Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 406

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.А

Нэхэмжлэгч: Я.М

Нэхэмжлэгч: Ц.У

Нэхэмжлэгч:  Д.Х

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, Д.Х, Я.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А, Ц.У, Д.Х, Я.М нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох сонгууль болсон. Өглөө 10 цагт эхлэх ёстой байтал өглөөний 08 цаг 30 минутад эхэлж манай хорооны 14000 хүн саналаа өгч оролцох ёстой байтал хууль бус Засаг дарга З.Э нь хаалгаа түгжиж 150-иад хүнийг оролцуулан хийсэн. Энэ хурал ил тод иргэдийн сонгох сонгогдох ёсыг зөрчсөн хурал болсон. Ингээд хууль бус Засаг дарга З.Э-с тийм хурал, сонгууль яагаад хийв гэж асуухад тодорхой хариу хэлээгүй. Тэр ч бүү хэл биднийг ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халсан. Энд бидний сонгох сонгогдох эрх зөрчигдсөн. Ингээд бид 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цуглаан зохион байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С-д хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ба ямар үндэслэлээр жагсаал цуглаан хийх бүртгэлд бүртгэж авахгүй байгаа талаар тодорхой хариуг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн. Бидний хийх гэж буй цуглаан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн аль нэг зүйл заалтыг зөрчөөгүй байна. 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заагдсан жагсаал цуглаан хийх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Д.А, Ц.У, Д.Х, Я.М нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад жагсаал цуглаан хийхийг хүлээн зөвшөөрсөн акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчид нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байсан ба хэсгийн ахлагч нарын сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Дээрх шалтгааны улмаас жагсаал цуглаан хийх гэж байгаа нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ” гэсэнд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд 

гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Д.А, Ц.У, Д.Х, Я.М нар нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад цуглаан болон суулт хийх тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас албан бичгийг Тамгын газартаа шилжүүлж, улмаар тус газраас 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 04/866 дүгээр албан бичгээр дээрх хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй талаар хариуг тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.С-д өгсөн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Ар, Ц.У, Д.Х, Я.М нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй шалтгаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан зорилго, чиглэлд нийцээгүй байх тул боломжгүй хэмээн маргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэсний дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэж тодорхойлжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ: 1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж тус тус заасан.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудыг тусгайлан зааж өгсөн бөгөөд үүнд: нисэх 

онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, Олон Улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага, нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт тус тус жагсаал, цуглаан хийхийг хориглосон газарт энэхүү тохиолдол хамаарахгүй байна.

Мөн хуулийн 8 дугаар зүйлээр жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох нөхцөл байдлуудыг, 11 дүгээр зүйлээр жагсаал, цуглаан зохион байгуулагчийн үүргийг тусгасан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар ойлгож байгаагаа илэрхийлсэн болно. Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд суулт хийх талаарх ойлголтыг жагсаал, цуглаанаас ялган хуульчлаагүй бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдийн мэдэгдэлд дурдсанаар “...ажилд эргүүлэн авах хүртэл суулт хийхгүй...” гэдгийг нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Д.А, Ц.У, Д.Х, Я.М нар нь цуглаан хийхдээ хүний тоо 100 орчим, эхлэх хугацаа 10.00 цагт, хэрэглэх техник, хэрэгсэл...зэргийг мэдэгдэлдээ тодорхой заасан байх бөгөөд энэхүү цуглаан нь эмх замбараагүй, ёс суртахуунгүй байдал бий болгох нөхцөл бодитоор харагдахгүй байхад тайван жагсаал, цуглаан хийх замаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор дүүргийн Засаг даргад хандсан байхад үндэслэлгүйгээр татгалзсан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, Улсын бүртгэлд бүртгэгдсэн Улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд ...өглөөний 10.00 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжүүлэх боломжтойгоо... илэрхийлсэн тул цуглаан хийх цаг, хугацааг дүүргийн Засаг дарга Ж.С-д тохиролцох боломжтой байхад энэ арга хэмжээг аваагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч нарын цуглаан бүртгүүлэх хүсэлтийг хууль бусаар татгалзаж байгаа нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 

Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэн үүнтэй холбоотой цаг хугацаа өнгөрсөн өөрчлөлтийг харгалзаж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч цуглаан хийх тухай урьдчилан мэдэгдэж, цаг хугацааг тохирох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А, Ц.У, Д.Х, Я.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА