Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 455

 

 

Э.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 713 дугаар магадлалтай, Э.Т-т холбогдох 1705006940092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** тоот хаягт байрлах нийтийн байрны 03 тоотод түр оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр суллагдсан, Э овогт Э-н Т-.

Э.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед *** хаягт байрлах нийтийн байрны 03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Э-г 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Т-ийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 242 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Т- гаргасан гомдолдоо “...Миний бие давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрийн гаргасан өргөдөл болон өөрт холбогдсон хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг хянуулахаар өргөдөл гаргаж байна.

Хохирогчийн өмгөөлөгч Мөнхтариа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт дурьдаагүй мэдүүлгийг гэрч Баямөнх өгсөн гэж ярьдаг. Байрны хашаа урд талдаа ганц хаалгатай тэр нь орж гарсан хүмүүс бүгд камерт бичигддэг.

...Тийм учраас Б камерт бичигдэх ёстой. Гэтэл бичигдээгүй шөнө орж ирээгүй байсан гэж мэдүүлдэг. Уг арын хаалгаар гарсан буюу хэрэг гардаг шөнө гаднаас орж ирсэн хүмүүсийг шалгаж өгөх хүсэлт тавьж байсан ч энэ талаар мэдүүлэг авч тэмдэглэсэн зүйл байдаггүй. Миний мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Мөн камерын бичлэг шүүх явцад өмгөөлөгч Мөнхтариагийн дурдсан цаг хугацаанд ч миний бие камерт бичигдээгүй байдаг. Уг тайлбарыг ямар үндэслэлээр өгсөнийг шалгуулмаар байна.

Шинжээч томилсон томилгоонд /1хх-н 58 дугаар хуудас/ эр бэлгийн эс илрүүлэх, бэлгийн харилцаанд орсон эсэхийг тогтоох гэсэн байсан ч талийгаачийн үтрээнээс арчдас, наалдац аваагүй. Энэ талаар шинжээч эмч мэдүүлэхдээ арчдас, наалдацын талаар байцаагчаас томилгоо ирээгүй гэсэн байдаг. Энэ талаар хүсэлт гаргасан ч тодорхой арга хэмжээ аваагүй.

Миний 2 хүүхэд том хүү 5 нас хүрнэ, охин ивээл 3 настай одоо хадамж ээж Ганчимэгийн асрамжинд байгаа ч амьдарлын боломж тааруу, түүний бие муу, өрхийн тогтмол орлого байхгүй.

Миний бие уг хэрэгт шалгагдалгүй орхигдуулсан зүйлс болон эрэн сурвалжлаад ч олдохгүй байгаа Б гэх этгээдийг заавал шалгаж өгөхийг хүсэж байна. Уг хэргийг хийгээгүй гэх итгэл найдвар одоо ч байгаа бөгөөд 2 хүүхдийн минь ирээдүйг бодож гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.        

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Т- нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 5 сартай жирэмсэн эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн боож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Э.Т-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Э-г 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоолойг нь боож санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед *** тоот хаягт байрлах нийтийн байрны 03 тоотод эхнэр Б.Э-г 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж боож санаатай алсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Э.Т-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алсан гэж хүндрүүлэн ял шийтгэхдээ шүүгдэгч Э.Т- нь эхнэр Б.Э-гийн эсрэг хэрхэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хангалттай нотолж чадаагүй, хэрэгт тухайн хүндрүүлэх шинжийн объектив болон субъектив талын шинж тогтоогдоогүй байхад түүнийг тогтоогдсон мэтээр хүндрүүлэн дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл эхнэр буюу гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Иймд Э.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 713 дугаар магадлалд “Прокуророос Э.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН