Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 19

 

Ази фарма ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор-Хайрхан

фарм ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2019/00572 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг Ази-Фарма ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор-Хайрхан фарм ОНӨААТҮГ-т холбогдох

Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-ийг төлөөлж газрын дарга Н.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Ч.Э, хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-г төлөөлж үйлдвэрийн газрын дарга Н.А, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг Ази-Фарма ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1а/613 тоот мэдэгдлийн дагуу “Баянхонгор-Хайрхан фарм” ОНӨААТҮГ-т эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээг №БХ-2018/Б-37 дугаартайгаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 68 нэр төрлийн 44.842.276.50 төгрөг, дөчин дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун далан зургаан төгрөг тавин мөнгө төгрөгийн эм барааг нийлүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6.356.448.00 төгрөг, зургаан сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найман төгрөгийн эргэн төлөлт хийн үлдэгдэл 38.485.828.50 /гучин найман сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун хорин найман төгрөг тавин мөнгө/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Мөн "Баянхонгор-Хайрхан фарм" ОНӨААТҮГ нь манай байгууллагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулан 2018 оны 1-р сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд 433.995.815.00 / дөрвөн зуун гучин гурван сая есөн зуун ерэн таван мянга найман зуун арван тав/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авч 395.679.525.00 / гурван зуун ерэн таван сая зургаан зуун далан есөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийн төлөлтийг хийж, 7.027.600.00 / долоон сая хорин долоон мянга зургаан зуу/ төгрөгийн эм барааг буцаасан. Үлдэгдэл төлбөр 31.288.690.00 / гучин нэгэн сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөгийн эм барааны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Дээрх тооцоонуудыг барагдуулахыг "Баянхонгор хайрхан" ОНӨААТҮГ-ын ТУЗ-ын дарга Г.Батжаргалын нэр дээр албан тоотуудыг явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл авлага барагдуулах талаар ямар ч ажлыг хийгээгүй байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2 тал үүргээ биелүүлээгүйн үнийн дүнгээс хоногт 0,5%-ийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан тул барагдуулаагүй үнийн дүнгээс бид алданги нэхэмжилж байна.

Тендерийн авлагын дүн 38.485.828.50 түүний алданги 15.971.619.00, эм бараа зээлээр худалдан аваад төлөгдөөгүй үнийн дүн 31.288.538.00 түүний алданги 12.984.743.30 нийт алдангийн хэмжээ 28.956.362.00 төгрөг

Дээрх 2 авлагын үлдэгдэл нийлбэр дүн 69.774.518.50 төгрөгийг төлөөгүй хоногт оногдох алданги болох 28.956.362.30 төгрөгийн хамт нийт 98.730.880.80 / ерэн найман сая долоон зуун гучин мянга найман зуун наян төгрөг наян мөнгө/ төгрөгийг "Баянхонгор-Хайрхан фарм" ОНӨААТҮГ-аас гаргуулан "Ази-Фарма" ХХК-д олгохыг даалгаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Захирал Н.Атай шүүхийн өмнөх шатанд уулзаж тооцоо нийлсэн боловч ойлголцолд хүрээгүй тул шүүхийн шатанд эвлэрэх боломжгүй. Манай байгууллага олон ажилчинтай тэдний цалин хөлс, бусад зардал их байдаг тул алданги болох 28.956.362 төгрөгөөс татгалзах боломжгүй байна. Манай байгууллага нь аймгийн Засаг даргатай байгуулсан Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-т эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээний үүрэг 69.774.518 төгрөг түүний алданги гаргуулах талаар 2 ч удаа захиалагч, худалдан авагч талдаа бичгээр мэдэгдэж удаа дараа утсаар холбогдож байсан боловч төлбөр төлөх талаар санал санаачилга гаргаагүй юм. Иймд шүүхэд хандсан гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй 60 хоног болсон тохиолдолд алданги тооцохоор байгаа. Гэвч манай байгууллага уян хатан байж зөвхөн 83 хоногийн алданги тооцсон байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-г төлөөлж тус үйлдвэрийн газрын дарга Н.А шүүхэд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-ын даргаар томилогдоод 1 сар гаруй болж байна. Тус байгууллага нь Ази фарм ХХК-тай 2018 оны 12 сарын 31-ний байдлаар эм эмнэлгийн хэрэгсэл хүлээн авсан болон тооцооны үлдэгдлийг албан ёсоор баталгаажуулсан баримт байхгүй тул үүссэн алдангийг төлж барагдуулах боломжгүй байна. Иймд алданги болох 28.956.362 төгрөг болон өмнө ажиллаж байхдаа өр үүсгэж дутагдал гаргасан захирал С.Буянжаргал болон улсын байцаагчийн акт тавигдсан хүмүүсээр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. Үндсэн төлбөр болох 69.774.518 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Өмнө ажиллаж байсан хүмүүс болох В.Улаанхүү 2 удаа тооцоо нийлээд үлдэгдлийг гаргасан юм билээ. Миний бие ажил аваад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор Хайрхан фарм Орон нутгийн өмчит ААТҮГ аас эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ази фарм ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 651604 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор Хайрхан фарм Орон нутгийн өмчит ААТҮГаас улсын тэмдэгтийн хураамж 651.604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ази фарм ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-г төлөөлж тус үйлдвэрийн газрын дарга Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ нь Ази фарм ХХК-тай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс байгуулж 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 433.995.815 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авч, 395.679.525 төгрөгийн төлөлтийг хийж үлдэгдэл төлбөр 31.288.690 төгрөгийн эм барааны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Нийт төлбөр 69.774.518 төгрөгөөс 2019 оны 7 дугаар сарын 25-нд 5.000.000 төлсөн, он дуустал төлж барагдуулах тул төлбөрт 28.956.362 төгрөг төлөөгүй хоногт тооцох алдангиас чөлөөлж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг Ази-Фарма ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймаг Баянхонгор-Хайрхан фарма орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 69.774.518 төгрөгийг төлөх талаар маргаан гаргаагүй зөвхөн гэрээний нийт алданги 28.956.362 төгрөгийг төлөхөөс чөлөөлж өгөхийг хүсчээ.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгууллагджээ.

Талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх тухай гэрээн дээр /хх-ийн 25-31 дүгээр тал/ “…гурав. харилцагчийн эрх үүргийн 3.13 гэсэн хэсэгт харилцагч нь нэгдүгээрт худалдан авалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй бол, хоёрдугаарт дараа төлбөртэй худалдан авалтад гэрээнд заасан мөнгөн дүнг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд, гуравдугаарт аливаа төлбөрийн гүйцэтгэлийн хугацаанд зөрчил гаргаж түүнийг хэтрүүлсэн бол худалдан авалтын хэмжээг хэтрүүлсэн дүнд болон төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө. Харин төлбөрийн хугацааг хэтрүүлсэн алдангийг гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцож төлөх бөгөөд аливаа алдангийг эм барааны үнийн төлбөрийн үлдэгдэл дүнгийн хамт худалдан авагч тал нь нийлүүлэгчид үл маргах журмаар төлнө..” гэж заасан байна.

Зохигчид эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа бэлтгэн нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийгдэж, захиалагч худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэлийг гэрээнийн хугацаанд бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний төлбөр, алданги шаардах эрхтэй байна.

Алдангийг тооцохдоо 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 83 хоногоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Худалдах, худалдан авах гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 31.288.538 төгрөг, түүний алданги 12.984.734 төгрөг, мөн худалдан авах гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 38.485.828 төгрөг, түүний алданги 15.971.619 төгрөгийг тус тус хариуцаж төлөх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд анх байгуулсан гэрээ буюу 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх тухай гэрээн дээр алданги тооцохоор заасан бөгөөд дараагийн байгуулсан тендер авлагын дүн нь өмнөх гэрээний үргэлжлэл буюу талуудын хооронд тогтсон заншил, харилцан байнга тогтвортой хийгдэж байгаа худалдах, худалдан авах ажиллагаа нь алданги тооцож өгч авалцдаг, хариуцлага тооцдог үйл ажилллагаа талуудын хооронд үргэлжилж иржээ гэж дүгнээд хоёр тус тусдаа төлөгдөөгүй үлдэгдэл дүнд алданги тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрээний талуудыг төлөөлж Ч.Э, В.Улаанхүү нар тооцооны үлдэгдэлийг 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл тооцоо нийлж, актыг баталгаажуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-г төлөөлж тус үйлдвэрийн газрын дарга Н.Агийн хариуцагч талын биелүүлээгүй үнийн дүнд тооцсон 28.956.362 төгрөгийг алдангийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302.731 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2019/00572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-г төлөөлж тус үйлдвэрийн газрын дарга Н.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор-Хайрхан фарма ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302.731 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                         ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                Г.УЛАМБАЯР