| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/01185/И |
| Дугаар | 183/ШШ2024/00102 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/00102
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/00102
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ........ тоотод оршин суух, Ц-ийн А /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ байранд байрлах, М ХХК /РД:000/-д холбогдох,
Барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашигласны хохиролд 284.565.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , хариуцагчийн өмгөөлөгч Ц.М , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Цэрэндэндэв нь 1976 оноос 1995 он дуустал ажиллаж байхдаа Панкипсин эмийн бүтээгдэхүүнийг бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж, зөвхөн энэ бүтээгдэхүүн орсон 6 төрлийн эмийг зах зээлд худалдан борлуулж байна. 2019 онд иргэн Ж.А, Д.С нарын хамтаар уг бүтээлийг улсын бүртгэлд бүртгүүлж, МУ-ны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасны дагуу шинэ бүтээлийн А/157-тай патентийн гэрчилгээ авсан юм. Аав маань 2000 оны 6 дугаар сарын 26-нд нас барж улмаар уг Панкипсин эмийн барааны тэмдгийн гэрчилгээ нь Ц.А надад өвлөгдөж ирсэн юм. Үүнээс хойш 2019-09-25-ны өдрийн МУ-ын Оюуны өмчийн газрын даргын А/000 тоот тушаалаар Панкипсин эмийн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг бидэнд олгосон. Гэтэл М ХХК нь өнөөдрийг хүртэл бидний нэр дээрх хамтын барааны тэмдгийг ашиглаж үйлдвэрлэл явуулж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм. Миний хувьд уг бүтээлийн патентыг хууль ёсны дагуу эзэмших этгээдийн хувьд МУ-ын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д заасны дагуу М компанийн удирдлагад Панкипсин эмийн барааны тэмдэгийг ашиглах Лицензийн гэрээ байгуулах талаар удаа дараа утсаар ярьж, хамгийн сүүлд 2022-10 сард албан бичиг мэдэгдэл хүргүүлэхэд 2022-11-03-ны өдөр №143-тай албан бичгээр М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан даруй мэдэгдэнэ гэж хариу ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Лицензийн гэрээ байгуулахгүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж 6-н төрлийн Панкисин орсон бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаж ашиг олж барааны тэмдэг эзэмшигчийн эрх ашгийг хохироож тухайн бүтээлийг ашиглаж олсон ашигнаас миний 50 хувьд ноогдох 284.565.400 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А-гийн гаргасан нэхэмжлэлд дурдагдаад байгаа Панкипсин гэдэг барааны тэмдэгтэй холбоотой маргаан нь анх н.Ц, Ж.А, Д.С нэртэй 3 эрдэм шинжилгээ судалгааны ажилтан нь Монэнзим нэгдэл Төрийн өмчит үйлдвэр байхад нь ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилчид байдаг. Эдгээр хүмүүс нь ажиллаж байх явцдаа 1985 онд нутгийн үйлдвэрийн Богд малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл буюу Панкипсин гэдэг нэгдлийг гаргаж авах шинэ бүтээлийг бий болгосон байдаг. Энэ нь тухайн үед ажиллаж байсан Төрийн өмчийн Монэнзим нэгдлийн өмч хөрөнгө, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийн үр дүн нь нэгдлийн өмч байсан. Тухайн үеийн удирдлагуудтай яаж тохирсныг би сайн мэдэхгүй байна. Панкипсин гэдэг нэртэй бүтээгдэхүүнээрээ патентын эрх авахдаа өөрсдийнхөө нэр дээр гаргаж авсан байдаг. Энэ патентыг эзэмшиж эхэлснээс хойш 1984-2004 онын хугацаанд патент эзэмшигч гэдэг эрхийнхээ дагуу Монэнзим ХХК-нь хувьчлагдсанаас хойш лицензийн гэрээ байгуулаад түүндээ тохирох хөлсийг тодорхой авч байгаад патент эзэмших гэрээний хугацаа дуусгавар болох буюу Патентын тухай хуульд зааснаар 20 жилийн хугацаа нь дуусгавар болсон. Тэр хугацаанд ноогдох лицензийн төлбөрөө авсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байдаг. 1.000.000 гаран төгрөгийн төлбөрөө нэхэмжлэгч Ц.А авсан байдаг. Панкипсин гэдэг бэлдмэл гаргаж авах арга нь өөрөө эмийн бүтээгдэхүүнд ордог, жижиг нэгдэл байдаг. 2018 оноос энэ аргаар гаргаж авахаа болиод Хятад Улсын үйлдвэрээс гаалийн бичгийг нь хэрэгт өгсөн байдаг. Трипсин гэдэг бүтээгдэхүүнээр орлуулан, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ашигладаг болсон. Үүний шалтгаан нь Монгол Улсын стандарт эм үйлдвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага нь MNS:55242014 2014 онд Үйлдвэрийн туслах материал бусад бэлтгэх материал нь JMP шаардлага хангасан үйлдвэрлэгчийн чанарын сертификаттай итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан байна гэдэг стандарт тогтоогдсон.Үүнтэй холбоотойгоор үнийн Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны тушаалаар батлагдсан, эм эмийн түүхий эд биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журам гээд батлагдсан. Энэхүү журмын 4.30.4 гэдэг зүйл дээр эмийн үйлдвэрийн JMP-ийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн баталгаажуулсан хуулбарыг заавал хавсаргаж өгч байж, Монгол Улсын эмийн түүхий эд биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд оруулан гэсэн журам батлагдсантай холбоотойгоор шаардлага стандарт хандсан Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад Улсаас М ХХК-нь нийлүүлж, Эрүүл Мэндийн Яаманд бүртгүүлээд, Трипсин гэдэг эмийн бүртгэлийн гэрчилгээг 2023 оны 5 дугаар сарын 01-нд авсан. Яагаад одоо хүртэл Панкипсин гэдэг нэртэйгээ байгаа вэ? гэхээр тухайн Панкипсин гэдэг нэрээрээ Монгол Улсад нэршээд, Эрүүл мэндийн байгууллага, эмчилгээ хийдэг байгууллагад энэ нэрээрээ танигдсан. Патент дурдагдсан буюу Панкипсин гарган авах арга гэдэг аргыг ажиллаж, Панкипсин гэдэг зүйлийг гаргаж авахаа болиод удаж байгаа, үүний оронд Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад Улсаас аваад үйлдвэрийн шаардлага стандарт нийцсэн JMP гэдэг бүтээгдэхүүний чанарын стандарт шаардсан гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг түүхий эд болгон ашиглаад өнөөдрийг хүрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: Иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл, нас барсны гэрчилгээ, Б.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Ж.А-ийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Барааны тэмдгийн гэрчилгээ, Монгол улс шинэ бүтээлийн патент №338, 2022.11.03-ны өдрийн 143 дугаар М ХХК-иас Ц.А-д хандсан албан бичиг, 2022.10.24-ний Монэнзим ХХК-ийн ТУЗ-д мэдэгдэл хүргүүлэх тухай,1995.05.04-ний өдрийн Ж.Ц-ийн өргөдөл, 1995.12.15-ны өдрийн итггэмжлэл, 1996.03.23-ны өдрийн Оюуны өмчийг дундаа өмчлөх хэсгийг тодорхойлох тухай хамтран зохиогч нарын хооронд хийсэн гэрээ, 2000.03.28-ны өдрийн итгэмжлэл, 2001.03.30-ны өдрийн 05 дугаар Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар, Панкипсин орсон бүтээгдэхүүний 2022 оны 09 сарын 21-ний өдрийн үнийн жагсаалт болон 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үнийн жагсаалт, бүтээгдэхүүний танилцуулга, Панипсинтэй зураг, Монос эмийн санд борлуулагдаж байсан эмийн зураг, панкипсин үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ферментэн бэлдмэл зураг, Эмийн сангууд худалдаалж байгаа бүтээгдэхүүний үнийн тарфи, бутапсин зураг, Панфеникол зураг, Мупсин эмийн зураг, 2022.11.14-ний өдрийн Мупсины Оюуны өмчийн газар барааны тэмдгийн гэрчилгээ, 2022.11.14-ний өдрийн Панфениколын Оюуны өмчийн газар барааны тэмдгийн гэрчилгээ, 2022.11.14-ний өдрийн бутапсины Оюуны өмчийн газар барааны тэмдгийн гэрчилгээ, 2019.02.28-ны өдрийн Панкипсины барааны тэмдгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эмийн бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын стандарт, 2020.06.08-ны өдрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын экспорт лиценз, 2019.08.26-ны өдрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын экспорт лиценз, Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.17-ны өдрийн 183/ШШ2018/0000 дугаар шүүхийн шийдвэр зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр Эм нийлүүлэх нэгдсэн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Татварын ерөнхий газар, М ХХК, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, Эм, эмнэлгийн зохицуулах газар, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс нотлох баримтуудыг шаардсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А хариуцагч М ХХК-д холбогдуулан барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашигласны хохиролд 284.565.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Панкипсин гэдэг зүйлийг гаргаж авахаа болиод удаж байгаа, үүний оронд Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад Улсаас аваад үйлдвэрийн шаардлага стандарт нийцсэн JMP гэдэг бүтээгдэхүүний чанарын стандарт шаардсан гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг түүхий эд болгон ашиглаж байгаа гэж маргаж байна.
Ц.А-гийн аав Ж.Ц, Ж.А, Д.С нарын сэдсэн нутгийн үйлдвэрийн бог малын нойр булчирхайнаас ферментын бэлдмэл панкипсин гарган авах арга нэртэй шинэ бүтээлийн эзэмшигчээр 1985.04.22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, Шинэ бүтээлийн гэрчилгээг 1996 онд олгосон бөгөөд Ц.А-д Панкипсин эмийн барааны тэмдэгийн гэрчилгээ өвлөгдөж, тэрээр 2019 оны 9 сарын 25-ны өдөр Панкипсин барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээ авчээ.
Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлимйн 12.3.4-т бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, 12.3.5-д бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, 12.3.6-д энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж зохицуулжээ.
Хариуцагч М ХХК Панкипсины найрлага орсон эмийг 1985 оноос хойш манай байгууллага үйлдвэрлэж байгаа бөгөөд барааны тэмдэгтийн онцгой эрхийг авахаар хүсэлт гаргасан, 2004 оноос хойш Панкипсин гэдэг зүйлийг гаргаж авахаа болиод үүний оронд Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад улсаас оруулж ирж үйлдвэрлэж байгаа гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн шүүх хуралдааны явцад Панкипсин нэрийг ашиглаж байгаа түүнээс бүтээгдэхүүнийг ашиглахгүй байгаа гэж тайлбарласан бөгөөд Барааны тэмдэг газар зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол барааны тэмдэгийг ашигласанд тооцохоор хуульчилжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан бөгөөд М ХХК бусдын эрхээр Пангипсин гэх нэрийг ашиглаж, хөрөнгө олж авсан байна.
М ХХК Ц.А-ийн Пангипсин барааны тэмдэгийг эзэмших онцгой эрхийг зөрчиж, Пангипсин нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болох нь хариуцагчийн 2019-2023 оны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоогоор тогтоогдож байна гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэв.
М ХХК Пангипсин бүтээгдэхүүнийг 2019 онд 37860 ширхэг, 2020 онд 5877 ширхэг, 2021 онд 6390 ширхэг, 2022 онд 11280 ширхэг, 2023 оны 1-р улиралд 643 ширхэгийг тус тус үйлдвэрлэсэн /хх-ийн 48 дугаар тал/ нь тус байгууллагын баримтаар тогтоогдож байна.
М ХХК Ц.А-гийн онцгой эрхтэй барааны тэмдэгтийг ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон тул Ц.А-гийн барааны тэмдгийн гэрчилгээнээс үзэхэд 2019 оны 2 сарын 28-ны өдрөөс тооцож, 2023 оны 1-р улирал хүртэл ашигласан үнийг гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч нь 2019 онд 37860 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд үүнийг 12 сард хуваахад нэг сард 3159 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, 2019.02.28-ны өдрөөс 2019.12.31 хүртэл нийт 31550 бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тооцож, нийт 55740 ширхэг бүтээгдэхүүнийг 4300 төгрөгөөр бодож, /55740х4300=239.682.000/ 239.682.000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж Ц.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 239.682.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.883.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.356.360 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО