Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/04678

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/04678

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А-

Нэхэмжлэгч: Г.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У  холбогдох,

... байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А, Г.Ц нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, Г.Ц, хариуцагч Г.У, түүний өмгөөлөгч О.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.П, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А, Г.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... орон сууцанд талийгч аав Н.Гомбо, төрсөн эгч Г.Уийн хамт амьдарч байсан бөгөөд орон сууц хувьчлах тухай хуульд заасан журмын дагуу 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш бид тухайн орон сууцны хамтран өмчлөгч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний эцэг Н.Г 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан ба бидний төрсөн эгч Г.У нь бидэнд мэдэгдэлгүй ганцаараа өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсан. Ингээд өв залгамжлалаар тухайн орон сууцны өмчлөгчдийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хуурамчаар үйлдэж, бидний хамтран өмчлөх эрхтэй .... орон сууцнаас биднийг хасуулж, дангаар өмчлөх эрхтэй болсон байна. Хуульд зааснаар хамтран өмчлөх эрхээс хасах тухай хэлцлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хийх ёстой байтал биднээс зөвшөөрөл авалгүй, бидний гарын үсгийг хуурамчаар дуурайж зурж хийсэн байна. Тус хэлцлийг хийх үед бид байгаагүй, өөрсдөө хүсэлт гаргаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, хэн нэгэнд төлөөлөх эрхийн итгэмжлэл ч олгоогүй. Өөрөөр хэлбэл 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд бид хүсэл зоригоо илэрхийлсэн ямар ч үйлдэл хийгээгүй юм. Хэлцэл хийгдсэн гэх 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А нь Монголд байгаагүй бөгөөд 2001-2006 он хүртэл Швед болон Герман улсуудад амьдарч байсан төдийгүй, 2002 онд Шведэд өөрийн охиноо төрүүлж байсан. Гэтэл эгч Г.У нь бидэнд мэдэгдэлгүйгээр биднийг ... орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулсан болохыг эгч Г.Уийн нэхэмжлэлтэй манай ах /дүү/ Г.Д-д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед олж мэдсэн. Биднийг өмчлөгчөөс хасуулсан бүртгэлийг бид мэдээгүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А, Г.Ц биднийг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, холбогдох бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний байр гэдгийг нэхэмжлэгч нар шүүхэд ирэхээс өмнө мэдэж байсан. Би өөрийн хуримтлуулсан мөнгөөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоот орон сууцыг хувьчлагдаагүй байхад нь Л.А гэдэг хүнээс 1996 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 4,9 сая төгрөгөөр худалдаж авсан, 1997 оны 8 сард хөдөөгөөс аав, ээж, дүү нарын хамт нүүж ирээд миний байранд ах Баяртай хамт амьдрахаар гуйхад нь өөрийн эзэмшлийн орон сууцандаа түр суулгаж байсан. Орон сууцны хувьчлал явагдаж байхад би Германаас аавд итгэмжлэл өгч явуулаад аав үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хөөцөлдөж авахдаа өөрийнхөө болон миний хоёр дүү Г.А, Г.Ц нарыг гэрчилгээнд бичүүлсэн байсныг аавд хэлэхэд буцаагаад хасалт хийлгэчихнэ гэж байсан. Намайг Германаас 2000 оны 5 сард ирэхэд аав, ээж хоёр өвчтэй хэцүү үе байсан, аав 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, би 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А, Г.Ц хоёртой ярилцаад өөрсдийн биеэр нотариат дээр очиж энэ хэлцлийг дүрэм журмын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.У, Г.А, Н.Гомбо, Г.Ц нарын 4 хүний өмчлөл бүхий .... орон сууцны өмчлөгч Н.Г 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан учраас түүнд ногдох хэсгийг өвлөхөөр хууль ёсны өвлөгч Г.У өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтээр орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг охин Г.Ут өвлүүлэн гэрчилгээ олгохдоо өв залгамжлалын бүртгэлийн дэвтрийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 01 дугаарт Г.У, хамтран өмчлөгчид болох Г.А, Г.Ц нарыг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.У, Г.А, Г.Ц нарын дундын өмчлөлд орон сууцыг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Тухайн өдрөө өмчлөгч өөрчлөгдөж Г.У, Г.А, Г.Ц нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц талууд хамтран өмчлөгч хасагдах хэлцэл хийсэн байна. Энэ нь 2002 оны гэрээний бүртгэлийн 35 дугаарт бүртгэгдэж гэрчлэгдсэн.Тухайн үед гэрээний талуудыг биеэр байлцуулан, иргэний үнэмлэхээр хувийн байдлыг тогтоож, гэр бүлийн гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тусдаа амьдрах болсон шалтгаанаар хамтран өмчлөгчөөс хасуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба холбогдох хэлцэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг тус тус зурсан байна. Тиймээс Г.У, Г.А, Г.Ц нарын хооронд байгуулсан хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. гэв.

4. Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Уийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 26 тоотод байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, нэхэмжлэгч Г.Ц-гийн гадаад паспортын хуулбар, Г.Уийн төрсний гэрчилгээний хуулбар, орон сууц хөлслүүлэх гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.У, Г.Д нарын паспортын хуулбарыг /1хх 31, 51-52, 115-118, 2хх 61, 62-63, 64-65/, хариуцагчаас Г.Уийн гадаад паспортын хуулбар, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.Ут өгсөн хариу, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тодорхойлолт /2хх 95-96, 3хх 31-32, 69, 70/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гэрээний 2002 оны бүртгэлийн дэвтрийн нүүр, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдийг /3хх 25-27/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Талуудын хүсэлтээр Г.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.Уийн гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, хотын орон сууц хувьчлах товчооны баримт, 1996 оны 12 дугаар сарын 14-ны өдөр У, Б нарын Д, А нартай хийсэн хэлцэл, мөнгө тушаасан баримтууд, Ч.Б-н нас барсны бүртгэлийн лавлагаа, Г.Аийн гэрлэлтийн бүртгэлийн болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У, Г.А нар болон Г.У, Г.Ц нарын хооронд хийгдсэн хэлцэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1244 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаар шинжээчийн дүгнэлт, Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны баримт, Ur болон A фэйсбүүк хаягийн мессенжерээр харилцсан цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Б-г гэрчээр асуусан тэмдэглэл,  мэйл хаягт байгаа баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 3190 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1933 дугаар шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтууд, үзлэгийн тэмдэглэлийг шүүхээс бүрдүүлжээ./1хх 53, 54, 55, 56-57, 58, 59-99, 126, 132-133, 136-137,155-159, 217-221, 248-249, 2хх 50-53, 74-75, 85-92, 146-151, 234-250, 3хх 1-19, 70-78, 87-171, 179-187/.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А, Г.Ц нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах замаар холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нотариат дээр өөрсдөө очиж орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг хийсэн гэж маргажээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Уийн гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, хотын орон сууц хувьчлах товчооны баримт, 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Уранчимэг, Баржав нарын Доржханд, Амгалан нартай хийсэн хэлцэл, мөнгө тушаасан баримтууд, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У, Г.А нар болон Г.У, Г.Ц нарын хооронд хийгдсэн хэлцэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/8497 дугаартай баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1244 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаар шинжээчийн дүгнэлт, Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1482 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3190 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1933 дугаар шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Г.Уийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан .... байршилтай орон сууцыг хувьчилж авах тухай өргөдөл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгчөөр Г.А, Н.Г, Г.Ц гэж бичигдсэн байна./1хх-34, 60/

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрх нь анх 1997 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Г.У, Г.А, Н.Г, Г.Ц нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7/8497 дугаартай баримтаар тогтоогдож байна./1хх-59/

Н.Г нь 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барж, Г.Ут 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 84 дугаартай нотариатчаас хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгож, ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, орон сууцны өөрт оногдох хэсгийг Г.Ут өвлүүлсэн байна./1хх-58, 59, 68/

Г.У нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А, Г.Ц нартай тус тусад нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргажээ./1хх-72, 73, 74/

Улмаар... орон сууцны өмчлөгчөөр Г.Уийг бүртгэж, үл хөдлөх өмчлөх эрхийн 0055047 дугаартай гэрчилгээг 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.А нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Утэй нотариат дээр очиж дээрх хэлцлийг хийгээгүй гэсэн тайлбараа, хариуцагч Г.У нь Г.Цтой хэлцэл хийсэн гэсэн тайлбараа тус тус баримтаар нотолж чадаагүй байна. Г.Аийн 2002 оны 9 дүгээр сард гадаад улсад хүүхэд төрүүлсэн үйл баримт нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нотариатад өөрийн иргэний үнэмлэхтэй ирж, хэлцэл хийснийг үгүйсгэхгүй юм.

8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. зааснаар анх 1997 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Г.У, Г.А, Н.Гомбо, Г.Ц нар ... орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч нар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир үл хөдлөх эд хөрөнгийг хэний хөрөнгөөр худалдаж авсан эсэх нь энэхүү маргаанд ач холбогдолгүй.

 

9. Харин өмчлөгч нарын нэрийг эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс хассан хэлцэл хүчин төгөлдөр бус байх эсэхийг дүгнэх нь зүйтэй.

 

Талуудын хүсэлтээр 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд зурагдсан гарын үсгийн бичвэрт хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1244 дугаар, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1482 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3190 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1933 дугаартай дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа боловч шүүхээс хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, мэтгэлцээний дүр дүнд үндэслэн Г.А болон Г.У нарыг орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийсэн гэж үзлээ. Энэхүү хэлцлийг талууд нотариатаар батлуулан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

10. Харин Г.У нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Цтой орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч Г.Ц 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийх үед 17 нас 10 сартай байжээ. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж 18 насанд хүрснээр бий болох учир дээрх хэлцэлд эрх зүйн чадамжгүй Г.Ц гарын үсэг зурсан эсэх нь ач холбогдолгүй.

2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Ц эх Лхагвасүрэнтэй хамт амьдарч байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд Г.Цгийн хууль ёсны төлөөлөгч н.Лхагвасүрэн байжээ. Хариуцагч Г.У нь урьд Г.Ц өөрөө орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд гарын үсэг зурсан гэж байсан бол шүүх хуралдааны үед ээж Лхагвасүрэн Г.Цгийн өмнөөс гарын үсэг зурсан гэсэн ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана зааснаар хэлцэлд Г.Ц хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон бол хэлцэлд түүнийг төлөөлөн хэн гарын үсэг зурсан, түүнийгээ тодорхойлсон баримтыг хэлцэлд хавсаргах ёстой.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нотариатын бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Г.Цгийн төлөөлөгч, түүнийг тодорхойлсон баримт тэмдэглэгдээгүй байна.

Иймээс 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У болон Г.Ц нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй зааснаар нэхэмжлэгч Г.Ц нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах замаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс өөрийгөө хассан бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

11. Хариуцагч талын нотариатыг хариуцагчаар татаагүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох бөгөөд хариуцагчаар хэнийг сонгохоо өөрөө шийднэ. Тэрээр нотариатын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргаагүй учир нотариатыг хариуцагчаар татах шаардлагагүй юм.

Түүнээс гадна Г.Ц болон Г.У нарын дунд гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй тул хөөн хэлэлцэх тусгай хугацаа хэрэглэгдэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх 10 жилийн ерөнхий хугацаа үйлчлэх учир Г.Ц хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болжээ.

12. Иймд нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У болон Г.Ц нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 26 тоотод байршилтай, 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийн шаардлага болох 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У болон Г.А нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, .... байршилтай, 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц, Г.А нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У болон Г.Ц нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.Ц  орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, үлдэх нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ