсан. 2014 онд хамт амьдарч эхэлсэн. 2014 онд том хүү мэндэлсэн. 2015 оны 02 дугаар сард хуримаа хийсэн. 2015 оны 09 дүгээр сард хөдөө гарсан. Аав ээж маань ишиг авч өгөөд маллаж байгаад 2016 онд бага хүү Г мэндэлсэн. Том хүүгээ алгадсанаас болж талийгаачтайгаа маргалдаад манай хүн аймаг ороод ирсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө талийгаачтай эвлэрэх гэж очсон. Хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь цонхыг нь хагалаад орсон. Тэгээд гэрт ороод ярилцах гэсэн чинь талийгаач намайг байнга архи уудаг, хүүхдээ зоддог гээд дайраад байсан. Тэгэхээр нь дуугүй болгох гээд хоолойг нь боосон чинь ухаан алдчихсан. Сэрээх гээд хацар луу л алагдсан боловч сэрээгүй. Үхчихлээ гэж бодоод айгаад нэг мэдсэн чинь хутга барьсан зогсож байсан. Айсандаа хутгаа барьж гүйгээд арын нарийн гудамж очоод хэсэг зогссон. Цагдаад үнэнээ хэлэх гэхээр шоронд хийх байх гэж бодоод айгаад хэлж чадаагүй. Тэр үед манай хоёр хүү хоёулаа унтаж байсан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Надад сайхан охин үрээ өгсөн хадам ээжээсээ албан ёсоор уучлалт гуйя. Хүний сайхан үрийг жаргаана гэж авч суучихаад ийм муухай зүйл хийсэндээ харамсаж байна. Би хоёр хүүдээ эхийн хайр байхгүй ч эцгийн хайр мэдрүүлж өсгөмөөр байна. Надад боломж олговол би дахиж ийм муухай зүйл хэзээ ч хийхгүй гэв.

Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед шүүхийн шийдвэрээр зам ангид ажиллаж байгаад ажил цуг хийж байсан Баянжаргал танидаг гэх 2 хүн дуудаж 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи авахуулаад 2 дугаар халуун усны хажууд архиа хувааж уусан бөгөөд уг архийг Баянжаргал бид 2 хувааж уусан. Харин Баянжаргалын танидаг гэх 2 залуу архи уугаагүй тэгээд Баянжаргал бид 2 архиа хувааж уугаад дуусгаад Баянжаргал дахин нэг эмэгтэй хүн дуудаж тавуулаа голын зах дээр дахин архи уусан байсан ба надад байсан 55000 төгрөгөөр архи авсан би сайн санахгүй байна нэг мэдсэн чинь арван мянгадад нэг айлын амбаарт унтаж байхаар нь босоод айлын гэр лүү орох гэтэл гэр нь түгжээтэй байхаар нь тэр айлаас гарахад харанхуй байсан. Би эхнэр Ц.Х дээр очиж уулзаж амьдарлаа бодъё ярилцъя гээд эхнэрийн гэр болох Баянхонгор сумын 3-10а-11 тоот хашааны ар талаар нь хашаа давж ороод байшингийн зүүн талын буланд байсан чулуу шиг хатуу шавраар зүүн урд талын цонхыг цохих үед цонх нь хагарсан би хагарсан цонхоор байшинд орох үед өрөөнд эхнэр Ц.Х нь бага хүү Э.Гэ нар нь унтаж байгаад сэрсэн айсан байдалтай байсан бөгөөд эхнэр Ц.Х нь чи байсан юм уу хүн айлгачихлаа гэхээр нь би байна хэнтэй байгаа юм гээд асуутал том хүү Э.Г нь том өрөөний орон дээр унтаж байгаа гэсэн. Тэгээд эхнэр Ц.Хтэй 2 уулаа амьдарлаа бодож 2 хүүхдээ өнчрүүлж яах бэ гэж хэлэхэд эхнэр Ц.Х нь айсан байдалтай би ч гэсэн тэгж бодож байна маргааш шүүхээс салах өргөдлөө буцааж авъя 2 уулаа гэртээ очъё гэхээр нь би битгий худлаа яриад бай иймэрхүү юм болохоор дандаа цагдаа дууддаг биз дээ гэж хэлээд хойд талын жижиг өрөө рүү явсан өрөөнд бага хүү Гэ унтаад үлдсэн. Би хойд талын жижиг өрөө рүү явж байх замдаа гал тогооны өрөөний гал тогооны тавилга дээрээс ногоон иштэй жижиг заазуур байхаар нь авсан. Тэгтэл хажуу талд нь том хутга байхаар нь заазуурыг буцааж тавиад хутгыг аваад хойд талын жижиг өрөөнд эхнэр Ц.Хгийн хамтаар орж эхнэр Ц.Х нь орон дээр суусан. Харин би цонхны хажуу талд зогсож байгаад миний халаасанд байсан тамхиа гаргаж тамхи татаж байгаад би эхнэр Ц.Хгээс уучлаарай гэж хэлээд орон дээр эхнэр Ц.Хгийн дээр нь гарч хоолойг нь гараараа боосон, хажууд гар утасны чихэвч, ногоон өнгийн хөхний даруулга байхаар нь хоолойг 1 минут орчим боотол эхнэр Ц.Х нь ухаан алдаж үхсэн юм шиг байсан би сэрээрэй гээд дуудсан чинь сэрэхгүй байхаар нь айгаад гал тогооны өрөөнөөс авсан том хутгаар гарын дотор шуу хэсгийг зүсчихээд хутгыг бариад хагалсан цонхоор буцаж гарахад бага хүү унтаж байсан. Харин том хүү Гийг унтаж байхыг хараагүй. Тэгээд би хагарсан цонхоор буцаж гараад хашааны хойд талаар давж хойд талын гудамжаар орж худгийн хажууд том хутгаа газарт булж нуучихаад Баянхонгор сумын 3-11-01 тоотод байх гэртээ очиж эхнэр Ц.Хгээ алчихлаа энэ талаар ээж аавдаа хэлээгүй унтаад өгсөн. Тэгтэл нэг мэдсэн чинь цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 39-50 /

Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би охиноо өргөж авснаас хойш хүний дайтай хүн болгож өсгөсөн. Талийгаач маань Х.Э гэх хүнийг 2013 оны 11 сард гэртээ дагуулж ирсэн. Би Н.Эыг гэртээ дагуулаад ирэхэд нь тамхи татдаг уу, архи уудаг уу гэж асуусан, үгүй гэсэн. Манайд 1 жил гаран амьдарсан. Гэхдээ миний охиныг бид хоёрын хажууд алгадаад авсан. Манай охинтой сууснаас хойш нэлээн хэдэн удаа зодож байсан. Би удаа дараа гэртээ авчирч байсан. Х.Эын гэрт миний охиныг зодуулах болгонд очиж авдаг байсан. Харин өнөөдөр энэ хэрэг болсон дараа хүчирхийлэлд орж байсан байна гэж ойлгож байна. Хадам ээж нь миний охины гэдсэнд байгаа хүүхдийг Х.Эынх биш гэж байна гэхээр нь хэн тэгж байна гэсэн чинь лам тэгсэн гэж хэлсэн. Эхийг нь алж хаячихаад эцгийн хайр амсуулна гэж байдаггүй юм. Би одоог хүртэл сэтгэл санаа бие махбод санхүүгийн талаараа ч их хохирч байна. Хүний 4 хүүхдээр хүн хийж амьдарч байна. Өнөөдөр гэхэд танай гэрийнхэн над дээр ирээд уучлалт гуйгаад хүүхдүүдээ тусалж дэмжих талаар яриагүй. Эхнэрээ зодлоо гэхэд 4 настай хүүхдээ хөх эрээн болтол зоддог байсан. Хүүхдийн төлөө төвд аваачиж өгч байсан. Та хоёрын амьдралд орсондоо биш хүүхдээ зодуулаад суулгаж чадаагүй юм. Нэг зодуулахад нь сарын дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд биед нь гэмтэл нь гарч байсан. Бага хүү чинь гуниглаад сууж байхаар нь миний хүү яасан гэсэн чинь “ээжийгээ санаад” гэж байна лээ. Хүн хэзээ ч мартдаггүй юм. Манай хүүхэд бүрэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Талийгаач маань гэрлэлтээ цуцлуулах гээд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн нэхэмжлэлд зоддог байсан, гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан талаар тодорхой тусгасан, нэхэмжлэлээс харагдана.Би маш их гомдолтой байна.

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн   

 ..2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 23 цагийн 40 минутын үед бага охин Оийн хамтаар Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирээд гэрийн үүдэн дээр очиж талийгаач охин Ц.Хтэй утсаар яриад хаалга онгойлго гэсэн чинь их нойрмог байхаар нь ээж дүү 2 нь урд байранд очоод хоночих уу гэхэд тэг гэхээр нь бага охины хамтаар Номгон 1 дүгээр багийн 95 дугаар байрны 01 тоотод байх байрандаа очиж унтсан. Тэгээд өглөө 08 цаг 30 минутын үед босоод бага охин Оийн хамтаар 09 цагийн үед Баянхонгор сумын 3-10а-11 тоотод ирэхэд хашааны хаалга нь дотор талаасаа түгжээтэй хашааны завсараар хартал байшингийн зүүн урд талын цонх хагарсан хаалга нүдэж дуудахад хариу өгөхгүй байхаар нь утсаар нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Талийгаач Ц.Хг 2 хүүхдээ цэцэрлэг рүү хүргэж өгөх гээд явсан хойгуур нь хулгай орсон байна гэж бодоод зээ хүү Э.Гийн бүртгүүлсэн 12 дугаар цэцэрлэг дээр очиж бага ангийн багшаас Гийг ээжтэйгээ ирсэн үү гэж асуухад ирээгүй гэхээр нь цэцэрлэгээс гараад дүү П руу утсаар яриад Ц.Х нь гэртээ алга байна утсаа авахгүй байна гэрт нь хулгай орсон юм шиг байна чи манайд хүрээд ир гээд хэлсэн. С би нэг залгаад үзье гээд утсаараа залгахад охин Ц.Хгийн утсыг зээ хүү 4 настай Э.Г утсаа авахаар нь миний хүү хаана байна гээд асуутал гэртээ байна ээж, дүү нь байгаа юу гэж асуухад байгаа гэж хариулахаар нь би тайвширсан. Тэгээд би Сын гэрээс охин Оийн хамт гарч захаар тайрч Птай уулзаж манай 3 гэртээ байна гэнээ чи очоод хэрэггүй гэж хэлчихээд охин Оийн хамтаар 3-10а-11 тоотод дахин очиход хашааны хаалга түгжээтэй байхаар нь хаалга нүдсэн чинь тайлахгүй байхаар нь охин Оийг хашаа давуулж оруулаад хашааны хаалга онгойлгоод гэрийн үүдэн дээр очсон чинь байшингийн зүүн талын цонх хагарсан байсан. Байшин нь дотор талаасаа түгжээтэй байхаар нь хаалгаа нүдэхэд хэн ч дуугарахгүй байхаар нь охин Ц.Хг дуудсан чинь хариу өгөхгүй байхаар нь зээ хүү Гийг дуудаж эмээ нь байна хаалга онгойлго гэсэн чинь Г хаалга тайлж өгөхөөр нь ээж нь хаана байна гэсэн чинь хойд өрөөг зааж өгөхөөр нь хойд талын өрөөнд орох гэтэл талийгаач охин Ц.Х нь орон дээр дээшээ харсан байдалтай нил цус болсон амь тэмцэж байгаа байдалтай дуугарч байхаар нь би 3 хүүхэд буюу охин Оюун- Эрдэнэ, зээ хүү нар болох Гэ, Г нарыг авч гараад утсаараа түргэн тусламж дуудах гээд 7044103 дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би машиндаа сууж түргэн тусламж руу явж байх замдаа түргэн тусламж руу залгасан чинь утсаа авахаар нь дуудлага өгчихөөд буцаж гэртээ ирээд С руу утсаар ярьж охин Ц.Хг алаад хаясан байна би цагдаа дуудаад очъё гээд хэлсэн. Мөн П руу энэ талаар хэлсэн удалгүй П ирсэн. Дараа нь түргэн тусламж ирээд талийгаач Хг түргэн аваад явсан тэгээд би зээ хүү Гээс юу болсон талаар асуусан чинь аав ирээд ээжийг зодоод явсан гэж ярьсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 101-103 /

Гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн

...Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 10 цаг 26 минутын үед түргэн тусламжийн 7044103 дугаарын утсанд бусдад хорлогдсон хүн байна гэсэн дуудлагын дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод очиход 24 настай Ц.Х гэх эмэгтэй нь байшингийн зүүн хойд талын жижиг өрөөний орон дээр ухаангүй амнаас нь хөөс гарсан баруун гарын бугуй хэсэг гүнзгий зүсэгдсэн шархтай ор болон орны доод хэсэгт цус их хэмжээгээр гарч бүлэгнэсэн байдалтай байсан бөгөөд хоолой хэсэгт нь боогдсон байдалтай хоолой хэсгээр цэнхэр өнгийн эмэгтэй хүний хөхний даруулагаар хоолойг нь ороосон байдалтай байсан. Мөн толгой орчимд гар утасны чихэвчний тасархай утас байсан. Тухайн хүнийг үзэхэд амин үзүүлэлт даралт буусан сатуураац хэвийн зүрхний цохилт олширсон царай цонхийсон шархны цус гараад тогтсон байдалтай нилээн гүнзгий зүсэгдсэн шархтай амьд байсныг яаралтай шархыг боож амны хөөсийг цэвэрлээд тээвэрлэж 10 цаг 47 минутанд нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмч нар эмчилгээ эхэлсэн одоо эрчимт эмчилгээний тасагт бие байдал нь тогтворжсон байдалтай байгаа. Тухайн үед ах нь надад хэлэхдээ нөхөр нь хорлочих шиг боллоо гэсэн. Яаралтай уг хүнийг авч нэгдсэн эмнэлэгт авчирсан бөгөөд хоолой хэсэгт ороолтой байсан эмэгтэй хүний хөхний даруулга нь манай нэгдсэн эмнэлэгт үлдсэн надад байгаа. Намайг уг Ц.Хг үзэхэд амьсгаатай амин үзүүлэлт даралт буусан сатуураац хэвийн зүрхний цохилт олширсон царай цонхийсон байдалтай мөчдүүд хүйтэн баруун гарын бугуй хэсэг шархны цус гараад тогтсон байдалтай нилээн гүнзгий зүсэгдсэн шархтай байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 107-108 /

Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд гэртээ байж байхад эгч Д.Б, дүү Ц.Оэ нар нь манайд орж ирээд гэрийн цонх хагархай байна Ц.Хг дуудсан чинь хариу өгөхгүй болохоор нь хүүхдээ аваад цэцэрлэгийн нээлт рүү явсан байх гэж бодоод цэцэрлэг дээр иртэл алга байна гээд манайд ирсэн. Би Хгийн 80910525 дугаарын утас руу залгахад том хүү 4 настай Э.Г утсыг аваад уйлаад байхаар нь ээждээ утсаа өг гэхэд цаана хүний зовиуртай дуу гараад байхаар нь би утсаар таслаад цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгөхөд цагдаагийн газраас түргэн тусламж дууд гэхээр нь 7044103 дугаарын утсанд дуудлага өгчихөөд байсан чинь Б эгч над руу утсаар яриад манай охин Ц.Хг алаад хаясан байна гээд аймар чанга орилоод цагдаа ирэхгүй байна гэхээр нь би цагдаагийн газарт очиж 2 цагдаа цуг дагуулж яваад цуг гэрт очиход Ц.Хг түргэн тусламж аваад явж байсан. Тэгээд Б эгч бид хоёр 4 настай Гээс хэн зодсон талаар асуухад аав Х.Э ирсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 109-111/

Гэрч Д.Пын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед төрсөн эгч Д.Б над руу утсаар яриад охин Ц.Хг алаад хаясан байна гээд утсаар ярихаар нь би сандраад Ц.Хгийн гэр лүү яваад очтол Д.Б, Ц.Оэ, Ц.Хгийн 2 эрэгтэй хүүхэд нь хашааны гадаа орилоод зогсож байхаар нь би юу болсон талаар асуусан чинь Д.Б эгч Ц.Хг салсан нөхөр Х.Э ирээд алаад хаясан байна гэсэн удалгүй түргэн тусламж ирэхээр нь цуг орсон чинь урд жижиг өрөөний цонх хагарсан байхаар нь эмчийн хамтаар цуг ороод гал тогооны өрөөнөөс харахад хойд талын жижиг өрөөний орон дээр баруун тийшээ толгойгоо харуулсан байдалтай хөл нь унжсан цус гарсан хэвтэж байсан. Тэгтэл эмч үзээд энэ хүн чинь амьд байна гээд машинаас хүн өргөдөг носилка аваад би жолоочтой нь цуг өргөөд хаалгаар байшинд орохгүй болохоор нь гадаа нь носилка тавчихаад буцаж ороод хөнжил дээр хэвтүүлж тавиад эмч жолооч хоёртой толгойн хэсгээс бариад би хөл хэсгээс нь өргөөд түргэний машин руу оруулсан. Тэгээд Ц.Хгийн хүзүүг ногоон өнгийн эмэгтэй хүний хөхний даруулгаар боосон байсан бөгөөд түргэний машинд суулгаж эмнэлэг рүү авч явсан. Д.Б нь 2 хүүхдээс юу болсон талаар асуухад 4 настай хүү Э.Г нь аав Х.Э ирсэн гэж ярьсан байсан. Намайг анх очиход Ц.Хишигжаргалын ээж Д.Б, дүү Ц.Оэ болон Ц.Хгийн 2 эрэгтэй хүүхэдтэй цуг хашааны гадаа байсан удалгүй түргэн тусламж ирэхээр нь би цуг яваад орсон хойд талын жижиг өрөөний орон дээр ухаан алдсан байдалтай цус их гарсан байдалтай хэвтэж байсан,…. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн үед Баянхонгор сумын 3-10а-11 тоотод очих үед Ц.Х нь гэрээ цэвэрлээд байж байсан бөгөөд орой 21 цагийн үед гэрлүүгээ явсан тэрнээс хойш уулзаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 112-114 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн

1.Ц.Хгийн баруун шууны гүн зүсэгдсэн шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт, бөөрний цочмог дутагдал, цус алдалтын болон амьсгал боогдолтын шалтгаант тархины хүчилтөрөгчийн дутмагшилтын дараах тархины эмгэгшил, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, дээд доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.3.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Хохирогч Ц.Хгийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Хохирогч Ц.Хгийн бэлэг эрхтэнд ил харагдах гэмтэл, эмгэг өөрчлөлт үгүй байна.

7.Ц.Хгийн үтрээнээс шинжилгээнд авсан арчдас, наалдац дээрээс эр бэлгийн эс илрээгүй. ..” гэх дүгнэлт / хх-ийн 166-169 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1977 дугаартай шинжээчийн

1.Ц.Хгийн цогцсонд хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором, баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хүзүүнд үүссэн ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтэл нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүсэх ба шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан тул архи болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагагүй болно.

5.Талийгаач нь хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

6. Цус нь ABO системээр Ү/I/ бүлгийн харьяалалтай байна....” гэх дүгнэлт / 2 дугаар хх-ийн 115-119 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9276 дугаартай шинжээчийн

1.Х.Э гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж А/II/ бүлгийн харьяалалтай байна.

2. Ц.Х гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж О /I/ бүлгийн харьяалалтай байна.

3. №4 дугаартай шаргал өнгийн хөхөвч, Х.Э гэх цагаан өнгийн канттай хар өнгийн өмд, №2 дугаартай урт-22,5 см, ажлын хэсэг-12 см, иш-10,5 см ногоон оруулгатай хуванцар ягаан иштэй заазуур, №6 дугаартай сальфетка, №5 дугаартай цэнхэр өнгийн хөхөвч, №3 дугаартай урт-30см, ажлын хэсэг-19см, иш-11 см ногоон эрээн оруулгатай төмөр иштэй хутга зэрэгт цус илэрсэн.

4.№4 дугаартай шаргал өнгийн хөхөвч, Х.Э гэх цагаан өнгийн канттай хар өнгийн өмд, №2 дугаартай урт-22,5 см, ажлын хэсэг-12 см, иш-10,5 см ногоон оруулгатай хуванцар ягаан иштэй заазуур зэрэгт илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.

5. №6 дугаартай сальфетка, №5 дугаартай цэнхэр өнгийн хөхөвч зэрэгт илэрсэн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.

6.№3 дугаартай урт-30см, ажлын хэсэг-19см, иш-11 см ногоон эрээн оруулгатай төмөр иштэй хутга дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт / хх-ийн 160-16 /

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн

1. Х.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

2. Х.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. Болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.

3.Х.Э нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан.

4. Одоогийн байдлаар Х.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

5. Х.Э нь сэтгэцийн хувьд гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед орон зай цаг хугацааны баримжаа алдагдаагүй болсон үйл явдлыг дэс дараалалтай тайлбарлаж байгаагаар илэрхийлэгдэж байна... гэх дүгнэлт / хх-ийн 193-194/

Эрүүл мэндийн яамны дэргэдэх яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/9 дугаартай шинжээчийн

1.2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч эмч М.Хонгорзулын шинжээчийн дүгнэлт, 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлт № 1071 дугаар дүгнэлттэй санал нийлж байна. Учир нь амь хохирогч Ц.Хгийн амьд үеийн онош шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №1071 дугаар дүгнэлттэй тохирч оношилгоо, эмчилгээг стандартын дагуу үзүүлсэн байна. 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл амь хохирогч Ц.Хд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ Эрүүлийн мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаал, нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт МNS5095:2017, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS6330:2017 удирдамж стандартын дагуу үйл ажиллагааг явуулсан байна.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол улсын стандарт эрүүл мэндийн технологи Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621:98 стандартын 6 хэсгийн 1 дэх хэсэгт заасан Шархыг цэгцлэх Монгол улсын стандарт эрүүл мэндийн технологи Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS84621:2008 стандарт, Монгол улсын стандарт эрүүл мэндийг хамгаалах технологи Шокийн оношилгоо, эмчилгээ МNS6104:2010 стандарт, Монгол улсын стандарт эрүүл мэндийг хамгаалах технологи Хүчилтөрөгч эмчилгээ МNS6105:2010 стандарт Монгол улсын стандарт эрүүл мэндийг хамгаалах технологи Ухаангүй байдлыг ялгах оношилгоо, яаралтай тусламж МNS6106:2010 стандартуудыг мөрдөн шаардлагатай оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

2.Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ нь хууль, журам стандартыг зөрчөөгүй байна... гэх дүгнэлт / 4-р хх-ийн 181-184/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-2/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /1-р хх-ийн 5-6/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 12-26/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 27-33/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 45-51/,эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 92-96/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас / 1-р хх-ийн 198-202/, эрчимт эмчилгээний хяналтын хуудас / 1-р хх-ийн 202/, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /1-р хх-ийн 203-204/ яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 204-214/, цус цусан бүтээгдэхүүн захиалах маягт / 1-р хх-ийн 215-230/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /1-р хх-ийн 231-240/, 2-р хх-ийн 1-12/, шүүгдэгч Х.Эын хувийн байдлын талаар оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 210-211/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 72-73/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 73/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / 1-р хх-ийн 201-202-203/, шүүгдэгч Х.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 74-75/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 78-81, 88-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хгийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Х.Эын / 2 дугаар хх-ийн 39-50/ , хохирогч Д.Бын / хх-ийн 101-103/ гэрч Б.Аын / хх-ийн 107-108 /гэрч Д.Сын / хх-ийн 109-111/ гэрч Д.Пын / хх-ийн 112-114/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаартай / хх-ийн 166-169 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1977 дугаартай / 2 дугаар хх-ийн 115-119 / Эрүүл мэндийн яамны дэргэдэх яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/9 дугаартай шинжээчийн / 4-р хх-ийн 181-184/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч....., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд..г хамааруулахаар хуульчилсан.

Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл/ эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл , хохирогчийн үхлийн хооронд шууд хамааралтай байна.

Мөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэх байдал бий болгосон буюу онц хэрцгийгээр үйлдэлд хамааруулна ойлгоно.

Шүүгдэгч Х.Э нь хохирогч Ц.Хгийн баруун шууны гүн зүсэгдсэн шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт, бөөрний цочмог дутагдал, цус алдалтын болон амьсгал боогдолтын шалтгаант тархины хүчилтөрөгчийн дутмагшилтын дараах тархины эмгэгшил, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, дээд доод уруулын дотор салстын язрал гэмтлүүдийг учруулсан , улмаар талийгаач Ц.Хгийн цогцсонд хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтэл нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн, амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн амь хохирогч нь эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж.. гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг..г ойлгохоор заасан.

Мөн шүүгдэгч Б.Эыг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтээр ... шүүгдэгч Б.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, тухайн үед орон зай цаг хугацааны баримжаа алдагдаагүй болсон үйл явдлыг дэс дараалалтай тайлбарлаж байгаагаар илэрхийлэгдэж байна... гэх дүгнэлт гарсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Эад хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Х.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Э нь амь хохирогчийг алахыг өмнө буюу алах явцдаа биед нь шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчлаан зовоосон, түүний учруулсан гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлэгт 6 хоногийн турш зовж зүдэрсэн байдалтай байж байгаад нас барсан, мөн амь хохирогчийн ойр дотны өөрийн төрсөн бага насны хүүхдүүдийн дэргэд амь хохирогчийн хоолойг боох, гарын шууг заазуураар зүсэх зэргээр тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан, амь хохирогчийг өөрийн эрхшээлд байлгах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтанд хохирогчийг оруулсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэрэгт шалгавал зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ариунаагийн ...шүүгдэгч Х.Эад холбогдох хэргийн мөрдөн байцаалтад буцаах, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байна.

Ялтан Х.Э нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутнаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд ялтан Х.Эад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан нийт 13769000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хэрэг шалгагдах явцад гаргасан хохиролд шүүгдэгч Х.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14000000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэж амь хохирогчийн 3 жилийн хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Х.Эын эзэмшлийн... 4 ханатай монгол гэр..ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Х.Эад буцаан олгов.

Шүүгдэгч Х.Эын нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 1060 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD хоёр ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хөр өнгийн өмд нэг ширхэг, LD нэртэй гурван ширхэг тамхитай тамхины хайрцаг, таван хэсэг болж тасарсан утасны чихэвч, хэргийн газраас авсан цусны дээж, цэнхэр өнгийн хөхний даруулга нэг ширхэг, шаргал өнгийн хөхний даруулга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг, 7х4х3.7 см хэмжээтэй шар, саарал өнгийн хатуу шавар зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Эыг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ялтан Х.Эад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Эад оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Эын 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1060 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD хоёр ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хөр өнгийн өмд нэг ширхэг, LD нэртэй гурван ширхэг тамхитай тамхины хайрцаг, таван хэсэг болж тасарсан утасны чихэвч, хэргийн газраас авсан цусны дээж, цэнхэр өнгийн хөхний даруулга нэг ширхэг, шаргал өнгийн хөхний даруулга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг, 7х4х3.7 см хэмжээтэй шар, саарал өнгийн хатуу шавар зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Эын эзэмшлийн...4 ханатай монгол гэр..ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Х.Эад буцаан олгосугай

9.Хохирогч Д.Бын нэхэмжлэлийн шаардлага болох амь хохирогчийн 3 жилийн хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч Х.Эад хэрэглэсэн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

 ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ

 Ч. МӨНХТУЯА