| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2022/04304/И |
| Дугаар | 102/ШШ2023/04752 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/04752
| 2023 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2023/04752 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1184 дугаартай захирамжаар Д.Д...ээс 54,687,627 төгрөгийг гаргуулж, Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч хошууч Ц.Т 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Хариуцагч байгууллага нь шинжээч томилох тухай тогтоолдоо А ХХК-г шинжээчээр томилсон нь Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. гэснийг зөрчсөн. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шинжээч гэдэг бол МУ-н иргэн байна, тэрнээс хуулийн этгээд биш юм. 2. Мөн шинжээчийн дүгнэлтэд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг оруулалгүйгээр шууд шинжээч томилсон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэснийг, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-т үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хэлнэ гэж байгаа гэснийг тус тус зөрчсөн. 3. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч н.Түмэндэлгэр явуулж байхад гэнэт н.Янжинлхам гэдэг хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байдаг. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.10-т заасан харьяаллыг зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар Д.Д...ээс 54,687,627 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 сарын 23-ны өдрийн 20250545 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 8 сарын 19-ний өдрийн 4-148/29914 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Д.Д...ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд .....дугаар бүртгэлтэй 290 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 сарын 9-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 сарын 04-ний өдрийн 200250545/182 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Г ХХК-д танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42-р зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 3/63 тоот Шинжээч томилох тогтоолоор А ХХК-г шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход 127,545,485 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2022 оны 4 сарын 04-ний өдрийн 4-148/7133, 7133 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Д.Д-с А ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг тус шүүхийн 2022 оны 5 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/ тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас төлбөр төлөгч Д.Д...ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй тул 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад 2022 оны 09 сарын 26-ны өдрийн ... тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч Д.Д...ээс Шинжээч томилох тухай тогтоол хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, Шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг /хх-4/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, регистрийн дугаарын лавлагаа /хх-6/, гүйцэтгэх хуудас /хх-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-8-10/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-11/, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-12/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-13/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-14-15/, Зарлан дуудах мэдэгдэл /хх-16/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-17-18/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-19-20/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-21/, Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-22/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-23/, итгэмжлэл /хх-78, 88/, Хос стандарт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-89-103/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас /хх-104/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-105/, хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-106/, Хариуцагч талаас итгэмжлэл /хх-27/, хариу тайлбар /хх-42-43/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-56/, гүйцэтгэх хуудас /хх-57/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-58-60/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-61/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-62/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-63/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-64/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчийн гаргасан хүсэлт /хх-65/, Грийн инвестмент ББСБ ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-66/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-67/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-68/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-69-70/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-71/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Д.Д... нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
6. Хэрэгт талуудаас өгсөн болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01184 дугаартай захирамжаар Д.Д...ээс 54,160,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 705 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НГ...нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.
Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг тогтоолоор битүүмжилж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар талуудаас тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Д... нь 750,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Г ББСБ ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай тогтоолоор А ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгожээ.
7. Нэхэмжлэгч нь энэхүү 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ... шинжээчээр хувь хүн биш хуулийн этгээдийг томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ...шинжээч А ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгө байрших газрыг үнэлээгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-т заасныг тус тус зөрчсөн, ...тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах шийдвэр гүйцэтгэгчээр Д.Т-г томилсон байхад эд хөрөнгө хураах тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч Б.Я гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг зөрчсөн зэрэг үндэслэл заан, тайлбарласан.
8. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай тогтоолоор шинжээчээр томилогдсон А ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Жамъян болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ч.Ж нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд хариуцагч байгууллагын шинжээч томилсон тогтоолтой тус компанийг төлөөлөн танилцаж, гарын үсэг зурсан байхаас гадна түүнд шинжээчийн эрх үүргийг танилцуулж, шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллүүдийг гаргуулан авсан байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр А ХХК-ийг томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
9. Мөн хариуцагч НГ...нь гүйцэтгэх хуудаст заасан хэмжээгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулдаг.
Тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бичигдсэн 705 дугаартай гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч Д.Д...ээс 54,160,000 төгрөгийг гаргуулан, төлбөр авагчид олгож, төлбөр төлөгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .... агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.
Өөрөөр хэлбэл тус гүйцэтгэх хуудаст дээрх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул шинжээч нь тухайн газрыг үнэлгээг тогтоох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн тухайн хөрөнгө байрших газрыг үнэлээгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-т заасныг тус тус зөрчсөн гэж гэх тайлбар үндэслэлгүй байна.
10. Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үнэлгээний зүйл болох дээрх эд хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Б.Я явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэгч Б.Я нь хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хариуцагч байгууллагын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаарт Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
11. Түүнчлэн, нэхэмжлэлийн энэхүү нэхэмжлэл нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын төрөлд хамаарах тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Д-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан бөгөөд энэхүү тогтоолыг үндэслэн гарсан А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д зааснаар эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. зааснаар шийдвэрийг баталгаажуулах нэг арга бөгөөд шүүх үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг харгалзан үздэг.
Гэхдээ тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .. дүгээр шүүхийн тогтоолоор үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэсэн асуудал нь шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн байна гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д...ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ