Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Н.Нямдорж

Шүүгдэгч: Т.Г, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000480103 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №211 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан биеэр эдлээгүй 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,

             Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №190 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

            Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №104 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

            Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.-1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,

            Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Т.Г

Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч Т.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.Нтай 1 шил архи хувааж уусан бөгөөд архи ууж байхад Т.М надад архи өгсөнгүй гэж над руу муухай хараад уурлаад байсан. Би Т.Мг зуух руу нүүрс хийгээдэх гэсэн чинь шуудайтай нүүрсийг гал руу асгаж зутгаж хийгээд байхаар нь чи яагаад байгаа юм гэхэд надад архи өгсөнгүй гэхээр нь нэг гэрийн эрэгтэй эмэгтэй хоёр архи уугаад байхдаа яадаг юм гэхэд уурлаад галын дэгээ төмөр бариад цохих гэхээр нь би төмрийг нь булааж аваад баруун гарын тохойгоор нүүр лүү нь цохиод, тонгойхоор нь баруун талын өвдөг рүү нь цээж рүү нь ёворчихсон. Т.Мгийн хамраас цус гарахаар нь цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэгээд Т.М бие засчихаад ирье гээд гэрээс араад алга болчихсон. Удалгүй цагдаа нар орж ирсэн ..” гэх мэдүүлэг / хх-ийн 130-131/,

 

 Хохирогч Т.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Г нь найз А.Нтай архи хувааж ууж байгаад намайг гал руу нүүрс хийгээдэх гэхээр нь би шуудайны талаар байсан нүүрсийг гал руу бүгдийг нь хийхэд Т.Г уурлаад миний нүд рүү тохойгоороо цохиход миний нүд ам хавдаад хамраас цус гоожоод байхаар нь би цагдаа дээр очиж нөхөр зодоод байна гэж хэлсэн. Манай нөхөр намайг өмнө зодож байсан. Надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 70-79 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын цагдаа манай дүү болох Т.Мг дагуулж ирээд надад хүлээлгэж өгсөн. Манай дүү Т.Мгийн баруун нүд нь хөхрөөд хавдсан байсан. Юу болсон талаар цагдаагаас асуухад хамтран амьдрагч Т.Г гэдэг хүнд зодуулсан гэж хэлсэн. Манай дүү Т.М нь 2018 оноос Т.Гтай хамтран амьдарсан. Манай дүү нь эрүүл хүн шиг ярьж чадахгүй эрүүл мэндийн хувьд сааталтай хүн. Миний хувьд Т.Гаас нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 93-101/

 

 Гэрч А.Нын мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Гын гэрт Т.М, бид гурав 0.75 грамм Ерөөл нэртэй архи хувааж ууж байгаад Т.Мг Т.Г нь гал руу нүүрс хийгээдэх гэхэд Т.М нь гал руу нүүрс хийж байхдаа асгаж цутгаад байхад цэвэр хийгээч гээд Т.Г нь Т.Мг тохойгоороо нүүр хэсэгт нь цохьсон. Тэр үед Т.Мгийн хамраас цус гарахад Т.Г нь цусыг нь угааж өгөөд Т.Г бид 2 архиа ууж байхад Т.М нь гарч яваад удаагүй цагдаагийн хамт орж ирсэн..” гэх мэдүүлэг / хх-ийн 108-109/

 

Гэрч Ц.Дын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Өлзийт суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Замын цагдаагийн пост дээр 1 эмэгтэй хүн ирэхээр нь хамт гэрт нь очиход хамтран амьдрагч Г нь Т.Мг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байсан тул Т.Гыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн..” гэх мэдүүлэг / хх-ийн 112-113/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 78 дугаар шинжээчийн

 1.Т.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 42-43 /,

 

            Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар

1.Т.М нь сэтгэцийн хувьд оюуны хөгжил хүндэвтэр хомсдол, тэнэхийн донтой өвчтэй. Оюуны хөгжлийн хүндэвтэр хомсдол өвчин нь төрөлхийн өвчин юм. Уг өвчнөөр багаасаа өвчилсөн. Одоо ээнэгшлийн үе шатандаа байна.

2.Уг өвчин тухайн хүний биед өөртөө тавих хяналт сул, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, сэтгэхүйн үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй,/ тэнэх болон худлаа ярихын дон хавсарсан/, сэтгэхүйн хувьд, хийсвэрлэх нэгтгэх, ангилан, ялгах, дүгнэх үйл ажиллагаа хөгжөөгүй.      

3. Т.М нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт / хх-ийн 149/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 60-61/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх-ийн 15-27/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 133/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 136/, депозит дансны хуулгууд /хх-ийн 139-142/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143/,, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.       

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч Т.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Гын / хх-ийн 130-131/, хохирогч Т.Мгийн / хх-ийн 70-79 /Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амаржаргалын /хх-ийн 93-101/,гэрч А.Нын / хх-ийн 108-109/ гэрч Ц.Дын / хх-ийн 112-113/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 78 дугаар шинжээчийн ...Т.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 42-43/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шинжээчийн ... Т.М нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт / хх-ийн 149/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Гын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Т.М, шүүгдэгч Т.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн гараараа цохиж зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Т.Г нь хохирогч Т.Гын гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 42-43/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

 

Шүүгдэгч Т.Г, хохирогч Т.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

 

Иймд Т.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 8 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 7 удаагийн ял шийтгэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон гэж үзэв.

            Харин Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/322 дугаар албан бичигт.. Т.Г нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба цар тахлын улмаас үүссэн хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан ялыг одоогоор эдлүүлж эхлээгүй ... бичигдсэн байна.

Шүүгдэгч Т.Гад үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Т.М нь Т.Гын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Т.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хохирол нөхөн зорилгоор шүүгдэгч Т.Гын эзэмшлийн ...4 ханатай монгол гэр..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Гад буцаан олгов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Гыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Т.Гад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 590 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан 590 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Гын эзэмшлийн ...4 ханатай монгол гэр..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Гад буцаан олгосугай..

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА