Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04749

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04749

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суух Такианар овогт Н.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах Г ХХК-д холбогдох,

Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 68,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс анх тус шүүхэд орон сууцыг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хариуцагчаас 68,505,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал нэхэмжлэгч нь Р ХК-д хуульчийн албан тушаалыг эрхэлдэг. В ХХК нь В ХХК-д 130,040,000 төгрөгийг төлж барагдуулах тухай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2740 дугаар захирамж гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд эвлэрч В ХХК-аас төлбөрийн авлагадаа Г ХХК-аас орон сууц авах, тухайн компанитай захиалгын гэрээ хийж шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг. Г ХХК-иас Р ХК нь төлбөрийн авлагадаа хоёр орон сууц авахаар болж, нэг орон сууцыг өгсөн. Энэ дээр талууд маргадаггүй. Үлдэх нэг орон сууцны хувьд талууд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Г ХХК-тай орон сууц захилгын гэрээг Р ХК-ийн ажилтан Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг. Тухайн гэрээгээр ... орон сууцыг 68,505,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Талууд гэрээний нэмэлт нөхцөл дээр энэ орон сууц нь 100 хувь бартераар борлуулагдсан төлбөрийн үлдэгдэлгүй гэдэг зохицуулалтыг тусгасан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3,2 дэх хэсэгт 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж түлхүүрийг нь хүлээлгэж өгнө гэж тохиролцсон боловч орон сууцыг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй. Үүнийг хариуцагч тайлбарлахдаа В... ХХК-иас бетон зуурмаг аваад, бетон зуурмагийн төлбөрт нь орон сууц өгнө гэж тохиролцсон боловч бетон зуурмагаа нийлүүлээгүй учраас танайд уг орон сууцыг шилжүүлэх боломжгүй гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт энэ байр нь В ХХК-ийн бартерын орон сууц бөгөөд төлбөр тооцоотой асуудлыг ВХХК нь бүрэн хариуцна гэж заасан. Эдгээр заалт нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124,1 дэх хэсэгт заасан өр шилжих тухай заалтад хамаарч байгаа. Яагаад гэвэл Г ХХК нь Винстрейд ХХК-ийн Р ХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой өр төлбөрийг орон сууц хэлбэрээр үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах болон алданги гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тухайн маргаан бүхий орон сууц нь хоёр, гурван этгээдэд өмчлөл нь шилжээд банкны барьцаанд байгаа гэдэг баримт ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирлоо шаардахаар өөрчилсөн. Ингээд талуудын хооронд байгуулсан гэрээний үнээр 68,505,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл орон сууц захиалгын гэрээ нь дээр маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Нэхэмжлэгч тал гэрээг өөр талаас нь тайлбарлаад байна. Нэгдүгээрт гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг гэрээ болон гэрээний хавсралтад заасан нөхцөл хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоногт тутамд төлөөгүй нийт үнийн дүнгийн 0,33 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Гэтэл Р ХК нь ямар ч төлбөр төлөөгүй. Г ХХК нь В ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй, гэрээний үүргийн зөрчсөн хугацаа 45 хоногоос дээш хэтэрвэл гүйцэтгэгчид саад учирсан гэж үзэж гүйцэтгэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцална. Ингээд захиалгын гэрээг байгуулснаас хойш сар тутамд гэрээний үнийн дүнгээс 3 хувиар тооцож, захиалагчид торгууль төлнө гэж заасан байгаа. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт уг байр нь В ХХК-ийн бартерын байр бөгөөд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг В ХХК нь бүрэн хариуцна гэж заасан байхад Г ХХК-аас орон сууцыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл эндээс маш тодорхой харагдаж байна. Мөн Винсконкрейт ХХК нь бетон зуурмагаа нийлүүлсэн нийлүүлээгүй гэдгийг яаж тодорхойлоод манай компаниас мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хариуцагч нь Г ХХК биш харин В ХХК тул энэ компаниасаа шаардана уу. гэж маргажээ.

 

  3. Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 020/024 дугаартай орон сууц захиалгын гэрээ /хх 6-9/, В ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/02 дугаартай тооцоо хаах тухай албан бичиг /хх 11/, В ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 05/01 дугаартай төлбөрт шилжүүлэх тухай албан бичиг /хх 12/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дугаар гүйцэтгэх хуудас /хх 13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 654 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2740 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх 15/, В ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт /хх 17/, Р ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/141 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 18/, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 14/, Р ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний 01/172 дугаартай Г ХХК-д гаргасан хүсэлт /хх 20/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03/1176 дугаар хариу /хх 21/, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг /хх 74-75/ шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 56-66/ гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Н.Б нь орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж, 68,505,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны үнэд тохирох бетон зуурмаг нийлүүлээгүй учир төлөхгүй гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2740 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар В ХХК нь 130,040,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн дотор Ре ХК-д төлөхөөр болжээ.

В ХХК нь 130,040,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед Р ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/141 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Р ХК нь 130,944,075 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, А блок, 1 дүгээр орц, 5 давхар G тоот 2 өрөө, 45.67 м.кв орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцож, орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцож, 68,505,000 төгрөгт тус тус тооцож авахаар В ХХК-тай харилцан тохиролцсон болох нь В ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/02 дугаартай тооцоо хаах тухай албан бичиг, В ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 05/01 дугаартай төлбөрт шилжүүлэх тухай албан бичиг, В ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт, Р ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний 01/172 дугаартай Г ХХК-д гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Энэхүү гэрээний үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Р ХК нь өөрийн ажилтан Н.Б дамжуулан Г ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 020/024 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 7.3-д уг байр нь В ХХК-ийн бартерийн байр бөгөөд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Венсконкрэйт ХХК нь бүрэн хариуцна. гэжээ.

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Р ХК-д 130,040,000 төгрөгийг В ХХК-иас гаргуулах олгохоор болсон бөгөөд энэхүү төлбөрийг төлүүлэх зорилгоор Р ХК нь өөрийн ажилтан Н.Б дамжуулан Г ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 020/024 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулжээ.

Иймээс Р ХК болон Г ХХК нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцож, 68,505,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, А блок, 2 дугаар орц, 10 давхар G тоот 2 өрөө, 45.67 м.кв орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр тооцож, 68,505,000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно., 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг хуульд тодорхой заасан байхад нэхэмжлэгч Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар Ремикон ХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэхгүй.

Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ заасан шаардлага хангаагүй этгээд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан заасан үндэслэл хэргийг хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боловч нэхэмжлэгч өөрийгөө бие даан шаардлага гаргах эрхтэй нэхэмжлэгч этгээд гэж тодорхойлсон тул түүнийг гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ.

 

9. Нэхэмжлэх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Ремикон ХК-ийн шаардлага гаргах, хариуцагч Г ХХК-ийн түүнтэй холбоотой маргах эрхийг хязгаарлаагүй болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-д холбогдох, 68,505,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ