Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 716

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00460/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: .. аймгийн ..сум, .. баг, .. тоотод оршин суух Н.Т-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймгийн .. сум, .. баг, .. тоотод оршин суух Э.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,296,510 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,495,740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би хариуцагч Э.Бтай энд амьдардаг байхад нь намын шугамаар танилцаж утсаар хаяа мэнд усаа мэдээд явдаг байсан. 2018 оны 4 сарын 20-ны үед над руу утсаар холбоо барьж ...Би Оросын холбооны улсад явж байна. Энд маш их ашигтай наймаа хийхээр боллоо мөнгө зээлээч гэсэн. Би тэгэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй, утасны дугаараа тавьж л мөнгө олох байх, хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? гэхэд эхлээд 5 сая гэснээ уг нь их ашигтай наймаа 10 сая төгрөг олбол хоёр гурав нугална. Би чамд дор нь буцаагаад өгчихнө.. гэхээр нь би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг мөнгө төгрөг дутах үе зөндөө л гардаг, заримдаа хүнээс зээлээд буцааж өгөх зэрэг асуудал гарч байдаг, мөн Э.Б надад Орос улс руу 1 сая төгрөгтэй яваад бараа авчирч зарахад 3 сая төгрөг болгодог гэж ярьж байсан, үнэхээр тийм ашигтай юм бол туслахад буруудахгүй гэж бодоод би утасны номероо .. ломбарданд тавьж 10 сая төгрөг зээлж өгч, Э.Б ойрын хугацаанд номерыг хүүтэй хамт төлөхөөр болоод, нэг үгээр аман хэцэл хийж би Улаанбаатар хотод байрлах “Сайн” ломбарданд .. өөрийн эзэмшлийн дугаарыг 10,200,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 200,000 төгрөгийг өөрөө аваад үлдсэн 10 сая төгрөгийг Э.Бгийн .. тоот данс руу шилжүүлсэн юм. Зээлийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр авсан. Нэг сарын хугацаа өнгөрөхөд яагаад мөнгө төлж дугаар барьцаанаас гаргахгүй байна гэхэд нэг хүнтэй хамтарч бараа авсан чинь тэр нь зарагдахгүй бараа байна. Би өөрөө бараагаа зарахгүй бол болохгүй байна, жаахан хугацаа өгөөч гэсний дагуу би зөвшөөрч хүлээж байсан. 2018 оны 06 сарын 25-нд 3 сая төгрөг, 2018 оны 05 сарын 21-нд 1,200,000 төгрөгийг ломбарданд тушаасан. 2018 оны 08 сарын 26-ны өдөр Э.Б надтай уулзаад “...өөрийнх нь нэр дээр байгаа .. маркын машин нь “Транскапитал” банк бус санхүүгйин байгууллагад зээлийн барьцаанд байгаа үүнийгээ яаралтай авахгүй бол Орос руу гарч чадахгүй байна, чиний мөнгийг яаралтай олох хэрэгтэй, машингүй болохгүй болоод байна гэхээр нь би мөнгөө хурдан олж авахын тулд зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 08 сарын 27-ны өдөр бид 2 цуг ломбардан дээр очиж Э.Б өөрөө 6,038,000 төгрөг гаргаж зээлийг хааж, 15 сая төгрөгийг мөн л миний утасны номерийг барьцаалж авсан. Уг ломбарданд өөрийнх нь .. номер барьцаанд байсныг чөлөөлж авсан, мөн машинаа авсан. Энэ 15 сая төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй.

Ломбарднаас би өөрөө гэрээ хийж мөнгө аваад бүгдийг нь Э.Бд бэлнээр нь өгсөн. Удалгүй 2018 оны 09 сарын  06-ны өдөр дахин уулзаад хүүхдийн сургалтын төлбөр, бэлтгэл ажил гээд мөнгө хэрэгтэй байна, бараа зарагдахгүй хэцүү байна, нэмээд 2 сая төгрөг аваад өгөөч би мөнгийг нь удахгүй төлөөд номерыг чинь суллаж өгнө гээд гуйсны дагуу хэл амгүй хүүг нь төлөөд байсан болохоор түүнд итгээд мөн л аман хэлцэл хийж 2 сая төгрөг нэмж аваад нийт 17 сая төгрөг болж дахин гэрээ хийсэн. 2 сая төгрөгийг Бд бэлнээр өгсөн. Энэ үед ломбарданд нэг хүүтэйгээр байсан 2019 оны 03 сарыг хүртэл уг зээлийн хүүг буюу 532,000 төгрөгийг Б өөрөө төлж байсан. Харин 2019 оны 02 сарын 04-нд 3 сая төгрөгийг уг ломбарданд төлөөд одоо 14 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2019 оны 04 сарын төлөлтийг хийхгүй утсаа авахгүй блоклох зэргээр зугатаад байсан учир арга байхгүй, алдангитай нийлээд 764.510 төгрөгийг төлж сунгасан. Би байнга л мөнгө төл гэж шаарддаг байсан учир 2019 оны 01 сард машинаа намайг ав гээд авах гэхээр өгөхгүй, тэгснээ зарахаар болоод Дарханд зар тавьж үзсэн боловч зарагдаагүй. Мөн манай эхнэр Урангуа Б руу залгаад “... чамд манай нөхөр өгсөн байна чи төлнө биз дээ гэхэд би зээлж авсан нь үнэн төлнө” гэж хэлсэн гэсэн. Э.Б зээл авахуулсан нь үнэн төлнө гэдэг, төлөхгүй гэж хэлээгүй сүүлрүүгээ би өөрөө хүүг нь төлөөд гэр бүлийн дотор хэцүү байдал үүсээд байна. Иймд үндсэн зээл 14 сая, 4,5 сарын хүү торгуулийн хамт 1,296,510 төгрөг, нийт 15,296,510 төгрөгийг Э.Бгаас нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 04 сарын 23-ны өдөр Э.Б Оросын холбооны улсаас надруу залгаад наймаа хийх боломж байна. 10 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хүүтэй зээлээч, 7 хоногийн дотор бараг 15 сая төгрөг болох юм байна гээд байсан. Тэгээд надад яг одоо бэлэн мөнгө байхгүй гэхэд Э.Б өөрийнхөө сайн мэддэг ломбардыг зааж өгсөн. Маргааш өглөө нь буюу 2018 оны 04 сарын 24-ний өдөр би эрт Улаанбаатар хотруу гараад заасан ломбард дээр нь очсон. Теди төвийн урд талын Сайн ломбарданд өөрийн .. дугаарыг 10,200,000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгө авсан. Тэндээс гараад урд талын Хаан банкруу ороод Э.Бгийн Хаан банкны дарс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Э.Б руу залгахад “...танилцсан эгчийгээ бараанд явуулахад үнэтэй зарагдахад удаан буруу бараа авсан байна. 7 хоногтоо багтаад зарах боломжгүй юм байна. Жаахан хугацаа шаардах юм байна шүү” гэсэн.

Тэгэхээр нь би за одоо яахав дээ 1 сарын дотор өгөөрэй гэсэн. 2018 оны 05 сарын            21-ний өдөр энэ хүн миний утасны ломбардны зээлд 1,595,910 төгрөгийг Ломбардны дансруу шилжүүлсэн. Үндсэн зээлээс 1,200,000 төгрөг хасагдсан байсан. Ингээд үндсэн зээл нь 9 сая төгрөг болсон. 2018 оны 06 сарын 25-ны өдөр 3,337,440 төгрөг ломбард руу хийж үндсэн зээлээс 3,000,000 төгрөг хасагдаад үндсэн зээл 6 сая төгрөг болсон байсан. Хүүнд нь 337,440 төгрөгийг нь суутгасан байсан. Э.Б 2018 оны 07 болон 08 сард төлөлт хийгээгүй хүүг нь төлж сунгасан байсан. 2018 оны 08 сарын 27-ны өдөр дахин надтай уулзаад өөрийнх нь унаж яваа машин Транс капитал ББСБ-ын барьцаанд байдаг. Хилээр барьцаанд байгаа машин гаргахгүй болсон. Тийм учир наймаа хийх боломжгүй болоод миний мөнгийг ч өгөх боломжгүй болчихлоо гээд байсан. Утасны дугаараа бас тэр ломбарданд 1,200,000 төгрөгөөр тавьсан байсан юм байна лээ. Би чамд тусалъя гээд хамт ломбарданд очоод үлдэгдэл зээл 6,000,000 төгрөг, хүү 38,000 төгрөг, нийт 6,038,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 8,962,000 төгрөг аваад дахин гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Нэмж авсан 8,962,000 төгрөгийг Э.Б аваад 1,200,000 төгрөгөөр нь  өөрийнхөө .. дугаараа барьцаанаас авсан. Үлдсэн мөнгийг өөрийнхөө цүнхэнд хийж гараад АТМ-аас өөрийнхөө данс руу хийгээд зээлийн барьцаанд байсан машинаа барьцаанаас сулласан. Түүнээс хэд хоногийн дараа сургууль эхэллээ хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна, дахин 2 сая төгрөг нэмээч гээд байсан. Бид дахин нөгөө ломбарднаас 2 сая төгрөг 2018 оны 09 сарын 06-ны өдөр аваад 17,000,000 төгрөгийн зээлтэй болсон. Энэ хугацаанд Э.Б ломбардны хүүгээ өөрөө төлөөд яваад байсан. 2019 оны 02 сарын 04-ний өдөр үндсэн зээлээс 3 сая төгрөг хасаж 14,000,000 төгрөг болсон байсан. 2019 оны 03 сарын 05-ны өдөр сунгалт хийсэн. Үүнээс хойш би өөрөө тус зээлийн төлөлтийн хүүг нь сар бүр төлөөд сунгаад явж байгаа.

Иймд зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг дээр 2019 оны 04 сарын 05-ны өдөр 764,510 төгрөгийн хүү, 2019 оны 05 сарын 05-ны өдөр 546,000 төгрөгийн хүүг ломбард сунгахад төлсөн. Нийт 15,296,510 төгрөг нэхэмжилж байна. Э.Б миний утсыг .. “Сайн” барьцаат зээлийн газар тавиулж мөнгө зээлсэн ба энэ мөнгөний хүү үндсэн зээлээ л төлсөн ба өөрийнх нь хэрэглэсэн мөнгө. Иймд энэ мөнгийг би төлөх ямар ч үндэслэл байхгүй учраас Э.Бгийн нэхэмжилсэн 6,495,740 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Э.Б миний бие нь Сэлэнгэ суманд Ц.Ш ХК-ийн .. ажилтай бөгөөд ОХУ руу хувийн бизнес хийж амьдрал ахуйгаа авч яваад олон жил болж байна. Бусдын адил өөрийн гэсэн мөнгө өсгөн үр хүүхдийнхээ, төрсөн эгчийгээ 2 охинтой нь дэргэдээ авч, тэднийхээ хэрэглээг хангаж ирсэн билээ. Иргэн Т 2012 онд анх надтай танилцаж байсан бөгөөд 2017 онд Ардчилсан намын шинэ жилээс хойш надтай байнгын холбоотой байж 2018 оны 02 сараас дотно болсон. Энэ хөл хугарсан хугацаанд Т манайд надтай хамт байж өөрийн гэм буруугаа ойлгож байнга хоол цай хийж өгч, усанд оруулж, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед миний машиныг барьж явж байсан. 2018 оны 04 сард хувийн ажлаараа ОХУ руу явсан бөгөөд тэр хугацаанд өдөр шөнөгүй холбоотой байдаг байсан. Намайг ОХУ-д байхад Т “би чиний өмнө хөлийг чинь хугалж эрүүл мэндээр хохироосонд маш их буруутай, цаашид чамтай ханилан суух учраас ийм үед чинь туслана” гээд надруу 10 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би яагаад тэгж байгаа юм бэ тийм мөнгө надад хэрэггүй гэтэл Т зүгээрээ удахгүй замын ажил эхлээд миний ажил яваад ирэхээр би өөрөө төлчихнө гэж байсан.

Тэр үед нь би итгээд өнгөрсөн. Учир нь цаашид үлдсэн амьдралаа чамтай амьдарна гэж, би өөрөө мөнгөний асуудлуудыг зохицуулна, чи зүгээр л миний хэлснэээр л бай, амьдар гэж хэлдэг байсан. Удалгүй Т хэд хоногийн дараа захиалга байхгүй, ажил эхлэх арай болоогүй байна гээд 10,000,000 төгрөгийг өөрийн утасны дугаараа тавьж авч өгсөн гэдгээ хэлсэн бөгөөд тавьсан газраа сунгах хэрэгтэй байна гэхээр нь 2018 оны 05 сарын 21-нд 1,595,510 төгрөгийн төлөлтийг нь хийж өгсөн. Учир нь байдлыг нь ойлгосон би аль болох надад өгсөн мөнгийг нь төлдөг байсан. 2018 оны 05 сарын 17-нд найз С-гээ гэрт дагуулж орж ирж мөнгө зээлдүүлээч гэж 1,100,000 төгрөгийг .. дансруу шилжүүлж авсан. Тэр мөнгийг найзаасаа өөрөө буцаан авсан. Т ажил нь эхлэхгүй удааширч байсан тул намайг төлөөд явж бай гэхээр нь би боломжоороо төлөөд явдаг байсан.

Надад өгсөн гэх мөнгийг би тэр ломбарданд нь дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд: 2018 оны 5-р сарын 21-нд 1,595,510 төгрөг, 2018 оны 6-р сарын 23-нд 3,337,440 төгрөг, 2018 оны 7-р сарын 23-нд 268,690 төгрөг, 2018 оны 8-р сарын 22-нд 228,000 төгрөг, 2018 оны 10-р сарын 6-нд 646,000 төгрөг, 2018 оны 11-р сарын 6-нд 646,000 төгрөг, 2018 оны 12-р сарын 6-нд 646,000 төгрөг, 2019 оны 1-р сарын 6-нд 646,000 төгрөг, 2019 оны 2-р сарын 6-нд 3,683,140 төгрөг, 2019 оны 13-р сарын 5-нд 532,000 төгрөг тус тус төлсөн. Мөн бэлнээр Т авсан мөнгө 2018 оны 5-р сард 200,000 төгрөг өөрөө гэрээс орж ирж авсан. Урангуа руу шилжүүлсэн. 2018 оны 8-р сарын 27-нд мөн 100,000 төгрөг авсан. 2018 оны 7-р сарын 24-нд намайг жирэмсэн болоод аборт хийлгэх мөнгийг хүртэл мөнгө байхгүй гэж ахаас зээлж авч хийлгэсэн. Тэр мөнгийг нь би ахдаа бас төлсөн. Т намайг байнга хардаж зодохдоо утас дандаа эвддэг байсаар утас ажиллахаа болиход шинэ утас авах мөнгөгүй гээд намайг өөрөө авчих дараа нь би ажил эхлэхээр мөнгө өгнө гээд 420,000 төгрөгөөр би Айпони 6 маркын гар утас шинээр худалдаж авсан байдаг. Тэр мөнгөө ч өгөөгүй. 2018 оны 8-р сарын 20-оос эхлээд надад гэр бүл цаашид амьдран суухад Хөтлөөс нүүх хэрэгтэй, гадуур яриа их байна, энд хоёулаа амьдрахад жижиг газар хэл ам их, хүүхэд маань төрөхөд хүртэл хэл ам ихтэй хэцүү байх болно гээд хүүхдийн хичээл сургууль эхлэхээс өмнө нүүхгүй бол хичээл эхэлчихвэл нүүж чадахгүй учраас чи эхний ээлжинд ажлаасаа гараад Дархан руу нүүчих гэхэд нь би яаж одоо хамаг юм тулчихсан байхад явж нүүхийн одоо байр ч олдохгүй гэхэд олдоноо гээд хамтдаа байр хайж явахад түрээсээ сар сараар авдаг байр байхгүй жилээр нь авна гэж байсан. Тэгэхэд нь би надад ийм их мөнгө байхгүй ээ, тэгээд ч өөрийн банкны зээлээ дуустал Хөтөлдөө байя гэтэл би мөнгө, зохицуулна санаа зоволтгүй гээд нүүлгэж Дарханд амьдрах байрны түрээсийн мөнгө, ажлаасаа гараад наймаагаа хийх мөнгө дугаар дээрээ нэмээд аваад өгье гэж хэлээд байр хамтдаа хайж олоод одоо байгаа байрандаа орохоор болсон. Замын ажлын захиалга 9 сар гэхэд эхэлнэ тэгэхээр би өөрөө мөнгөө зохицуулаад төлнө чи санаа зоволтгүй гэдгээ дахиад л ярьсан. Нэгэнт л ханилан сууна гэсэн болохоор би үгнээс нь нэг ч удаа зөрж байгаагүй хэлснээр нь л хийдэг байсан болохоор зөвшөөрсөн.

Би энэ хүнд ямар ч мөнгөний өргүй. Мөн мөнгө зээлээч гэж хэзээ ч хандаж байгаагүй. Хамт амьдарч өөрөө хэрэглээний бүх мөнгөө надаар гаргуулж байсан. Машины шатахуун болоод хоол хүнс гээд бүх л хэрэглээг нь би төлдөг байсан. Учир нь ханилан сууж байгаа гэдгээрээ намайг хардаж маш их зоддог байсан бөгөөд намайг салъя болъё гэхэд надад өгсөн дээрх мөнгөө надаас нэхдэг байсан. Тэгээд эвлэрэхээрээ хамтдаа амьдрах гэж байж юу гэж надаас мөнгөө нэхэх вэ дээ гэдэг байсан. Үүнийг нотлох баримтууд байна” гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Т-тай дотно харилцаатай байж түүний хүсэлт, гуйлтын дагуу цаашдаа хамтран амьдарна гэсэн бодол сэтгэлтэй өнгөрсөн хугацааны амьдралаа түүнд зориулсан. Гэтэл Н.Т нь энэ бүх зүйлээ үгүйсгэж, миний амьдралын тодорхой хугацааг зөвхөн өөрийн хүслээр байлгаж, бие эрүүл мэндэд минь болон сэтгэл санаанд минь хохирол амсуулсанд гомдолтой байна. Хамт амьдарч гэр бүл болно гэж хамтын амьдралаа зориулж 10,000,000 төгрөг надад өөрөө сайн дураараа өгсөн боловч түүнийгээ өнөөдөр шүүхээр нэхэмжилж, бүр огт дотно харилцаагүй байсан гээд зогсохгүй Э.Б намайг өөрөө гуйж мөнгө зээлсэн мэтээр шүүхэд худал нэхэмжлэл гаргаж байгаа нь Н.Т ямар арчаагүй хүн бэ гэдгийг нь харуулж байна. Н.Т надад өөрөө сайн дураараа 10,000,000 төгрөг өгсөн нь үнэн би түүнийг авсан нь ч үнэн, би энэ бүхнийг үгүйсгэхгүй. Харин нэхэмжлэлд дурдагдсан шиг би Н.Тгаас гуйж зээл аваад дараа нь олон удаа мөнгө нэмж авсан гэх зүйл огт байхгүй. Учир нь би өөрийн гэсэн бизнесийн орлоготой, өөрийгөө болон хүүхдүүдээ аваад явчих бүрэн боломжтой хүн. Миний бие Н.Тгаас 2018 оны 04 сарын 24-нд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бүгдийг нь буцааж төлөөд зогсохгүй түүнд нийт 16,495,740 төгрөг төлсөн байна. Иймд миний бие сөрөг нэхэмжлэл гаргаж Н.Тд үндэслэлгүйгээр илүү төлсөн 6,495,740 төгрөгийг гаргуулахаар ийнхүү хандаж байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э.Бд мөнгө зээлсэн, түүний төлөгдөөгүй үлдэгдэл гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн байна. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн бол хэзээ яаж гэрээ байгуулсан, хэдэн төгрөг зээлсэн, хүү тохирсон эсэх талаар бичгээр байгуулсан гэрээ хэрэгт авагдааүй. 2018 оны 4 сарын 24-ний өдөр Э.Бгийн хаан банкны дансанд нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Учир нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг талууд анх мөнгө зээлдэж танилцаагүй. 2017 оны шинэ жилээр танилцаад түүнээс хойш дотно харилцаатай болж, сүүлдээ хамтарч амьдрах хэмжээнд хүрсэн байсан талаар хариуцагч ярьдаг. Энэ хугацаанд Н.Т нь Э.Бгийн биед гэмтэл учруулж хөлийг нь хугалсан, хүүхдээ авахуулсан гэх мэт үйл явдлууд болоод Н.Т уучлалт гуйж Бд бизнес хийхэд нь зориулж 10,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн юм байна лээ. Одоо бол хамт амьдардаггүй учир авч өгсөн зүйлээ буцааж шаардсан юм байна. Э.Б 2018 оны 05 сарын 07-ны өдрөөс Голомт банкны данснаасаа 7 удаагийн шилжүүлгээр  9,987,200 төгрөг, Хаан банкны данснаас 5 удаагийн шилжүүлгээр 3,830,130 төгрөг, Бгийн төрсөн эгч Оюунгэрэлийн данснаас 681,290 төгрөгийг Сайн ломбард руу шилжүүлсэн байдаг. Мөн Сүлдээ гэх найзруу нь 1,100,000 төгрөг өгсөн байсан. Нийт 12,738,560 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Э.Б, Н.Т нар хоорондоо маргалдсаны улмаас 420,000 төгрөгийн Бгийн утсыг эвдсэн, Б энэ хугацаанд Тд бэлнээр өгч байсан мөнгө нийт 16,495,740 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч Сайн авто ломбардны өмнөөс нэхэмжлээд байгаа юм шиг яриад байгаа юм. Б хүү төлөх ёстой байсан бол бичгээр гэрээ байгуулсан байх ёстой юм. Тийм учраас Тгаас авсан 10,000,000 төгрөгийг 16,495,740 төгрөг болгож илүү төлсөн гэж үзэж байгаа учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Э.Б нэмж авсан гэх 8.962.000 төгрөг, 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Э.Б гэх хүн ямарч орлогогүй зөвхөн Н.Тгаас орж ирсэн мөнгөөр бизнес хийж байсан зүйл байхгүй. Бгын дансруу орсон мөнгө заавал Тгаас орж ирсэн гэсэн үг биш. Энэ хүмүүс салж сарних болоод ирэхээрээ мөнгөө авна гэдэг асуудал яригдсан байсан. Илүү авсан мөнгөө шаардах эрхтэй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэстэй” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Т, Э.Б нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Э.Б зээлийн гэрээ байгуулах саналыг тавьсан байдаг. Тэр саналыг Н.Т хүлээж аваад Э.Бгийн саналын дагуу 10,200,000 төгрөг зээлж аваад 10 сая төгрөгийг Э.Бд шилжүүлсэн байдаг. Ингэж гэрээ хийхдээ хүүг хэн төлөх вэ? гэдэг асуудал тавьсан бөгөөд үүний дагуу Э.Б хүүг төлөхийг зөвшөөрч ломбардны зээл болон хүүгийн төлбөрийг төлөөд явж байсан байдаг. 2018 оны 08 сарын 27-ны өдөр 8,962,000 төгрөг нэмж зээлж авсан бөгөөд үүнийг мөн л хэлцэл хийсний үндсэн дээр авч хүүгээ төлөөд яваад байсан. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Энэ мөнгөнөөсөө 1,200,000 төгрөгөөр өөрийн утсаа суллаж аваад үлдсэн мөнгийг нь АТМ руу хамт очиж өөрийн дансанд хийсэн байдаг. 2018 оны 09 сарын 06-ны өдөр дахин 2,000,000 төгрөгийн зээл авахуулсан байдаг. Э.Б өөрөө хүүг төлөөд явж байгаа нь тохирсноо хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Тохиролцооны үндсэн дээр төлсөн мөнгийг буцааж шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Э.Бгаас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 14,000,000 төгрөг, хүү 1,296,510 төгрөг, нийт 15,296,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Н.Тд холбогдуулан 6,495,740 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Т нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “2018 оны 04 сарын             24-ний өдөр Э.Бд 10,000,000 төгрөгийг “Тайгат булаг Авто” ХХК-ийн “Сайн” ломбарднаас сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авч өгсөн бөгөөд Э.Б нь төлөлт хийж, 6,038,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж нийт 15,000,000 төгрөг болгон зээлүүлэн авсан, мөн хүүхдийн сургалтын төлбөр  хэрэгтэй байна гээд дахин 2,000,000 төгрөгийг нэмж зээлүүлэн авч, тус бүрд нь би гэрээг байгуулсан. Хариуцагч Э.Б нь зээлийн төлбөрөөсөө төлөөд одоо үндсэн төлбөрт 14,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,296,510 төгрөг нийт 15,296,510 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч Э.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд “зохигчдын хооронд зээлийн гэрээний асуудал байхгүй. Дотны харилцаа холбоотой хүмүүс байсан тул Н.Т нь Э.Бд 10,000,000 төгрөг бизнесд нь туслах зорилгоор өгсөн. Одоо таарамжгүй харьцаатай болохоороо мөнгөө нэхээд байгаа тул өгсөн 10,000,000 төгрөгийг нь өгөх ёстой байх. Э.Б нь 16,495,740 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Иймээс 10,000,000 төгрөгөө төлөөд дууссан байна. Харин илүү шилжүүлсэн 6,495,740 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч Н.Т нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбарднаас 10,200,000 төгрөгийн зээлийг өөрийн эзэмшлийн 99116152 дугаарыг барьцаанд тавьж, авсан бөгөөд энэхүү зээлээс 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.Бд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 04 сарын 24-ний өдрийн ..дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Н.Т нь өөрийн эзэмшлийн 99116152 дугаараа барьцаалан, 2018 оны 08 сарын 27-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбардтай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Т нь 2018 оны 04 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр авч, Э.Бд өгсөн 10,000,000 төгрөгөөс хариуцагч Э.Б нь 4 сая төгрөгийг төлөөд үлдэгдэл 6,038,000 төгрөг дээр нэмж 8,962,000 төгрөгийг авч, нийтдээ 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, ийнхүү нэмж авсан 8,962,000 төгрөгийг Э.Бд шууд бэлнээр өгч, Э.Б нь тус ломбарданд барьцаанд байсан өөрийнхөө 99092708 дугаарыг надаас авсан мөнгөнөөсөө 1,200,000 төгрөгийг төлж, чөлөөлж аваад, үлдэх мөнгийг тэр дороо АТМ-аас өөрийн дансруу шилжүүлсэн  гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь дараах баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Т болон “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбардны хооронд 15,000,000 төгрөг зээлүүлсэн зээлийн болон барьцааны гэрээ 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулагдсан /хх-185-187 дугаар тал/ байх бөгөөд 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 13 цаг 21 минутад 2018 оны 04 сарын 24-ний өдрийн төлбөрийн барьцаат зээлийн тооцооны хуудсаар 6,038,000 төгрөгөөр хаалт хийсэн /хх-179 дугаар тал/, “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбардны 35180075 дугаартай барьцаат зээлийн тооцооны хуудсаар 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 13 цаг 29 минутад Э.Бгаас .. дугаарын барьцаанд 1,200,000 төгрөгийн хаалт хийгдсэн /хх-71 дүгээр тал/, мөн Э.Бгийн Хаан банкин дахь .. тоот дансанд 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 29 минутад 3,000,000 төгрөг, 14 цаг 31 минутад 4,000,000 төгрөгийн тус тус АТМ-аас орлого хийгдсэн /хх-65 дугаар тал/ болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Тн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай тохирч байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Т хариуцагч Э.Бд 2018 оны 04 сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, мөн өдөр 1,200,000 төгрөгийг хариуцагч Э.Б өөрийн эзэмшлийн .. дугаарыг барьцаанаас чөлөөлөхдөө авч төлсөн, нийт 18,200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн             281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Т нь 2018 оны 09 сарын 06-ны өдөр хариуцагч Э.Бгийн хүүхдийн сургалтын төлбөрт зориулж 2,000,000 төгрөг нэмж зээлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү мөнгийг Э.Бд шилжүүлэн өгсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Н.Тгаас хариуцагч Э.Бд нийт 18,200,000 төгрөгийг амаар хийсэн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Э.Бгийн Голомт банкин дахь .. дугаартай данс болон Хаан банкин дахь .. дугаартай данснаас .. дугаарыг барьцаалсан зээлийн төлбөрт буюу Н.Т болон “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбардны хооронд байгуулагдсан зээлийн төлбөрт тус компанийн дансанд нийт 9,987,270 төгрөг, хариуцагч Э.Б нь эгч Э.Оюунгэрэлээр дамжуулан 1,049,790 төгрөг тус тус төлж, нийт 11,037,060 төгрөгийг хариуцагч Э.Б нь “Тайгын булаг авто” ХХК-ийн дансанд шууд шилжүүлсэн байна. /хх-41-67 дугаар тал/

Энэхүү компанийн дансанд шууд шилжүүлсэн төлбөрийн дүн дээр нэхэмжлэгч Н.Т маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч Н.Тн хүсэлтээр түүний найз гэх М.М-д 1,100,000 төгрөгийг хариуцагч Э.Б шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд тус тайлбарыг нэхэмжлэгч Н.Т хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Э.Бгийн буцаан төлсөн төлбөрт энэхүү 1,100,000 төгрөгийг оруулан тооцох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Э.Б нь Н.Тд нийт 12,137,060 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч Э.Бгийн хүсэлтээр би “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” ломбарднаас зээл авахдаа хүүтэй авсан бөгөөд Э.Б нь хүүтэй нь төлнө гэж тохирсон тул өмнө төлөгдсөн мөнгө нь үндсэн төлбөр болон хүүнд төлөгдсөн байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Н.Т, Э.Б нарын хооронд зээлийн гэрээг амаар байгуулсан байх тул хүү тооцож шаардах эрхгүй юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Э.Бгийн Н.Тд нийт буцаан төлсөн 12,137,060 төгрөгийг Н.Тгаас зээлж авсан нийт 18,200,000 төгрөгөөс хасаж тооцоход 6,062,940 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Н.Тд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэхэд хариуцагч Э.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Н.Тгаас 2018 оны 04 сарын 24-нд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бүгдийг нь буцаан төлөөд зогсохгүй нийт 16,495,740 төгрөгийг төлсөн байгаа тул илүү төлсөн 6,495,740 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэсэн бөгөөд шүүх хуралдаан дээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соос сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Э.Бгаас Голомт болон Хаан банкны дансаар “Тайгат булаг авто” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нийт 9,987,270 төгрөг, эгч Э.Оюунгэрэлээр дамжуулан төлсөн төлбөр, М.Мөнхсүлдэд шилжүүлэн өгсөн 1,100,000 төгрөг, бэлнээр өгсөн 550,000 төгрөг, Э.Бгийн эгч Э.Оюунгэрэлээс Н.Т кредит картны төлбөрт зээлсэн төлбөрийн үлдэгдэл 460,000 төгрөг, Э.Бгийн гар утасны үнэ 420,000 төгрөг гэх мэтээр тооцоод нийт дүнгээс 10,000,000 төгрөгийг хасахаар 6,495,740 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Н.Тгаас нэхэмжилж байна гэж тайлбарладаг болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Бгийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулах гэсэн агуулгатай байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Н.Б нь Н.Тд нийт 12,137,060 төгрөгийг буцаан төлсөн байгаа бөгөөд шүүх нийт зээлийн дүнг 18,200,000 төгрөг гэж үзсэн тул зээлийн төлбөрөөс илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан бэлнээр Н.Тд 550,000 төгрөг өгсөн, Э.Бгийн эгч Э.Оюунгэрэлээс Н.Тн зээлсэн зээлийн үлдэгдэл 460,000 төгрөгийг Э.Б Н.Тн өмнөөс эгч Э.Оюунгэрэлдээ төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт гэрч Э.Оюунгэрэлийн мэдүүлэг авагдсан бөгөөд тухайн мэдүүлэгт                                 “...Н.Т нь 2018 оны 09 сарын 27-нд 360,000 гаруй төгрөгийн кредит картны төлбөрийн мөнгө, 2018 оны 10 сарын 27-нд 360,000 гаруй төгрөгийг надаас зээлж авсан. Буцаагаад 260,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгийг маань өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлгээс үзэхэд Э.Оюунгэрэлээс Н.Тн авсан гэх мөнгөний үлдэгдэл 460,000 төгрөгийг хариуцагч Э.Б эгч Э.Оюунгэрэлд Н.Тн өмнөөс төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх-156 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гар утасны үнэ 420,000 төгрөг орж байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...Н.Т намайг байнга хардаж зодохдоо утас эвддэг байсаар утас ажиллахаа болиход шинэ утас өөрөө авчих, дараа нь би мөнгө өгнө гээд би 420,000 төгрөгөөр Айпоне 6 маркын гар утас худалдан авсан, тэр мөнгөө өгөөгүй...” гэжээ. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч Н.Т зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд Н.Т нь хариуцагч Э.Бг зодсон талаарх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 32/7/2615 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад түүнээс учирсан хохирлын талаар шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э.Бгаас нийт 6,062,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 9,233,570 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Бгийн 6,495,740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан, хариуцагч Э.Бгаас нийт 6,062,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 9,233,570 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Бгийн 6,495,740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,433 төгрөг, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 111,957 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,            119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ОЮУНЦЭЦЭГ