Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2023/0011/З |
Дугаар | 109/ШШ2023/0019 |
Огноо | 2023-08-07 |
Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 109/ШШ2023/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжаар Архангай аймгийн, Э сумын, ***** дугаар баг, ********** хаягт нэгж талбарын *************** дугаартай, ************ газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт”-аар 16 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгүүлэн, ************* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг болно. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга солигдсонтой холбоотойгоор шинээр томилогдсон Б.Ц Засаг дарга нь газар эзэмших эрхийг хуульд заасан эрх зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, тухайн газрыг өөрийн байгууллага руугаа шилжүүлэх захирамжийг гаргаж, манай компанийн эрх ашгийг илт үндэслэлгүйгээр хохироосон болно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх “Засаг дарга захирамж гаргах эрхтэй гэсэн” хэт ерөнхий хуулийн заалтыг барьж, хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүйгээр бусдын субьектив эрхийг хөндөж байх тул Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Р.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн нэхэмжлэлтэй холбогдож байгаа энэ газрыг 2018 онд Архангай аймгийн Засаг даргатай ярилцаж ноос угаах үйлдвэрийн барилга байгууламж барих гэрээний дагуу энэ газарт “Т” ХХК-иас 1200 метр квадрат төмөр бетон суурьтай ноос угаах үйлдвэрийн зориулалттай барилга, 1160 киловатт цахилгааны агаарын дэд станц 80 метр куб гүний хутга 72 метр квадрат ажилчдын амрах байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулалт барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. 2022 онд бид газар дээрх үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх зорилгоор аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж А/512 тоот захирамжаар манай компанийн эзэмшилд уг газрыг шилжүүлсэн байгаа. Гэтэл 2023 оны 6 дугаар сард аймгийн Засаг даргын А/*** тоот захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Үүнийг бид илт хууль бус үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа.” гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актыг илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Учир нь Захиргааны ерөнхий хуулиар төрийн захиргааны байгууллага гүйцэтгэх засаглалын байгууллагын нэн тэрүүнд үйл ажиллагаандаа мөрдөх, хийх ёстой үйлдлийг хуульчлан зохицуулж тодорхой хугацааг өнгөрөөд явж байгаа. Аливаа төрийн захиргааны байгууллага нь субьектив эрхэнд халдсан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг үндэслэл болгож шийдвэр гаргах ажиллагаанд мөрдөх ёстой байгаа. Тийм ч үндэслэлээр захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа дараах зарчмыг баримтална гэж заасан. 4.2.1-т “хуульд үндэслэх; 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой гэдгийг зааж өгсөн. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж тодорхой тусгасан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана. Гэтэл хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа захиргааны актыг харахад энэ хууль зүйн заалтын нэг нь ч байхгүй. Хуулийн наад захын шаардлагыг огт тусгаагүй. Аливаа төрийн захиргааны байгууллага албан тушаалтан хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд халдах эрх зүйн үндэслэл байдаг. Гэхдээ халдахдаа тодорхой стандарт шаардлагын дагуу халдана гэж хууль тогтоомжид заасан наад захын хууль зүйн үндэслэлийг заагаагүй гэсэн асуудлаар маргаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг юу гэж ойлгох вэ гэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 тоот тогтоол байгаа. Энэ 36 дугаар тогтоолын 6-т захиргааны акт гаргах эрх зүйн үйлчлэл байгаагүй гэдэгт Захиргааны байгууллага албан тушаалтны харилцааг хуулиар зохицуулаагүй байхад хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж түүнээс гадна хуулиас гадна нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Энэ нь манай нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ойлголт явж байна. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулан үзнэ гэж дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан. Өнөөдрийн маргаан бүхий захиргааны актыг гаргахад “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн субьектив эрхийг ямар нөхцөл байдлыг үндэслэж цуцлаад байгаа гэдэг бодит нөхцөл байдал тодорхойгүй. Хоёрт захиргааны байгууллага газар эзэмших эрхийг цуцлах байсан ч ямар эрх зүйн үндэслэлийг бариад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй, субьектив эрхийг шууд хязгаарласан буюу цуцалсан агуулга байгаа. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримталж байгаа. Үүнд захирамж гаргана гэж заасан. Энэ нь хэт ерөнхий хуулийн заалтыг барьж хүний субьектив эрх рүү халдаж байна. Манай маргаан товч тодорхой илэрхий буюу ямар ч хууль зүйн эрх зүйн үндэслэл байхгүй захиргааны акт байгаа юм. Эцэст нь хэлэхэд Засаг даргын хариу тайлбарыг уншихад бидний гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагад огт бичгээр хариу тайлбар гаргаагүй. Илт хууль бус эрх зүйн үндэслэлгүй гэж дурдаад байгаа агуулга буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас бичгийн тайлбарыг өгөөгүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан тайлбараа хэлэх байх. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад арай өөр үндэслэл буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг дурдсан яг ижил он сар дугаартай захиргааны акт харагдсан бидэнд танилцуулаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаас гадна Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримталсан. Энэ нь нэг агуулгаар 2 өөр захиргааны актыг гаргаж байна. Тэгэхээр өөрсдөдөө зориулж нэг захиргааны акт гаргадаг юм байна. Бидэнд зориулж дахин өөр захиргааны акт гаргаж танилцуулсан байна. Энэ нь илт хууль бус нөхцөл байдлыг илэрхийлж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг ямар үндэслэлээр байна вэ гэж харахад газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх гэсэн хуулийн заалтыг ашигласан байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэх нь өөрөө хязгаарласан хуулийн заалт биш байна. Эрх хязгаарлах хууль зүйн үндэслэлийг барьсан захиргааны акт биш байна. Ийм илэрхий тодорхой захиргааны акт гаргаж байгаа нь наад захын хууль зүйн үндэслэл байхгүй захиргааны акт байна. 8 дугаар хуудсанд авагдсан захиргааны актыг харахад 2 зүйл заалттай байгаа. Нэгт нь эрх зүйн үндэслэлгүй газрыг хязгаарласан. Хоёрт нь Засаг дарга манайх руу шилжүүлсэн. Энэ нь шууд илэрхий тодорхой дээрэм хийж байна. Бусдын 1 тэрбум гаруй төгрөг зарцуулаад хүч хөдөлмөр зардал гаргасан төслийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалж над руу шилжүүл гэсэн захиргааны акт гаргасан. Албан тушаалын эрх мэдлээ ашиглаж дээрэм хийж байгаа нөхцөл харагдаж байна. Хууль зүйн үндэслэлгүй хэрнээ өөр рүүгээ шилжүүлж авах гээд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны акт бичгээр гаргахдаа юу юуг тусгах вэ гэдгийг тусгах байтал өөрт эрх олгох хууль зүйн заалтыг тусгасан. Таны субьектив эрх хөндөгдсөн бол дээд шатны аль байгууллагад хэд хоногийн дотор амьдрах ёстойг тодорхой тусгаж өгнө. Ийм асуудлыг тусгах байтал тусгаагүй. Хуульд заасан үндэслэлийг тусгаагүй нь илт илэрхий тодорхой байна. Иймд “Т” ХХК-ийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших субьектив эрхийг хөндсөн байхад илт хууль болохыг тогтоож өгнө үү.” гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Т” ХХК-ийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Э сумын ********** дугаар баг, ************* хаягт байрлах нэгж талбарын ***** дугаартай 10000 м.кв газрыг анх аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус газрыг “Т” ХХК-д аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар 16 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр талуудын хүсэлтийн дагуу шилжүүлэх бөгөөд уг хүсэлттэй хамт нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч сайгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”-ыг тус тус хавсаргана. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн нэгж талбарын ***** дугаартай хувийн хэргийг үзэхэд Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 36-ны өдрийн А/512 дугаартай захирамж “Т” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаартай тус газарт гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан болох нь тогтоогдсон. Мөн тус шүүхийн шийдвэрээр зөвхөн аймгийн Засаг дарга, “Т" ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх талаар дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас аймгийн Засаг даргын зүгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул хоёр талын үндсэн үүргийн харилцаа дуусгавар болж, талуудын хооронд өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 843,824,016 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн урьдчилгаа 187,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдал нь “Т" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болохгүй тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм.” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх тус маргаан бүхий газар нь өөрөө Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 тоот захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалттай 20 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл тус газрыг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжаар “Т” ХХК-д 16 жилийн хугацаатай шилжүүлсэн. Шинээр ажлаа авсан аймгийн Засаг дарга Ц нь анх 2018 онд тухайн газрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлэхэд нь Тамгын газрын даргааг ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газрыг “Т” ХХК-д эзэмшүүлчхэв гэсэн асуудал яригдсан. Ингээд хариуцагч талаас яагаад эзэмшүүлсэн талаар судалж үзсэн. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон “Т” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслээд тус газрыг “Т” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь нэгж талбарын хувийн хэргээр тогтоогдсон. Т ХХК-д эзэмшүүлсэн энэхүү захирамж нь хууль бус байна гэж Засаг даргын зүгээс үзсэн. Яагаад гэхээр газар эзэмших эрхтэй холбоотой харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулж өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. Нэгдүгээрт нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хоёрт эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх гэв. Хоёрдугаарт нь эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотлох, албан татвар хураамж төлсөн тухай баримт гэх зэрэг нотлох баримт зэргийг хавсаргана. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Засаг даргын зүгээс эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга нь шилжүүлнэ гэж заасан. Засаг дарга газар эзэмших эрхийг “Т” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эдгээр баримтууд авагдсан эсэхийг шалгаж байж тухайн хүсэлтийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл эдгээр бичиг баримтын аль нэг нь хавсаргагдаагүй, тухайн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар байсаар байтал Засаг даргын Тамгын газраас газар эзэмших эрхийг зөвшөөрсөн эсэх талаар нотлох баримт юу ч байхгүй байхад нэхэмжлэгч талаас эрх мэдлээ урвуулан ашигласан гэж тайлбарлалаа. Энэ нөхцөл байдалд Засаг дарга өөрт олгосон эрх мэдлээ давуу байдлаар ашиглаж “Т” ХХК-д энэхүү газрыг эзэмшүүлсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас энэ талаар дурдаагүй, мэдэгдээгүй гэж ярьж байна. Захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулдаг. Үүний дагуу сонсох ажиллагааг 4 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан. Энэ үед “Т” ХХК-ийн захирал Р.Тд яагаад уг газрыг цуцлах гэж байгаа вэ гэдгээ тайлбарлаж өгсөн. Тухайн үед Тамгын газартай зөвшилцсөн зүйл байгаа юу гэдгийг тодруулж байсан. Мөн шийдвэрийг үндэслэлийг авч үзэхэд зөвхөн Засаг дарга “Т” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх талаар дурдаагүй байдаг энэ шүүхийн шийдвэрт. Энэ шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Харин Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байдаг. Тус шүүхийн шийдвэрээр газар олгохтой холбоотой ямар ч харилцааг дурдаагүй. Зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан шийдвэр байдаг. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж “Т” ХХК-иас манай тус газрыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа нь өөрөө хууль бус байсан. Гэтэл энэ хүсэлтийг нь үндэслээд аймгийн Засаг даргын зүгээс хүсэлт болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг харгалзан үзэж аймгийн Засаг даргын зүгээс “Т” ХХК-ийн эзэмшилд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газрыг шилжүүлж байгаа нь өөрөө хууль бус. Ийм учраас аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар Засаг дарга өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй энэ бүрэн эрхийн хүрээнд “Т” ХХК-д эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 тоот “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
1. Анх Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар Архангай аймгийн Э сумын ***** баг, ***** хаягт байрлах нэгж талбарын ***** дугаартай газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 73 дахь тал)
2. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Э сумын ***** баг, , ***** хаягт байрлах ***** м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээг олгожээ. (Хавтаст хэргийн 90 дэх тал)
3. “Т” ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаар албан бичгээр Архангай аймгийн Барилга, хот байгуулалтын газарт “ ... 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжаар Ноосны үйлдвэр байгуулах зориулалтаар олгогдсон ***** газрыг манай “Т” ХХК-ын эзэмшилд яаралтай өгч биднийг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж ашиглах нөхцөл боломжоор хангаж өгөх” тухай хүсэлт гаргасан байна. (Хавтаст хэргийн 81 дэх тал)
4. Мөн “Т” ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01/34 дугаар албан бичгээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэр болон түүнийг хянан магадалсан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар магадлалаар “Ноос угаах үйлдвэр байгуулах тухай гэрээнээс захиалагч тал татгалзсанаар тооцсон шийдвэр гарсан тул МУ-ын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүсээд байна. Иймд “... 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжаар Ноосны үйлдвэр байгуулах зориулалтаар олгогдсон 10000 м.кв газрыг манай “Т” ХХК-ын эзэмшилд яаралтай өгч биднийг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж ашиглах нөхцөл боломжоор хангаж өгөх” тухай хүсэлт гаргажээ. (Хавтаст хэргийн 46 дахь тал)
5. “Т” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 843,824,016 төгрөг гаргуулах тухай, Архангай аймгийн Засаг даргаас “Т” ХХК-д холбогдуулан 187,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т” ХХК-иас гаргасан Архангай аймгийн Засаг даргаас 843,824,016 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Т” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад 187,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 87-89 дэх тал)
6. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 84-86 дахь тал)
7. Дээрх шүүхийн шийдвэр нь “Т” ХХК болон аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбогдох маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн үйл баримтыг тогтоож шийдвэрлээгүй, энэ хэрэгт хамааралгүй байна.
8. Үүний дараа Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг “Т” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсгийг үндэслэн, 3 дахь заалтаар “Газар эзэмших эрх шилжсэн аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулан, “Э” дугаартай гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 05 дугаар магадлалаар аймгийн Засаг даргад буцааж шилжүүлэхээр тогтоогдсон 187.500.000 төгрөгийг бүрэн төлж дуустал газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хэсэгчлэн шилжүүлэх, бусад хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг тус тус Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (Ч.О)-т үүрэг” болгож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 96 дахь тал)
9. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Э сумын *** дугаар баг***** хаягт байрлах 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 16 жилийн хугацаатай шилжүүлж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ***** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн ***** дугаар гэрээг Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан байна. (Хавтаст хэргийн 74-79 дэх тал)
10. Харин маргаан бүхий акт буюу Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 55 дахь тал)
11. Улмаар дээрх захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулж 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын 2022 оны А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар сонсох ажиллагааг хийсэн байна. (Хавтаст хэргийн 107-108 дахь тал)
12. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан” тэмдэглэлд: “... Аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт газрын гэрчилгээг шилжүүлэх хүсэлттэй хамт хавсаргах баримтуудыг зааж өгсөн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2 дахь хэсэгт "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3 дахь хэсэгт “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” 38.2.4 дэх хэсэгт “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж хуульчилсан байдаг. Гэтэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Сайнжаргалаас тодруулахад Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамж нь танай байгууллагын 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж өгсөн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн гарсан болох нь тогтоогдсон. Иймээс Засаг дарга Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66 3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Аймгийн засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг цуцлах болсныг танд мэдэгдэж байна ...” гэжээ. (Хавтаст хэргийн 107-108 дахь тал)
13. Ийнхүү маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч “Т” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх бөгөөд шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 109/ШЗ2023/0113 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
14. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг “Т” ХХК-д шилжүүлжээ.
15. Харин маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, мөн зүйлийн 66.3.-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
16. Нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэлийг “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд заасан эрх зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон, хэт ерөнхий хуулийн заалт барьж хуулийн тодорхой заалт хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох ” гэж маргадаг.
17. Харин хариуцагчаас “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр талуудын хүсэлтийн дагуу шилжүүлэх ёстой, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрийг үндэслэсэн байдаг. Тус шүүхийн шийдвэрээр зөвхөн аймгийн Засаг дарга, “Т” ХХК-ний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбоотой асуудлыг л шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргадаг.
18. Анх Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг “Т” ХХК-д шилжүүлсэн байдаг.
19. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.3.-т заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Засаг даргаас маргаан бүхий 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар өмнө гаргасан 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамжаа хүчингүй болгожээ.
20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрх нь тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.
21. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж зааснаар улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага байна.
22. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, гээд 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан, харин мөн зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” байхаар, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж тус тус заасан.
23. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр л шилжүүлэх, тухайн тохиолдолд төрийн байгууллага өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй талаар хуульд тухайлан зохицуулжээ.
24. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамжийг гаргахдаа 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “Т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн дээр дурдсан хэм хэмжээтэй нийцээгүй, зөрчсөн байх тул энэ талаарх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.
25. Нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргахдаа Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар магадлал зэргийг үндэслэж газар эзэмших хүсэлт гаргасан байдаг. Улмаар Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг тус хуулийн этгээдэд шилжүүлсэн байдаг.
26. Гэтэл дээрх шүүхийн шийдвэр нь газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд тус шийдвэрээр “Т” ХХК болон аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбогдох маргааныг л шийдвэрлэсэн, газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн үйл баримтыг тогтоож шийдвэрлээгүй байна.
27. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг “Т” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх хэм хэмжээтэй нийцэхгүй байна.
28. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан.
29. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцээгүй, Засаг даргын эрх хэмжээ чиг үүрэгт огт хамаарахгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
30. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1.-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад хүчингүй болгохоор заасан;” гэжээ.
31. Цаашилбал маргаан бүхий эл тохиолдолд тухайн харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан, харин мөн зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” байхаар, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасан.
32. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, мөн зүйлийн 66.3.-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасан.
33. Ийнхүү дээрх байдлаар тухайлсан харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтаар хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээг тухайлсан хуульд заасан байх тул маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар урьд гаргасан хууль бус захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
34. Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны (2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 369, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар) хуулийн хүчин төгөлдөр тогтоолуудад “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар “төрийн байгууллага нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй” талаар тодорхой тохиолдолд хууль тайлбарлан хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.
35. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2., 38 дугаар зүйлийн 38.1., 61 дүгээр зүйлийн 61.1., Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1. дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА