Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 86

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 142/2018/01247/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Д- миний бие нь Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол, Оросын хамтарсан зөвлөлийн хуралдааны шийдвэрээр томилогдсон. Шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/389 тоот тушаалаар Ерөнхий захирал Ч.Ганзоригтой контракт байгуулан ажилласан. Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын хуулийн дагуу дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгож, бүтэц, зохион байгуулалттай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09/2016 тоот тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Д- намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Мөн өдрийн ТУЗ-ийн 17/2016 тоот тогтоолоор Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр томилсон. Уг тогтоолд миний цалин хангамжийг тогтоох, холбогдох гэрээ байгуулах эрхийг ТУЗ-ийн дарга Д.Ганболдод олгож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах хүртэлх хугацаанд хуучин гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхыг надад даалгаж шийдвэрлэсэн. Ингээд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн ТУЗ болон түүний шийдвэр нь хууль бус болохыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01562 тоот, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон амралтын олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтдээ:

“...Хөөн хэлэлцэх хугацаа бол Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд тодорхойлсноор ямар дэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхийн хугацаа юм. Тийм учраас Д.Д- эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 тоот тогтоолын талаар 2018 оны 10 дугаар сарын 31-нд гомдол гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлд хамааруулах дараах үндэслэл байна.

1 Д.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний ТУЗ-ийн 09/2017 тогтоолоор ажил албан тушаалаар чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдамж, тогтоол шийдвэрийн дагуу шинэ Зөвлөл томилогдож шийдвэр гаргаж байгааг хууль ёсны гэж үзэж ямар нэгэн эсэргүүцэл, шүүхэд гомдол гаргаагүй. Чухам энэ үүднээс 2017 оны 04 дүгээр сарын 10-нд контракт дүгнүүлэхээр өргөдөл гаргаж, ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 24-ний А/321 от тушаалаар контрактын эд хөрөнгө олгох асуудлыг дүгнэсэн.

2. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоол гарч Д.Д-г чөлөөлсөн 09/2017 тоот тогтоолыг гаргасан ТУЗ-ийн бүрэлдэхүүн, энэ тогтоолын гаргах үндэслэл болсон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, удирдамж шийдвэрүүд шүүхээр хүчингүйд тооцогдсоныг шүүхийн шийдвэрийн цахим сангаас олж мэдээд өөрийн эрх зөрчигдсөнийг мэдэж 2018 оны 10 дугаар сарын 31-нд Д.Д- шүүхэд өргөдөл гаргасан нь Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн шаардах эрхийн зохицуулалтад хамаарна.

3. Нөгөө талаар Иргэний хуулийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 нь ийм тохиолдол болсон үед хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах баталгааг шүүхэд хуулиар өгсөн байгаа юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг 129.3-т хамаарна гэж тайлбарласан бөгөөд Д.Д-г чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэрийг хууль бус гэдгийг тухайн үедээ Д.Д- нь мэдэх боломжгүй бөгөөд энэ нь шүүхээр тогтоогдсоны дараа мэдсэнээр шаардах эрх нь нээгдсэн болно. Дээд шүүхийн 529 дүгээр тогтоолд хариуцагч тал Ерөнхий шүүгчид гомдол гаргасанд Улсын Дээд Шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-нд хариу өгснөөр хэрэг бүрэн шийдвэрлэгдсэн.

4. Д.Д- нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралтай 2012 оны 11 дүгээр сарын 14-нд контракт байгуулж, ТУЗ-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний 17/2016 тоот тогтоолоор /энэ тогтоол одоо хүртэл хүчинтэй/ шинэ гэрээ байгуулах хүртэл хуучин гэрээг мөрдөж байхаар заасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр контракт дахин 4 жилээр сунгагдсан гэж тооцогдоно. Энэ тохиолдолд Д.Д-гийн контрактаар хүлээсэн ажил үүргийг дуусгавар болгосон талаар Ерөнхий захирлын тушаал гаргах учиртай. Тийм тушаал одоо хүртэл гараагүй. Ийм учраас Иргэний хуулийн 74.1, 82.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3- ийг хэрэглэн Д.Д-гийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээн маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Энэ хэргийг шүүхээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч Д.Д- 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн ТУЗ-ийн 09/2017 дугаартай тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар "... шаардах эрх үүссэн үеэс...” 76.2-т “... эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс ..." гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Ажлаас чөлөөлөгдсөн тогтоолтой танилцаад өөрөө хүлээн зөвшөөрөөд контрактаа дүгнээд ажлаа өгсөн. Дараа нь Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар өөрийнхөө эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэдэг нь боломжгүй тайлбар гэж үзэж байгаа...” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 -т зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 483.868.366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1,5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-г тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнийг сэргээх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хэрэгт иргэний хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж хуулийг тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Д.Д- нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажлаас ТУЗ-ын тогтоолоор чөлөөлөгдсөн. ТУЗ-ын тогтоол нь хууль дүрмийг баримталсан, Засгийн газрын эрх бүхий этгээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдамж, тогтоолыг үндэс болгосон тул Д.Д- зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн, мөн контрактын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсэн.

Д.Д-г ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан ТУЗ-ийн бүрэлдэхүүний баталсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017.03.31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг, тус хурлаас гаргасан ТУЗ гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох 02 тоот тогтоол хүчин төгөлдөр болохыг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлээр тогтоосон шүүхийн шийдвэрүүд Улсын дээд шүүхийн 2017.12.07 өдрийн 01562 дугаар тогтоол эцэслэн шийдвэрлэгдсэн нь хэрэгт авагдсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Дээрх иргэний хэрэгтэй зэрэгцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, төрийн төлөөлөл томилох, ТУЗ-ийн гишүүдийг томилох, улсын бүртгэл хийлгэх захиргааны акт болон захиргааны үйл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий Захиргааны хэрэг зэрэгцэн явсан байдаг. Уг хэрэг Улсын дээд шүүхийн 2018.09.19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч Засгийн газар дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр гомдол гаргаж 2018.11.13-ны өдөр 6/42 тоотоор хариу өгч энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй өөрөө хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дүрмийн өөрчлөлт хийгдээгүй, ТУЗ-ийн хуучин бүрэлдэхүүн, эрх хэмжээ сэргээгүй, гүйцэтгэх удирдлагын баг өөрчлөгдөөгүй байна. Д.Д- өөрийг нь чөлөөлсөн шийдвэрийг шууд хууль бус гэж тооцож шүүхэд гомдол гаргах боломж Улсын дээд шүүхийн 329 дүгээр тогтоол гарах хүртэл үүсэхгүй байсан. Ийм учраас Д.Д- Улсын дээд шүүхийн 329 дүгээр тогтоол Shuukh.mn сайтад байршиж нийтэд илэрхий болсныг 2018 оны 10 дугаар сарын дундуур танилцсаны үндсэн дээр өөрийг нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл хууль бус болохыг мэдсэн. Иймд эрх зөрчигдсөнөө мэдсэн нэхэмжлэл гаргах, шаардах эрх үүсэх Иргэний хуулийн 76.1, 76.2 дахь заалт энэ маргаанд хамаарч болох ба хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн эрх зүйн маргааны төрөл болох зохицуулалт болно.  

2. Хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тухайд: Д.Д-г ажлаас чөлөөлсөн тогтоол нь хууль бус субъектээс гаргасан тул хүчингүй. Энэ маргаан шийдвэрлэгдэх явцад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн байдал өөрчлөгдөж нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нэршил гүйцэтгэх удирдлагын бүтцэд байхгүй болсон тул чөлөөлөгдөх үедээ ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэх ажил шаардаж байна.

3. Ажилгүй байсан хугацааны олговрын тухай: нэхэмжлэгч тал нэхэмжлэх олговрын тооцоогоо дундаж цалин 20.916.500 төгрөгөөр тооцон 483.868.366 төгрөг гэж шүүхэд тодорхойлж хэлэлцүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болох хүртэл 23 сараар 336.463.803 төгрөгийг хангах боломжтой. Шүүх хэрэв нэхэмжлэгчийн цалин хөлс шаардах үндэслэл болох контрактын хугацаа тодорхойгүй байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 25.2-т заасан хязгаараар тооцож 6 сар хангасаар тооцож 95.087.596 төгрөгийн олговор гаргуулах үндэслэлийг хянаж үзэх боломжтой. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-т заасныг  баримтлан шийдвэрлээгүй нь буруу  байна. 

Иймд шүүхийн шийдвэрт  үүнтэй холбоотой зохих  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Д.Д- “Эрдэнэт үйлдвэр” ХХК  \ одоогийн нэр Эрдэнэт үйлдвэр  ТӨҮГ \-д  холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 483.868.366 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр”  ХХК  байх үеийн  Үйл ажиллагаа  эрхэлсэн  дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажил албан тушаалтай дүйцэх ажилд томилохыг  даалгах, цалин олговор 483.868.366 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17\2016 дугаар тогтоолоор Д.Д-г Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн ажилд томилж,  2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09\017 дугаар  тогтоолоор  уг  ажлаас   чөлөөлсөн байна.

            Ажил олгогч болон ажилтны хооронд контрактын гэрээ байгуулагдсан талаар  зохигчид  маргаагүй гэж үзнэ.

            Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээ нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах  гэрээний  нэг төрөл тул уг харилцааг тусгай хуулиар зохицуулдаг нь Хөдөлмөрийн тухай хууль юм.

Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт зохицуулсан.   

            Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

            Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацааг дууссан үеэс үүснэ гэж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д заажээ.

            Ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлын тухайд шүүхэд гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан нь дээрх заалтыг “хуульд өөрөөр” заасан байгаа тохиолдлыг хамаарч байна.

            Өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас халсан тухай шийдвэрийг гардаж аваад 1 сарын дотор гомдол гаргах ёстой байна.

Энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож болно.

Нэхэмжлэгч талын Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны  хэргийн  шүүхийн 2018 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн 329, хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн   2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  001\ХТ 2017\01562 дугаар тогтоол гарснаар эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу шаардах эрх үүссэн гэсэн тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн  1 дэх заалтад  “Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн  129.1, 129.3”  гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхисугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ