Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 572

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Эы өргөн чөлөө-46, Гранд Плаза цогцолбор 1105 тоот, утас: 70075511; 70078812, "Ази-Фарма" ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Дуурсах 3-р баг Эрүүл мэндийн газар 105 тоот, утасны дугаар: 89982855, "Баянхонгор-Хайрхан фарм" ОНӨААТҮГ-т холбогдох

Эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н, Ч.Э хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Ази-Фарма" ХХК гаргасан нэхэмжлэлдээ: 

Баянхонгор аймгийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1а/613 тоот мэдэгдлийн дагуу "Баянхонгор-Хайрхан фарм"ОНӨААТҮГ- т эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээг №БХ-2018/Б-37 дугаартайгаар 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр байгуулж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 68 нэр төрлийн 44.842.276.50 / Дөчин дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун далан зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийн эм барааг нийлүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6,356,448.00 / зургаан сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийн эргэн төлөлт хийн үлдэгдэл 38,485,828.50 /гучин найман сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун хорин найман төгрөг тавин мөнгө/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Мөн "Баянхонгор-Хайрхан фарм" ОНӨААТҮГ нь манай байгууллагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулан 2018 оны 1-р сараас 2018 оны 12-р сарын дуусталх хугацаанд 433,995,815.00 / дөрвөн зуун гучин гурван сая есөн зуун ерэн таван мянга найман зуун арван тав/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авч 395,679,525.00 / гурван зуун ерэн таван сая зургаан зуун далан есөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийн төлөлтийг хийж, 7,027,600.00 / долоон сая хорин долоон мянга зургаан зуу/ төгрөгийн эм барааг буцаасан. Үлдэгдэл төлбөр 31,288,690.00 / гучин нэгэн сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөгийн эм барааны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Дээрхи тооцоонуудыг барагдуулахыг "Баянхонгор хайрхан" ОНӨААТҮГ-ын ТУЗ-ын дарга Г.Батжаргалын нэр дээр албан тоотуудыг явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл авлага барагдуулах талаар ямар ч ажлыг хийгээгүй байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2 тал үүргээ биелүүлээгүйн үнийн дүнгээс хоногт 0,5%-ийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан тул барагдуулаагүй үнийн дүнгээс бид алданги нэхэмжилж байна.

Тендерийн авлагын дүн 38,485,828.50 түүний алданги 15,971,619.00, эм бараа зээлээр худалдан аваад төлөгдөөгүй үнийн дүн 31,288,538.00 түүний алданги 12,984,743.30 нийт алдангийн хэмжээ 28,956,362.00 Дээрхи 2 авлагын үлдэгдэл нийлбэр дүн 69.774.518.50 төгрөгийг төлөөгүй хоногт оногдох алданги болох 28,956,362.30 төгрөгийн хамт нийт 98,730,880.80 / ерэн найман сая долоон зуун гучин мянга найман зуун наян төгрөг наян мөнгө/ төгрөгийг "Баянхонгор-Хайрхан фарм" ОНӨААТҮГ-аас гаргуулан "Ази-Фарма" ХХК-д олгохыг даалгаж өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Захирал Н.Атай шүүхийн өмнөх шатанд уулзаж тооцоо нийлсэн боловч ойлголцолд хүрээгүй тул шүүхийн шатанд эвлэрэх боломжгүй. Манай байгууллага олон ажилчинтай тэдний цалин хөлс, бусад зардал их байдал тул алданги болох 28.956.362 төгрөгөөс татгалзах боломжгүй байна.

Манай байгууллага нь аймгийн Засаг даргатай байгуулсан Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-т эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээний үүрэг 69774518 төгрөг түүний алданги гаргуулах талаар 2 ч удаа захиалагч, худалдан авагч талдаа бичгээр мэдэгдэж удаа дараа утсаар холбогдож байсан боловч төлбөр төлөх талаар санал санаачилга гаргаагүй юм. Иймд шүүхэд хандсан гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй 60 хоног болсон тохиолдолд алданги тооцохоор байгаа. Гэвч манай байгууллага уян хатан байж зөвхөн 83 хоногийн алданги тооцсон байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-ын даргаар томилогдоод 1 сар гаруй болж байна. Тус байгууллага нь Ази фарм ХХК-тай 2018 оны 12 сарын 31-ний байдлаар эм эмнэлгийн хэрэгсэл хүлээн авсан болон тооцооны үлдэгдлийг албан ёсоор баталгаажуулсан баримт байхгүй тул үүссэн алдангийг төлж барагдуулах боломжгүй байна.

Иймд алданги болох 28956362 төгрөг болон өмнө ажиллаж байхдаа өр үүсгэж дутагдал гаргасан захирал С.Б болон улсын байцаагчийн акт тавигдсан хүмүүсээр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. Үндсэн төлбөр болох 69.774.518 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Өмнө ажиллаж байсан хүмүүс болох В.Улаанхүү 2 удаа тооцоо нийлээд үлдэгдлийг гаргасан юм билээ. Миний бие ажил аваад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна..гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ази-Фарма ХХК нь хариуцагч Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-т холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга болон Ази Фарма ХХК-ний захирал Г.Б нар нь 2018 оны 06 сарын 19-ний өдөр БХ-2018/Б-37 дугаар гэрээ байгуулж 62.508.003 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг захиалагч болох Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-т нийлүүлэгч болох Ази фарма ХХК-аас нийлүүлэхээр гэрээ хийж, нийлүүлэгчээс гэрээний хугацаанд гэрээний үүргээ биелүүлж бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлсэн байна.

Мөн Ази фарма ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б, Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-ийн захирал С.Б нар нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулж эм эмнэлгийн хэрэгсэл зээлээр худалдан авч 60 хоногт төлбөрийг төлж байхаар тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 68 нэр төрлийн 44.842.276.50 төгрөгийн эм барааг нийлүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6,356,448.00 төгрөгийн эргэн төлөлт хийн үлдэгдэл 38,485,828.50 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй,

2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр 2018 оны 1-р сараас 2018 оны 12-р сарыг дуусталх хугацаанд 433,995,815.00 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдаж 395,679,525.00 төгрөгийн төлөлтийг хийж, 7,027,600.00 төгрөгийн эм барааг буцаасан. Үлдэгдэл төлбөр 31,288,690.00 төгрөгийн эм барааны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох зорилгоор гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, мэдэгдэл, алдангийн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Үйл баримтаар зохигчдын эм эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийгдэж, захиалагч, худалдан авагч нь төлбөрийн үлдэгдлийг гэрээний хугацаанд бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөр, алданги шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 69.774.518 төгрөгийг төлөх талаар маргаан гаргаагүй, тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин гэрээний нийт алданги 28.956.362 төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсчээ. Шүүх гэрээний алдани төлөх үндэслэлтэй эсэхийг хянахад 2018 оны 06 сарын 19-ний өдрийн БХ-2018/Б-37 дугаар гэрээний 4.1.5-д гэрээгээр нийлүүлэх эм эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл тоо хэмжээгээр хугацаа хожимдуулсан тохиолдолд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдани төлнө..4.2.4-д захиалагч нийлүүлэгчийн гэрээний дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор төлнө.. гэжээ.

Улмаар нэхэмжлэгч нь энэ гэрээний алдангийг тооцохдоо гэрээний төлөгдөөгүй үүрэг 38,485,828.50 төгрөгт ногдох алданги 15,971,619.00 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна.

Алдангийг тооцохдоо 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл 83 хоногоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

2018 оны 01 сарын 06-ны өдрийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 31,288,538.00 түүний алданги 12,984,743.30 төгрөг гэж нэхэмжлснийг хянахад гэрээний 1.1-д зээлээр эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлснээс хойш 60 хоногийн дараа төлнө..гэсэн бол гэрээний 3.13-т худалдан авалтын хэмжээгээ хэтрүүлсэн дүнд болон төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө..гэжээ.

Алдангийг тооцохдоо 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл 83 хоногоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги.. гэнэ гэж тодорхойлсон бол зохигчдын дунд байгуулагдсан гэрээнүүдэд алданги авах эрх, хэмжээ зэргийг тохиролцсон, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрээний талуудыг төлөөлж Ч.Э, В.Улаанхүү нар тооцооны үлдэгдлийг 2018 оны 01 сараас 2018 оны 12 сарын 31-нийг хүртэл тооцоо нийлээд 2018 оны 06 сарын 19-ний өдрийн БХ-2018/Б-37 дугаар гэрээний үлдэгдэл 39.037.228 төгрөг гэсэн бол 2018 оны 01 сарын 06-ны өдрийн гэрээний үлдэгдлийг 12.668.338 төгрөг гэж тус тус тооцож гарын үсгээ зурсан, тооцоо нийлсэн актыг баталгаажуулсан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ... гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Аки фарма ХХК-ийн төлсөн 651604 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 651604 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор Хайрхан фарм Орон нутгийн өмчит ААТҮГ аас эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний үүрэг 69.774.518 төгрөг, алданги 28.956.362 төгрөг, нийт 98.730.880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ази фарм ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 651604 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор Хайрхан фарм Орон нутгийн өмчит ААТҮГаас улсын тэмдэгтийн хураамж 651604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ази фарм ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ