Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/MA2017/0465

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0465

Улаанбаатар хот

Д.Ариун-Адьяа, Я.Мөнхбат, Ц.Ууган,

Д.Хатансэлэнгэ нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Ариун-Адьяа, Я.Мөнхбат, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр: ”Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Ариун-Адъяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Ариун-Адъяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ариун-Адъяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвабат давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд жагсаал цуглаан хийхийг хүлээн зөвшөөрсөн акт гаргахыг даалгах” гэж тодорхойлсон ч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-ыг зөрчин “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хийх цуглааны зорилго, чиглэл нь Монгол улсын Жагсаал цуглаан хийх тухай хуульд нийцэхгүй байх тул бүртгэж авах боломжгүй талаар мэдэгдсэн Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан эс үйлдэхүйд хамаарахгүй. Харин шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг Д.Ариун-Адъяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нарын жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоогоод байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Нэхэмжлэгчид ... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар нэхэмжлэгчдийг ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах зорилготой юм. Энэ нь дээрх хуулийн 3.1-т нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ариун-Адьяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нараас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Ариун-Адъяа, Ц.Ууган, Д.Хатансэлэнгэ, Я.Мөнхбат нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч иргэдээс “асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл суулт хийн цуглаан зохион байгуулах“ зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд талбайд суулт хийн цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 04/866 дугаар албан бичгээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан зорилго, чиглэлд нийцээгүй үндэслэлээр бүртгэлд авах боломжгүй талаар тэдэнд мэдэгдэж, татгалзсан нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нарын хийхийг хүссэн цуглаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 /Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ/-д хамаарах бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд талбай хуулийн 7 дугаар зүйлд заасан жагсаал, цуглаан хийхийг хориглох газарт хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр, тухайн иргэдийн зохион байгуулах цуглаан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /1/-д шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан,

2/-т энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн,

3/-д энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн/ заасан аль ч тохиолдолд хамаарахгүй байна.

Тиймээс хариуцагч албан тушаалтны Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 /Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй/-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нараас гаргасан цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 /Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/-д заасан эс үйлдэхүйд хамаарах бөгөөд энэ талаар “эс үйлдэхүйд хамаарахгүй, мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон нь хууль зүйн хувьд боломжгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Эдгээрээс дүгнэвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР