Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00041

 

 

 

 

 

 

 

 

2019        03         19                                      41

 

 

М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т-эд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Мийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т-эд холбогдох,

15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М би Т-эд зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Уг зээлийн гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлэн 15.000.000 төгрөг болгож авахаар гэрээг байгуулсан боловч Т- нь одоог хүртэл биелүүлээгүй бөгөөд утсаар ярьж уулзахаас зайлсхийж байгаа тул хариуцагч Т-ээс 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулахдаа:

М би Т-ээс зээл, зээлийн хүү 15.000.000 төгрөг нэхэмжилсэн билээ. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж байна.

1. Үндсэн зээл 10.000.000 төгрөг,

2. Хүүгээ 10 хувь болгон бууруулж, 1.000.000 төгрөг,

3. Алдангийг хуульд нийцүүлж хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож, 3.700.000 төгрөг нийт 14.700.000 төгрөгийг Т-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Мээс 10.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлсэн мөнгөө хүнд зээлүүлэн өгсөн боловч нөгөө хүн маань мөнгийг өгөлгүй алга болсноос болж би буцааж өгч чадаагүй, өнөөдрийг хүрсэн нь үнэн. Зээлийн гэрээний зээлийн хүү 50 хувь болон алданги 10 хувь гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сард мөнгө зээлсний дараа ажлаасаа халагдаж, ажилгүй болсон ба одоо нэгэн хувийн компанинд ажилд орохоор хөөцөлдөж байна. Ажилд орвол өөрийн цалин хөлс орлогоороо мөнгийг төлнө. Мээс зээлсэн 10.000.000 төгрөгийг төлнө. Харин зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Т-ээс 12.100.000 төгрөг гаргуулан Мэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 208.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дээрх тоот шийдвэрийн 1 дүгээр заалтад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 12.100.000 төгрөгийн шийдвэрээс алданги буюу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин шийдвэрийн үндсэн зээл 10.000.000 төгрөг болон зээлийн хүү 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул шийдвэрийн “алданги” тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. Зээлийн гэрээний алданги тохиролцсон гэх хэсэг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн байх ба уг заалтын хэсэгт алданги тохиролцсон гэх байдал нотлогдохгүй, хуулийн зохих заалтыг зөрчсөн тохиролцоог үндэслэлтэй гэж үзэж “алданги тохиролцсон” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14 ний өдрийн 142/ШШ2019/00182 тоот шийдвэрийн алданги буюу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож,шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 10.000.000 төгрөг,зээлийн хүү 1.000.000 төгрөг, алданги 3.700.000 төгрөгийг хариуцагч Т-ээс гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан  байна.

Хариуцагч Т-ийг төлөөлж О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон ба тэрээр “...10.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн, уг мөнгийг хүнд өгөөд авч чадаагүй тул гэрээнд заасан зээлийн хүү, алданги төлж чадахгүй...” гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ..

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М хариуцагч Т- нар 2018 оны 10 дугаар сарын 12–ны өдөр зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч хариуцагчид 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, зээлийн хугацаа-18 хоног, зээлийн хүү-50 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам алданги- 10 хувь төлөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хариуцагч үндсэн зээл, зээлийн хүү огт төлөөгүй зэрэг байдлыг шүүх харгалзан үзэж хариуцагч Т-ээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү-1.100.000 төгрөг, алданги-1.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын гаргасан “...хариуцагчаас алдангийг 10 хувиар тооцож 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 208.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ