Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

П.Батзаяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Хохирогч С.Агваан

Хохирогч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Шаарийбуугийн гаргасан давж заалдах гомдлоор П.Батзаяад холбогдох эрүүгийн 2114000390185 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тариачин ургийн овогт Пүрэвжалын Батзаяа, 1эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, урьд 1994 оны 05 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялуудыгн хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2002 оны 02 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар /ВЮ74050411/

П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Агвааны толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Шаарийбуугийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тариачин овогт Пүрэвжалын Батзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Батзаяаг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч П.Батзаяад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч П.Батзаяагаас 1,991,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Шаарийбууд олгож, хохирогч С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хохирогч С.Шаарийбуу нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг шүүгдэгч П.Батзаяагаас гаргуулж, хохирогч С.Шаарийбууд олгож, Шүүгдэгч П.Батзаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шүүгдэгч П.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Агваанд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй , түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Шаарийбуу гаргасан давж заалдах гомдолдоо: С.Шаарийбуу миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/213 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн П.Батзаяад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон. Миний бие шийтгэх тогтоолыг хүлээн авч эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

П.Батзаяа нь согтуу байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.Шаарийбуу миний толгой руу гараараа болон хөлөөрөө өшиглөн цохиж зодож эрүүл мэндэд минь хүнд хохирол учруулсан. Энэ гэмтлийн улмаас хэлгүй болж өнөөдрийг хүртэл өөрийгөө ойлгуулж хэлж ярьж чадахгүй мөн тархи толгой байнгын өвдөлт өгч үүнээсээ болж унаж татдаг болсон. Одоогоор биеийн эрүүл мэнд хүнд нөхцөлд байж өндөр настай ээжээрээ асруулж амьдарч байна.

Миний бие тархины хагалгаанд орсон зардал болон өмгөөлөгчийн зардал, бусад холбогдох өөрөөс гарсан зардлаа П.Батзаяагаас нийт 4.702.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн нэхэмжилсэн П.Батзаяа нь миний хохирлыг нэг удаа ч барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх төгрөгийг дахин нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх 1.211.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 3.491.000 төгрөгийг П.Батзаяагаас гаргуулж шийдвэрлэсэн. Миний бие одоо тархины яс нөхөх хагалгаанд дахин орох ёстой. Санхүүгийн байдлаас үүдэн хагалгаандаа орж чадахгүй байдалд хүрээд байна.

П.Батзаяа нь өнөөдрийг хүртэл хохирол гомдлоо барагдуулаагүй, баргадуулах талаар нэг ч санаачилга гаргахгүй хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулчихаад үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн ч зүйлгүй юу ч болоогүй мэт гудамжинд инээгээд явж байхад анхан шатны шүүх түүнд хөнгөн ял шийтгэл өгч үүнийгээ Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Би залуу хүний хувьд цаашид хөдөлмөрлөх, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байсан. Тархинд учирсан гэмтэл болон хэлж ярьж чадахгүй байгаа нөхцөл байдлаас үүдэн хүсэл эрмэлзэл бүрэн зогсож байна. Хүнийг ийм эрэмдэг зэрэмдэг болгосон хүнийг шүүх өршөөж түүнд хөнгөн ял шийтгэл оноож байгаад маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч С.Шаарийбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирлоо төлж барагдуулаагүй байхад Өршөөлийн хуульд хамруулсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.Шаарийбуугийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Агвааны толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Шаарийбуугийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч П.Батзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллагдагч П.Батзаяад яллах дүгнэлтийг гардуулан, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаар дүгнэлтээр “... С.Шаарийбуугийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэжээ.

Хохирогч С.Шаарийбуугийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас тэрээр хэлгүй болж, өөрийгөө бусдад илэрхийлэн ойлгуулах чадваргүй болсон, шүүгдэгч П.Батзаяа нь учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогч С.Шаарийбуугийн биед учирсан хүнд хохирол гэмтлийн эдгэрэлт нь эмчилгээний үр дүнгээс шууд хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудад үнэн зөв бодитой дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчжээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд хохирогч С.Шаарийбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3 -д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Батзаяад холбогдох эрүүгийн 2114000390185 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Батзаяад урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ