Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 85

 

Н.Т-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00460/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,  С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 02-ны өдрийн 716 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Н.Т-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт 15.296.510 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “6.495.740 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагч Э.Б-тай намын шугамаар танилцаж утсаар хаяа мэнд усаа мэдээд явдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед над руу утсаар холбоо барьж ...Би Оросын холбооны улсад явж байна. Энд маш их ашигтай наймаа хийхээр боллоо мөнгө зээлээч гэсэн. Би тэгэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй, утасны дугаараа тавьж л мөнгө олох байх, хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? гэхэд эхлээд 5 сая гэснээ уг нь их ашигтай наймаа 10 сая төгрөг олбол хоёр гурав нугална. Би чамд дор нь буцаагаад өгчихнө гэхээр нь би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг мөнгө төгрөг дутах үе зөндөө л гардаг, заримдаа хүнээс зээлээд буцааж өгөх зэрэг асуудал гарч байдаг, мөн Э.Б- надад Орос улс руу 1 сая төгрөгтэй яваад бараа авчирч зарахад 3 сая төгрөг болгодог гэж ярьж байсан, үнэхээр тийм ашигтай юм бол туслахад буруудахгүй гэж бодоод би утасны номероо /99116152/ ломбардад тавьж 10 сая төгрөг зээлж өгч, Э.Б- ойрын хугацаанд номерыг хүүтэй хамт төлөхөөр болоод, нэг үгээр аман хэцэл хийж би Улаанбаатар хотод байрлах Сайн ломбардад /99116152/ өөрийн эзэмшлийн дугаарыг 10.200.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 200.000 төгрөгийг өөрөө аваад үлдсэн 10 сая төгрөгийг Э.Б-гийн /5675032528/ тоот данс руу шилжүүлсэн юм. Зээлийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр авсан. Нэг сарын хугацаа өнгөрөхөд яагаад мөнгө төлж дугаар барьцаанаас гаргахгүй байна гэхэд нэг хүнтэй хамтарч бараа авсан чинь тэр нь зарагдахгүй бараа байна. Би өөрөө бараагаа зарахгүй бол болохгүй байна, жаахан хугацаа өгөөч гэсний дагуу би зөвшөөрч хүлээж байсан. 2018 оны 06 дугаар сарын 25-нд 3 сая төгрөг, 2018 оны 05 сарын 21-нд 1.200.000 төгрөгийг ломбардад тушаасан. 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э.Б- надтай уулзаад ...өөрийнх нь нэр дээр байгаа Соната-7 маркын машин нь Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа үүнийгээ яаралтай авахгүй бол Орос руу гарч чадахгүй байна, чиний мөнгийг яаралтай олох хэрэгтэй, машингүй болохгүй болоод байна гэхээр нь би мөнгөө хурдан олж авахын тулд зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бид 2 цуг ломбардан дээр очиж Э.Б- өөрөө 6.038.000 төгрөг гаргаж зээлийг хааж, 15 сая төгрөгийг мөн л миний утасны номерийг барьцаалж авсан. Уг ломбарданд өөрийнх нь 99092708 номер барьцаанд байсныг чөлөөлж авсан, мөн машинаа авсан. Энэ 15 сая төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй.

Ломбарднаас би өөрөө гэрээ хийж мөнгө аваад бүгдийг нь Э.Б-д бэлнээр нь өгсөн. Удалгүй 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дахин уулзаад хүүхдийн сургалтын төлбөр, бэлтгэл ажил гээд мөнгө хэрэгтэй байна, бараа зарагдахгүй хэцүү байна, нэмээд 2 сая төгрөг аваад өгөөч би мөнгийг нь удахгүй төлөөд номерыг чинь суллаж өгнө гээд гуйсны дагуу хэл амгүй хүүг нь төлөөд байсан болохоор түүнд итгээд мөн л аман хэлцэл хийж 2 сая төгрөг нэмж аваад нийт 17 сая төгрөг болж дахин гэрээ хийсэн. 2 сая төгрөгийг Э.Б-д бэлнээр өгсөн. Энэ үед ломбарданд нэг хүүтэйгээр байсан 2019 оны 03 сарыг хүртэл уг зээлийн хүүг буюу 532.000 төгрөгийг Э.Б- өөрөө төлж байсан. Харин 2019 оны 02 дугаар сарын 04-нд 3 сая төгрөгийг уг ломбарданд төлөөд одоо 14 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2019 оны 04 сарын төлөлтийг хийхгүй утсаа авахгүй блоклох зэргээр зугтаад байсан учир арга байхгүй, алдангитай нийлээд 764.510 төгрөгийг төлж сунгасан. Би байнга л мөнгө төл гэж шаарддаг байсан учир 2019 оны 01 сард машинаа намайг ав гээд авах гэхээр өгөхгүй, тэгснээ зарахаар болоод Дарханд зар тавьж үзсэн боловч зарагдаагүй. Мөн манай эхнэр Урангуа Э.Б- руу залгаад ... чамд манай нөхөр өгсөн байна чи төлнө биз дээ гэхэд би зээлж авсан нь үнэн төлнө гэж хэлсэн гэсэн. Э.Б- зээл авхуулсан нь үнэн төлнө гэдэг, төлөхгүй гэж хэлээгүй. 2019 оны 03 сарын 05-ны өдөр сунгалт хийсэн. Үүнээс хойш би өөрөө тус зээлийн төлөлтийн хүүг нь сар бүр төлөөд сунгаад явж байгаа. Иймд зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг дээр 2019 оны 04  дүгээр сарын 05-ны өдөр 764.510 төгрөгийн хүү, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 546.000 төгрөгийн хүүг ломбард сунгахад төлсөн. Нийт 15.296.510 төгрөг нэхэмжилж байна. Э.Б- миний утсыг /99116152/ Сайн барьцаат зээлийн газар тавиулж мөнгө зээлсэн ба энэ мөнгөний хүү үндсэн зээлээ л төлсөн ба өөрийнх нь хэрэглэсэн мөнгө. Иймд энэ мөнгийг би төлөх ямар ч үндэслэл байхгүй учраас Э.Б-гийн нэхэмжилсэн 6.495.740 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Э.Б- миний бие нь Сэлэнгэ суманд Цемент Шохой ХК-ийн ҮЭХороонд нягтлан бодогч ажилтай бөгөөд ОХУ руу хувийн бизнес хийж амьдрал ахуйгаа авч яваад олон жил болж байна. Бусдын адил өөрийн гэсэн мөнгө өсгөн үр хүүхдийнхээ, төрсөн эгчийгээ 2 охинтой нь дэргэдээ авч, тэднийхээ хэрэглээг хангаж ирсэн билээ. Иргэн Н.Т- 2012 онд анх надтай танилцаж байсан бөгөөд 2017 онд Ардчилсан намын шинэ жилээс хойш надтай байнгын холбоотой байж 2018 оны 02 дугаар сараас дотно болсон. Энэ хөл хугарсан хугацаанд Н.Т- манайд надтай хамт байж өөрийн гэм буруугаа ойлгож байнга хоол цай хийж өгч, усанд оруулж, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед миний машиныг барьж явж байсан. 2018 оны 04 дүгээр сард хувийн ажлаараа ОХУ руу явсан бөгөөд тэр хугацаанд өдөр шөнөгүй холбоотой байдаг байсан. Намайг ОХУ-д байхад А.Т- би чиний өмнө хөлийг чинь хугалж эрүүл мэндээр хохироосонд маш их буруутай, цаашид чамтай ханилан суух учраас ийм үед чинь тусална гээд над руу 10 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би яагаад тэгж байгаа юм бэ тийм мөнгө надад хэрэггүй гэтэл А.Т- зүгээрээ удахгүй замын ажил эхлээд миний ажил яваад ирэхээр би өөрөө төлчихнө гэж байсан. Тэр үед нь би итгээд өнгөрсөн. Учир нь цаашид үлдсэн амьдралаа чамтай амьдарна гэж, би өөрөө мөнгөний асуудлуудыг зохицуулна, чи зүгээр л миний хэлснээр л бай, амьдар гэж хэлдэг байсан. Удалгүй А.Т- хэд хоногийн дараа захиалга байхгүй, ажил эхлэх арай болоогүй байна гээд 10.000.000 төгрөгийг өөрийн утасны дугаараа тавьж авч өгсөн гэдгээ хэлсэн бөгөөд тавьсан газраа сунгах хэрэгтэй байна гэхээр нь 2018 оны 05 дугаар сарын 21-нд 1.595.510 төгрөгийн төлөлтийг нь хийж өгсөн. Учир нь байдлыг нь ойлгосон би аль болох надад өгсөн мөнгийг нь төлдөг байсан. 2018 оны 05 дугаар сарын 17-нд найз Сүлдээгээ гэрт дагуулж орж ирж мөнгө зээлдүүлээч гэж 1.100.000 төгрөгийг 5067104199 данс руу шилжүүлж авсан. Тэр мөнгийг найзаасаа өөрөө буцаан авсан. А.Т- ажил нь эхлэхгүй удааширч байсан тул намайг төлөөд явж бай гэхээр нь би боломжоороо төлөөд явдаг байсан. Надад өгсөн гэх мөнгийг би тэр ломбарданд нь дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд: 2018 оны 5-р сарын 21-нд 1.595.510 төгрөг, 2018 оны 6-р сарын 23-нд 3.337.440 төгрөг, 2018 оны 7-р сарын 23-нд 268.690 төгрөг, 2018 оны 8-р сарын 22-нд 228.000 төгрөг, 2018 оны 10-р сарын 6-нд 646.000 төгрөг, 2018 оны 11-р сарын 6-нд 646.000 төгрөг, 2018 оны 12-р сарын 6-нд 646.000 төгрөг, 2019 оны 1-р сарын 6-нд 646.000 төгрөг, 2019 оны 2-р сарын 6-нд 3.683.140 төгрөг, 2019 оны 13-р сарын 5-нд 532.000 төгрөг тус тус төлсөн. Мөн бэлнээр А.Т- авсан мөнгө 2018 оны 5-р сард 200.000 төгрөг өөрөө гэрээс орж ирж авсан. Урангуа руу шилжүүлсэн. 2018 оны 8-р сарын 27-нд мөн 100.000 төгрөг авсан. 2018 оны 7-р сарын 24-нд намайг жирэмсэн болоод аборт хийлгэх мөнгийг хүртэл мөнгө байхгүй гэж ахаас зээлж авч хийлгэсэн. Тэр мөнгийг нь би ахдаа бас төлсөн. А.Т- намайг байнга хардаж зодохдоо утас дандаа эвддэг байсаар утас ажиллахаа болиход шинэ утас авах мөнгөгүй гээд намайг өөрөө авчих дараа нь би ажил эхлэхээр мөнгө өгнө гээд 420.000 төгрөгөөр би Айпони 6 маркын гар утас шинээр худалдаж авсан байдаг. ...Нэгэнт л ханилан сууна гэсэн болохоор би үгнээс нь нэг ч удаа зөрж байгаагүй хэлснээр нь л хийдэг байсан болохоор зөвшөөрсөн.

Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Т-тай дотно харилцаатай байж түүний хүсэлт, гуйлтын дагуу цаашдаа хамтран амьдарна гэсэн бодол сэтгэлтэй өнгөрсөн хугацааны амьдралаа түүнд зориулсан. Гэтэл Н.Т- нь энэ бүх зүйлээ үгүйсгэж, миний амьдралын тодорхой хугацааг зөвхөн өөрийн хүслээр байлгаж, бие эрүүл мэндэд минь болон сэтгэл санаанд минь хохирол амсуулсанд гомдолтой байна. Хамт амьдарч гэр бүл болно гэж хамтын амьдралаа зориулж 10.000.000 төгрөг надад өөрөө сайн дураараа өгсөн боловч түүнийгээ өнөөдөр шүүхээр нэхэмжилж, бүр огт дотно харилцаагүй байсан гээд зогсохгүй Э.Б- намайг өөрөө гуйж мөнгө зээлсэн мэтээр шүүхэд худал нэхэмжлэл гаргаж байгаа нь Н.Т- ямар арчаагүй хүн бэ гэдгийг нь харуулж байна. Н.Т- надад өөрөө сайн дураараа 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн би түүнийг авсан нь ч үнэн, би энэ бүхнийг үгүйсгэхгүй. Харин нэхэмжлэлд дурдагдсан шиг би Н.Т-гаас гуйж зээл аваад дараа нь олон удаа мөнгө нэмж авсан гэх зүйл огт байхгүй. Учир нь би өөрийн гэсэн бизнесийн орлоготой, өөрийгөө болон хүүхдүүдээ аваад явчих бүрэн боломжтой хүн. Миний бие Н.Т-гаас 2018 оны 04 сарын 24-нд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг бүгдийг нь буцааж төлөөд зогсохгүй түүнд нийт 16.495.740 төгрөг төлсөн байна. Иймд миний бие сөрөг нэхэмжлэл гаргаж Н.Т-д үндэслэлгүйгээр илүү төлсөн 6.495.740 төгрөгийг гаргуулахаар ийнхүү хандаж байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э.Б-д мөнгө зээлсэн, түүний төлөгдөөгүй үлдэгдэл гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн байна. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн бол хэзээ яаж гэрээ байгуулсан, хэдэн төгрөг зээлсэн, хүү тохирсон эсэх талаар бичгээр байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй. 2018 оны 4 сарын 24-ний өдөр Э.Б-гийн хаан банкны дансанд нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Учир нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг талууд анх мөнгө зээлдэж танилцаагүй. 2017 оны шинэ жилээр танилцаад түүнээс хойш дотно харилцаатай болж, сүүлдээ хамтарч амьдрах хэмжээнд хүрсэн байсан талаар хариуцагч ярьдаг. Энэ хугацаанд Н.Т- нь Э.Б-гийн биед гэмтэл учруулж хөлийг нь хугалсан, хүүхдээ авхуулсан гэх мэт үйл явдлууд болоод Н.Т- уучлалт гуйж Э.Б-д бизнес хийхэд нь зориулж 10.000.000 төгрөгийн тусламж үзүүлсэн юм байна лээ. Одоо бол хамт амьдардаггүй учир авч өгсөн зүйлээ буцааж шаардсан юм байна. Э.Б- 2018 оны 05 сарын 07-ны өдрөөс Голомт банкны данснаасаа 7 удаагийн шилжүүлгээр  9.987.200 төгрөг, Хаан банкны данснаас 5 удаагийн шилжүүлгээр 3.830.130 төгрөг, Э.Б-гийн төрсөн эгч Оюунгэрэлийн данснаас 681,290 төгрөгийг Сайн ломбард руу шилжүүлсэн байдаг. Н.Т-гаас авсан 10.000.000 төгрөгийг 16.495.740 төгрөг болгож илүү төлсөн гэж үзэж байгаа учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Э.Б- нэмж авсан гэх 8.962.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Э.Б- гэх хүн ямар ч орлогогүй зөвхөн Н.Т-гаас орж ирсэн мөнгөөр бизнес хийж байсан зүйл байхгүй. Э.Б-гийн данс руу орсон мөнгө заавал Н.Т-гаас орж ирсэн гэсэн үг биш. Энэ хүмүүс салж сарних болоод ирэхээрээ мөнгөө авна гэдэг асуудал яригдсан байсан. Илүү авсан мөнгөө шаардах эрхтэй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Н.Т-, Э.Б- нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Э.Б- зээлийн гэрээ байгуулах саналыг тавьсан байдаг. Тэр саналыг Н.Т- хүлээж аваад Э.Б-гийн саналын дагуу 10.200.000 төгрөг зээлж аваад 10 сая төгрөгийг Э.Б-д шилжүүлсэн байдаг. Ингэж гэрээ хийхдээ хүүг хэн төлөх вэ гэдэг асуудал тавьсан бөгөөд үүний дагуу Э.Б- хүүг төлөхийг зөвшөөрч ломбардын зээл болон хүүгийн төлбөрийг төлөөд явж байсан байдаг. 2018 оны 08 сарын 27-ны өдөр 8.962.000 төгрөг нэмж зээлж авсан бөгөөд үүнийг мөн л хэлцэл хийсний үндсэн дээр авч хүүгээ төлөөд яваад байсан. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Энэ мөнгөнөөсөө 1.200.000 төгрөгөөр өөрийн утсаа суллаж аваад үлдсэн мөнгийг нь АТМ руу хамт очиж өөрийн дансанд хийсэн байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дахин 2.000.000 төгрөгийн зээл авхуулсан байдаг. Э.Б- өөрөө хүүг төлөөд явж байгаа нь тохирсноо хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тохиролцооны үндсэн дээр төлсөн мөнгийг буцааж шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 02-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан, хариуцагч Э.Б-гаас нийт 6.062.940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 9.233.570 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Б-гийн 6.495.740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.433 төгрөг, хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 111.957 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөний улмаас анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Т-н зүгээс хариуцагч Э.Б-гаас “Зээлийн гэрээний үүрэгт 15.296.510 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Энэ тохиолдолд шүүх тус шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль зүйн алдаа гаргасан.

            Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үү гэдгийг тодруулах учиртай. Хэрэгт цугларсан тодорхой баримтуудаар болон нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хэрхэн ямар харилцаа үүссэний улмаас тэдний дунд нэхэмжлэлийн шаардлага болоод буй мөнгөтэй холбоотой асуудал үүссэн талаар тодорхой нотлогддог. Зээлийн гэрээний эрх зүйн харилцааны онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг зээлдүүлэгчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээдэг бол бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагч нар хамтдаа амьдрах, улмаар хүүхэдтэй болох зэрэг хамтын амьдралын харилцаа үүссэн байгаа энэ тохиолдолд тус зээлсэн гэх мөнгө чухам юунд зарцуулагдсан, хэн тус мөнгийг захиран зарцуулсан гэх зэрэг асуудалд шүүх нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа хэрхэн, ямар хэмжээгээр, хэзээ үүссэн болохыг тодорхой нотлох баримтаар шүүх тогтоох ёстой. Гэтэл анхан шатны шүүх энэ тухай дүгнэхдээ хөдөлбөргүй нотлох баримтаар биш харин таамаг төдий нөхцөл байдлыг харьцуулан цаг хугацааны хувьд 3.000.0000 ба 4.000.000 төгрөг Н.Т-гаас Э.Б-д шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч хариуцагчаас 15.296.510 төгрөг нэхэмжилсэн гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байтал энэ зарчмыг алдагдуулж нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Учир нь шүүх хариуцагч Э.Б-г нэхэмжлэгч Н.Т-гаас 18.200.000 төгрөг зээлж авсан гэж дүгнэсэн байх бөгөөд тус мөнгөөр тооцож хариуцагчийн буцаан төлсөн мөнгийг хасаж үлдэгдэл мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээл зээлийн хүү, торгуулийн хамт нийт  15.296.510  төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээл болон хүүд илүү төлсөн 6.495.740 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл  шүүхэд гаргасан байна.

            Анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

            Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэгчийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаагүй  байна.

            Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй хэдий боловч хэргийн оролцогч тал болох хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч  гомдол гаргаагүй байдлыг  харгалзан, шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлж сөрөг нэхэмжлэлтэй хэсгийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

            Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргийн агуулгаас  дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчид 10 сая төгрөг шилжүүлсэн /хх-5/ мөн энэ мөнгөн дээр нэмж зээл олгосон хариуцагч тал нэхэмжлэгчийн өмнөөс уг мөнгөний хүүг  сар бүр нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулсан барьцаалан зээлдүүлэх газарт төлж, ингэснээр зээлийн гэрээний хугацаа сунгагдаж байжээ.

Зохигчид анх болон дараа нь шилжүүлсэн мөнгөний тоо хэмжээ болон буцаан төлсөн  мөнгөний хэмжээ болон төлсөн цаг хугацааны талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан тул зээл болон ломбардын хүү мөн торгуулийг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч  нь надад тусламж болгож бизнес болон амьдралыг дэмжих зорилгоор мөнгө өгсөн бид нар хамтын амьдралтай байсан гэж  тус тус  маргажээ.

            Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан хэдий ч энэ талаар шүүхэд баримт гаргаж мэтгэлцээгүй.

Хариуцагчийн татгалзал ч мөн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал барьцаалан зээлдэх газраас зээлийн гэрээгээр 2 удаа /нийт үнийн дүн нь 15 сая төгрөг болох / авсан мөнгийг хариуцагчид шилжүүлсэн хариуцагч энэ мөнгөний хүүг барьцаалан зээлдэх газарт төлж байсан үйл баримт тогтоогддог.

Хариуцагч сар бүр нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан төлж байсан байдлаас үзэхэд нэхэмжлэгчээс нийт авсан 15 сая төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээж байсан энэ нь түүний тайлбарлаж байгаачлан бэлэг, хандив, тусламж болгон өгсөн мөнгө гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж хүү тохиролцоогүй байна.

Зохигчдын дунд  эхлээд 10 сая дараа нь нэмж зээлүүлсэн нийт 15 сая  төгрөгийн  зээлийн харилцаа бий болсон бөгөөд хариуцагч энэ зээлийн төлбөрт нийт 16.495.740 төгрөгийг  буцааж төлжээ.

Дээр дурдсанчлан зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй тул хариуцагч Э.Б- хүү төлөх үүрэггүй.

Н.Т- нь хариуцагч Э.Б-д зээл олгохдоо барьцаалан зээлдэх газраас зээл авч зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болсон тул уг барьцаалан зээлдүүлэх гэрээний  зээл болон хүү улмаар торгууль төлөх үүргийг тэрээр өөрөө биечлэн хариуцах учиртай.

Иймд Э.Б-гийн Н.Т-гийн өмнөөс барьцаалан зээлдэх газарт төлж байсан мөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр өөр этгээдэд төлөгдсөн /Иргэний хуулийн 211.2-д заасан/ зээлийн гэрээний үүрэг гэж үзэх бөгөөд энэ үүргийг хариуцагч  нийт авсан зээлийн хэмжээнд биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 15.296.510 төгрөгийг шаардах эрхгүй байна.

            Анхан шатны шүүх хариуцагчийн зээлд төлсөн мөнгийг нэхэмжлэгчийн барьцаалан зээлдэх газартай байгуулсан зээлийн гэрээний хүүгийн  үүрэгт  тооцсон  нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ зээлийн гэрээний  дагуу илүү төлсөн мөнгөө нэхэмжилж байна гэж үзсэн тул Иргэний хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих тухай заалтыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж,  шийдвэрийн энэ хэсгийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 02-ны өдрийн 716 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан Н.Т-гийн хариуцагч Э.Б-гаас 15.296.510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож,

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Б-гийн 6.495.740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б-гийн Н.Т-гаас 6.495.740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсугай.

2 дугаар заалтыг.

“...нэхэмжлэгч Н.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.433 төгрөг, хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 111.957 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож” гэснийг, “...нэхэмжлэгч Н.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.433 төгрөг, хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэж шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 112.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ