| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/05099/И |
| Дугаар | 102/ШШ2023/04751 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/04751
| 2023 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2023/04751 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... оршин суух Оросын холбооны улсын иргэн Б А....гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод байрлах С ХХКК-д холбогдох,
Агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Бурхинова А.... нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр .... агуулахыг худалдах, худалдан авах тухай ЗоГ22/02/06 дугаартай гэрээг С ХХКК-тай байгуулсан. Гэрээний үнийг 15,000,000 төгрөгөөр тохиролцож тус компанийн данс руу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гаргаж өгөхгүй, агуулахыг ч мөн шилжүүлж өгөхгүй байгаа болно. Иймд Агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу Бурхинова А.... намайг өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг С ХХКК-д даалгаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Бурхинова А....гийн нэхэмжлэлтэй С ХХКК-д холбогдуулж гаргасан Агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгож улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэрэгт Батбаяр овогтой Алтаншагай миний бие С ХХКК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд агуулахын үнийг 15,000,000 төгрөгөөр тохиролцож тус компанийн данс руу 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гаргаж өгөхгүй, агуулахыг ч мөн шилжүүлж өгөхгүй байгаа болно гэж тайлбарлажээ. Гэвч нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Б.А нь манай компаниас 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр .... орон сууцыг 1 м.кв-г 2,200,000 төгрөгөөр буюу нийт 366,432,000 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 2 ширхэг дулаан зогсоолыг нийт 60,000,000 төгрөгөөр 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 1 ширхэг агуулахыг 15,000,000 төгрөгөөр тус тус тохиролцож худалдаж авсан ба орон сууцны үнийн дүнгээс нийт 365,424,000 төгрөг төлсөн буюу 1,008,000 төгрөг дутуу төлсөн, дулаан зогсоолын үнийн дүнг нийт 60,000,000 төгрөг бүрэн төлж дуусгасан, агуулахын үнийн дүнгээс 4,000,000 төгрөг төлж 11,000,000 төгрөг дутуу төлсөн байдаг. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал нь гэрээний үнийн дүнг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчсөнөөс гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн агуулах худалдах, худалдан авах гэрээ /хх 5-8/, С ХХКК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/27/176 дугаар албан бичиг /хх 55/, Б.А..н Хас банкны дансны хуулга /хх 56/, Б.А...н хаан банкны дансны хуулга /хх 57-59/, хариуцагчаас 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-21/02/08 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 29-34/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ21/02/03 дугаар Автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ /хх 35-37/, С ХХКК-ийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 05/12/273 дугаар мэдэгдэл /хх 38/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 39/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ /хх 40-42/, С ХХКК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 43-45/, С ХХКК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-52/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Бурхинова А.... нь ..... доорх дулаан зогсоолын хажууд байх агуулахын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар шаардсаныг хариуцагч С ХХКК эс зөвшөөрч, агуулахын төлбөр төлөөгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Б.А.н хамт С ХХКК-аас 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ... орон сууцыг 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр буюу 366,432,000 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны 2 ширхэг автомашины зогсоолыг 60,000,000 төгрөгөөр, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 1 ширхэг агуулахыг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн агуулах худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ21/02/03 дугаар Автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, түүний нөхөр Б.А... нар нийт гэрээний үүрэгт 441,432,000 төгрөг төлөх ёстойгоос дансаар 429,424,000 төгрөг, бэлнээр 960,000 төгрөг төлсөн болох нь Б.А-н Хас банкны дансны хуулга, Б.А-н хаан банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа, С ХХКК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, С ХХКК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 441,432,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолж чадсангүй.
7. Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Б.А-н хамт С ХХКК-аас 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ....орон сууцыг 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр буюу 366,432,000 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны 2 ширхэг автомашины зогсоолыг 60,000,000 төгрөгөөр, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 1 ширхэг агуулахыг 15,000,000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
8. Талууд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн агуулах худалдах, худалдан авах гэрээний 3.2.2-т Дулаан зогсоолын үнийг гэрээнд заасан тогтоосон хугацаанд төлнө, 4.2.2-т талууд харилцан тооцоо нийлж, акт үйлдэж дулаан зогсоолыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тус тус тохиролцсон тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. зааснаар эд зүйлийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ.
Иймээс нэхэмжлэгч нь агуулахын төлбөрөөс 11,048,000 төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлах учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 162,750 төгрөг гаргуулан улсын орлого болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй тул Бурхинова А....гийн А...... тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай С ХХКК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж нэхэмжлэгчээс 162,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ