Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 142/2018/01247/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, .. дугаар микро район, .. дугаар байр, ... тоотод оршин суугаа, Д.Б /утас /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбайд оршин байгаа, “ЭҮ” ТӨҮГазарт холбогдох

 

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д.Д миний бие нь Монгол, Оросын хамтарсан “ЭҮ” ХХК-ний Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол, Оросын хамтарсан зөвлөлийн хуралдааны шийдвэрээр томилогдсон. Шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ХХК-ний ерөнхий захирлын 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/389 тоот тушаалаар Ерөнхий захирал Ч.Г контракт байгуулан ажилласан.

Монгол Оросын хамтарсан ЭҮийг Монгол Улсын хуулийн дагуу дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгож, бүтэц, зохион байгуулалттай холбогдуулан ЭҮ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09/2016 тоот тогтоолоор “ЭҮ” ХХК-ний Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Д намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Мөн өдрийн ТУЗөвлөлийн 17/2016 тоот тогтоолоор Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр томилсон.  Уг тогтоолд миний цалин хангамжийг тогтоох, холбогдох гэрээ байгуулах эрхийг ТУЗөвлөлийн дарга Д.Г олгож, ЭҮ ХХК-тай байгуулсан гэрээг шинэчлэн байгуула хүртэлх хугацаанд хуучин гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхыг надад даалгаж шийдвэрлэсэн.

Ингээд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал ЭҮ ХХК-ийн ТУЗөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн ТУЗөвлөл болон түүний шийдвэр нь хууль бус болохыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01562 тоот, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын олговор гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтдээ:

“...Хөөн хэлэлцэх хугацаа бол Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд тодорхойлсноор ямар үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхийн хугацаа юм. Тийм учраас Д.ДЭҮийн ТУЗөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 тоот тогтоолын талаар 2018 оны 10 дугаар сарын 31-нд гомдол гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлд хамааруулах дараах үндэслэл байна.

1.Д.Днь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний ТУЗөвлөлийн 09/2017 тогтоолоор ажил албан тушаалаар чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдамж, тогтоол шийдвэрийн дагуу шинэ ТУЗөвлөл томилогдож шийдвэр гаргаж байгааг хууль ёсны гэж үзэж ямар нэгэн эсэргүүцэл, шүүхэд гомдол гаргаагүй. Чухам энэ үүднээс 2017 оны 04 дүгээр сарын 10-нд контракт дүгнүүлэхээр өргөдөл гаргаж, ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 24-ний А/321 тоот тушаалаар контрактын эд хөрөнгө олгох асуудлыг дүгнэсэн.

2. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоол гарч Д.Дчөлөөлсөн 09/2017 тоот тогтоолыг гаргасан ТУЗөвлөлийн бүрэлдэхүүн, энэ тогтоолын гаргах үндэслэл болсон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол,  удирдамж шийдвэрүүд шүүхээр хүчингүйд тооцогдсоныг шүүхийн шийдвэрийн цахим сангаас олж мэдээд өөрийн эрх зөрчигдсөнийг мэдэж 2018 оны 10 дугаар сарын 31-нд Д.Д шүүхэд өргөдөл гаргасан нь Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн шаардах эрхийн зохицуулалтад хамаарна.

3. Нөгөө талаар Иргэний хуулийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 нь ийм тохиолдол болсон үед хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах баталгааг шүүхэд хуулиар өгсөн байгаа юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг 129.3-т хамаарна гэж тайлбарласан бөгөөд Д.Д чөлөөлсөн ТУЗөвлөлийн шийдвэрийг хууль бус гэдгийг тухайн үедээ Д.Д нь мэдэх боломжгүй бөгөөд энэ нь шүүхээр тогтоогдсоны дараа мэдсэнээр шаардах эрх нь нээгдсэн болно. Дээд шүүхийн 329 дүгээр тогтоолд хариуцагч тал Ерөнхий шүүгчид гомдол гаргасанд УДШүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-нд хариу өгснөөр хэрэг бүрэн шийдвэрлэгдсэн.

4. Д.Днь ЭҮийн Ерөнхий захиралтай 2012 оны 11 дүгээр сарын 14-нд контракт байгуулж, ТУЗөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний 17/2016 тоот тогтоолоор /энэ тогтоол одоо хүртэл хүчинтэй/ шинэ гэрээ байгуулах хүртэл хуучин гэрээг мөрдөж байхаар заасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр контракт дахин 4 жилээр сунгагдсан гэж тооцогдоно. Энэ тохиолдолд Д.Д контрактаар хүлээсэн ажил үүргийг дуусгавар болгосон талаар Ерөнхий захирлын тушаал гаргах учиртай. Тийм тушаал одоо хүртэл гараагүй.

Ийм учраас Иргэний хуулийн 74.1, 82.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-ийг хэрэглэн Д.Д Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээн маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ЭҮ ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Энэ хэргийг шүүхээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч Д.Д 2017 оны 4 сарын 4-ны өдрийн ТУЗ-ийн 09/2017 дугаартай тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар “... шаардах эрх үүссэн үеэс...” 76.2-т “... эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс ...” гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Ажлаас чөлөөлөгдсөн тогтоолтой танилцаад өөрөө хүлээн зөвшөөрөөд контрактаа дүгнээд ажлаа өгсөн.

Дараа нь Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар өөрийнхөө эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэдэг нь боломжгүй тайлбар гэж үзэж байгаа...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч ЭҮ ХХК-нд холбогдуулан ЭҮ ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг эс зөвшөөрч,  урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал буюу Ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэжээ. /2-р хх-68 тал/

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, тэрээр урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх ЭҮ ТӨҮГазрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 483,868,366 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч талын гаргаж өгсөн Д.Д урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу ЭҮ ХХК-ний Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, ЭҮ ТӨҮГазрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан харахад зарим зүйл нь өөр байх тул энэ хоёр албан тушаалыг ижил албан тушаал гэж шууд хэлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Д урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь дүйцэх ЭҮ ТӨҮГазрын ажил албан тушаалд томилуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

Нэхэмжлэгч тал “...Д.Д нь Монгол, Оросын хамтарсан “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын  үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол, Оросын хамтарсан зөвлөлийн хуралдааны шийдвэрээр томилогдож, контрактын гэрээ байгуулан ажилласан...” гэсэн тайлбарыг гаргасан.

Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан гэх контракт нь хариуцагч байгууллагын төрөлжсөн архивт байхгүй /1-р хх-159 тал, 2-р хх-39 тал/ байгаа тул хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.

 

Хавтас хэрэгт ЭҮ ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  09/2016 дугаартай “Д.ДЕрөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчийн үүрэгт ажлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тухай” тогтоол, мөн өдрийн 17/2016 дугаартай “Д.Дүйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер томилох тухай” тогтоол, тус байгууллагын ТУЗөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 09/2017 дугаартай “Д.Д ажлаас чөлөөлөх тухай” тогтоолууд тус тус нотлох баримтаар авагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Д нь ЭҮ ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

 

ЭҮ ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор “ЭҮ ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, ЭҮ ХХК-ний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.17.8 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 тоот удирдамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн “Бүтэц батлах тухай” .... тоот тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Д.Д ЭҮ ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэгт ажлаас чөлөөлж...” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Днь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдлоо шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ба тэрээр гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоол гарч Д.Д чөлөөлсөн 09/2017 тоот тогтоолыг гаргасан ТУЗөвлөлийн бүрэлдэхүүн, энэ тогтоолын гаргах үндэслэл болсон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол,  удирдамж шийдвэрүүд шүүхээр хүчингүйд тооцогдсоныг шүүхийн шийдвэрийн цахим сангаас олж мэдээд өөрийн эрх зөрчигдсөнийг мэдэж 2018 оны 10 дугаар сарын 31-нд Д.Дшүүхэд өргөдөл гаргасан. ... Нөгөө талаар Иргэний хуулийн 74.1, 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 нь ийм тохиолдол болсон үед хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах баталгааг шүүхэд хуулиар өгсөн байгаа юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг 129.3-т хамаарна гэж тайлбарласан бөгөөд Д.Д чөлөөлсөн ТУЗөвлөлийн шийдвэрийг хууль бус гэдгийг тухайн үедээ Д.Д нь мэдэх боломжгүй бөгөөд энэ нь шүүхээр тогтоогдсоны дараа мэдсэнээр шаардах эрх нь нээгдсэн болно...” гэж тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ”, 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан боловч зохигч талуудын хоорондын дээрх хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн энэхүү хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэхгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн зохицуулах зүйл нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог тул ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг Иргэний хуулиар зохицуулахгүй, харин тусгайлан зохицуулсан Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх шийдвэрлэнэ”,  129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь ажлаас чөлөөлсөн тухай ЭҮ ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2017 дугаартай тогтоолыг тухайн үедээ хүлээн авч, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан ЭҮ ХХК-ний ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан Д.Д 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “... миний бие  Д.Днь 2012 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр тус үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ТУЗөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны 09/2017 тоот тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тус тогтоолын 2 дугаар заалтын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надтай байгуулсан 5/401-12 тоот хөдөлмөрийн контрактыг дүгнэж холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж өгнө үү” гэсэн өргөдөл /1-р хх-204/, ЭҮ ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/321 дугаартай “Контракт дүгнэх тухай” тушаал /1-р хх-205-208/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргах ёстой байсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд уг гомдлоо гаргаагүй тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба нэхэмжлэгчийн гаргасан дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр шүүх ажилтны ажлаас буруу халсан тухай гомдлыг хэлэлцэхдээ ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх, түүнийг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн эсэх зэргийг хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгч талын тайлбарлаж буй сүүлд илэрсэн нөхцөл байдал буюу Д.Д ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан ЭҮ ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бусаар томилогдсон байдал нь ажлаас буруу халсан гомдлын шаардлага гарах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч Д.Д гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 483,868,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д гаргасан ЭҮ ТӨҮГазарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 483,868,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА